8/23/09

***МОНГОЛ ЭХ ОРОН МИНЬ***



Нүдээ анихад ч харагдаад байх юм Эх орон минь
Нулимсаа залигчихаад хүү чинь таныгаа санаж явдаг шүү
Надад байгаа бүхнийг та өгсөн болохоор Эх орон минь
Нас ,бие, сэтгэлээ тандаа зориулна ,Эх орон минь

Аав ээж,алаг үр,амраг хань минь Эх орон минь билээ
Агаар ,салхи ,уул,ус минь Эх орон минь билээ
Хос хун нуурын мандалд буух нь Эх орон минь билээ
Хоточ банхарын дуу хот айлаас дуулдах нь Эх орон минь билээ

Намрын тал нутагт минь айраг исэлдэж
Намайг Эх орон минь хүлээж байгаа
Намхан буурал ижий минь цайны дээжээ өргөж
Намайг Эх орон минь хүлээж байгаа

Хөөрхөн үр минь шулганан миний зургийг зааж
Хөх тэнгэрийн орон минь намайг хүлээж байгаа
Хөнгөн салхинд навчис нь эргэлдэн бүжиглэж
Хунгийн дэвэлтээр Эх орон минь намайг даллаж байгаа

Уртын дуугаар чинь сэтгэлээ өлгийдөж явдаг хүү чинь
Усны шувуу шиг очиж болохгүй байна, Эх орон минь
Шалзад багахан шаргын гунигийн өнгөтэй амьдарч байгаа ч
Сайхан Эх орон таныхаа төлөө зүтгэж байгаа юм шүү

Мөнгөн хазаарын чимээтэй эх орондоо хүү чинь очино оо
Мөнх тэнгэрийн чинь ивээл дор сайн явна аа хүү чинь

***БОДРОЛ***



Эзгүйн дунд ганцаараа зогсоно
Эргэн тойрон нам гүм,үзэгдэлгүй
Зүүд үү энэ
Зүгээр л бодол уу?

Нар саргүй,зүлэг ногоогүй
Навч ,сүүдэр,салхи үгүй
Элс шороо,үнэр,үүлгүй
Энэ там биш бас диваажин ч биш

Өвчин зовлон,үхэл ч алга
Үнэндээ намайг зовоох юу ч үгүй
Цаг хугацаа тойрог мэт эргэлдэн зогсож
Цаашаа наашаа чиг зүг алгаа

Тэртээгээс замхрах миний гэрэлт мөр
Тэнгэргүй алс руу оджээ
Тэндээс би иржээ
Тэсгэлгүй сүүрс алдлаа

Бурхан чи хаана байна
Буг,чөтгөр ч гэсэн тааралдаасай
Бүрхэгч гэсэн тэнгэр минь харагдаасай
Бараан ч гэсэн амьдрал минь чи хаана байна

Хэцүү ч гэсэн зовлон минь чи намайг бүү орхиоч
Хэрээ ч яахав хамаагүй нисээд ирээч
Огт юу ч үгүйд ганцаараа байхдаа
Огторгуйн одод хүртэл хань болдогийг мэдэрлээ

Энэ ертөнц байгаа бол
Эхлэл,төгсгөл,үхэл байх ёстойг ойлголоо
Ингээд би эргээд алхалаа
Эхлүүлсэн үйлээ барахаар буцлаа

8/6/09

***НУТГИЙН ӨГЛӨӨ***



Шөнийн амгаланд адислагдаж
Шүүдрийн ус рашаан болно
Сарны туяаг шимэн зүүрмэглэсэн
Цагаан манан гэгээ болно

Нугын цэцэг дэлбээгээ дэлгэхэд
Нарны гэрэл амьдрал болно
Нуурын мандалд хос хун буухад
Нутгийн минь өглөө шүлэг болно

Цагаан гэрээс утаа суунаглахад
Яруу шүлэг минь зураг болно
Цайны дээжээ тэнгэрт өргөхөд
Цагаахан дусалууд нь хайр болно

Жирийн нэгэн өглөө нутагт минь эхлэх нь
Жангарын туульд гардаг диваажингийн орон шигээ

8/5/09

***ШҮЛЭГ БИШ ШҮЛЭГ***

Гашуун үнэнд тулчихаад
Гараа ч хөдөлгөх хүсэл алга
Ухаарлын үүд нээлтэй ч
Урагшаа явах тэнхэл дутаад

Солиотой юм шиг жүжиглээд
Сохор юм шиг явж байгаа
Хүн хэмээх сүрэг амьтаны
Хөгийн амьдрал огиудас хүргэнэ.

Мөнгөтэй бол сайхан амьдрах
Мөрөөдлийн цамхаг зэрэглээ мэт хоосон
Үхлийн хаалгаар шалдан орох байж
Үйлийн лай болсон шуналаар ер нь яах юм бэ?

Там диваажин аль нь ч байхүй
Тахилга мөргөл гээч үнэндээ инээдэм төдий
Огт байхгүйд итгэх хэнд хэрэгтэй юм бэ
Одоо болоо юм бишүү хүмүүсээ

8/2/09

***Будда Амитаба ***



***Д.Нямсүрэн : Амитаба***

Яаж би Амитаба шиг, хөлөө цэцгэн өлзий завилах вэ?
Яаж би Амитаба шиг, чамайгаа бурханы тигд бүтээх вэ?
Яаж би Амитаба шиг, хүйсний нууцыг хуруугаараа томьёолох вэ?
Яаж би Амитаба шиг, хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ?

Яаж би Амитаба шиг, газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?
Яаж би Амитаба шиг, есөн эрдэнийн чулуугаар чамайгаа чимэх вэ?
Яаж би Амитаба шиг, уснаас гарсан бүсгүй эрэг дээр суугаагаар бодох вэ?
Яаж би Амитаба шиг, шувуу исгэрэх, нохой хуцах мөн чанар нэгийг ойлгох вэ?

Яаж би Амитаба шиг, модны навчис унахыг зүүдээ гэж бодох вэ?
Яаж би Амитаба шиг, морь зогсоогоороо унтахыг далайн татралт гэх вэ?
Яаж би Амитаба шиг, эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлт гэх вэ?
Яаж би Амитаба шиг, энэ биеэрээ нэгэн сайхан аялгуу болох вэ?

Яаж би Амитаба шиг, үүдний цоорхойгоор тусах наран лугаа цацрах вэ?
Яаж би Амитаба шиг, үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайх вэ?
Яаж би Амитаба шиг, нисээд явчихсан шувуу адил анир алдрах вэ?
Яаж би Амитаба шиг, өөрийнхөө үсний ойчих чимээг сонсох вэ?

Яаж би Амитаба шиг, үүлс бүрхэж, мөс хучсан ч сая сая жилд үлдэх вэ?
Яаж би Амитаба шиг, үхэл гэгч амьдаас агуулгатайг мэдэх вэ?
Яаж би Амитаба шиг, дэнгийн гал руу эрвээхэй үйхэд жишимгүй суух вэ?
Яаж би Амитаба шиг, дэргэдийн ээжгүй болоход уйлахгүй байх вэ?

Яаж би Амитаба шиг, нэг дуу нэг зөгийг хөнөөдгийг мэдэх,
Яаж би Амитаба шиг, нэг шүлэг нэг цэцгийг үрдгийг ойлгох,
Яаж би Амитаба шиг, оргүй хоосон – алсад буй ертөнц гэдгийг таних,
Яаж би Амитаба шиг, орон цаг, амьдрал хоёр үгүйг мэдэх...