12/24/10

~~~Итгэлт сэтгэлийн зам ~~~

Зөвхөн хөдөлж буй үедээ л биетэй байх нарны элч шиг
Зөвхөн амьд байж л ухаарах боломжтойг
Зөвхөн хайрлаж байж л ойлгох мэдлэгийг
Зөвхөн хүсэж тэмүүлж байж л олох гэрэл гэгээг...

Ойлгож ,мэдэрч байна
Одоо тэгээд ...?

Яагаад ? хэмээх түмэн асуулт
Яг л хана хэрэм мэт нурахад
Явах зам ямар их холийг
Яасан их төвөгтэйг мэдрэх шиг айх шиг...

Ойлгож ,мэдэрч байна
Одоо тэгээд...?

Итгэлт сэтгэлийн дөт зам байна
Энгийн бөгөөд шулуун юм байна
Энэ замаар алхая
Үүнээс дээрийг хайгаад олохгүй нь

12/13/10

***БОДРОЛ***

Бодол санаагаа үгүйсгээд
Бид болон Би-г үгүй үгүйсгээд
Бурхан, будда,буг чөтгөрийг үгүйсгээд
Байгаа бүхнийг үгүйсгээд

Би тэнд хүрч чадахуу?

Нэрлэх л юм бол хоёр болчихоод
Нэгдмэл байх чанар алдагдаад
Нэртэй бүхнээс түмэн утга үүсээд
Нэгдмэл бус салангид болоод

Нэртэй бүхнийг үгүйсгэхэд
Нэгдмэл чанар бүтэхүү?

12/12/10

***Хэрхэх билээ би ...***

Хаяж чадахгүй салж одохгүй мэдрэмжээ
Хэрхэх билээ би
Хэлж дийлэхгүй,хэлхэж холбож чадахгүй
Хэн нэгэнд өгч бас чадахгүй

Хэрхэх билээ би энэ мэдрэмжээ

Унтарч буй их гал мэт
Унаж буй гэрэлт солир мэт
Хөөж буй хүчит давалгаа мэт
Хүрч боломгүй оргил мэт

Хэрхэх билээ би энэ мэдрэмжээ

Танигдашгүй бүхэн хань мэт ирж тэврэх шиг
Тасалданги аялгуу нэгэн урт зам болох мэт
Халгиж буй их ус уурших мэт замхарах шиг
Хаашаа ч юм урсах уянга гэрэл болон одох шиг

Хэрхэх билээ би энэ мэдрэмжээ

Хажууд биш,хол биш,хаана ч биш
Xарихгүйн,ирэхгүйн төлөөлөл,хаанчлал мэт
Өнгө, үнэр, үүсгэл,төгсгөлгүй
Оломгүй тайвширал ,хүрэмгүй эрх чөлөө мэт

Хэрхэх билээ би энэ мэдрэмжээ

Өөрөө ч мэдэхгүй энэ мэдрэмжээ тэвэрээд
Өөрөөрөө нь байхдаа би жаргалтай
Биелэшгүйн төгс,сэтгэшгүйн элч
Би түүнийх,тэр минийх байхад би жаргалтай

Хэрхэх билээ би энэ мэдрэмжээ

12/11/10

***Юу ч хүсэхгүй байх нь ...***

Салхи эзэгнэсэн талд бодол сэтгэлээ төөрүүлчихээд
Сар хоносон бүлээн ором дээр өөрийгөө орхичихоод
Чанадаас ирэх чанадруу улирах бүхнийг дэргэдээс нь
Харах мэт эс харах мэт

Юу ч хүсэхгүй байх нь
Юутай ч амар юм дээ

Амьдрал хэмээгчийг хөдөлгөх
Амьдрах хүсэл хэмээх нэгэн эсийг унтуулахад
Би гээч үзэл ганцаардахдаа биетэй бүхнээс зуурахыг
Мэдрэх мэт эс мэдрэх мэт

Юу ч хүсэхгүй байх нь
Юутай ч амар юм дээ

Дуу шүлэг,дурлал,амьдрал
Дуугүйхэн харахыг
Далдуурхан хүлээхийг
Мэдэх мэт эс мэдэх мэт

Юу ч хүсэхгүй байх нь
Юутай ч амар юм дээ

Өнчин хайлсаасний ганцаардалийн дуу
Өвлийн салхинд гансран тэнэж буйг
Энэрэнгүй зөөлөн сэтгэл шимж өргөст цэцэг ургаж буйг
Хайрлах мэт эс хайрлах мэт

Юу ч хүсэхгүй байх нь
Юутай ч амар юм дээ

Өнгө тунамал наран гэрлээр инээж
Өглөө гэдэг үг цаг хугацааг авчирч
Үйл,учралын хэлхээнд бие сэтгэл сэрэхэд
Өөрийгөө би хүсээгүй хүсэлд өгчихөөд

ӨӨ.!
