6/14/11

~~~Асуулт~~~

Өнгөрсөн ирээдүй хоёрт дүүжлэгдсэн
Өөрийгөө би хааяа хардаг
Оршихуйн эрээн,тархины санамжинд хууртагдсан
Олс дээс үгүй дүүжлүүрт байгаа өөрийгөө хардаг

Мөрөөдөл тэжээсэн маргаашид тэтгэгдэж
Мөнх бусын алтан мөчүүдийг би алдахдаа
Хайгаад ,гуйгаад,хүсээд ч олдомгүй
Хүний алтан төрлөө би хамт алдаж байна

Ирээгүй хоосон маргааш хэнд хэрэгтэй юм
Эргэж ирэхгүй урсан одсон өнгөрсөн цагаар яах юм бэ
Үнэнийг танин мэдэх нь одоо цаг биш гэжүү?
Үүнийг уншигч та санал нэг байна уу?

*************************************

Цаг хугацаа гэж үгүй бол
Мөнхийн гэх ойлголт үгүй
Мөн ирээдүй үгүй, өнгөрсөн үгүй
Юу ч үгүйд юм бүхэн байж болох

Хүсэл үгүй,тэмүүлэл үгүй
Xүрэх, очих зүйлгүй
Асуулт үгүй,xариулт үгүй
Аврал үгүй,зовлон үгүй оршихуйг

Үнэн гэж нэрлэхүү ?

5/18/11

~~~ Хүсэл~~~

Нас намба гээчийг харуулж явах ёстой юм гэнэ
Ямар учраас ?
Нэр хүнд гээч сонин юмыг үүрч явах ёстой юм гэнэ
Яах гэж ?
Буйр гэдгийг зааж бодлоготой явах юм гэнэ
Яагаад ?
Бусдад үзүүлэн болж үлгэр жишээ томоотой явах гэнэ
Яагаад ?

Нийтийн тулгасан хэв хэмжээнд яагаад хүлэгдэх ёстой юм !
Нийтээр зөвшөөрсөн хайрцаганд яагаад багтаж амьдрах гэж !
Бурангуй харанхуйн сүрэгт таалагдаж жүжиглэж амьдрах юмуу ?
Болно болохгүйн хоёрxон утганд хашигдаж амьдрах ёстой юмуу?

Эрвийхэйн өнгөт чөлөөт сэтгэлгээ надад хэрэгтэй
Эвлүүлж,эвдлэх эрх чөлөө надад хэрэгтэй
Амьдралын түмэн өнгийг хүүхэд мэт шохоорхож
Алдаж онох давалгаанд нь өөрийгөө гээх хүсэлтэй би

5/8/11

*********************************

Өглөө болж нар мандаж байна
Өнөөдрийн жүжиг эхэлж байна
Инээд ч хүрэх шиг..гуниг ч нөмрөх шиг
Санаа алдав.санаа алдагдав

Нэгдүгээр үзэгдэл...

Цонхоо нээв.
Нар салхи хоёрыг урив...

********************************

Сакураа гөлөглөн хундган цагаан цэцгээ өрөөд
Солонго зураглаж тэнгэрт өнгөөр алаглаад
Уулын хүйсээр ус булаглан тэлмэн жороолоод
Уянга гүйцээж шувууд жиргэхэд салхи бүжиглээд

Харахуйд бүчиж нөмөрсөн үзэгдэл,хувиралууд татаад
Анихуйд үсчиж үймсэн хүсэл,дурсамж,бодолууд татаад
Түмэн шидээ гайхуулсан энэ ертөнцөд
Төөрсөн сэтгэлээ тогтоох амар биш аж

4/27/11

~~~Тэнгэрийн хувилгаан саран минь~~~

Будант үүлс хаван мэт хэсэг хэсгээр тэнгэрт суугаад
Борооны өмнөх чийгт салхийг аргадах үдшээр
Барьцгүй сэтгэл нүд эзэгнэж ийш тийш харуулдахад
Болзоондоо ирсэн бүсгүй мэт саран тодров

Шөнийн наран,харанхуйн гэгээ саран минь
Шүлэгчийн гуниг хуваалцах тэнгэрийн хувилгаан саран минь
Эрхэт цагийн хугасыг эзэмдэх саран минь
Энэ л үдэш болзоогүй ирсэн тэнгэрийн гүнж саран минь

Ододын гэрлийг мэдрүүлэх гэхдээ чи бүдэгхэн гэрэлтдэг байх
Орчлонд ирэх хүмүүний сүнсийг төөрүүлэхгүй гэхдээ үдшээр ирдэг байх
Гэмшилт сэтгэлийн нулмисыг тэврэх л гэж чи ирдэг байх
Гэгээн хайрын гэрэлт харцыг мэдэрүүлэх гэхдээ чи ирдэг байх

Буйд анивчих оддын зүг одолгүй
Буцах,ирэх хүмүүний хөлд сэмрэх
Дааж ядан зовлон тэврэн эргэх өртөө
Дэлхийн хань,тэнгэрийн цэцэг сар минь дээ

Чиний үнэнийг сэтгэл минь үл гүйцэн ойлгох
Чиний гоо сайхныг үгээр илэрхийлж үл гүйцэх
Гүн ухаан гээчийг бодол минь шоолон инээвхийлж
Гундуухан ертөнцөд чамайг байгаад баярлaнам сар минь

4/24/11

*********************************

Өнгө мөнгөнд бялхаж дулдуйдсан ядуулаг амьдрал
Өөрсдийгөө тийм л өчүүхэнээр үнэлэгсэд
Тэмцэл гэж ойлгосон амьдрал дээр гадагш урсах мунхаглал
Төсөөлөл үгүй харанхуйд дураар аашлагч сэтгэлийн боол

Өөрлүүгээ шагай
Дотогшоо хараач
Өгөх тусам дэлгэрч цэцэглэдэг нь хайрын сэтгэл биш гэжүү?
Авах тусам улам хоосорч ганддаг нь харамын сэтгэл биш гэжүү?

4/19/11

~~~Бодрол~~~

Амьдрал гээч биднээр тоглоод байгаа юм уу?
Амьдрал гэгчээр бид тоглоод байгаа юмуу?
Мэдэхгүй тоглоомоор мөрийтэй тоглогчийг
Мөрөөдөл тэвэрүүлж,гүн хоосоны хувиралаар илбэдэгч

Амьдрал гэгч юу бэ?

