2/22/08

~~ГОЛЫН УС ШИГ~~


Ахиад би арваннайман настай болж яах юм
Амьдрал чамайг би ойлгохгүй хэвээрээ л дуусна
Юунд ч хүрэхээ мэдэхгүй балчир
Мэлмэрэх нулимасаа ч зогсоож чадахгүй

Энэ л зовож ойлгосон гэгээг алдалгүй
Эртхэн харих замаа зүглэе
Тасран унах шиг навч шиг амьдрал минь
Урсан өнгөрөх голын ус шиг

2/19/08

***БУРХАН ГЭЖ ХЭН БЭ?***эрэгцүүлэл 02

Бурхан байдаг эсэхийн талаар ярихаасаа өмнө шашины талаар ярилцая.Исүс,Будда.Мухамэд гээд дэлхийн 3 том шашиныг үндэслэгчидийн анх гаргасан сургаалыг эдгээр 3 шашиныг үргэлжилүүлэгчид нь санаатай,бас мэдэхгүйн уршигаар мушгин гуйвуулж мөн чанарыг нь алдагдуулсан байна.Тухайн үедээ шашины тэргүүнүүд төр барьж байсан нь энэ алдаа завхралын эх үүсвэр болж байжээ.Библи,Коран.Буддагийн сургааль бичсэн сударуудаас өөртөө нийцтэйгээр тайлбарлаж эрх мэдэл,эд хөрөнгө болгох замаар ашиглаж ирсэн нь уг шашинууд анхны жинхэнэ мөн чанараа алдахад хүрчээ.Үг түмэн утгатай гэдгийн тод жишээ
~~Будда хүн аливаа зовлон бэрхшээлийг өөрөөсөө хайж өөрөө гэгээрэх замаар зовлонгоос ангижрах тухай сургасан.Гэтэл цаг хугацааны уртад түүний үргэлжлүүлэгчид олон урсгал чиглэл бий болгожээ.Элдэв олон бурхан бий болгож,түүнийг тахиж шүтэх үй олон заавар номлол гарч олон түмнийг мунхруулах хар тамхи болтлоо мөн чанараа алджээ.Эд хөрөнгө дуудах,эхнэртэй болгох,нөхөр тогтоох гээд .Энэ чинь одоо танилцуулах алба уу.Эд хөрөнгө олж өгч зовлон дууддаг болтлоо утга учраа алдсан байна.Хувьсгал гарах хүртэл монгол улсын хаан нь шашин төрийг хослон барьдаг төвд хүн байв.Аливаа шашин улс төр аж ахуйтай холилдохоороо шашин гэдэг мөн чанараа алдаж байгаа юм.
~~Исүс анх миний сургааль номыг дагаад бие биенээ хайрлах хайр,нигүүлсэх сэтгэлийг сургасан.Үе үейин библичид ,төр баригчид мушгин гуйвуулсан.
Та ямарч нүгэл хийж болно.Зөвхөн надад л итгэ.Тэгвэл та нүгэлгүй болж тэнгэрийн оронд очино.Йтгэхгүй бол тамд унаж халуун тамд зовно.Энэ сүрдүүлэг үү.Бурхан хэзээ ч ийм увайгүй үгсээр хүнийг дарамтлахгүй.(Аюурзаны эссэд энэ тухай бичсэн бий) Тэгээд ч нүгэл хийсэн хүн ариусах гэгээрэх гэж зовож байсанаас Исүс итгэчих нь хамаагүй амар хялбар байгаа биздээ.Олон түмэнд ийм хялбар амар замыг Исүс уул нь зааж өгөөгүй юм.Одоо Исүсийн авралийн зар түгээгчид Исүсийн өмнөөс хүнийг сүрдүүлэгчид уг шашиныхаа мөн чанарыг алдуулагчид болж байна.Бүх зүйл эзэн тэнгэрээс өгсөн тул та орлогынхоо аравны нэг хувийг өгдөг татварын систем бий болгосон байна.Уул нь бурханд бид нарын зовож олсон хэвлэмэл цаас хэрэггүй л дээ.
Энэ нь уг шашиныг үргэлжлүүлэгчидийн амьдралын орлого,амьдрах арга нь болсон.Энэ олон сүм түүнд зарцуулах хөрөнгө хаанаас гарч байна.
Одоо бурхан байдаг эсэх тухай эхний ярианд ороё.Исүс,Бүдда,Мүхамэд нар нь бид нарын үл мэдэх бурханы элч төлөөгөчид юм.Бурхан бидэнд хүн бүрт өөрийн мөн чанарыг өгсөн тул түүнийгээ ойлгож ухаарч хөгжүүлэхийн тулд дээрхи элч нарыг янз бүрийн цаг хугацаанд илгээжээ.Жинхэнэ бурханыг ойлгохын тулд бид эхлээд эдгээр элч хувилгаадын сургааль номыг мөн чанараар нь ойлгож ухаарах хэрэгтэй болж байна.Одоогийн энэ сэтгэхүйгээр бурханыг ойлгох аргагүй юм.Жишээ нь нэг настай хүүхдэд таталцалын онолын тухай яривал инээдтэй бөгөөд тэнэг хэрэг болно биздээ.Эхлээд тэр хүүхэд орчин тойрноо таних тэгээд 35 үсэг сурах,цаашлаад шинжлэх ухааны анхан шатны ойлголттой болох зэрэг наад захын мэдлэг хэрэгтэй болж байна.Үүнд хүрэх зам түүнийг ойлгох дотоод ертөнцийг (өөрт байгаа дотоод сэтгэлээ захирч өөрөөсөө гэгээрэх,өөрийгөө олох) бурхан хүн бүрт өгчээ.

2008-02-19

2/18/08

~~ ШҮЛЭГЧИЙН ДУУ ~~

Өгүүлэшгүй тансаг аяалгуу дотроос
Өөрийн хүсэлээ хэлж ядан байх шиг
Хэн нэгний тасалданги дуу
Миний гараас зүүгдчихэж

Орхиод явж болохгүйн
Ойлгоод сонсох гээд чадсангүй
Хоосон дундаас ирж байгаа мэт
Холоос ч биш хажуунаас ч биш

Нөмгөн сэтгэлээ гунигаараа хучсан
Нүцгэн яруу найрагчийн дуу байх
Нүгэл,зовлон,жаргалын цаанаас
Нэгэн шүлэгч сэтгэлээ шатааж байх шиг

2/17/08

***ЭРЭГЦҮҮЛЭЛ ~~01~~***

Амьдрал гэж юу юм болоо?.Яах гэж амьдардаг юм болоо? Бурхан гэж хэн бэ?Энэ мөнхийн асуултанд хүн төрөлхтөн хариулж чадаагүй л байна.,br> Өглөө дулаахан биш байгаад сэтгэл тийм таатай биш.Тиймээ зөвхөн сэтгэл л таагүй байгаа юм.Энэ таагүй таатай байдаг сэтгэл нь үйлийн үр гээчийг бүтээж байдаг.Сэтгэл таатай байхын тулд хүмүүс эд баялаг,эрх мэдэлийг олж авах гэсэн тэмцэл одоо ид явагдаж байна.Газрын тос,түүхий эд олж авах гэсэн улайрсан дайн улс үндэстэн бүлэглэлийн дунд бий болж үүний төлөө зэр зэвсэг болвсронгүй болж байна.Энэ бүхэнд эцсийн эцэст эрдэнэт хүний амь үрэгдэж,сэтгэлийн их зовлон авчирч байна.17-р зууны үеэс бий болсон зах зээлийн нийгэм нь харгис,хүчтэний өмнө хүчгүй нь буруутай гэсэн адгуусны хуулиар явж байна.
Хүчтэний өмнө буруутай африк тивийг хардаа.Өвчин,ядуурал,өлсгөлөн,үхэл зовлон дунд хоног өдрийг өнгөрөөж байна.Тэдэнд 5$ тусламж сүр дуулиантай өгөөд 100$ чимээгүйхэн авдаг тухай уншиж байсан юм байна.Бид адилхан хүмүүс шүү дээ.Гэвч эд баялаг сэтгэлийг тэжээх хүч болж чадахуу?
Англи болон европийн чинээлэг бүлэг хүмүүс хэдэн үеэрээ хувьцаа гээчийн хүчээр тансаг амьдарч байна.Тэдэнд санаа зовох зүйл алга.Эдийн засагч,хуульч, эмч, өмгөөлөгч гэх мэтийн хүмүүсийг өөртөө ажиллуулаад,5 давхар байшинд хэдүүлхэнээ амьдарч байна.Аав,өвөө,өвөг аав бүгд л тэгэж амьдарч ирсэн,Энэ хүмүүсийн буруу гэж байгаа юм бишилдээ.Хамгийн гол нь эдгээр хүмүүс аз жаргалтай буюу сэтгэл хангалуун амьдарч байна уу? Тэдэнд хувийн нисдэг онгоц,усан онгоц,суулийн үейин машин гээд бүгд л байна.Гэтэл тэр хүмүүс тийм аз жаргалтай амьдардагүйг судалгаа харуулж байна.Ядаж унтахдаа нойрсуулах эм уугаад.
Эд баялаг жаргал биш зовлон авчирдаг.Шалдан энэ хорвоод ирчихээд шалдан буцах байж сэтгэлийн зовлон үйлийн лай болсон эд хөрөнгөнд сэтгэл бие ээ зовоосоор энэ хорвоогоос явах гэж үү?
~~~~Аз жаргал хаана байна аа?
Аз жаргал буюу төгс амгаланг хүн хаанаас ч хайх хэрэггүй.Тийм их ханашгүй мэдрэмж,үлэмжийн гоо ертөнц,тансаг сайхныг сохор зоосгүйгээр олж авах боломж бидэнд байна.Яагаад гэвэл бид хүн.Хүн болж төрсөн учраас танд,надад бурханы мөн чанар бий.Энэ их амгалан аз жаргал танд өөрт чинь байгааг будда заажээ.Энэ бол шашин биш,хүн төрөлхтөний,хүвь хүний аврал гэгээн зам юм.Үүнийг хоосон чанарын сурааль гэж нэрлэжээ.Үүнд хүрэхийн тулд юу хийх бэ?
~~~Бясалгал гэж юу бэ
Бясалгал олон янз байдаг тухай бичсэн ном зөндөө байна.Бясалгал хийнэ гэхээр заавал хүнгүй хоосон агуйд суух тухай бодол юун түрүүн орж ирдэг.Гэтэл тийм биш гэнэ.Зэн буддизмд бясалгалын тухай заахдаа ажил хийж байхдаа,хоол идэж байхдаа, ярилцаж суухдаа бодож эрэгцүүлж байгаа бүхэн бясалгал гэсэн байдаг.
Энэ бодол бясалгалдаа амьдралын мөн чанар өөрийнхөө мөн чанарын тухай бодож үзээрээ.Тэгээд цаашаа гүнзгийрүүлж бодоод өөрийгөө олох нь бясалгалын үр дүн юм.Энэ зам миний таны цорын ганц зам аз жаргал,төгс амгалан юм байна.

~~~БОДОЛ~~~

Үүлний завсраас тусах сарны туяаг налахад
Үхэл хажууд санаа алдан бодлогоширно
Өөр ертөнцийн хаалга харагдахад
Үлгэр ахиад л эхлэхээс айна

Бурханы дуу гэрэл болон хувирхад
Бусад бүх зүйлс үл харагдана
Би зугатааж чадахгүй нь
Бас харж чадахгүй нь

Ойрхон байгаа үхэл
Одоо л хань болоход нь баярлана
Хөлийн доор өвс ёолоход
Хөнгөн үүлс сарны туяаг хэрчинэ

2/15/08

***ҮДЭЛТ***

Намуухан аялгуу намайг хуурсан
Намрын зэвэргэн гунигийг
Нар үзээгүй мөсөнд нуугаад
Насан залуу зүрхний ховдолруу шидсэн

Одоо оройтсон
Оргилсон залуу нас буцсан
Мөнгөн аяганд мэлтэлзэх
Миний гуниганд сар хөвсөн

Сарны хүйтэн гэрэл сэтгэлийн мөсөнд ойход
Сүнсний нулимас галт оч болон дүүлнэ
Сүүлчийн удаа би өөрөө шатаад
Сүүдрээ хураасаар үднэ

***НӨМРӨГ***

Нүдэн дотор минь чи төрсөн
Нүцгэн сэтгэл зулгааж чи өссөн
Бөмбөрийн дуу шиг амьдралд нүдүүлж
Бүсгүй чи нүдэн дотор минь өтөлжээ

Одоо л чи минь гар!
Урсах нулимастай минь хамт гар!
Хүлээлт чамайг сар шиг өнчирүүлнэ
Хүнийх гэхгүй ээ би.сэтгэлийг минь нөмрөөд явдаа

***ЦАГ ХУГАЦАА***

Цаг хугацаа бороонд нороод зогсчихож
Цагаан манан чимээгүйхэн дарчихаж
Өнгийн солонго ч алга
Өвлийн цас хаа нэгтээ хүлээж л байгаа даа

Хайр дайрлага мэт ирэхэд
Хадан дээр өндөг унах шиг сэтгэл бяцардаг
Харавсан сум шиг цаг хугацаа
Хаана тусахаа мэдэхгүй талийдаг аа

дөрвөн мөрт

Мөнхийн ус олдвол би уухгүй ээ.нүгэл ихэснэ
Мөр гаргасан замаар би явахгүй ээ.сэтгэл өвдөнө
Мөнгө хийгээд хөрөнгөнд би шунахгүй ээ.итгэл алдарна
Мөнхийн ус уугаагүй юм чинь дурлал,дарс хоёрт ойр явъя
сэтгэл дулаацаг

дөрвөн мөрт

Үхэл би чамайг одоо л ялна
Өөрийг минь аваад явсан ч чамайг би ялна
Булааж хэн ч чадахгүй тэнгэрлэг энэ хишигээрээ
Бурхадийн хэлээгүй үгээр чамайг би ялна

2/13/08

*** ХААЛГА***

Эндхийн амьдралд өөрөө ирчихээд
Эргээд уяагдах учгийн үзүүр зангидсаар л
Гарах хаалга өөр байх ёстой
Ганц л үхлээр бүхнийг дуусгамааргүй байна

Өөрт сэтгэлд минь нэг хаалга бий гэнэ
Өнөө хүртэл тийшээ зүглэсэнгүй
Өөрт байгаа эрдэнээ танилгүй
Өнгийн солонго мэт хоосонд хууртаж явж дээ

2/11/08

*****ТАНИЛ АЯЛГУУ****

Танил аялгуу эгшиглсээр
Таагдашгүй оньсого үүрүүлнэ
Энэ сонин хорвоог эрхлүүлж байгаа мэт
Эсвэл надаар даажигнаад ч байгаа юм шиг

Мэдэхгүйн өмнө гуйлгачин царайлахад
Миний өмнүүр бурхдын сүнс эргэлдэж
Мянган жилийн хүмүүний зовлонг базахад
Мэдэхгүй,мэдээгүй л гэх үгс унана

Хар үс нэг нэгээр цайраад
Хавар биш намар болсныг сануулна
Хааяа ч гэсэн амирлангуй бодол
Хаанаас ч юм орж ирнэ

Зовлонгийн далайгаас олсон ширхэг сувд
Зоосны чимээнд гундан шарлана
Мэдэрхүй өөрөө зовлон дуудсаар
Миний танил аялгуу эгшиглсээр л

2/9/08

