
Элэгдэж эргэх заяаг уярал аргадаж тэвэрсэн
Элсний нүүдэл шиг цаг хугацаа нь
Энэрэл, ухаарал,хайр дагуулсан
Энэ хорвоод юундаа ч гомдох билээ
Эсээ задалж хөрсөнд шингэвч
Элэгээ хувааж үрдээ зововч
Шүлэг төрөхдөө амь хувааж тасравч
Шинэ бүхэн,эгэл бүхэнд шингэх
Энэ хорвоод юундаа ч гомдох билээ
Тавилангаа үүрээд
Танихгүй маргааш руу явах
Сэтгэлээс өөр өмчгүй
Хайраас өөр авчих юмгүй
Энэ хорвоод юундаа ч гомдох билээ
Нэгэн мөч,нэгэн агшинаас
Нэгэн ертөнц үүсэж ,эвдрэхийн учир
Нэгэн амьдрал,нэгэн амьнаас
Нэгэн чанар,нэгэн дэвшил үлдэхийн учир
Энэ хорвоод юундаа ч гомдох билээ
Цэцэг дэвсэж намайг өлгийдсөн хорвоод
Цэнхэр тэнгэр буй бүгдээс уянга урсдаг хорвоод
Түнэр харанхуйд ч одод инээж ханьссан хорвоод
Тосоx гуниг,учрал,мөнх бусын тоосонд нь замхаравч
Энэ хорвоод юундаа ч гомдох билээ
1 comment:
нар ургаж, бороо шивэрч, навчис шивнэж байхад чинь юундаа ч гомдох билээ дээ.
Post a Comment