Сайн муу бодол,санаа биежээд
Цаг хугацааны тойрогт шингэн хүчийг олоод
Таван мэдрэхгүйд нуугдан ирж далдаас ховсдон
Там болон диваажинг бүтээгч нь

Та бидний бодол сэтгэл биш гэжүү?

4/14/11

~~~Эргээд хартал...~~~

Эргээд хартал хавар явчихаж
Эргээд хартал залуу нас явчихаж
Эргээд хартал шүүдэрт өвсөнд мөнгөн хяруу унчихаж
Эргээд хартал шүлэг сэтгэл хоёр залуугаараа үлдчихэж

Эргээд хартал чи яг л хэвээрээ
Эвлэрч чадаагүй дурсамж задалж
Эхлэл төгсгөлийн утгыг алдагуулж
Инээмсэглэн зогсох нь яг одоо мэт

Сэтгэлийн буман үзүүр догдлол үүсгэн чичиж
Итгэлийн алтан судалын хөвчийг татан эгшиглүүлж
Гунигт хар нүднээс нулимс таслан амилуулж
Гутамшигт хорвоогийн элгэнд гундсан сэтгэлийг дэвтээж

Тэртээх холын өдрүүд гэрэлээ цацсаар дөрөө муталж
Тэврэх яруу уянга нь хамар шархируулан ирэхэд
Сэтгэлд багтаагүй догдлолоо шүлэг болгон гадагшлуулж
Шингэх нарны туяaнд өөрийгөө шингээж жаргаалaа

3/24/11

~~~Энэ л мөчийн санаа алдалт~~~

Зэллэн ирэхдээ шувууд хаврыг
Зүрхэн дээр минь асгахад
Зөнгөөрөө айлчлах гэгээн бодолууд
Зүсгүй мишээх урин салхинд гадагшилна

Өөрийгөө нэг аргадаж
Өрөөлийг нэг аргадаж
Улиран одсон амьдрал,он жилүүдийг аргадаж
Урсан ирэх учрал,үйл бүхнийг аргадаж

Буй бүгдийг аргадан
Бусдаас юу ч хүсэхгүй байхыг хүсэxэд
Энэ л мөчийн санаа алдалтаас
Өөртэйгөө гэнэт уулзах шиг

3/11/11

~~~Уяаны үзүүр~~~

Хуурах мэт хувирал
Үүсэх мэт хэлбэр олоод
Өнгө өмчилж,үнэр цацаж
Өөрийгөө тунхаглан дуугаа хадааж

Таньдаг бүхнээ эс таних,мэддэг бүгдээ эс мэдэх
Танин мэдэхүйтэй дахин тулгарч тунах
Хувирах амь аниргүйд угаагдан ирэхдээ
Хуучин түүхийг шинэ мэт эхлүүлэх

Амьдрал хэмээхийн учрыг тайлах
Алдуурч одсон уяаны үзүүр
Арьснаас минь ч илүү ойрхон
Амьсгалаас минь ч илүү дотор минь байх

3/6/11

~~~Хааяа тэр цэцгийг харахаар~~~

Хэн нэгний үлдээсэн хайр
Харуусалаар илбүүлж
Хүсэлгүй цэцэглэж
Хүлээлтгүй ургасаар...

Хааяа тэр цэцгийг харахаар
Хавар намаргүй ганцаардалд амирлаж
Хамгийн сүүлчийн удаа гэсэн хүсэлээ
Хачин тунгалаг дэлбээндээ нуусан мэт...

Хааяа тэр цэцгийг харахаар...

3/4/11

~~~Задралын дараа нэгдэл байдаг~~~

Тэсрэлтийн өмнөх нам гүмхэнд хууртагдаад
Тэврэх гэнэн салхинд илбүүлэн сатаараад
Зөн татах их хуйралыг догдлол гэж андуураад
Зөрөн өнгөрөх агшинуудад зүгээр л өөрийгөө тарааж уусгаад

Хэн нэгний алдаа инээд хүргэснээ хоромхон зуур мартагдаж
Хэсэг хэсэг бодол үүсэвч сарних мэт одож
Шувуу нисэхийг харсанаа,харсандаа уйдаж
Шүлэг,яруу найрагт үнэн үл оршдогийг мэдэрсэндээ үл гэмшиж

Энгийнээс энгийнийг ойлгох гэснээ орхиод
Элдэв бодолгүй эзэнгүй мэт алдуураад
Зайгүй битүү ертөнцөд завсар гаргаж
Задралын өмнөх мөчүүдэд би оршином

2/22/11

*****Юу ч битгий ярь*****

Юу ч битгий ярь
Ертөнцийн гунигт хуучин мөрөөдөлийг
Яг одоо л битгий давт

Хувирашгүй сэтгэлийн илэрхийлэл мэт
Хуучны хүн чулуудийг бүү магт
Юу ч битгий ярь

Яг л одоо он жилүүдийг хундаглаж тулгаaд
Яг л одоо нүдрүү минь эгцэлж хар
Тэнгэрийн энэлэн галт солир мэт
Тэнэмэл яруу найрагчийн
Ганц халуун нулимсанд соёолсон
Сэтгэлийн гэрэлт цэцгийг ав

**************************

Үхэл гээч хогийн шүүр хорвоог цэвэрлэсээр л
Үл мэдэгчид үй түмээрээ эргэж ирсээр л
Энд буруу ч юм алга зөв ч юм алга
Бүх л зүйл болдогоо болоод ...

Бороо орж эхэллээ шүхэрээ аваад гарьяа даа
Үй түмэн бодлоо бороонд гээчихээд
Үхэшгүй гэдгээ мэдэрч
Үхэл иртэл унтмаар

1/26/11

*******************

Орчлонгийн нар залгисан юм шиг
Ориглох халуун сэтгэл
Хазаар булаан зүтгэх морь мэт
Хаашаа юунд тэмүүлнэ бэ

1/18/11

~~~Юунд эс амараанам~~~

Хэзээ,хаанаас ямархан учрал,зовлон
Хийсч ирэхийг хэлж,мэдэж болохгүй
Хувирал зэрэглээ,нүдгүй мананд
Харвах цагийн урсгалд туугдан амьдарнам

Таашгүйд дурлаж мөрөөдөл өөрөө одоод
Таамаг дунд зүггүй бодолууд талцаж хэрэлдээд
Таван зүс нүдэнд шингэж амирлаад
Таавар мэт маргаашийг хүлээнэм

Биетэй бүхэн орших эс оршиход
Бие биенээ хэмлэн эргэлдэж
Газрын хүчинд татагдан мөрөө даран зөрөлдөвч
Ганцаардал дунд итгэлээ хэнд өгөхөө үл мэдэн алхнам

Тэнгэрийн зарлигаар сарниж одохоо
Үхэл гэж нэрлээд хүлээхэд
Тэндээс ирэх долгис халуун гол зууран шүглэxдээ
Эндэхийн бүхэнд уйдагчийг юунд эс амараанам

1/13/11

~~~Цасан дээрхи шүлэг~~~

Нэг л дутууд
Нэг л хагас мэт амьдараад
Нимгэн хучих цаснаас нэг л юм
Нэхэх мэт хараад

Нэрээ бичээд ард нь
Нэмэх
Асуултийн тэмдэг тэнцүү
Ар араасаа хөврөх бодол

Амьдрал гээчтэй хөтлөлцөөд
Тэвэрэлдээд
Тэр надаар тоглоод би түүнийг гайхаад л
Танилцаж дуусдаггүй

Дутууд дутуу амьдараад
Дуугаа хурааж өөрийгөө тэмтэрээд
Хэнээс юу нэхэхээ мэдэхгүй
Хэлгүй нүд хэлбэргүй мэдрэмж түшээд

Хэмжээст ертөнцөд захирагдаж
Хэмнэл хугацаанд төөрч
Хэлбэрт оршин хашигдаж
Хэлтгий заяанд чөдөрлөгдөж

Аргагүйд дурлаж ирсэн
Аргагүйд хүлэгдэж амьдарсан
Алдсан оносон нь минийх биш
Амь нас энэ бие ч минийх биш

Тэнэж эргэсэн заяаг
Тэрсэлж сэрэх нэгэн сүнс
Нэг л дутуу хорвоод
Нэгэн бадаг шүлэг унгасаныг

Бүүдгэр үдшийн нимгэн цас
Барлах мэт авч үлдэвч
Баллуурдах мэт
Салхи босмуй

1/5/11

***********************

Амь тасалж
Амандаа хүүр чихсэн
Эргэн тойрон араатнууд
Энэ ямар аймаар ертөнц вэ?

1/2/11

************************

Хажууд минь хэнч байхгүй атал
Халуун дулаан хайр ирж тэврэх шиг
Энэ лав ээж байх...
Ээжээс минь өөр хэн...?

Эргэн тойронд хэнч байхгүй
Ээж бид хоёр....

**********************************

Уйлж уйлж суугаад инээд алдан өндийж
Уйтгар гуниг зовлонгоо сэгсэрэн
Унаж тусан гүйсээр
Ээжийдээ очиж үнсүүлэх сэн

Танаж танаж өгсөн зовлонт амьдралын хөрсөнөөс
Таныхаа энгэрт тэвэрүүлж нэг тасарахсан

12/24/10

~~~Итгэлт сэтгэлийн зам ~~~

Зөвхөн хөдөлж буй үедээ л биетэй байх нарны элч шиг
Зөвхөн амьд байж л ухаарах боломжтойг
Зөвхөн хайрлаж байж л ойлгох мэдлэгийг
Зөвхөн хүсэж тэмүүлж байж л олох гэрэл гэгээг...

Ойлгож ,мэдэрч байна
Одоо тэгээд ...?

Яагаад ? хэмээх түмэн асуулт
Яг л хана хэрэм мэт нурахад
Явах зам ямар их холийг
Яасан их төвөгтэйг мэдрэх шиг айх шиг...

Ойлгож ,мэдэрч байна
Одоо тэгээд...?

Итгэлт сэтгэлийн дөт зам байна
Энгийн бөгөөд шулуун юм байна
Энэ замаар алхая
Үүнээс дээрийг хайгаад олохгүй нь

12/13/10

***БОДРОЛ***

Бодол санаагаа үгүйсгээд
Бид болон Би-г үгүй үгүйсгээд
Бурхан, будда,буг чөтгөрийг үгүйсгээд
Байгаа бүхнийг үгүйсгээд

Би тэнд хүрч чадахуу?

Нэрлэх л юм бол хоёр болчихоод
Нэгдмэл байх чанар алдагдаад
Нэртэй бүхнээс түмэн утга үүсээд
Нэгдмэл бус салангид болоод

Нэртэй бүхнийг үгүйсгэхэд
Нэгдмэл чанар бүтэхүү?

12/12/10

***Хэрхэх билээ би ...***

Хаяж чадахгүй салж одохгүй мэдрэмжээ
Хэрхэх билээ би
Хэлж дийлэхгүй,хэлхэж холбож чадахгүй
Хэн нэгэнд өгч бас чадахгүй

Хэрхэх билээ би энэ мэдрэмжээ

Унтарч буй их гал мэт
Унаж буй гэрэлт солир мэт
Хөөж буй хүчит давалгаа мэт
Хүрч боломгүй оргил мэт

Хэрхэх билээ би энэ мэдрэмжээ

Танигдашгүй бүхэн хань мэт ирж тэврэх шиг
Тасалданги аялгуу нэгэн урт зам болох мэт
Халгиж буй их ус уурших мэт замхарах шиг
Хаашаа ч юм урсах уянга гэрэл болон одох шиг

Хэрхэх билээ би энэ мэдрэмжээ

Хажууд биш,хол биш,хаана ч биш
Xарихгүйн,ирэхгүйн төлөөлөл,хаанчлал мэт
Өнгө, үнэр, үүсгэл,төгсгөлгүй
Оломгүй тайвширал ,хүрэмгүй эрх чөлөө мэт

Хэрхэх билээ би энэ мэдрэмжээ

Өөрөө ч мэдэхгүй энэ мэдрэмжээ тэвэрээд
Өөрөөрөө нь байхдаа би жаргалтай
Биелэшгүйн төгс,сэтгэшгүйн элч
Би түүнийх,тэр минийх байхад би жаргалтай

Хэрхэх билээ би энэ мэдрэмжээ

12/11/10

***Юу ч хүсэхгүй байх нь ...***

Салхи эзэгнэсэн талд бодол сэтгэлээ төөрүүлчихээд
Сар хоносон бүлээн ором дээр өөрийгөө орхичихоод
Чанадаас ирэх чанадруу улирах бүхнийг дэргэдээс нь
Харах мэт эс харах мэт

Юу ч хүсэхгүй байх нь
Юутай ч амар юм дээ

Амьдрал хэмээгчийг хөдөлгөх
Амьдрах хүсэл хэмээх нэгэн эсийг унтуулахад
Би гээч үзэл ганцаардахдаа биетэй бүхнээс зуурахыг
Мэдрэх мэт эс мэдрэх мэт

Юу ч хүсэхгүй байх нь
Юутай ч амар юм дээ

Дуу шүлэг,дурлал,амьдрал
Дуугүйхэн харахыг
Далдуурхан хүлээхийг
Мэдэх мэт эс мэдэх мэт

Юу ч хүсэхгүй байх нь
Юутай ч амар юм дээ

Өнчин хайлсаасний ганцаардалийн дуу
Өвлийн салхинд гансран тэнэж буйг
Энэрэнгүй зөөлөн сэтгэл шимж өргөст цэцэг ургаж буйг
Хайрлах мэт эс хайрлах мэт

Юу ч хүсэхгүй байх нь
Юутай ч амар юм дээ

Өнгө тунамал наран гэрлээр инээж
Өглөө гэдэг үг цаг хугацааг авчирч
Үйл,учралын хэлхээнд бие сэтгэл сэрэхэд
Өөрийгөө би хүсээгүй хүсэлд өгчихөөд

ӨӨ.!
Юу ч хүсэхгүй байх нь
Юутай ч амар юм дээ

12/9/10

***Энэ хорвоод юундаа ч гомдох билээ***

Эрх цэцэгсийн дэлбээг эрвийхэй үнсэж буусан
Элэгдэж эргэх заяаг уярал аргадаж тэвэрсэн
Элсний нүүдэл шиг цаг хугацаа нь
Энэрэл, ухаарал,хайр дагуулсан

Энэ хорвоод юундаа ч гомдох билээ

Эсээ задалж хөрсөнд шингэвч
Элэгээ хувааж үрдээ зововч
Шүлэг төрөхдөө амь хувааж тасравч
Шинэ бүхэн,эгэл бүхэнд шингэх

Энэ хорвоод юундаа ч гомдох билээ

Тавилангаа үүрээд
Танихгүй маргааш руу явах
Сэтгэлээс өөр өмчгүй
Хайраас өөр авчих юмгүй

Энэ хорвоод юундаа ч гомдох билээ

Нэгэн мөч,нэгэн агшинаас
Нэгэн ертөнц үүсэж ,эвдрэхийн учир
Нэгэн амьдрал,нэгэн амьнаас
Нэгэн чанар,нэгэн дэвшил үлдэхийн учир

Энэ хорвоод юундаа ч гомдох билээ

Цэцэг дэвсэж намайг өлгийдсөн хорвоод
Цэнхэр тэнгэр буй бүгдээс уянга урсдаг хорвоод
Түнэр харанхуйд ч одод инээж ханьссан хорвоод
Тосоx гуниг,учрал,мөнх бусын тоосонд нь замхаравч

Энэ хорвоод юундаа ч гомдох билээ

12/7/10

***Xамтдаа явахуу? андаа***


Үхэж байж сэрээд
Өнгөрсөнд харамсагч
Төрөхдөө зүүрмэглээд
Үхэх хүртэлээ унтагч

Үг үл гүйцэх үнэнийг
Үе үе мэдрэвч
Өнгө дүрсийн хувиралд
Өд мэт хөвөгч хүмүүн

Нэг л өдөр сэрээд
Нэлэнхүй хоосоныг таниад
Яасан их унтаваа
За одоо гэртээ харъяa даа гэх...

Би ч бас харъяa даа
Xамтдаа явахуу? андаа

12/5/10

***Төгс Гэгээрсэн Их Багш ЧинХай***


Түнэр харанхуйд төөрсөн,будилсан
Төлж дийлэшгүй үйлийн өрөнд дарагдсан
Нэг л замаар нэр,дүрээ сольсоор
Нэхэл хатуу хувирхуйд дахин дахин ирэгч дээр...

Будрахуй,сарнихуйд сатаарагч
Бодол эргэгч,сэтгэл тэнэгч дээр
Тэр ирсэн
Түүнчилэн ирсэн

Харанхуйд гэрэл цацаж тэр ирсэн
Хайр түгээж ,зам заахаар тэр ирсэн
Хагацаж үл чадах зовлонгийн гинжийг таслах
Хаан тэнгэрийн галт аянгыг атгаж тэр ирсэн

Хайр өгчихөөд зовлон авсан тэр
Харанхуйд зул болохдоо өөрөө хайлсан тэр
Хагацал зовлонгийн хавцалын ирмэг дээр
Хана болон зогсохоор тэр ирсээн

Авч үл дуусах
Өгөвч үл дундрах хайрыг тэр авчирсан
Асууж үл дийлэх
Хариулж үл барах гэгээ рүү тэр хөтөлсөн

Тэнгэр тулсан их зовлонг түймэрдэхээр
Түүнчилэн ирсэн тэр гэгээнтэнийг
Төгс Гэгээрсэн Их Багш ЧинХай гэдэг юм
Түүний гэгээн мэлмийг харагтун ! мэдрэгтүн !

