12/30/09

***Болмоор...***

Өвөл дотор би амьдарч
Өвөл миний дотор амьдардаг
Маргаашийн орох цасны ширхэгт шингэж
Мэлмэрэх тэнгэрийн цагаан нулимас болмоор...

Хаврын цэцэгсийн үндсийг тэтгэх
Хайр шингээсэн цасан ширхэг болмоор
Энэ л бие эд эсээрээ газарт уусан нэгдэж
Ирэх хавар хүмүүсийг баярлуулах цэцэг болмоор...

Цэнхэр хаврын яргуй болж бие ээ үлдээчихээд
Цээжний гүн дэхь гуниганд чинь хань болгож
.................шүлгээ үлдээчихээд
Зул мэт шатан ариусаж, дотроосоо гэрэлтээд
Зөн татсан мөнхийн гэгээтэй нийлж гэрэл болмоор...

12/29/09

***Чиний нэртэй мөчүүд ***

Он цагийн урсгал одоог зөөсөөр ирэхэд
Чиний нэртэй мөчүүд зүрх уран оддог
Цээжинд багтаагүй сэтгэл хоосрон эргэж ирэхэд
Чихний чинь ээмэгийг хангинуулж чиний нэрийг дууддагаа

Хоосон нүд бүүдгэр алсруу тэнүүчилээд
Хагацал гунигийн хорвоод сэтгэлээ шатаан алхахдаа
Бурханы өгсөн биеийн чинь сүү урсдаг цээжинд чинь
Би галт шувуу болон бууж

Гэрэл нэрж
Гэмшил унаган хөвөмөөр байдагаа

***Шүлэг үүрсэхэд***

Уянга цацах шиг шүлэг үүрсэхэд
Ухаанд багтамгүй үнэн согтолт үүсгээд
Сарны гүнд нуугдсан нарны гэгээн гуниг
Сэтгэлийн гүн дэхь харанхуйг цуу татан гэрэлтүүлдэг

Үг дуусч ,тархи эзэнгүйрч
Үнэн одсон замын тоосонд дарагдаж хоцрохдоо
Үзэг,бие хоёроо ширээн дээрээ орхин өндийхөд
Үнэний гэгээн замд шүлэг минь үдэж өгдөг

12/26/09

***Бодрол***

Чулуу хагарч,ус хөлддөг
Чухам юм юм л болдог хорвоод
Төрж гэнэ,үхэж гэнэ
Төрсөн өдөр болдог гэнэ

Төөрч төөрч явсаар ирсэн өдөр
Төөрөг тавиланд туугдаж ирсэн өдөр
Нүгэл буяны дэнсэн дээр
Нүцгэн унасан өдөр

Тэндээс буцаад ирсэн өдөр
Төлөх үйлэндээ баригдаж ирсэн өдөр
Там диваажин хоёртоо хөтлөлцөж ирсэн өдрийг
Төрсөн өдөр гэж тэмдэглэдэг гэнэ

***Аниргүйд***

Аниргүйд цаг хугацаанаас чимээгүйхэн тасарна
Аниргүйд алс хол утгаа алдаж чимээгүйхэн шингэнэ
Аниргүйд амьтай, амьгүй бүгд чимээгүйхэн нэг болж
Аниргүйд амьдаараа үхэж чимээгүйхэн би уусна

Аниргүйд шаналал зовлон чимээгүйхэн мартагдана
Аниргүйд шархатсан сэтгэл чимээгүйхэн эдгэнэ
Аниргүйд нүгэл буяны хэмжүүрээс чимээгүйхэн сална
Аниргүйд ганцхан мөнхийн аялгуу чимээгүйхэн эгшиглэнэ

Аниргүйд би чимээгүйхэн аялгуу болно

11/5/09

***Миний үг***

Би яс маханд түр буудалласан, яарсан, хоргодсон сүнс байсан
Би нарны эсрэг харж дэлбээлсэн ямархан нь үл мэдэгдэх цэцэг байсан
Би дууны эгшигт уярсан дулаахан бүлээхэн харц байсан
Би дурлалын галд уяссан дутуу хатаагдсан ган байсан

Би цээжний махаа барсан цэнхэр хаврын шаргал хүлээлт байсан
Би цэнгэлийн нууранд буусан хун шиг байж тэр бүсгүйн хайрын эзэн нь байсан
Би ганцаардлын гашуун зовлон үзэж галбын говьд төөрсөн хавтгайн ботго байсан
Би хагацлын хавцалд хашигдаж харанхуйд төөрсөн халихад бэлэн амь байсан

Би гэгээн цэнхэр дэвсгэр дээр өөрөө цацагдсан өнгө өнгийн будгийн холил байсан
Би уртын дууны шуранхайд хавчуулагдаж гарсан уянга сондгой эгшиг нэгэн байсан
Би тэнүүн талын дээгүүр харвасан солирыг харж түүдэгийн галаас үсэрсэн оч нь байсан
Би үхэл хүлээж хайр хүссэн өрөвчхөн сэтгэлийн гал халуун бөмбөлөг байсан

Эхээс төрөхөд надад оногдсон эх орон хэмээх өмчтэй би баян байсан
Эргэн дурсахад хайр амтагдсан эжий аав хоёр хэмээх бурхантай би бурхадын хүү байсан

Тийм ээ би Бурхадын хүү нь байсан.

2005 он BUMON

10/26/09

***ЯРУУСАЛ***

Хөгжмийн эгшиг сэтгэлийн хаалга татаад
Хөнгөн алхасаар орж ирэхэд
Хөвөх мэт сэтгэл гадагшилж
Хаашаа ч юм долгис цацаад....

Юуны ямархан хүчээр
Надад нөлөөлнө бэ
Нөмгөн гунигийг минь
Юунд ил гаргаж дааруулна бэ

Мэдрэхүйн судсыг
Чинэртэл тэлж
Мэдэхгүй ертөнцрүү
Юуны учир хөтөлнө бэ?

Оногдсон зовлон дээр минь
Оч хаяж шатаан
Орчлонгоос салгаж
Сэтгэлийг юунд өнчирүүлнэ бэ?

