10/18/13

~~~~~Hамайгаа хүлээ~~~~~



Зүйлийн гэгэлгэн дуугаа унагаж
Зүсрэх олон  шувууд
Зүүрмэг тэнгэрийг чичлэн одоход
Зүрхээн дарж үлдээд намайгаа санан суун уу? чи минь

Орчлонд төөрсөн заяаны учгийг тэмтрэн холбож
Оногдсон энэ хагацалыг итгэлийн хүчээр нүхэлж
Сэтгэлийн чинь ариун сүмийн галыг өрдөн үлээхээр
Гэгэлзсэн намрын үдшээр сэтгэлээ шүлэглэн илгээлээ

Эвлэж ядсан тавилангийн
Эмтэрч бүдэрсэн учралынхаа
Гомдол бүхнээ чивэлж татаад
Гилбэрт сум шиг тавилгүй

Голт зүрхнийхээ угаас ундрах
Хайрын булагтаа угаан
Халуун итгэлээ чөдөрлөн зангидаж
Харцныхаа гэрэлд намайгаа хүлээ

Цээжинд булглах гашуун бодолууд
Цэрэглэн босож түрэн ирэхэд
Өр нимгэн сэтгэлээ илд болгон бариад
Ирэх өдрийг минь хүртэл хайраа хамгаалж  намайгаа хүлээ

Хүсээгүйд тулгасан заяаны
Эрчлээс тасраагүй мөчүүдийн дээгүүр
Зүрх цочоон ирэх гэгээн совингоо
Зөгнөлт зүүднийхээ гүнд нууж намайгаа хүлээ

Чийгт хорвоогийн хов живээс янзага мэт үргэж
Чимээгүйхэн ханьсах цөхрөлд  уусаж дасалгүй
Эргэн учрах итгэлдээ хайр ургуулж
Эгэлгэн санах сэтгэлийнхээ элгийг дэвтээж намайгаа хүлээ

Үггүй учран, харцаараа гагнагдаж
Үнэн сэтгэл цусанд чинь дүүрэн түгэхэд
Хацрын чинь арьс ягаарч гэрэлтэх
Хагацал дэвсэлж учрах мөчүүдээ зөгнөж намайгаа хүлээ

9/18/13

~~~~Намар ирчихэж...~~~~


Модoдын тэвэрээс,эгшиглэгч навчсыг өнчирүүлж
Мартаагүйн чанадаас уяралыг  сэрээн хөтөлөөд
Маргааш руу одох биеээс сэтгэл ховсдон тасдаад
Мананд зүүрмэглэгч дурсамж  дээр илэх мэт буулаа

Намар ирчихэж...

Хайр, хагацал элбэн сэтгэл тамлан бүжиглэсэн
Халуун залуу насныхаа дурсамж дундуур алхахдаа
Алдaa бүхний минь сорив дээр ухаарлын цэцэг ургасаныг харахуйд
Амьд халуун мөчүүд сэтгэл тэврэн шатлаа

Намар ирчихэж...

Амьдaруулагч ертөнцийн хээлэнд эрхи мэт эргэлдэж
Амилуулагч тэнгэрийн эрхшээлд арьсан дотроо тачаадаж
Нарны эргэx чөлөөнд зүрxээ тэмтрэн анивалзаж
Намрын энэхэн улиралд сэтгэлээ үнсэн тайтгаруулдагаа

Намар ирчихэж...

5/13/13


Уншигч та бүхнийхээ гар дээр өөрийн бичсэн, шүлэг эрэгцүүлэлээ эмхэтгэж *Аниргүйн гэгээ* номоо өргөн барьж байна.Улаанбаатар хотын Интэр номын дэлгүүр,аз хур номын дэлгүүрээс худалдан авч таалан уншина уу?

Бүлээн