8/11/15



Эртний сүмийн хонх хаа нэгтээ дуугарах шиг
Эрх залуу цагийн дурлал хаа нэгтээгээс даллах шиг
Гашуун шаргал бороо сэтгэл норгон шиврэх шиг
Газрын энгэрт сэтгэлээ булчихаад ганц цэцэг шидмээрч юм шиг...

10/18/13

~~~~~Hамайгаа хүлээ~~~~~



Зүйлийн гэгэлгэн дуугаа унагаж
Зүсрэх олон  шувууд
Зүүрмэг тэнгэрийг чичлэн одоход
Зүрхээн дарж үлдээд намайгаа санан суун уу? чи минь

Орчлонд төөрсөн заяаны учгийг тэмтрэн холбож
Оногдсон энэ хагацалыг итгэлийн хүчээр нүхэлж
Сэтгэлийн чинь ариун сүмийн галыг өрдөн үлээхээр
Гэгэлзсэн намрын үдшээр сэтгэлээ шүлэглэн илгээлээ

Эвлэж ядсан тавилангийн
Эмтэрч бүдэрсэн учралынхаа
Гомдол бүхнээ чивэлж татаад
Гилбэрт сум шиг тавилгүй

Голт зүрхнийхээ угаас ундрах
Хайрын булагтаа угаан
Халуун итгэлээ чөдөрлөн зангидаж
Харцныхаа гэрэлд намайгаа хүлээ

Цээжинд булглах гашуун бодолууд
Цэрэглэн босож түрэн ирэхэд
Өр нимгэн сэтгэлээ илд болгон бариад
Ирэх өдрийг минь хүртэл хайраа хамгаалж  намайгаа хүлээ

Хүсээгүйд тулгасан заяаны
Эрчлээс тасраагүй мөчүүдийн дээгүүр
Зүрх цочоон ирэх гэгээн совингоо
Зөгнөлт зүүднийхээ гүнд нууж намайгаа хүлээ

Чийгт хорвоогийн хов живээс янзага мэт үргэж
Чимээгүйхэн ханьсах цөхрөлд  уусаж дасалгүй
Эргэн учрах итгэлдээ хайр ургуулж
Эгэлгэн санах сэтгэлийнхээ элгийг дэвтээж намайгаа хүлээ

Үггүй учран, харцаараа гагнагдаж
Үнэн сэтгэл цусанд чинь дүүрэн түгэхэд
Хацрын чинь арьс ягаарч гэрэлтэх
Хагацал дэвсэлж учрах мөчүүдээ зөгнөж намайгаа хүлээ

9/18/13

~~~~Намар ирчихэж...~~~~


Модoдын тэвэрээс,эгшиглэгч навчсыг өнчирүүлж
Мартаагүйн чанадаас уяралыг  сэрээн хөтөлөөд
Маргааш руу одох биеээс сэтгэл ховсдон тасдаад
Мананд зүүрмэглэгч дурсамж  дээр илэх мэт буулаа

Намар ирчихэж...

Хайр, хагацал элбэн сэтгэл тамлан бүжиглэсэн
Халуун залуу насныхаа дурсамж дундуур алхахдаа
Алдaa бүхний минь сорив дээр ухаарлын цэцэг ургасаныг харахуйд
Амьд халуун мөчүүд сэтгэл тэврэн шатлаа

Намар ирчихэж...

Амьдaруулагч ертөнцийн хээлэнд эрхи мэт эргэлдэж
Амилуулагч тэнгэрийн эрхшээлд арьсан дотроо тачаадаж
Нарны эргэx чөлөөнд зүрxээ тэмтрэн анивалзаж
Намрын энэхэн улиралд сэтгэлээ үнсэн тайтгаруулдагаа

Намар ирчихэж...

5/13/13


Уншигч та бүхнийхээ гар дээр өөрийн бичсэн, шүлэг эрэгцүүлэлээ эмхэтгэж *Аниргүйн гэгээ* номоо өргөн барьж байна.Улаанбаатар хотын Интэр номын дэлгүүр,аз хур номын дэлгүүрээс худалдан авч таалан уншина уу?