Хөг эгшиг бүрээр чинь сэтгэл задрахад
Харанхуйн дунд солонго татах шиг болоод
Үнэний дунд ганцаар зогсох шиг
Үнэндээ би хөгжмийн эгшиг болох мэтээ

9/19/09

****Намрын өглөө****

Орчлон мөнх бусийг сануулсаар намар ирэхэд
Огших ,тэсрэх сэтгэлийн гүнээс нэгэн шувуу нислээ
Тэр шувуу сансарын хуйлрах аянгaнаас гэрэл зууж
Мэдрэхүйн долгисыг хөглөн буулаа

Сэтгэлийн эмзэг дэлбээг минь нэг нэгээр нь илбэж
Сарны гунигтай,намрын шаргал өдрүүдийг асгалаа
Зөгнөл тэмтчин алхах бүдгэрсэн харгуйг гийгүүлж
Зүүд тарааж цацсан гэгээн шөнүүдийг авчирлаа

Зүрхний үгийг минь сонсох өвсний намуухан амьсгал
Зөв бурууг ухааруулж өлмийг минь үнсэж өндийхөд
Зөн совинд зүүгдэх он жилүүдийн давалгааг гишгэн
Зүүдний учиг тайлах битүүлэг ертөнцрүү тэмүүллээ

Итгэлт сэтгэлийн гэмшил гэрэл болохуйд
Илгээх гэгээн аялгуунд яруусаж хонолоо
Ирэх өдрийн үйлийг хайраар тосож
Эмтэлсэн амгаланд хорогдсоор намрын өглөөг угтлаа

9/6/09

***БИД БУРХНЫ ХҮҮХДҮҮД ***

***ЭВЛЭРЭЛ***

Бурханы өгсөн бие байшингын хана налахад
Байхгүйн дунд сэтгэл түших ханагүй
Хэлсэн хэлээгүй үгс хаа хүрэхээ мэдэхгүй тэнүүчлээд
Хэзээ ч юм бэ? ирсэн гуниг аяга дарс шиг

Нар манддаг хорвоод
Насаа өгч байгаад ч хамаагүй авчих юм алга
Өнгөрсөн бүхэн үзэгдэл төдий
Өнөөдөр зүүд мэт зэрэглээтээд

Шүлэг сүүрс алдах мэт замхараад
Шөнө өдрийн ялгааг олж ядан байхуйд
Цаг хугацаа гараас алдраад урсах нь
Ганц л олдож буй тайвширал аа

Дурлал хэмээх солиоролд
Дусал нулимс ч гаргах нь солиорол
Салмааргүй гашуун бодол минь
Саяхан дэлбээлсэн цэцгийг өрөвдөх нь өрөвдөлтэй

Барьцгүй хоосонд сэтгэлийг сэвэх
Бурханы илгээх зөн билэгээс зугтаамаар
Тэндээс оноосон тавилантай эвлэрэх шиг
Өмнөөс минь харах бүсгүйг тэвэрлээ би.

9/3/09

***ЦАГ ИРЖ ЯВНА***


Цаг ирж явна
Цахилах гөрөөс мэт үнэн ирж явна
Үйл нүгэлийн үзүүр эргэж
Үхэл,сүйрэл ирж явна

Уул уулын оройг уулзуулах
Усан галав ирж явна
Улаан гол таслагчдийг гэсгээх
Утаан галав ирж явна

Улаан гол гүрэлзэж
Улаан бөөмс биеэр тархаж
Улан дороос шороо босгож
Учрал бүрдэж яах гэж амьдардагийг

Мэдэгтүн ! Сэрэгтүн !

Хүний зовлон хаанаас үүсэлтэйг
Хүрд эргэж,төрөл арилждагийг
Үнэн худлын заагийг
Үхэл цавчиж салгадагийг

Мэдэгтүн ! Сэрэгтүн !

Зөн билэг хаанаас унаж
Заяа төөрөг хэрхэн зурагдагийг
Бие сэтгэлийн зовлонгоос салж
Билэгийн нүдээ хэрхэн нээдэгийг

Мэдэгтүн ! Сэрэгтүн !

Цаг ирж явна
Цахилах гөрөөс мэт үнэн ирж явна
Үйл нүгэлийн үзүүр эргэж
Үхэл,сүйрэл ирж явна

Мэдэгтүн ! Сэрэгтүн !

8/23/09

***МОНГОЛ ЭХ ОРОН МИНЬ***



Нүдээ анихад ч харагдаад байх юм Эх орон минь
Нулимсаа залигчихаад хүү чинь таныгаа санаж явдаг шүү
Надад байгаа бүхнийг та өгсөн болохоор Эх орон минь
Нас ,бие, сэтгэлээ тандаа зориулна ,Эх орон минь

Аав ээж,алаг үр,амраг хань минь Эх орон минь билээ
Агаар ,салхи ,уул,ус минь Эх орон минь билээ
Хос хун нуурын мандалд буух нь Эх орон минь билээ
Хоточ банхарын дуу хот айлаас дуулдах нь Эх орон минь билээ

Намрын тал нутагт минь айраг исэлдэж
Намайг Эх орон минь хүлээж байгаа
Намхан буурал ижий минь цайны дээжээ өргөж
Намайг Эх орон минь хүлээж байгаа

Хөөрхөн үр минь шулганан миний зургийг зааж
Хөх тэнгэрийн орон минь намайг хүлээж байгаа
Хөнгөн салхинд навчис нь эргэлдэн бүжиглэж
Хунгийн дэвэлтээр Эх орон минь намайг даллаж байгаа

Уртын дуугаар чинь сэтгэлээ өлгийдөж явдаг хүү чинь
Усны шувуу шиг очиж болохгүй байна, Эх орон минь
Шалзад багахан шаргын гунигийн өнгөтэй амьдарч байгаа ч
Сайхан Эх орон таныхаа төлөө зүтгэж байгаа юм шүү

Мөнгөн хазаарын чимээтэй эх орондоо хүү чинь очино оо
Мөнх тэнгэрийн чинь ивээл дор сайн явна аа хүү чинь

***БОДРОЛ***



Эзгүйн дунд ганцаараа зогсоно
Эргэн тойрон нам гүм,үзэгдэлгүй
Зүүд үү энэ
Зүгээр л бодол уу?

Нар саргүй,зүлэг ногоогүй
Навч ,сүүдэр,салхи үгүй
Элс шороо,үнэр,үүлгүй
Энэ там биш бас диваажин ч биш

Өвчин зовлон,үхэл ч алга
Үнэндээ намайг зовоох юу ч үгүй
Цаг хугацаа тойрог мэт эргэлдэн зогсож
Цаашаа наашаа чиг зүг алгаа

Тэртээгээс замхрах миний гэрэлт мөр
Тэнгэргүй алс руу оджээ
Тэндээс би иржээ
Тэсгэлгүй сүүрс алдлаа

Бурхан чи хаана байна
Буг,чөтгөр ч гэсэн тааралдаасай
Бүрхэгч гэсэн тэнгэр минь харагдаасай
Бараан ч гэсэн амьдрал минь чи хаана байна

Хэцүү ч гэсэн зовлон минь чи намайг бүү орхиоч
Хэрээ ч яахав хамаагүй нисээд ирээч
Огт юу ч үгүйд ганцаараа байхдаа
Огторгуйн одод хүртэл хань болдогийг мэдэрлээ

Энэ ертөнц байгаа бол
Эхлэл,төгсгөл,үхэл байх ёстойг ойлголоо
Ингээд би эргээд алхалаа
Эхлүүлсэн үйлээ барахаар буцлаа

8/6/09

***НУТГИЙН ӨГЛӨӨ***



Шөнийн амгаланд адислагдаж
Шүүдрийн ус рашаан болно
Сарны туяаг шимэн зүүрмэглэсэн
Цагаан манан гэгээ болно