~~~~~~~ДЭНДҮҮ ГЭНЭН СЭТГЭЛ~~~~~~~

Хагацалын эгшиг давалгаалсаар ирэхэд
Хайрын уянга цахлай болон эргэлдсэн
Дэндүү өнчин сар л хань болж үлдэхэд
Дэвэрсэн хайр минь өрөмтөж хөвсөн

Хайрын үлгэр харуусалаар жаргахад
Хачин удаан цаг хугацаа эхэлсэн
Нэг л их их хоосон горьдлого
Нэхэл хатуу орчлонд надаар тоглосон

Намрын өнгөнд зүрх шартахад
Насны гуниг жигүүрээ дэлгэсэн
Гашуун сархадаар сэтгэлээ бүлхэд
Ганц л удаа ....гээд үг дууссан

Буцах замдаа сэтгэлээ хайж
Будант замаар гэрэл хүсэн алхсан
Бурханаас би өөрийгөө л гуйхад
Булингарт шалбаагнаас сар л надруу инээсэн

Сэтгэлийн шувуу ганцаараа эргэн буугаад
Эрчилсэн давалгааг намжаан хөвсөн
Хайрын цахлай дуугаа дуулсаар
Хаашаа ч юм нисэн одсон

Үүрнээсээ ниссэн цахлай эргээд л ирнэ
Үлгэр ахиад л эхэлнэ
Дэндүү гэнэн сэтгэл минь
Дэвэрсээр байгаад л дуусна

