2/8/10

***Шүлэг бид хоёр***


Хэн ч мэдэхгүй жимээр өөрлүүгээ алхахад
Хэзээ ч үл салах гуниг минь амраг мэт үднэ
Аниргүйн шидэнд ховсдуулж бодлоо гээхэд
Амирлангуйд уусаж ,шингэх мэт

Зүрхний хэмнэлд бүүвэйлэгдэх бодлын олон шувууд
Зүүн хойноос үлээх хүслийн салхинд сэрэхүйд
Уйдсан,зовлонт ертөнцөтөө
Унаж буй мэт ирнэ

Хэзээ би энд ирсэн юм бол
Хэрхэн, яах гэж амьдарч байгаа юм болоо?
Амьдрал хэмээх хоосон үзэгдэл
Авсан өгсөний тооцоо юмуу?

Өөрөөсөө асуугаад хариулт олж ядахуйд
Өнөө л танил амирлангуй урин дуудах шиг
Тэнгэр харуусам цээж хоосортол санаа алдахад
Тэр хоосон зайд гуниг тэвэрч шүлэг амирлана

Шүлэг бид хоёр бие биендээ эрхэлж
Шингэж хэмлэх цаг мөчүүдийг мартана

No comments: