11/27/07

***ОДДЫН ДУУ***

Одод эрхэстэй ярилцаж хонолоо
Орчлонд яах гэж байдгийг нь асуулаа би
Миний мэдэхгүй өнгөөр тэд дуу дуулж өглөө
Мөнх мөнх бусын тухай дуу байлаа

Мөнхийн цэгийг тойрч эргэдэг гэнэ
Мөхөж төрж байдаг гэнэ
Өөрийгөө шатаан зовж байдаг гэнэ
Өнгөт тоос болон цацагдсан гэнэ

Би түүнтэй холбоотой гэнэ
Бидний тавилан адилхан гэнэ
Амьдрал хэмээх том жүжигт
Адилхан бид оролцдог гэнэ

Цаг хугацаанд захирагддаг гэнэ
Цаашдын тавилангаа мэдэхгүй гэнэ
Одод бид хоёр бие биендээ барилдаж
Орчлон хэмээхийг бүтээдэг юм гэнэ

***ЯВНА. ИРНЭ***

Нэг л өдөр би явна
Нэр шүлэг хоёр минь үлдэнэ
Нарны дор алдаж онож явсаныг
Найраг шүлэг минь хэлж үлдэнэ

Тээр дээр хэсэг байна
Тэнгэрийн оронд ганцаардаж сууна
Бурханы тавиланг сэтгэл минь өрөвдөж
Бусадын буруу зөвийг шүүх хүсэл төрөхгүй

Маргаашаа мэдэхгүй алхах энэ амьдралд би дуртай
Манан дунд тодрох уулсын оройг харах би дуртай
Сайхан хүүхний бэлхүүсэнд нүдээ хэсэг унгаачихаад
Салхи сөрөн шүлэг бодож алхах би дуртай

Нүдний нулимас цийлэгнүүлж хурдны морьд ирэх шиг
Нүгэлийн толботой амьдралдаа нүцгэн биеээрээ яарч ирнэ
Дөнгөж сая төрсөн эхийн харцанд өлгийдүүлэх гэж
Дөчин ес хоногтоо багтаж би ирнээ

11/17/07

***ТЭНГЭРИЙН ЗААДАЛ ШИГ . . .***

Сайхан аялгуугаар аргадан байж
Санаа сэтгэлээ гуйн байж
Өөрийнхөө сэтгэл рүү орж үзлээ
Өчнөөн хог новш байхыг харлаа

Тэнд дандаа хог байсангүй ээ
Тэнгэрийн заадал мэт судалууд байна
Ээж ааваас минь өгсөн
Эрдэнийн хэдэн чулуу байна

Найраг шүлэг ухааралд шарласан
Намрын навч шиг хэдэн алт байна
Наймын тоо шиг тойрог битүү дугуйрсан
Намайг зовоодог хүсэл,гуниг хоёр минь байна

Сэтгэл хэмээх тэр саванд
Сэжиг хүрэмээр шунал байна
Хөөж гаргамаар нохой тачаал
Хүнийх гэлгүй дайрахад бэлэн байна

Өөрийгөө л гэх өчүүхэн бодолууд
Өрөв тасын ангаахай шиг ангалзаж байна
Өчнөөн жил улалзаж байгаа
Өнчин уур хилэнгийн мунхаг цог байна

Тэнгэрийн заадал шиг судалуудаа
Тэнгэрлэг бүхнээр усалж ургуулаад
Намрын навч шиг хэдэн шүлэгээрээ чимээд
Наймын тоо шиг хүсэл,гуниг хоёроороо мануулна

11/11/07

***СҮҮЛЧИЙН ГУНИГ***

Хамгийн сүүлчийн гуниг минь нисээд явчихад
Хайр,хүсэл хоёроо хайгаад би олсонгүй
Сэтгэлд минь ногоон цас будран орж
Итгэл минь цагаан мөр гаргасаар цаашлан одлоо

Хажууд минь бурхад ирж суугаад
Хамгийн сайхан үгсийг хэлнэ
Нутгийн шувуу намайг танин ирж
Нуурын тухай сайхан дуу дуулна

Гуниг,хүсэл,хайр,итгэлээ алдсан би
Гутлаа арчин,өөрийнхөө тухай л бодно
Үнэндээ үхэж ч чадахгүй өлбөгөр амьтан
Үргэлжилсэн нэгэн өнгөөр ярина

Бүхнээ алдсан намайг хүмүүс мэдсэнгүй
Бор өнгийн шинэ малгайг минь шохоорхон харна
Би хэмээх нэгэн ертөнтц минь ингээд дууслаа
Би өөрөө нэр зүүсэн,малгайтай адгуус боллоо

11/10/07

***

********************************************

Хувь тавилан минь би чамаас нэг л зүйлийг хүснэ
Хүмүүн заяаг тэрсэлж нэг л зүйлийг шаардана
Хатан Туулын эрэгт төрүүлсэн шигээ хувь тавилан минь
Хан Богд уулын минь бэлд л үхүүл хувь тавилан минь

****************************************

Авсан юм чинь архиа уух л болно
Амьд л байвал шүлэгээ бичих л болно
Хүссэн хүсээгүй тавилангаа дагах л болно
Хүнийг л хайрласан юм бол би зовох л болно

****************************************

Цал буурал толгойтой өвгөн бишээ би
Цахилж яваа гөрөөс шиг залуу бишээ би
Царай болон өнгө төгс нэгэн бишээ би
Цагийн саалтанд гундавч цагаан мөртэй явах нэгэн билээ би

*****************************************

Шүлэгчийн шүлгийг сонсож
Шүүдэр хураасан өвс нэгэн билээ,би
Шунал,тачаал ихэдсэн энэ хорвоод
Шулуун явж чадаагүй нэгэн билээ,би

11/6/07

***

Аврал минь надад өөрт минь бий
Аюулт дайсан минь надад өөрт минь бий
Амьдрал минь алдаа шившиг хоёр
Амьдрал минь алд дэлэм эндүүрэл

***************************

Би өөрөө бурхан
Би өөрөө чөтгөр
Би бурхан чөтгөр хоёрын нэгдэл
Би буян бузар хоёрын уут

******************************

Сарны доор нулимас урсаж л байг
Салхины аяасаар өвс бөхөлзөж л байг
Сархадын халуунд зүрх шатаж л байг
Сайханыг танихын тулд сэтгэл зовож л байг