Нугын цэцэг дэлбээгээ дэлгэхэд
Нарны гэрэл амьдрал болно
Нуурын мандалд хос хун буухад
Нутгийн минь өглөө шүлэг болно

Цагаан гэрээс утаа суунаглахад
Яруу шүлэг минь зураг болно
Цайны дээжээ тэнгэрт өргөхөд
Цагаахан дусалууд нь хайр болно

Жирийн нэгэн өглөө нутагт минь эхлэх нь
Жангарын туульд гардаг диваажингийн орон шигээ

8/5/09

***ШҮЛЭГ БИШ ШҮЛЭГ***

Гашуун үнэнд тулчихаад
Гараа ч хөдөлгөх хүсэл алга
Ухаарлын үүд нээлтэй ч
Урагшаа явах тэнхэл дутаад

Солиотой юм шиг жүжиглээд
Сохор юм шиг явж байгаа
Хүн хэмээх сүрэг амьтаны
Хөгийн амьдрал огиудас хүргэнэ.

Мөнгөтэй бол сайхан амьдрах
Мөрөөдлийн цамхаг зэрэглээ мэт хоосон
Үхлийн хаалгаар шалдан орох байж
Үйлийн лай болсон шуналаар ер нь яах юм бэ?

Там диваажин аль нь ч байхүй
Тахилга мөргөл гээч үнэндээ инээдэм төдий
Огт байхгүйд итгэх хэнд хэрэгтэй юм бэ
Одоо болоо юм бишүү хүмүүсээ

8/2/09

***Будда Амитаба ***



***Д.Нямсүрэн : Амитаба***

Яаж би Амитаба шиг, хөлөө цэцгэн өлзий завилах вэ?
Яаж би Амитаба шиг, чамайгаа бурханы тигд бүтээх вэ?
Яаж би Амитаба шиг, хүйсний нууцыг хуруугаараа томьёолох вэ?
Яаж би Амитаба шиг, хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ?

Яаж би Амитаба шиг, газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?
Яаж би Амитаба шиг, есөн эрдэнийн чулуугаар чамайгаа чимэх вэ?
Яаж би Амитаба шиг, уснаас гарсан бүсгүй эрэг дээр суугаагаар бодох вэ?
Яаж би Амитаба шиг, шувуу исгэрэх, нохой хуцах мөн чанар нэгийг ойлгох вэ?

Яаж би Амитаба шиг, модны навчис унахыг зүүдээ гэж бодох вэ?
Яаж би Амитаба шиг, морь зогсоогоороо унтахыг далайн татралт гэх вэ?
Яаж би Амитаба шиг, эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлт гэх вэ?
Яаж би Амитаба шиг, энэ биеэрээ нэгэн сайхан аялгуу болох вэ?

Яаж би Амитаба шиг, үүдний цоорхойгоор тусах наран лугаа цацрах вэ?
Яаж би Амитаба шиг, үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайх вэ?
Яаж би Амитаба шиг, нисээд явчихсан шувуу адил анир алдрах вэ?
Яаж би Амитаба шиг, өөрийнхөө үсний ойчих чимээг сонсох вэ?

Яаж би Амитаба шиг, үүлс бүрхэж, мөс хучсан ч сая сая жилд үлдэх вэ?
Яаж би Амитаба шиг, үхэл гэгч амьдаас агуулгатайг мэдэх вэ?
Яаж би Амитаба шиг, дэнгийн гал руу эрвээхэй үйхэд жишимгүй суух вэ?
Яаж би Амитаба шиг, дэргэдийн ээжгүй болоход уйлахгүй байх вэ?

Яаж би Амитаба шиг, нэг дуу нэг зөгийг хөнөөдгийг мэдэх,
Яаж би Амитаба шиг, нэг шүлэг нэг цэцгийг үрдгийг ойлгох,
Яаж би Амитаба шиг, оргүй хоосон – алсад буй ертөнц гэдгийг таних,
Яаж би Амитаба шиг, орон цаг, амьдрал хоёр үгүйг мэдэх...

7/20/09

***САРНАЙ***

Оршил

Сарнай цэцгийг харж би удаан суулаа
Сайхан тэр цэцгийг бахдаж би удаан суулаа
Дэлбээнийх нь эмзэгхэн гоог биширч
Дэндүү гайхамшигт тэр цэцгийн тухай шүлэг бичлээ

Яруу төгс түүний тухай бичихгүй юм бол
Янжинлхам бурхан гомдох юм шиг санагдлаа

САРНАЙ

Үнэндээ тэр төгс аялгуу
Үзэсгэлэн гоо бүсгүйгээс илүү
Урлагын бүтээл,сансарын элч мэт
Утгыг нь ойлгож эс гүйцэх бурханлаг шинжтэй

Түүнд хагацал,учрал багтаж байдаг
Түүнд хайр,энэрэл шингэсэн байдаг
Түүнд гэгээн зөгнөл, гэрэлт хүсэл байдаг
Түүнд ханамгүй тачаал,харьшгүй хүч байдаг

Түүнд огторгуй мэт хязгааргүй орон зай бий
Түүнд од эрхэсийг татах чадал бий
Түүнд хувирашгүй сэтгэл,хуучирашгүй түүх бий
Түүнд тэнгисийн давалгаа,тэнгэрийн гялбаа бий

Сарнайн гоо сайхан нь дотоод ертөнцөдөө бий
Сав ертөнцийг бүгдийг нь багтаадагтаа байдаг юм
Ариусал гэгээрэлийн түүний ертөнцөд
Амьдралын утга учир багтсан байдаг юм

Бурхан ч атаархам төгс тэр цэцэг
Бусдад сайн сайханыг өгөх гэж ургадаг юм
Сар нарыг багтааж ургадаг болохоор нь
САР НАЙ гэж нэрлэсэн юм болов уу?

7/6/09

***САЙХАН ААВ,ИЖИЙ ХОЁР МИНЬ***

Хар дарж зүүдэллээ би
Хөлгүй их далайд хөвж явна гэж зүүдэллээ
Агаар тогтуун цэнхэр тэр далайд ганцаараа
Амандаа дуу аялан сэлүүрдэж явна гэж зүүдэллээ

Зах нь үл үзэгдэх далайн дээгүүр
Дарь-Эхийн хувилгаад тоглон бүжиж байх юм
Миний танихгүй мянган бурхад
Манан дундаас тодрон байна гэж зүүдэллээ

Гэнэт бараан үүл гарч салхи дэгдлээ
Гэтэж байсан мэт догшин давалгаа босож намайг хөөлөө
Алсад нэгэн гэрэл харагдахад
Амь тэмцэн тэр зүг сэлүүрдлээ гэж зүүдэллээ

Хөөж буй давалгааны түрүүч завь цохиход
Хөөрхий би сэлүүрээ алдаж байна гэж зүүдэллээ
Саяхан байсан олон бурхад ч алга
Сар хүртэл гэрэлээ нуусан байна гэж зүүдэллээ