2/8/08

***ЗҮҮДНИЙ ДАГИНА***

Намрын зүүдэнд ирдэг дагина алга
Нас явждээ,тэр орхиж
Чамд уншдаг шүлэгээр цэцэг усалчихаад
Чамин тансаг цэцэрлэг ургуулна

Тэр цэцэрлэгт чи ирнэ
Чимх чимх инээд чинь цэцгийн тоос гөвнө
Харин би чамаас нуугдаад
Хайр нулимас хоёроо чимээгүйхэн залгина

~~~~НАВЧ УНАХ НЬ~~~~

Золиос мэт амьдралд
Зовлон тавилан мэт санагдахуйд
Гараас итгэл минь зуурчихаад
Гашуунаар инээх намайг гайхан харна

Өвс бид хоёр адилхан байж
Өөрөө би түүнийг зовоосоор алхахад
Эрхэмсэг оршихуй надаас сэжиглэж
Эргэж тойрчихоод нисэн одно

Өнгө мөнгөний амьдрал
Үнэндээ солиорол төдий болоод
Ганцаардал хань мэт тэвэрхэд
Ганц хан улаан цэцэгэнд бүхнээ зориулмаар

Он цаг,орон зайн хоосонд
Одоо л үхэл аврал мэт
Тавилангийн гинжэнд гавлуулсан би
Танихгүй гэгээ рүү шунан харсаар

Гэгээ рүү сэтгэлээ нисгэчихээд
Гэм хийсэн мэт хүмүүсээс дөлөөд
Харанхуйгаас зугатаах сэтгэл
Хаашаа ч юм яараад

Навч унах нь амьдрал мэт санагдахад
Нэг л их гэрэлд орох шиг болоод
Нүгэлд ороогдсон биенээсээ
Нэрээ аваад салах шигээ

2/7/08

~~~~ БОРОО ~!~~~

Танил гудамжинд бороо орно
Татсан тамхины иш урсана
Энэ цаг мөч эргэж ирэхгүй урсана
Эргээд олдохгүй шүлгийн мөрүүд урсана

Хүүхэд нас хажуугаар нуугдан гүйгээд
Хачин танил нүднээс хуучин нулимас урсана
Хэзээ ч юм үзсэн амьдрал урсаж
Хэлээгүй хайр нүцгэн модны доор норно

Хатаасан шүлэг норж дуслахад
Хавар ч биш бас намар биш
Энэ зүүд биш юм байна
Энд сэтгэлд бороо орж байна

2/6/08

**************АМЬДРАЛ**************

Нэг л агшинд гэрэлт солир
Нэвт хатгаад нүхлээд одно
Тэр нүхээр тэнгэрийн хааяа харагдаад
Тийм гэж хэлэхийн аргагүй гуниг орж ирнэ

Өглөөний нар шиг илчгүй гэрэл
Өвс бүхний толгойг илнэ
Өлссөн сэтгэл гуниг хэмлэж
Өл залгах хүсэл өөрөө л дэмий шанална

Нар хүсэх сэтгэл навчин дүрсийг олоод
Нарийн мөчирт нүцгэн дүүжлэгдэхэд
Гунигийн салхи навчисыг өрөвдөж
Гутамшигт хүлээлтээс салган хийсгэнэ

Унасан навчисаар бие ээ хучих
Улайрсан тэмцэл газарт буцлахад
Гэгээн бүхэн дайжиж одсоор
Гэрэл юу ч болоогүй мэт гэрэлтүүлсээр

2/2/08

***Нэгэн ертөнцөөр зочлохуй***

Хүмүүний амьдралын мөн чанар,түүний уг үндэс болох сэтгэлийн тухай энгийн хэлбэрээр маш гоёмсог урлаж гаргаж ирж чадсан нэгэн яруу найрагчын тухай бичихгүй байхын аргагүй юм.Дорнын их ухаанаас үндэслэсэн өгүүлэх,шүлэглэх хэлбэрээр бичихдээ язгуур сэтгэл гэсэн нэр томъёог гарган ирж тайлбарласан цуврал эсээнүүд нь цаг хугацааны алсад үл бүдгэрэх бүтээл болжээ гэж би бодож байна.Тэрээр нээж олсон язгуур сэтгэлээ ингэж илэрхийлжээ.