11/22/10

~~~НЭР~~~

Хөдлөх төдий л хальчих юм шиг миний зовлон
Хэн нэгний дээрээс асгарчих юм шиг санагдахуйд
Балга балгаар дотогшоо залгиж шингээхүйд
Багтарсан сэтгэлийн хүлээс тайлагдах шиг

Өөрийгөө үүрээд
Үзэгдэл дунд алхах минь
Амьсгалах минь
Өөр хаанаас оломгүй гайхширал...

Өвс үнэрээ цацаж надтай ярилцаx нь
Үүлс сонгодог зургаа дэлгэж гол шиг урсаx нь
Ус цас болохдоо надтай тоглох нь
Өөр хаанаас ч олошгүй гайхамшиг...

Буй бүхэн надтай нэгэн увидасаар холбогдоод
Байгаа бүхэн нэгэн чанараар нэгдээд
Бүхэл ертөнтц нэгэн мэт нэгдэхүйд
Би гээчийг тээж явсаныг зовлон гэж нэрлэхүү ?

9/14/10

***Ай намар минь дээ***



Алсаас нэгэн уянга
Ар араасаа унах навчисийн дэвэлтэнд нуугдсаар
Алгуурхан ирэхдээ цочоож
Амир сэтгэлийн нууранд долгис үүсгэнэ

Ай намар минь дээ

Зүрхний гэгээн дурсамж сэтгэлийн гүнд архи нэрж
Зөрөн өнгөрөх өдрүүдэд би согтуу алхахад
Зөнгөөр унах шаргал навчис шар тайлах шиг
Зөвхөн би хайранд ургаж хайранд гандах навч шиг

Ай намар минь дээ

Чиний зүсэр бороон дор
Чиний зүрх болсон навчис дээр
Чиний авчирсан аялгуугаар
Чимээгүйхэн шүлэг бичиж байна

Ай намар минь дээ

4/7/10

***Чиний нулимас ***


Чиний нулимас уучлал болон дусалж
Чиний нулимас ухаарал унaган урсаж
Чиний нулимас гэмшил болон амтагдаж
Чиний нулимас гэсгээл болон ташуурдах шиг

Чиний нулимас тэнгэрт шингэн одох шувуу шиг
Чиний нулимас сэтгэл ариусган түрэх аялгуу шиг
Чиний нулимас гуниг тэвэрсэн хайр мэт
Чиний нулимас гуйж ирсэн өршөөл мэт

***********************************************

Уйлах ч багадмаар уйт гашуун дурсамж
Өвлийн цасан дор зүүрмэглэн унтаж байна
Хавар минь чи ирэхдээ түүнийг бүү сэрээгээч
Хайрын шүлгүүдээр бүүвэйлж унтуулсан юм

3/30/10

***Шүлэг болон цааснаа бууна***


Урт урт өдрүүд уйтгар нэмэн зөрж
Уйланхай тэнгэр цас унган газар үнсэж
Уруул даваагүй үг сэтгэл даран хөндүүрлэхгүйд
Ухаарал сэрэхүйгээс тасарч навч шиг хийссэн гуниг минь

Шүлэг болон цааснаа бууна

Зүрх минь минийх биш ч миний төлөө цохилолж
Зүүд төөрсөн шөнүүдийг би биш цаг хугацаа залгиж
Зовлонт өдрүүдэд жаргал амрагийн дүрээр ирэхэд
Жаргал зовлонгийн завсараас хоосрол унахдаа

Шүлэг болон цааснаа бууна

Хэмжиж үл болох сэтгэл амгалан хайн зүтгэхдээ
Хэлбэр хэмжээс,цаг мөчүүдийн чанадыг мэрж
Хэзээ гэдэг үг хүрэх гэдэгтэй нийлж утга алдарч
Хэн билээ би чинь гэж хорвоог гайхан харахад
Хэлхээтэй бодлын гинж тасарч алтлаг гэгээ унахдаа

Шүлэг болон цааснаа бууна

3/21/10

***Миний доторхи их хүчинд...........***

Хэлбэрт орсон материаллаг зүйлс
Хөдөлж,тэмцэж,үхэж,үржиж
Зүгээр л энэ бүгдийг амьдрал гэж нэрлээд
Залхах мэт амьсгалаа гаргаx...

Тэнгэрийн хаяа руу хоосон нүд тэнээд
Тэндээс эндээс зовлонт бодол сүвчээд
Үхэл иртэл юу хийх тухай бодох завдалгүй
Үйлийн үр хатгаж босгоx...

Өглөө сэрэхэд гунигт бодолууд
Өндийж ирээд хамт сэрэх....
Нисэх мэт болоод хааяа жигүүрээ дэлгэхэд
Нэлэнхгүй орчлон тэр чигээрээ орилон зуураx...

Хаанаас ч юм ирэх гэгээт амгалан
Хааяа ч гэсэн гэтэлж ирэхдээ
Хаашаа ч бүү яв хүү минь гэхдээ
Харж байгаа бүхэнд чинь би оршдогоо гэх...

Мэдрэхүйд дөнгөлөгдсөн энэ ухамсар минийх биш тухай
Мэхэлж хуурсан өнгийн зэрэглээт ертөнц яах гэж оршдог тухай
Мэдэж буйгаа ойлгох зүтгэлгүй мэрийлт
Миний доторхи их хүчинд ертөнц тэр чигээгээ

Мэхийж байдгийг сануулах мэтээ

3/19/10

***Би тэнд шүлэг бичихгүй***

Түүнийг ирэхэд хавар ирсэн
Тэгээд л цаг хугацаа зогссон
Амьсгалж буйгаа үл мэдэрнэ түүнд ойртоход
Амьдралд гундсан хөшиг чичирэсхийсэнээ үл нээгдсэн

Би түүнийг амссан
Би түүнийг мэдрээгүй
Битүү тойрог, харанхуй нүх
Баглаа цэцэг ялзарч буйг харах,хайрлах

Бурхан байгааг мэдрүүлэх гэж шувууд жиргэх
Би амьд буйг,тэр бас энд буйг мэдэх эс мэдэх
Тэгээд бүх зүйлс цаг хугацаанд уусч хоосрох
Би ч чи ч байхгүй хувирал зэрэглээ

Сая сая жилийн гомдол баяр
Саяхан ургасан нялх ногоонд өнгө үнэрээ тохоод
Сайхан муухайг үл мэдэх чанарт хүрч одох
Сар байсан,би бас чи байсанийг ойлгох

Санаа хоосорч биеийг үл хүсэхэд
Би болоод чи дахиад л учрах
Би тэнд шүлэг бичихгүй
Чи тэнд хэнд ч гомдохгүй

Ave Maria (Schubert)

3/17/10

Зэрэглээт өдрүүдийн нэгэнд
Зүүгдэж ирсэн тэр хайр
Хэлбэр дүрсгүй сэтгэлрүү минь урссан
Харзны хүйтэн ус байж дээ

3/14/10

Сайхан монгол бүсгүй минь надад дурла

Сайхан монгол бүсгүй минь надад дурла
Сарны гэрэлд тодрох галбир гоо биеийнхээ
Сэрэл мэдрэмж бүхнээ дарс мэт хундаглаад
Сэтгэлийн галруу цацахдаа бүхий л биеийг минь шатаа

Хайр хүлээж гундсан амьдын зөнг тэвэрч
Халуун эсээ цутгаж мөнхийн агшинг бүтээ
Ханаж цадаж дуусдаггүй зовлонт ертөнцөөс нуугдаж
Хайр дуудаж сэвэлзэх тачаалын хөнжил нөмөрөе

Дөлгөөн гол мэт харцны чинь урсгалд
Дахиж хатахгүйгээр живж
Дуу алсрах шөнийн хэмнэлээр
Дусал дусалаар шингэмээр байна

Үзэсгэлэнт монгол бүсгүй минь надад дурла
Үгийн сайханыг цуглуулж цээжин дээр чинь уруулаараа сийлэе
Үнэн зугатах хорвоогийн элгэнд нэгэн мэт болж
Үхэл атаархам мөчүүдийг үг дуттал эдлэе

Сайхан монгол бүсгүй минь надад дурла
Сарнайн дэлбээт сэтгэлээ зүрхэн дээр минь шид
Заяа тавиланийн торноос мултарч хараацай шиг дүүлээд
Зүүд сарниаж, одод ичээсэн шөнүүдийг асга

Сайхан монгол бүсгүй минь надад дурла

2/14/10

***Хэн?***


Өмрөхдөө
Сэтгэлээ шатааж
Өөрийгөө хайлуулж
Шүлэг болон дусалж явахад

Хэн шүлэгчийг ойлгож байсан юм

Өнчрөхдөө
Өмөлзтөл уйлж
Нулимасаараа шүлэг усалж
Гэгээ ургуулж явахад

Хэн шүлэгчийг ойлгож байсан юм

Хайрласан, дурласан
Хүлээсэн,цөхөрсөн сэтгэлийг чинь
Хайрлаж,аргадаж
Халуун илчээрээ тэвэрч явахад

Хэн шүлэгчийг ойлгож байсан юм

Үг бүхэндээ эсээ шингээж
Үе үеийн хүмүүний сэтгэлийг цангааг тайлж
Өөрийгөө тасдаж амьдарч байсан
Өрөвчхөн сэтгэлт шүлэгчийг

Хэн ойлгож байсан юм бэ
Хэн?..........

2/13/10

***Одоо болсоон***


Дурласан, дуулсан
Уйлсан,урссан
Жаргасан зовсон
Санасан,мөрөөдсөн

Одоо болсоон

Хайрласан,харамласан
Харууссан, гомдсон
Хүлээсэн,хүлээлэгсэн
Хүний амьдралд ханасан

Одоо болсоон

Балын амтанд цадсан
Бялуурсан,уйдсан
Цэцэг дамжиж нисэх хүсэлийг
Сэтгэл өрөвддөг болсон

Одоо болсоон

2/8/10

***Шүлэг бид хоёр***


Хэн ч мэдэхгүй жимээр өөрлүүгээ алхахад
Хэзээ ч үл салах гуниг минь амраг мэт үднэ
Аниргүйн шидэнд ховсдуулж бодлоо гээхэд
Амирлангуйд уусаж ,шингэх мэт

Зүрхний хэмнэлд бүүвэйлэгдэх бодлын олон шувууд
Зүүн хойноос үлээх хүслийн салхинд сэрэхүйд
Уйдсан,зовлонт ертөнцөтөө
Унаж буй мэт ирнэ

Хэзээ би энд ирсэн юм бол
Хэрхэн, яах гэж амьдарч байгаа юм болоо?
Амьдрал хэмээх хоосон үзэгдэл
Авсан өгсөний тооцоо юмуу?

Өөрөөсөө асуугаад хариулт олж ядахуйд
Өнөө л танил амирлангуй урин дуудах шиг
Тэнгэр харуусам цээж хоосортол санаа алдахад
Тэр хоосон зайд гуниг тэвэрч шүлэг амирлана

Шүлэг бид хоёр бие биендээ эрхэлж
Шингэж хэмлэх цаг мөчүүдийг мартана

2/7/10

***Нар шиг асгалаа ***


Аниж эдгэсэн сэтгэлийн минь шархан дээр
Аяархан үнссээр чамайг буухад сэдэрч
Ахиад л догдлол, хүлээт,шаналал асгарч
Амир сэтгэлийн түмэн хүлээс айсан мэт үргэлээ

Бүжих мэт сормуусаа чи нээхэд
Би хөгжим мэт хөглөгдөж
Бүүр эртний танил мэдрэмж
Бүтэн биен дээр минь вальс эргэлээ

Гуниг бүдчиж нуугдсан харцны чинь гэрэлд
Гутрал,гомдол манан шиг арилж
Үггүй хэлгүй ирсэн хайр
Өглөөг хүлээлгэж,шөнийг аргадлаа

Миний очоогүй маргаашийг
Мэдэхгүйдээ жаргалтай сэтгэл минь
Түмэн учиг атгасан төөрөг тавилан чам дээр