Хоёр гарт минь сэлүүр гэнэт баригдаж
Хоромхон зуур бүрхэх давалгаанаас зугтан гарлаа
Гэрэлийн зүг хүчээрээ сэлүүрдэж
Гэрэлт тэр арал дээр очлоо гэж зүүдэллээ

Арал дээр гарсан би
Аварсан сэлүүр,завиа хэсэг мартлаа
Хөөрхий завь минь давалгаан дунд холдож байх юм
Харин хоёр сэлүүр нь аав,ижий хоёр минь байна гэнэ

Их далайтай тэмцэн хүүгээ аварсан аав ижий хоёр минь
Их л ядруу царайтай ч хүү рүүгээ харан инээмсэглэж
Яасан гэнэн юм бэ миний хүү гэх шиг харсаар
Яруухан их хайраар хүүгээ тэвэрсээр холдож байна гэж зүүдэллээ

Муу хүүдээ ямарч их хайртай юм дээ аав ижий хоёр минь
Мянган бурхан байгаад ч та хоёрыг минь гүйцэхгүй юм байна
Салхи сэрчигнэж чимээ гаргахад сэрчихээд
Сайхан аав ижий хоёроо санаад зөндөө уйллаа муу хүү чинь.

6/22/09

***ААВДАА***

Хайрт аав Сангаравын Цэнд таныгаа хүндэтгэн дурсаж зориулав

Нар ирж байхад
Навч ногоороогүй байхад
Шувууд ирж байхад
Шүлэг бичээд дуусаагүй байхад

Хүүгээ орхиод холоо явсан
Хүний дээд миний бурхан аав минь
Нутгийхаа энгэрт таныгаа тавьчихаад
Нулимасаа арчсаар явсандаа хүү чинь

Сайхан байждээ аавтайгаа байхад
Сартайд ч,нартайд ч очоод
Хааяа ч гэсэн загнуулаад
Хажуугаар нь бас эрхлээд

Цэрэгт байхад минь эргэж ирчихээд
Цэрэг малгайг минь өмсөж үзээд
Арав төгрөг гарт минь атгуулаад
Аав нь хүүгээ үнсэе гэж билээ

Хэн намайг аав шиг минь хайрлах билээ дээ
Хэлж ирдэггүй өвчин хэцүү л юм билээ
Хүний хүү аавтайгаа золгохыг хараад
Хүү чинь дотогшоогоо урсаж л байлаа

Хөөрхийдөө миний аав
Хүн болж төрөөд жаргаж үзсэн нь цөөхөндөө
Хослон амьдарч яваад ханиа эрт алдаж дээ
Хожим нь л ухаарах юмдаа таны муу хүү чинь

Өө миний хүү ирлээ гээд инээх нь
Өчигдөр юм шиг л санаанд байна
Цэн цэнгийн цуваа шиг гээд дуулдаг аавыгаа бодохоор
Цээжний гүн дэхь бороо нүдээр гараад болохгүй нээ

Сайхан аавтай байсан болохоор
Сайн явнаа хүү чинь
Дуусашгүй их хайрын тань илчинд
Дулаацсаар явна даа муу хүү чинь

5/21/09

***УУЧИЛААРАЙ***

Хачин цэнхэр хавар цасан дороос ургаж
Харах нүдний өмнүүр шувууд тэнгэр зүсэж нисээд
Хагацал үлдээсэн дурлал сэтгэл урж өндийгөөд
Хэлж амжаагүй үгс нулимас болон урсаад

Тэнгэрт хөвөх үүлс сүүдэр зууж ирэн асгаад
Тэр л хаврын шаргал хүлээлт цээжний гүнд амтагдахад
Хайрын гашуун дурсамжаа нулимас болгон унагахдаа
Хашаа дагаж ургасан хэсэгхэн өвсийг усалмаар

Эргүүлж буцааж болохгүй цаг хугацаанд туугдан
Энэ л цэнхэр хаврыг тэвэрээд амьдрал дундуур алхахдаа
Олон жил хадгалсан үгээ одоо л би хэлэе
Омголон зан,залуу нас хоёрыг минь чи УУЧИЛААРАЙ

***МЭДЭХ ҮҮ ЧИ!***

Намайг чи орхиод явахад юу үлдсэнийг мэдэх үү чи!
Навчсаар уйлсан намар шиг сэтгэл уйлж үлдсэн
Дурласан сэтгэл дутуу залгисан нулимс үлдсэн
Дуртай бүхнээсээ зугатаасан дугуй хар цэг болж би үлдсэн

Дуусашгүй урт өдрүүдийг өнгөрөөх гэж дарс уусан
Дутуу нойртой хоносон шөнүүдээр хайрын сарнай урласан
Дууны эгшигт уяарч, дурсамжаараа амьдарч үлдсэн
Дурлалаасаа хагацсан сэтгэл голд ортол өвдөж үлдсэн

Бүүдгэр болсон хорвоогоос гэрэл олж харах гэж би ядарсан
Бүүвэйн дуу, ээжийн хайрыг үгүйлсэн
Бүр юунд ч зовохгүй нохойн гөлгөнд би атаархаж
Буйдхан энэ хорвоогоос явах юмсан гэж бодогдсон

Он цагийн эрхээр цэг бүдгэрч сэтгэл чангарсан
Орчлонд чамайг хайрласан шиг хайр ирэхгүй болсон байсан
Нар сар хоёрыг угтаа нэг юм гэж ойлгодог болсон
Найр дуу хуурыг намбатайхан шиг өнгөрүүлдэг болсон

Намайг чи орхиод явахад юу үлдсэнийг мэдэх үү чи!
Намрын навчис ямар гоё хээтэйг мэдэрч үлдсэн
Наснаасаа эрт ухаан сууж ухаарч үлдсэн
Нар сартай хорвоод чамайг л үл мартах сэтгэл үлдсэн

МЭДЭХ ҮҮ ЧИ!

4/28/09

~~~Нутгийн чулуу~~~

Бодохийн төдийд л уярааж
Бороо болон орж сэтгэл дэвтээсэн эх орон минь
Будант саарал өдрүүдийн цаанаас
Сэмлэж гийсэн эх орон минь

Нутгийнхаа бор чулууг атгаж байгаад анирдахад
Нуурын эрэгт буух хунгийн дэвэлт сонсогддог
Нутгийнхаа бор чулууг атгаж байгаад дэлгэхэд
Нулимсаа арчиж үлдсэн эхийн минь харц харагддаг

4/9/09

''Гуниг минь түрүүлж сэрдэг''

Ирэх шувуудийн ганганаад
Гуниг минь түрүүлж сэрдэг
Ирэхүй одохуйн дунд би
Өөрийгөө гээж суудаг

Хайлсан цасны шар ус
Эмтэрсэн сэтгэлийг эмжин урсaхад
Энэ л хаврыг би хэн нэгэнд бэлэглчихээд
Эргэж харалгүй яваад л өгмөөр...

Хаврын бүлээн салхинд илбүүлэн суухдаа
Хаашаа ч юм бэ? би яардаг aa
Хайр дуудах зэргэлээт өдрүүдйиг ганцаараа үдэхдээ
Хоосортолоо би санаа алддаг аа

4/5/09

"Цэцэн Мандухай"

*** МИНИЙ ЭХ ОРОН***

*** МИНИЙ ЭХ ОРОН***


Оршил

Бие минь тэнд төрсөн болохоор
Бас сэтгэл минь тэнд төрсөн болохоор
Билэг оюун ухааныг тэндээс авсан болохоор
Би тэнд хайранд өлгийдүүлж,хайранд зодуулж өссөн болохоор
би түүнийг эх орон гэж нэрлэдэг ээ

** МИНИЙ ЭХ ОРОН***

Наран жаргавч саран мандах гэрлийн эх орон
Навч нь унавч цас нь өнгөлөх цагаахан эх орон
Нас нэмэхэд улам ойртох соронзон эх орон
Намайг шүлэг болгон хувиргах ухаарлын эх орон

Халуун хэвлийгээсээ түрж эрдэнийн чулуу гаргаж байдаг
Хаанахын ч хүүхэд атаархам хаан шиг тоглож байдаг
Хадган өнгөтэй тэнгэрээр өдөржин хучуулж байдаг
Хав хар нөмрөгийг очир алмаазан шигтгээтэй нь тийрч унтаж байдаг

Хойморт нь Бурхад заларч байдаг
Хажууханд нь хүүхэд Бурхан эрхэлж байдаг
Тулганд нь галын Бурхад инээж байдаг
Төрсөн гэр минь Бурхадын гэр байдаг

Сүүний үнэр шингэсэн бор тэрлэгний энгэрт
миний эх орон үнэртэн байдаг
Сүмэн өвсний толгой хөдөлгөх төдий салхинд
миний эх орон аргадуулан байдаг
Түрүү морины хөлсөнд
миний эх орон дусланхан байдаг
Түрүүлсэн бөхийн дэвэлтэнд
миний эх орон хотолзонхон байдаг

Хоёулаа ирсэн шувууд гурвуулаа болоод буцдаг
миний эх орон учрал хайрын эх орон
Харьд очсон морьд нь нутгаа тэмцэн гүйдэг
миний эх орон санан тэмүүлэхийн эх орон
Түмэн өнгийн цэцгээ хөлд минь дэвссэн
миний эх орон хүндэтгэл хайрлахын дээд эx орон
Түнэр харанхуйд ч сэтгэлд минь бадамлан асах
миний чиний хайрын ундрага эх орон

Намираа зөөлөн бороонд нь хорвоо ариусч байдаг
Намуухан будрах цасанд нь сэтгэл ариусч байдаг
Нүүж сууж явахдаа бууриа цэвэрлэж байдаг
Нүгэл тогтох аргагүй миний эх орон ариухан эх орон

Уулын оройд нь салхи исгэрч бодлыг алсад хүргэж байдаг
Урсгал гол нь анагаах увьдастай урсаж байдаг
Уртын дуу нь дэлхийгээс тасарч гарч байдаг
Уяхан замбуу тивийн наран таанын үнэрт согтож байдаг

Таван ханатай гэрт нь нар,саран зочилж байдаг
Таван хошуу мал гэрээ тойрон ижилсэж байдаг
Талын Таван Толгой нь хайрын учралд дуудаж байдаг
Таньж,мэдэж дуусашгүй миний эх орныг
МОНГОЛ гэж нэрлэдэг ээ

Нутгийн минь жижигхэн бор чулуунд миний эх орон багтанхан байдаг
Намар намрын навчисны хээнд миний эх орон тодронхон байдаг
Настай ээжийн минь духны үрчлээнд миний эх орон долгиотон байдаг
Нулимстай нүдийг минь салхи нь арчдаг
ЭХ ОРОНТОЙ учраас би бардамхан aлхдагаа.

"""Хаврын цас мэт"""

Дэвэрсэн сүү шиг сэтгэл
Дэндүү удаан тайвширсан
Уйт гашуун гуниг өрөмтөж дарахдаа
Ухаарал гээчийг суллаж тавьсан

Алдах онох хоёр сэлүүртэй завиар
Амьдрал гээч далайд хөвөхдөө
Амьд буйн утга учрын сувдыг олоод
Амаржсан эх мэт тайвширсан

Харанхуй сохор байснаа
Хараа орох мэт болсон
Хачин уйт гуниг харин
Хаврын цас мэт цоохортож хайлсан

3/24/09

"""Зүүдний ертөнц"""

Зүүдний ертөнц манант гэгээ татуулан буухдаа
Зүрхний гүн дэх хөрсөнд хайрын үр цацахад
Харанхуй шөнийн аниргүйг шимэн үндэслэж
Хараад ханамгүй өнгийн цэцэгс дэлгэрнэ

Цэцэгсийн дэлбээнд мөнхийн ус шүүдэртэхэд
Цаг хугацаа цочихдоо хэмнэл алдан зогсоно
Цалгих сэтгэлийн гүн дэх чанад алсын мэдрэмж
Ертөнцийн гүнд дэх цэцэрлэгт гэрэл болон амирлана

Тэр цэцэгсийн өнгөнд энэ ертөнц бүдгэрхэд
Тэргэл саран дурлахдаа нууцлаг мэлмийгээ нээнэ
Галбир уран эрвээхий гэрэл зуран эргэлдэхэд
Газрын нар уярахдаа урсах мэт хээтнэ

Өнгө амилуулсан цэцэгс гэгээ цацаруулан яруусахад
Өөрийн эрхгүй мэдэрхүй сөгдөж хэмжээлшгүйн гүнд уусна
Үгээр хэлэхийн аргагүй төгс амгаланд хорогдохдоо би
Өөрийгөө тэнд орхичихоод өглөөг энд хоосорч угтмаар

3/21/09

"""Яагаад,ямар учраас....???"""

"Юу тарина,түүнийгээ хурааж авна"
............................................Библи судараас

Бид хайрлаж,хайрлуулж,мэдэж суралцахын тулд амьдардаг билээ.Мэдээж бас бид амьдрахын тулд хооллодог .Өнөөдөр бидний өдөр тутам идэж хэрэглэдэг хоолны тухай бичихээр шийдлээ.
Эрт дээр үеэс цагаан хоол болон мацаг барих тухай түүний ач холбогдолын тухай зааж сургасаар иржээ.Яагаад мах идэх муу юм бэ? Ямар учраас ..
Асуудлын гол нь мах гэдэг тэр материаллаг зүйлд байгаа юм биш.
Амьд амьтан болгон амьдралруу тэмүүлдэг.Мах идэхийн тулд бид амьтан алж хөнөөж байдагт л байгаа юм.Энэ үйлдэл нь бидэнд зовлон бэрхшээл авчирч байдаг.
Үйл болгон үр дүн дагуулж байдаг.Үйлийн үрийн хууль ийм юм.Энэ ертөнцөд бид үйлийн үрийн хуулиас зайлж бултаж чадахгүйд асуудал байгаа юм.
*Юу тарина,түүнийгээ хурааж авна* гэдэг үйлийн үрийн хуулийн дагуу бид муу үйл хийвэл бидэнд тэр муу үйлийн үр дагавар ирж байдаг.
Бид өнөөдөр өөрийн гараар амьтан алаагүй ч гэсэн бид мах иддэг болохоор бидэнд мах бэлтгэж өгөхийн тулд том том бойны газруудад 24 цагаар үхэр,тахиа гахай хонь гэх мэт бусад амьтадыг алж хөнөөж байна.Мэдээж амьд бүхэн үхэхийг хүсдэггүй.Амьд амьтан алахад тэр маш их айж,зовож ,шаналдаг.Бид мах иддэг болохоор амьтан алсан тэр муу үйлийн үр дагавар бидэнд ирдэг.Бид цагаан хоолны талаар мэдлэг ойлголт бага байдаг нь бас нэг бэрхшээл юм.Цагаан хоол гэхээр сүү будаа.пэрэс гэж төсөөлдөг.Одоо ингэж ойлгох ойлголтоо өөрчилөх цаг болжээ.Яг л махаар хийсэн мэт амт чанартай төрөл бүрийн цагаан хоол байдаг.Цуйван,төрөл бүрийн хуурга,бууз,хуушуур,шөлтэй хоол гээд бидний мэдэх олон төрлийн хоолыг бид гэртээ хийж идэх болон цагаан хоолны газаруудад идэж болох бололцоотой болжээ.
Хүн нэг удаа цагаан хоол идэхэд аав,ээж,үр хүүхэд,хань,өөрийн ах дүү болон өөртөө тохиолдох их бага гай зовлонгоос салгаж холдуулж тойруулж өнгөрөөдөг байна.Энэ нь өөртөө болон өөрийн барилдлагатай хүмүүстэй хийж буй их буян тус юм.
Мөн бусад хүмүүст цагаан хоол өгөх,өөрөө цагаан хоол идэх нь өөрийгөө болон бусдыг гай зовлонгоос гэтэлгэж байгаа хэрэг юм л дaa
Буддын болон Ариун Библи бусад судар номуудад мацаг барих болон,хоолны тухай бичиж сургаж заасаар иржээ.
Ариун Библи-д хамгийн эхний сахилд "Бүү алж хөнөө"гэж заасан байна.Үүнийг өнөөдөp зөвхөн хүнийг л алж болохгүй гэж их явцуу утгаар тайлбарлаж байгаа нь гэнэн бөгөөд мунхаг хэрэг юм.Үүнийг өргөн гүнзгий утгаар ойлгож авч үзэх хэрэгтэй байгаа юм.
Та цагаан хоол идэж эхэлсэний дараа олон өөрчилөлтүүдийг мэдэрч эхэлнэ.
Эрүүлжих,бие хөнгөрөх,залуужих,үрчилээ багасах болон арьс өнгөлөг,эрүүл болох гэх мэт.Хүний хөгширөлт,өвчлөлтийн 90% хувь нь бидний иддэг хоолноос шалтгаалж байдаг тухай судалгаа байдаг байна. Цагаан хоол идэж эхэлсэний дараах хамгийн гол өөрчилөлт нь тайван болж уур уцаар багасаж энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй болдог.Аливааг хайрлах нинжин зөв сэтгэлтэй болно.
Энэ хайрлах зөөлөн сэтгэл бол биднийг зөв амьдаруулж ,муу муухайгаас холдуулж биднийг сайн гэгээн зүгрүү хөтөлж явах гол хүчин зүйл юм.
Олон махчин амьтан ууртай түрэмгий байдгийг бид бүхэн сайн мэддэг билээ.
Манай эмэгтэйчүүд олон төрлийн үнэтэй тос,түрхлэг авч хэрэглэж байснаас шууд цагаан хоол идэж эхэлвэл үр дүнтэй бөгөөд их буянтай үйл юм гэж зөвлөх байна.
Бид хоол идэх болгондоо "Миний идэж буй энэ хоолны төлөө амьтан зовоож тарчилааж байсан"гэж бодохгүйгээр хооллох нь үнэхээр сайхан хэрэг биш гэж үү.

Мах идэх нь

-Та амьтаны амь идэж байна гэсэн үг
-Та амьд амьтаныг зовоож тарчилааж идэж байна гэсэн үг
-Та амьтаны хүүр идэж байна гэсэн үг
-Та нүгэл идэж байна гэсэн үг
-Та сүүлд нь өөрөө эдлэх зовлон хурааж идэж байна гэсэн үг

Хүн төрөлхтөн бид анх байгалиасаа махчин биш юм.Энэ талаар олон шинжилгээ судалгаа байдаг.Бид анх архи ууж,тамхи татаж байгаагүй.Энэ бол бидний олдмол зуршил юм.Үүнтэй адил мах идэх нь бидний олдмол зуршил байгаа юм.
Амьд амьтан бидэнтэй адил.Сээр нуруутан,амьд зулзага төрүүлдэг.Халуун сүүгээ хөхүүлж өсгөдөг.Айх,хайрлах,уурлах мэдэрхүйтэй.
Өнөөдөр олон олон оюунлаг залуус цагаан хоол идэж түүний ач тусыг мэдэрч эхэлж байгаа нь бахдууштай сайхан хэрэг юм. Сайн үйлс дэлгэрэх болтугай!

3/19/09

***Шувуу***

Би гуниг цалгисан нууранд ганцаараа хөвсөн хүн шувуу
Би гэмшил унaган нисэхдээ гэрэл хайсан зөнч шувуу
Би итгэлийн халуун галыг эмзэгхэн далавчаараа сэвсэн галч шувуу
Би эргэн эргэн буухдаа элгээрээ илж нуураа аргадсан холын шувуу

Би өглөөний наранд уянга зүүж,учрал билэгдсэн
Би нарны шувуу