"Хорвоо ертөнцөд дуусашгүй гэгээ,давтагдашгүй гоо сайхан,хэмжээлэшгүй баялаг нь гоо сайхны шинжээр нуугдмал оршиж байдгын адилаар хүмүүн бидний дотоод ертөнцөд тийм л байдлаар гоо сайханлаг гэгээ нуугдаж байдаг"гэжээ.
Тиймээ энэ түүний олсон гайхамшигт ертөнц юм.
Тэрээр хоосон чанарын гүн ухаан түүнтэй сэтгэлийн шүтэн барилдлагыг байгаль цаг хугацаатай холбон урнаар ингэж илэхийлжээ. Бясалгал тэр дундаа Зэн буддизмын өнгө аястай бичсэн.
---БИ
Зөөлөн гуниг болж урсана
Зуурхан уйг
Зүрхээрээ зулж
Заяа ядарч дуусахад
Зовлонгоос минь үлдэж хоцрох
Зөөлөн гуниг болж урсана.
энэ шүлэгээрээ өөрийгээ гаргаж ирж чаджээ.Үүгээрээ зохиогч өөрийнхөө давтагдашгүй гоёмсог орд харшыг бүтээжээ.
"Хорвоогоос гоо сайхныг ялган тамшаалж хүртэх нь сансар огторгуйн энерги чиг санагдахуй шүлэгч хүн өөрөө энгийн биш нь лавтайяа.
Яруу найраг нь сэтгэлээс үүдэж бодолоос ундардаг.Өнгөөр илэрхийлбэл болор тунгалаг мэт ажээ.Сэтгэл гэдэг нь өөрөө хязгааргүй,гүн гүнзгий,огторгуй мэт оршиж тэнгэрлэг хүчинг агуулж байдаг болохоор шүлэг яруу найраг нь санаашрал,тайлал,сүүрс алдалт...зэрэг сэтгэлийн хөдлөлүүдийг агуулсан байдаг".
гэж шүлэг яруу найргийн тухай энгийн оновчтой илэрхийлсэн байна.
Тэрээр цааш нь язгуур сэтгэлийн тухай өгүүлэхдээ...
"Огторгуйд од мичид хязгааргүй,тoo тоомшгүй оршдогын адил хүмүүний ЯЗГУУР СЭТГЭЛ-ээс үндэслэн гарах сэтгэлийн үрүүд тус бүрдээ цаашлан олон салбарлан ургах учир бас чиг саглагар мод мэт ажээ".
Үүний тайлбарлаж бичих шаардлаггүй бөгөөд уншигч та өөрөө задлан бодох буй заа Яруу найрагч Ж.Өлзийжаргалын Нэгэн ертөнцөөр аяласан энэ эрэгцүүлэлээ түүний өөрийнх нь өгүүлсэн...
"Өлсдөггүй сэтгэл гэж байдаггүй
Сэтгэлгүй өлсгөлөн гэж байдаг
Зовлонгүй жаргал гэж байдаггүй
Жаргалгүй зовлон гэж байдаг.
Хүмүүний орчлонд хүмүүний сэтгэл зовж,жаргахын мөн чанар хүсэл мөрөөдлөөсөө шалтгаалмуй.ЯЗГУУР СЭТГЭЛ өөрөө галтай гэгээлэг байваас аливаа хүсэл мөрөөдлөөс өдөөгдөн гарах зовохуйг зүдрэхийн хэмжээнд тавьж чадах болно.Ингэж чадваас зовох хүртэл сайхан амьдралын нэгэн утга нь болж чадахаас гадна өөрийн ертөнц дэхь уран зурганд чинь холигдсон нэгэн өнгийг бүрэлдүүлэх болно гэдэгт итгээрэй!"
гэсэн ухаарал шингэсэн үгээр нь төгсгөе. Түүний язгуур сэтгэлийн саглагар модны сүүдэрт амарч урган гарах жимсээр нь сэтгэлийн цангаагаа тайлсандаа яруу найрагч Ж.Өлзийжаргалд баярласанаа илэрхийлэхийн дашрамд уран бүтээлд нь амжилт хүсье!
Яруу найрагч Ж.Өлзийжаргалын * Нэгэн ертөнц *блогоор зочилж түүний Язгуур сэтгэлийн оргилруу хамтдаа авирцгаая!

Soeul. 2008-01-31