Юу ч хүсэхгүй байх нь
Юутай ч амар юм дээ

12/9/10

***Энэ хорвоод юундаа ч гомдох билээ***

Эрх цэцэгсийн дэлбээг эрвийхэй үнсэж буусан
Элэгдэж эргэх заяаг уярал аргадаж тэвэрсэн
Элсний нүүдэл шиг цаг хугацаа нь
Энэрэл, ухаарал,хайр дагуулсан

Энэ хорвоод юундаа ч гомдох билээ

Эсээ задалж хөрсөнд шингэвч
Элэгээ хувааж үрдээ зововч
Шүлэг төрөхдөө амь хувааж тасравч
Шинэ бүхэн,эгэл бүхэнд шингэх

Энэ хорвоод юундаа ч гомдох билээ

Тавилангаа үүрээд
Танихгүй маргааш руу явах
Сэтгэлээс өөр өмчгүй
Хайраас өөр авчих юмгүй

Энэ хорвоод юундаа ч гомдох билээ

Нэгэн мөч,нэгэн агшинаас
Нэгэн ертөнц үүсэж ,эвдрэхийн учир
Нэгэн амьдрал,нэгэн амьнаас
Нэгэн чанар,нэгэн дэвшил үлдэхийн учир

Энэ хорвоод юундаа ч гомдох билээ

Цэцэг дэвсэж намайг өлгийдсөн хорвоод
Цэнхэр тэнгэр буй бүгдээс уянга урсдаг хорвоод
Түнэр харанхуйд ч одод инээж ханьссан хорвоод
Тосоx гуниг,учрал,мөнх бусын тоосонд нь замхаравч

Энэ хорвоод юундаа ч гомдох билээ

12/7/10

***Xамтдаа явахуу? андаа***


Үхэж байж сэрээд
Өнгөрсөнд харамсагч
Төрөхдөө зүүрмэглээд
Үхэх хүртэлээ унтагч

Үг үл гүйцэх үнэнийг
Үе үе мэдрэвч
Өнгө дүрсийн хувиралд
Өд мэт хөвөгч хүмүүн

Нэг л өдөр сэрээд
Нэлэнхүй хоосоныг таниад
Яасан их унтаваа
За одоо гэртээ харъяa даа гэх...

Би ч бас харъяa даа
Xамтдаа явахуу? андаа

12/5/10

***Төгс Гэгээрсэн Их Багш ЧинХай***


Түнэр харанхуйд төөрсөн,будилсан
Төлж дийлэшгүй үйлийн өрөнд дарагдсан
Нэг л замаар нэр,дүрээ сольсоор
Нэхэл хатуу хувирхуйд дахин дахин ирэгч дээр...

Будрахуй,сарнихуйд сатаарагч
Бодол эргэгч,сэтгэл тэнэгч дээр
Тэр ирсэн
Түүнчилэн ирсэн

Харанхуйд гэрэл цацаж тэр ирсэн
Хайр түгээж ,зам заахаар тэр ирсэн
Хагацаж үл чадах зовлонгийн гинжийг таслах
Хаан тэнгэрийн галт аянгыг атгаж тэр ирсэн

Хайр өгчихөөд зовлон авсан тэр
Харанхуйд зул болохдоо өөрөө хайлсан тэр
Хагацал зовлонгийн хавцалын ирмэг дээр
Хана болон зогсохоор тэр ирсээн

Авч үл дуусах
Өгөвч үл дундрах хайрыг тэр авчирсан
Асууж үл дийлэх
Хариулж үл барах гэгээ рүү тэр хөтөлсөн

Тэнгэр тулсан их зовлонг түймэрдэхээр
Түүнчилэн ирсэн тэр гэгээнтэнийг
Төгс Гэгээрсэн Их Багш ЧинХай гэдэг юм
Түүний гэгээн мэлмийг харагтун ! мэдрэгтүн !