Би үдшийн сарны гэгээнд үнэний шигтгээ болж хөвсөн
Би гэрлийн шувуу
Би хайр хүсэн дэвэхдээ халуун насаа шатааж ниссэн
Би цаг хугацааны шувуу
Би хамгийн сүүлчийн удаа хагацал үлдээж нисэхдээ
Халуун үгсээ хань болгон үлдээх

Би шүлэгч шувуу

3/9/09

***Сэтгэлийн бороо***

Чилийтэл өнгөрсөн он цагийн дээгүүр
Чиггүй зүггүй ниссэн сэтгэл
Чинийxээ хайрын мөчир дээр сууж
Цуцсан жигүүрээ амараасан

Аялгуут дуугаа чамдаа дуулж
Аргасан нүдээ нулимасаараа чийглэсэн
Атгаж зангирсан сэтгэлээ чам дээр асгаж
Алдуурах мэт тайвширалыг олсон

Олон жилийн уйт зовлон хайлж
Орхиод гарсан үүрэндээ эргэн буусан
Хайр дутсан гурван яргуй дээр
Хамгийн анхны бороо болж орсон

2/14/09

***Бодрол шүлэг***

Хоосонд оршин байх гэсэндээ
Хувирч,задарч бас нэгдэж байдаг энэ хорвоо
Түмэн тэмтрүүл барих барьцгүй болохдоо
Түүнийгээ их хурд хөдөлгөөнөөр орлуулна.

Зогсолт байж болохгүй энэ ертөнц
Зоргоороо бас тарж болохгүй энэ ертөнц
Өвсний үндэс мэт түмэн холбоос нь
Өөртөө л зүүгдэх боломжийг өгнө

Түмэн хувирал сэтгэлийг татаж
Тэгэхдээ бас зовлонг үүсгэж
Мартахын манан намуухан буухдаа
Маргааш бол өчигдөр гэдгийг бас мартуулна.

Сүмийн хонх сулхан дуугарч
Сүүдэрт орчлон сэрүүхэн зүүдэлнэ
Шүлэг тэврэх сэтгэл үл тайвширахдаа
Сүмийх гэрлийн зүг тэмтчин явахдаа ганцаардана

2/8/09

***Бүх юм хуучин***


Бүдэгхэн сарны гэрэлд эрвээхий мэндлэх нь хуучин
Бүсгүй хүний анхны шөнө үл мартагдам хуучин
Бүүр эртний гунигт аялгуу сонсоогүй хуучин
Бүүвэйн дуунд хорвоо тайвширах нь уярам хуучин

Гэгээн мэргэдийн шарил дээр өвс ургах нь хуучин
Гэнэт аянга цахилж бороо орох нь хуучин
Норсон үсээ илэн солонго харах нь хуучин
Намайг сэрээх шувуудын жиргээ,нарны гэрэл хуучин

Анхны хайр,алдуурсан сэтгэл хуучин
Аврал эрэх цөхөрсөн харц хуучин
Цас хайлах,хавар,яргуй эргэх хуучин
Цагаан зээрийн хэвтэр дулаахан хуучин

Үхэл авч одох авч эргүүлж авчрах хуучин
Үлгэр эхнээсээ хуучин
Цаг хугацааны битүү тойрогт бүх юм хуучин
Цай буцлах хоромын амьдрал шинэ мэт хуучин

2/7/09

Уучлахуй дор

Нэргүй хэлгүй мэт болоод
Нимгэн цаасан дээр
Бэх мэт уусаж
Hам гүмхэнд би дурлаж байна.

Өвдөлт инээмсэглэлээр гадагшилахад
Өнгөрсөн ирээдүй хоёрт
Өөрийгөө нээж өгчихөөд
Дусал дусалаар би ууршиж байна.

Дуу сарних цагаан талд
Дур тавих шиг алдуурхад
Нимгэн цагаан үүлэнд
Нэр зүс хоёр минь сарниж байна.

Хүсэхүй дор сэтгэл ирнэ
Хүлээхүй дор амьдрал ирнэ
Ухаарахуй дор гэгээрэл ирнэ
Уучлахуй дор өөрлүүгээ би ирнэ

1/29/09

***Нар сүлсэн хайр***

Нар навчинд шингэн хувилж
Салхи хөлөглөн бүжиглэхэдээ
Чиний үсийг задлахад

Би алгандаа сэтгэлээ тавьчихаад
Хүслээ шивнэн үлээхэд
Хайрын цэцэг дэлбээлсэн

Дуу чинь тарни мэт сонсогдож сэтгэл эзэмдэхэд
Дулаахан харц чинь цочтол намайг догдлуулсан
Үйлийн үртэй хайр үүлэнд зураглан хээтэж
Үнэнд ороогдон унахдаа энгэр норгон дуслах байх

Намрын шаргал өдрүүдэд хайрлаж ханаагүй сэтгэл
Өвлийн хүйтэн өдрүүдэд гал шиг шатах байх
Өргөс авахтай адил мартагддаг дурлал гэж байдаггүй хойно
Өнчирсөн зүрхэнд сэтгэл минь шаналал тэврэн ирэх байх

1/28/09

***Ай би энд***

Өөрийгөө л өргөх өчүүхэн сэтгэлт хүний
Өвчин нь амилж чөтгөр болсон жүжиглэл
Өр өвдөж ,бүүр өмөрч унамаар
Өрөвдмөөр,бүүр бөөлжмөөр

Өр зүсэх ганцаадалд хань болох гэж
Өнгөрсөн,ирээдүйн завсараас
Өндийж сар ургана.
Хорвоо гэж........

Өөрийгээ тэсэлчихмээр гашуун уйг
Өөртөө шингээж зовлонг нимэглэхээр
Өвс ургахдаа итгэл ургуулна
Амьдралаа гэж........

Сар өвс хоёрын завсар
Санчигны өнгө хувиргаж цаг хугацаа урсана
Сайн мууг мартуулах гэгээн мөчүүдийг хүлээхдээ
Үхсэний зол гэж
Амьдын тамыг илчилж хашгирмаар

Ай би энд ганцаардахдаа
Шүлэг нөмөрч л сууна даа

1/14/09

***Серенада...***





Австрийн суут хөгжмийн зохиолч Франц Шубертийн нэгээхэн сод туурвил бол "Серенада" юм аа. Сонсох тусам яруусаад...
Цээжин дотор уярал, гунилаар гэрэлтээд... уйлмаар болоод...
Цээжин дотуур тунгалаг долгисыг түрэн түрэн...
Чим чим... уянгалаг хөндүүр...
Чичирсэн аньсага Серенада дуулна...
Франц Шубертын тухай
/1797-1828/
Австрийн хөгжмийн зохиолч, романтизмын гол төлөөлөгч Франц Шуберт насан туршдаа ядуу амьдралтай өлөн зэлмүүн байж, өвчин эмгэгт ээрүүлж явжээ. Амьдралынх нь хамгийн хүнд үе нь эцэг нь түүнээс ургийн холбоогоо тасалж, сэтгэлтэй бүсгүйдээ ядуу зүдүү хэмээн гологдож ганцаардсан тэр он жилүүд байжээ. Гэсэн ч тэрбээр үл гуньж гутран зохиолуудаа бичсээр л байж.