Тал шиг хайраас ургах шүлгээ нар шиг асгалаа

1/29/10

***Хүлээсээн би чамайгаа ***

Ургаа моддыг навчисаар уйлуулж
Урсах цаг хугацаан дотор би чамайгаа хүлээсэн
Уйлж,дуулж,урсаж,эгших бүсгүйн тавиланд
Уучлан байж сэтгэл дотроо би чамайгаа хүлээсэн

Гэрэлгүй мэт болсон бүүдгэр хорвоод
Гэгээ болон тодрох дурсамжин дотроо би чамайгаа хүлээсэн
Сэтгэлд багтаагүй хүлээлт хоолойд ирж тээглэхэд
Чихнийхээ ээмгийг чичрүүлж чиний нэрийг дуудаж
................................би чамайгаа хүлээсэн

Цас,бороо,нар,салхийг угтаж,үдэж би чамайгаа хүлээсэн
Цаас үзэг нийлүүлж шүлгэн дотроо би чамайгaa хүлээсэн
Цагаан зээр шиг бүсгүй заяагаа хураан байж
.......................би чамайгaa хүлээсэн
Цайныхаа дээжийг өгөөд налан суух мөрөөдөл
.......................дотроо би чамайгаа хүлээсэн

Эргээд олдохгүй энэ хайраа энгэртээ тэврээд
Эхлэл төгсгөлгүй сэтгэлийнхээ элгийг дэвтээж би чамайгаа хүлээсэн
Үндэслэж ургасан хайрын модныхоо үнэрт сатаарч
Үггүй хэлгүй дурсамжиндаа өөрөөрөө нь жаргаж би чамайгаа хүлээсэн

Хорвоод чинийхээ төлөө залбирахдаа би гэгээн болж
Хатуу заяаг зөөллөсөн хайрандаа би жаргадаг байсан юм шүү
Хүлээсээн би чамайгаа хүлээсэн
Хүнийх болсон чамайгаа зөндөө их хүлээсэн

шүлэгч дүү Бо-д зориулав

1/27/10

***Тун удахгүй хавар ирнэ***


Тун удахгүй хавар ирнэ
Тайвширсан сэтгэлийг ташуурдах шиг
Танил үнэр,хуучин дурсамж тээсээр
Тун удахгүй хавар ирнэ

Эхлэл төгсгөлийн утга алдарч
Эрхлэх мэт нялх ногоо цухуйна
Хөрстийн дээр,доорхи түмэн амь
Хөдөлж,үржиж,амьдрах гэж тэмцэлдэнэ

Сүүлчийн биш бороо анхных юм шиг орно
Сүрэг шувууд хуучин жимээр сүүдэр зуран ирнэ
Дурлал хэмээх эртний өвчин
Дуутай хамт зүрхэнд чинь бууна

Тун удахгүй хавар ирнээ

1/26/10

***Миний ертөнцийн гүнд юу ч байхгүй***


Миний ертөнцийн гүнд юу ч байхгүй
Мэдрэхүй ч түүнд хүрэхгүй
Догдлол,доглон нулимс ч тэнд байхгүй
Дэврэх хүсэл,даллах тачаал ч тэнд байхгүй

Хавар,намар,хагдрах, ургах юу ч байхгүй
Хайр, халуун сэтгэл ч түүнд хүрэхгүй
Цаг хугацаа,цагаан,ногоон өнгө ч байхгүй
Цалгих, халгих,урсах ,одох юу ч байхгүй

Түүнд л хүрэх гэж
Түм түмэн жил төрж,үхэж
Үйлээ үзэж,үүсгэж,барж
Урагдаж,нийлж,уйлж,дуулж...

Зүгээр л энэ бүхэн зүүд байж
Зовож ,жаргаж тоглосон байж
Хүрэхийн хүслэн,учрахын баясгаланг мэдрүүлж
Өөрийг минь өөртэй минь уулзуулаач бурхаан

***Өнөөдөр***


Хүнд өгч чадаагүй хайр
Хүйтэн бороо болж
Өөр дээр минь орж байна
Өнөөдөр

Өршөөл гуйх сэтгэл
Өлмий дор сөхөрч
Өөрийгөө яллаж байна
Өнөөдөр

Үүл хуралдсан тэнгэр шиг
Өөрийгөө хураасан сэтгэл
Өндөг шиг хагарч байна
Өнөөдөр

1/25/10

***Тэнд хамт байсан гэж....***


Үхэвч үл салах сэтгэл
Үүрээр цэцэг зуун ирчихээд
Зүүд сэвэн дэвсээр
Зүрхэнд унaгачихаад одлоо

Өөрөөсөө гэрэлтэх
Өнчин..........
Шөнийн тэр цэцэг
Шүлэг,уянга,сөгдөм...

Нууцлаг өнгө нь
Намуухан эгшигт хувирах мэт
Шүүдэр үргээн бүжиглэхэд нь
Шөнө дурлахдаа шүүрс алдах...

Харанхуйн гэрэлт тэр цэцэг
Хайр үл хүрэм алсийнх мэт
Гуниг зовлонтой тэвэрлэдсэн
Гурван ертөнцын цэцэг биш мэт

Үзээгүй хараагүй мэдрэмж
Үг дутаж ,шүлэг гайхширхуйд
Тэр цэцгээс гэрэлт оч цацарч
Тийм гэж хэлэхийн аргаггүй агшин ирж

Тэнд...
Түүн шиг гэгээн оршихуйд
Тэр бид хоёр хамт байсан гэж
Тэр хэлэх шиг.........

Тэнд хамт байсан гэж....

1/23/10

***Ийм нэгэн гэгээн мөч ***


Балар харанхуй ширэнгээс гадагшилж буй мэт
Баярлах,гомдох барагдаж буй мэт
Биеэс ухаан ууршиж буй мэт
Би,би биш болж буй мэт

Ийм нэгэн гэгээн мөч
Ирсэн шигээ аниргүй холдож байна

1/19/10

****Сэтгэлээс унах бодлууд***


Маргааш гэж юу билээ?

Мандах улаан нар юм уу?
Мананд нуугдсан зовлон юм уу?
Битүү боодолтой илгээмж юм уу
Би л задлах ёстой юм уу?

