2/8/09

***Бүх юм хуучин***


Бүдэгхэн сарны гэрэлд эрвээхий мэндлэх нь хуучин
Бүсгүй хүний анхны шөнө үл мартагдам хуучин
Бүүр эртний гунигт аялгуу сонсоогүй хуучин
Бүүвэйн дуунд хорвоо тайвширах нь уярам хуучин

Гэгээн мэргэдийн шарил дээр өвс ургах нь хуучин
Гэнэт аянга цахилж бороо орох нь хуучин
Норсон үсээ илэн солонго харах нь хуучин
Намайг сэрээх шувуудын жиргээ,нарны гэрэл хуучин

Анхны хайр,алдуурсан сэтгэл хуучин
Аврал эрэх цөхөрсөн харц хуучин
Цас хайлах,хавар,яргуй эргэх хуучин
Цагаан зээрийн хэвтэр дулаахан хуучин

Үхэл авч одох авч эргүүлж авчрах хуучин
Үлгэр эхнээсээ хуучин
Цаг хугацааны битүү тойрогт бүх юм хуучин
Цай буцлах хоромын амьдрал шинэ мэт хуучин

No comments: