3/18/08

***ШҮЛЭГ МИНЬ ЧИ***

Шүлэг минь чи
Өөрийгөө ухаж
Үйлээ үзэж байж олсон
Үнэний хэлтэрхий

Шүлэг минь чи
Нулимас зовлон хоёрыг
Зуурч босгосон
Нэр минь зүүгдсэн оргил

Шүлэг минь чи
Сансарын элч
Долигос хаяхад
Шүүрч авсан оч минь

Шүлэг минь чи
Шөнийн харанхуйд
Цөхрөл нөмөрхөд
Сүүрс алдахад унагсан гэгээ

Шүлэг минь чи
Зовлонг гэтэлгэх
Ухаарлын үүд рүү
Зөн билэгийг минь хөтөлсөн хөтөч

Шүлэг минь чи
Бурханы хормой дээрээс өнхөрсөн
Булааж аваагүй
Буцааж өгөөгүй эрдэнэ

Шүлэг минь чи
Өнгө мөнгөний хорвоогоос
Өөрийг минь аварсан
Өргөл нэхээгүй ачтан

Шүлэг минь чи
Харанхуйн дунд тэмтчин явахад
Хань мэт дуудаад
Хөгжим мэт тайвшруулсан амраг

Шүлэг минь чи
Нүгэлийн харанхуй хорвоод
Нэрээр минь овоглосон
Нигүүлсэхүйн их зулаа

No comments: