7/6/09

***САЙХАН ААВ,ИЖИЙ ХОЁР МИНЬ***

Хар дарж зүүдэллээ би
Хөлгүй их далайд хөвж явна гэж зүүдэллээ
Агаар тогтуун цэнхэр тэр далайд ганцаараа
Амандаа дуу аялан сэлүүрдэж явна гэж зүүдэллээ

Зах нь үл үзэгдэх далайн дээгүүр
Дарь-Эхийн хувилгаад тоглон бүжиж байх юм
Миний танихгүй мянган бурхад
Манан дундаас тодрон байна гэж зүүдэллээ

Гэнэт бараан үүл гарч салхи дэгдлээ
Гэтэж байсан мэт догшин давалгаа босож намайг хөөлөө
Алсад нэгэн гэрэл харагдахад
Амь тэмцэн тэр зүг сэлүүрдлээ гэж зүүдэллээ

Хөөж буй давалгааны түрүүч завь цохиход
Хөөрхий би сэлүүрээ алдаж байна гэж зүүдэллээ
Саяхан байсан олон бурхад ч алга
Сар хүртэл гэрэлээ нуусан байна гэж зүүдэллээ

Хоёр гарт минь сэлүүр гэнэт баригдаж
Хоромхон зуур бүрхэх давалгаанаас зугтан гарлаа
Гэрэлийн зүг хүчээрээ сэлүүрдэж
Гэрэлт тэр арал дээр очлоо гэж зүүдэллээ

Арал дээр гарсан би
Аварсан сэлүүр,завиа хэсэг мартлаа
Хөөрхий завь минь давалгаан дунд холдож байх юм
Харин хоёр сэлүүр нь аав,ижий хоёр минь байна гэнэ

Их далайтай тэмцэн хүүгээ аварсан аав ижий хоёр минь
Их л ядруу царайтай ч хүү рүүгээ харан инээмсэглэж
Яасан гэнэн юм бэ миний хүү гэх шиг харсаар
Яруухан их хайраар хүүгээ тэвэрсээр холдож байна гэж зүүдэллээ

Муу хүүдээ ямарч их хайртай юм дээ аав ижий хоёр минь
Мянган бурхан байгаад ч та хоёрыг минь гүйцэхгүй юм байна
Салхи сэрчигнэж чимээ гаргахад сэрчихээд
Сайхан аав ижий хоёроо санаад зөндөө уйллаа муу хүү чинь.

1 comment:

The first web log of my life said...

Dear, Ikh goyo shuleg bna. Bur tseejilmeer sanagdchihlaa. Sanaandgui neteer tenej yavaad unshlaa.