Гэвч гайхамшигт туурвилуудыг тухайн цагт нь таньж, худалдаж авах, тоглох газар олдохгүй байв. Ганцаардмал зүдэг гэвч гайхамшигтай суу билэгт Шуберт амьд ахуйгаа алдарт 9 симфонийнхоо зөвхөн нэгийг нь л сонссон гэдэг. Түүнийг нас нөгчихөд өөрийнх нь гэрээслэлийн нь дагуу суут хөгжмийн зохиолч Бетховенийг тавьсан газарт оршуулжээ. Вена хотын Веринг хэмээх оршуулгын газарт байх Шубертын булшны хөшөөн дээр "Хөгжмийн урлаг энд эрдэнийн баян сан, эрхэм сайхан найрлага хоёроо оршуулсан юм" хэмээн сийлжээ.
Ф. Шубертийн хөгжим бол чөлөөтэй хөврөх гүн бодрол, сэтгэлийн их уянга, намуун тансаг дуулал юм. Тэрээр хүн төрөлхтөнд 1000 гаруй зохиолын өв санг үлдээжээ. Хөгжмийн театрт зориулан 20 орчим бүтээл, 9 симфони, 9 удиртгал, төгөлдөр хуурын 22 сонат, аязуудын хэд хэдэн түүвэр, дуулаачийн янз бүрийн зохиол, үүнээс 600 гаруй дуу нь уянгын шилдэг бүтээлд тооцогддог байна. Хөгжмийн зохиолчийн системийн мэдлэг бүү хэл дунд сургуулийн боловсрол ч эзэмшээгүй Франц Шуберт бурхнаас заяасан авьяас билэг, нөр их хөдөлмөрийнхөө үрээр гайхамшигт бүтээлүүдээ туурвиж, суутны зэрэгт хүрчээ.

1/12/09

***Хэсэг модны дор ***


Хэсэг модны дор уйт сэтгэлээ асгаж
Хөндүүр дурсамжаа задалхуйд
Хэлээгүй,хэлмээргүй дурсамж
Хажууд ханьсан суулаа

Дуулмаар,уйлмаар хүсэл
Чимээгүйн дунд эргэж
Дусал нулимас хуралдаж
Аньсаган доор нуугдлаа

Таяг тулсан эмгэн зүтгэн алхасаар өнгөрч
Тарж буй сэтгэл танил өдрүүдийг авчирлаа
Өвлийн цасан дороос ногооны үнэр хайх шиг
Өнгөрсөн цаг хугацаанаас өөрийгөө тэмтэрч суулаа

Яг л одоо энд хүн чанар тунарч
Ярих мэт харцаараа би үнэнийг илбэн суулаа
Яг л одоо эндээс залуу нас буцаж
Явган хүний замаар эмгэний араас гэлдэрнэ би

Сүүлчийн удаа залуу нас
Гараа сунган өгөхөд нь
Сүүдрээ гишгэсээр өндийхөд
Шүлэг унахдаа хашгирлаа

1/11/09

********************

Утга учир улан дор сэвтээн үгүй хүлээж
Унтаж буй,унаж буй амьдрал дээгүүр нь алхана
Солиорол инээсээр шинэ зангиа зүүж
Сохор хүмүүс гудамжинд соёл,гоёл ярина

Нэг луйварчин нөгөө луйварчингаа шүүнэ
Нэг янхан нөгөө янханаа худалдаж авна
Хэсэг жоом нэг жоомоо од болгож
Хэрүүл эрсэн сонин мөнгө болгож иднэ

Бурхан сайн мууг үл мэднэ тэтгэнэ
Буруутай мэт цаг хугацаа бүхнийг чирнэ
Байгаа мэт байхгүй мэт амьдрал хэмээх үзэгдэлд
Буцаж унах нүхээ хүмүүс өөрсдөө л ухна....

1/6/09

*** ТЭНД Л БИ***

Би халгиад байна
Би цалгиад байна
Би харван дүүлмээр байна.яг тийшээ
Би харанхуйгаас гармаар байна

Би мэргэдийн явсан тойрог замаар явмааргүй байна
Би ердөө л ганц үсрээд
Тиймээ ганц л үсрээд
Мөнх орших тэр цэг дээр буумаар байна

Тэнд л цаг хугацаа зогсож
Тэндээс л цаг хугацаа эхэлдэг
Тэндээс л одот ертөнц, оюун ухаан цацарч гарсан
Тэнд л оюун ухаан, орчлон ертөнц буцаад сорогдон орно

Тэнд л бурхан мэлхийтэй хундага тулган согтоно
Тэнд л буян бузар хоёр нэг л өнгөөр солонгорно
Тэнд л харь гаригийн хүн харцага шувуунд гомдон уйлна
Тэнд л би бүх өнгөө гарган нөгөө ертөнцийн тогос шувууг өрөвдөнө

Тэнд л би......

Soeul 2007

***НЭГЭН ЕРТӨНЦ***

Сэтгэлийн минь нууранд нэгэн шувуу буугаад явсан
Сэмхэнээр ч ойртож болохгүй нөгөө ертөнцийн шувуу
Нүгэлийн эрэгтэй нууранд минь ганц сувд унагаачихаад
Намуухан дэвсээр нисэн одсон

Тэр шувууг буцаж ирээсэй би хүсэхгүй
Тэнгэрийн орны тухай ч асуух хүсэл алга
Тавилан дээр минь зовлон нэмсэн сувдыг атгаад
Танихгүй энэ орчлон дээр мэдэхгүй цаг хугацаатай хэсэг байна

Зөн,совин,онгод минь ч минийх биш
Зүрхэнд хуралдах цус минь ч минийх биш
Өнгөт энэ хорвоо ч зэрэглээ мэт биегүй хоосон
Өөрөө би харин хэнийх ч биш нэгэн ертөнц

Soeul 2007

1/4/09

***Би сэтгэлээ хаямаар байна***

Хогийн сав хайж зөндөө явлаа
Хэрэгтэй хэрэггүй бүх бодлоо
Хумиж боогоод хаямаар байна

Бүгдийг би хаямаар байна

Өрөвдөх нинжин сэтгэл
Өсөрхөх өнчин сэтгэл
Өөрийгөө гэх өчүүхэн сэтгэл

Би сэтгэлээ хаямаар байна

Харамсах хачин сэтгэл
Хайрлах халуун сэтгэл
Харуусах гунигт сэтгэл

Би сэтгэлээ хаямаар байна

Энэрэн хайрлах сэтгэл
Эвдэх,бүтээх сэтгэл
Эхлүүлэх,дуусгах сэтгэл

Би сэтгэлээ хаямаар байна

Хүсэл,мөрөөдөл,хүлээлтийн сэтгэл
Хүний өөрийн ялгах сэтгэл
Айх,ичих хүлээсийн сэтгэл

Би сэтгэлээ хаямаар байна

Шунал ,тачаал,харамын сэтгэл
Цөхрөл,гутрал,шаналалын сэтгэл
Шүлэг нөмрөх ганцаардалийн сэтгэл

Би сэтгэлээ хаямаар байна

Бүх сэтгэлээ хаяад
Би хоосормоор байна
Хоосрох тэр л мөчид
Хоосон энэ ертөнцөөс
Хоромын төдийд л ангижрана

Би сэтгэлээ хаямаар байна

Хувирч эргэлдэх ертөнц
Хогийн сав юм байна
Хатгах,халирах сэтгэл
Хог нь юм байна

Би сэтгэлээ хаямаар байна