Маргааш гэж....

Урдын хийсэн үйл,үргэлжилэл
Учрал,уучлал,гомдол,сонголт
Өчигдөрийн алдаа,оноо
Өнөөдрийн үлдээсэн хоол

*****************************

Өчигдөр түүнийг үхэл аваад явсан
Өнөөдөр тэр төрөх газар өлгийтэй унтаж байна
Энэ амьдрал чинь зүүд шүү дээ хүмүүсээ
Эртхэн сэрэлдээ нойрноосоо

1/16/10

***Үлдээлээ***


Аргалын оч шиг ганцхан гэрэлтээд л явах ч
Амьдрал чамд гомдох юм алга
Цээж уужрах гэгээн догдлол чичирхийлэн өнгөрч
Цэцэг илэн унахыг харсандаа л баярлах

Өөрийгөө хөвөрч,үг нэхэж нөмрөг урлаад
Өнчин сэтгэлийнхээ гэрэлийг шигтгээд
Нууцхан унасан нулимсаараа эмжээд
Намрын нүцгэн модны мөчирт үлдээлээ

Үгэнд багтаагүй халуун сэтгэлээ шингээж үлдээлээ
Үлгэрт гараагүй холын мэдрэмжээ зүүж үлдээлээ
Өөрөө ирсэн гэгээн мөчүүдээ шивж үлдээлээ
Өөрийгөө би уусган хээлж хорвоод үлдээлээ

1/12/10

****Сэтгэлээс унах бодлууд***


Өнөөдөр ганцаараа...
Өчигдөрийн үлдээсэн хоол...
Орны урдуур хаясан хувцас...
Өндийж босоод цонхоо онгойлголоо

Өвөл,цас,хүмүүс,дуу,шуугиан
Үзэгдэл төдий хуурамч хорвоог
Үнэн гэж энэ нүд,чих итгүүлнэ
Өөрөөсөө зугтаачихмаар...
******************************
Хөөрхий тэр бүсгүйн сүнс
Хуучин сандал дээр сууна
Ойрхон буух шувууг харах нь
Оршихуйд байгаа нь мэдрэгдэнэ

Хэдэн намрыг үдсэн юм бол хөөрхий
Хэнд,юунд хоргодсон бол хөөрхий
Бурхан мартсан заяа гэж байдаггүй болохоор
Будант энэ хорвоогоос явах л байхдаа тэр бүсгүй
*****************************
Энэ бүх хэвшил,заншил,ёс зүйг
Эвхэж боогоод хаячихмаар
Эрлэг бурхан хоёрыг дуудаж байгаад
Өнөө орой зад архидмаар

1/11/10

***Би жирийн нэгэн өвс байсан***


Тэнэж дундарсан амьдрал дээр минь
Тэргэл саран гуниг хуваалцаж манддаг байсан
Мөрөөдөл бүхнийг минь гишгэсэн мөнх бусын хорвоод
Манан дотор ургах мөөг шиг хүслээ түүдэг байсан

Уярахдаа уйлж,дуулж,дусалж бүүр урсдаг байсан
Ухаарахдаа уучилж,гэмшиж өөрийгөө голдог байсан
Цөлд төөрсөн мэт хааяа санагдахад
Цөхрөл ирэхдээ аргаддаг байсан

Үүл нөмөрсөн үдшийн бороонд
Өвс шиг шатсан дурлалдаа согтуу алхадаг байсан
Үзэгдэл мэт хоосон амьдралд үүсгэл үүтгээд
Үхэл бол үргэлжилэл гэж ухаарч суудаг байсан

Би чи байсан
Бид бүгд нэг байсан
Би үг байсан,шүлэг байсан
Би бүхэл бүтэн ертөнц байсан

Би жирийн нэгэн өвс байсан......

1/5/10

***Нэг л тийм хэсэгхэн хоромд***


Нэг л тийм хэсэгхэн хоромд
Нэр ч үгүй бие ч үгүй болсоноо
Нимгэн цаасан дээр унаж
Нүгэл үргэм шүлэг болдог

Нэг л тийм хэсэгхэн хоромд
Нүцгэн цагаан гуниг болоод
Намуухан эгшигт шингэн
Навч мэт тасран хийсдэг

Нэг л тийм хэсэгхэн хоромд
Өнгө, үнэр,мэдрэмж үгүй болж
Үхсэн мэт хорвоогоос ангижрач
Өөрийгөө мартаж тайтгардаг

Нэг л тийм хэсэгхэн хоромд
Шөнө,өдөр,цаг хугацаанаас халиж
Сүүдэргүй харь гэрэлд уусаж
Сүнсээ амарааж бүүвэйлдэгээ

1/2/10

***Бурханы галт шувуу***


Хүсэлийн бурантаг хөтөлсөн
Чөтгөрийн таван мэдрэхгүй
Хүрэн зүрхний голоос зууж
Хүрхрэн өндийж ирэв

Шунал тачаалын шүлсээ хаялж
Сэрэхүйн үндэсийг тасдахаар
Нүгэл шивэрсэн хорвоогийн элгэнд
Нүцгэн ухааралыг шахан дайрав

Сэтгэлийн буйдад айлссан
Бурханы галт шувуу
Хайр цацан дэвсээр ирж
Харанхуйг яран буулаа

12/30/09

***Болмоор...***

Өвөл дотор би амьдарч
Өвөл миний дотор амьдардаг
Маргаашийн орох цасны ширхэгт шингэж
Мэлмэрэх тэнгэрийн цагаан нулимас болмоор...

Хаврын цэцэгсийн үндсийг тэтгэх
Хайр шингээсэн цасан ширхэг болмоор
Энэ л бие эд эсээрээ газарт уусан нэгдэж
Ирэх хавар хүмүүсийг баярлуулах цэцэг болмоор...

Цэнхэр хаврын яргуй болж бие ээ үлдээчихээд
Цээжний гүн дэхь гуниганд чинь хань болгож
.................шүлгээ үлдээчихээд
Зул мэт шатан ариусаж, дотроосоо гэрэлтээд
Зөн татсан мөнхийн гэгээтэй нийлж гэрэл болмоор...