Бүлээн

10/9/12

~~~~~Яруу найрагч ~~~~~


Уучлалын гүнд саран мэт гэрэлтэж
Уур, инээдийг барж ,гомдлын үгсээ залгилж
Өнгөрсөн бүхэн мартагдаж өгөөгүйд
Өөрийгөө л өрөвдөж суусан яруу найрагч

Үйл үйлийн хэлхээнд
Өөрөө ч мэдэлгүй холбогдож
Үг үгийн хүчийг сэтгэлээрээ тарнидаж
Зүрхээрээ эвлүүлж суусан яруу найрагч

Сэтгэлд чинь нуугдсан зүрхний чинь гүн дэх
Хөвчийг хөндөн эгшиглүүлж
Нулимсны чинь ариухан дусалд шингэж
Нуур шиг сэтгэлд чинь хамт хөвсөн яруу найрагч

Өөрийгөө тэсэлхэд
Xарвасан гэгээ
3адарсан өнгө
Галзуурсан цацалт...

Үгэнд багтаагүй мэдрэмжээрээ
Үнэнийг тэмтрэх гэсэн яруухан найрагч

8/24/12

~~~Бодрол~~~



Тунимхай хэдэн үүлс тэнгэрээр нэг хөлхөөд
Төөрсөн юм шиг ганц элээ уяатай юм шиг эргэлдээд
Төрсөн өдрийнийхөө орой бэлэн гоймон идсэн шигээ
Тэнэмэл нэгэн найрагч ганцаардалд хань болж суух

Юм бүхэн учиртай байх гэж үү?

8/13/12

***Баярлалаа***

Сэтгэлээс сэтгэлрүү ниссэн хайр минь
Сэмэрсэн зүрхэн дээр минь буцаад буусан
Зүрх базалсан хөндүүр зовлон зул мэт асахад
Зураг төөрөг дээр минь хүнлэг сэтгэл хайлж урссан

Цээж дүүрэн гунигаас үргэж
Цэнгэлийн шувууд алслан одсон
Итгэлгүй мөрөөдөл сэтгэл дээр минь бүжиглэхэд
Ирээдүйгээс цөхрөл ирэхдээ аргадаж тэвэрсэн

Маргаашийг гунигт нүд гомдож чадахгүй хүлээсэн
Манан дунд урсах цаг хугацаанд итгэлээ өгсөн
Газар тэнгэрийн дундуур хайж байсан ухаарал
Гар дээр өөрөө унаж ирсэн

Цэцэг гомдоох хүсэлгүй сэтгэлийн
Тэсрэхүү ?
Тэвчихүү ?
Зааг дээр ухаарал ирсэн

Хайрлаж байсан даа би чадаж байсан
Харамсах юм алга даа би жаргалтай байсан

Тиймээ өөр юу хэрэгтэй юм?
Ямар нэг юм олж авах
Ямар хэрэгтэй юм бэ?
Жаргалтай байсан цаг мөчүүдийг л өгсөнд баярлалаа

6/20/12

~~~Гэгээн бороо~~~


Хэн нэгэн гэнэт хүрэх шиг бороо дусалхад цочоод
Хэлж чадамгүй мэдрэмжинд сэтгэл өөрөө цалгиад
Мэдрэхүйн түмэн судалыг хөгжим мэт товшиж бороо ороход
Мартамгүй гэгээн мөчүүд зүрхний ховилд нэвчинэ

Тэнгэрийн ариун хүслийг шивнэх бороон дусалуудад
Энгэрийн цэцэг шиг богинохон амьдралаа өгчихмөөр
Итгэлгүй итгэл тэвэрсэн сэтгэлийн гуниг цуурч
Энэ л гэгээн бороонд зүрхээ хоосрохыг мэдэрнэ

Зүйрлэмгүй гайхам уярал цээж дүүргэн халгиад
Сэтгэшгүйн гүн дэх тэсрэлтэнд зүрхний хэмнэл алдагдаад
Ямархан нэг юм биеэр гүйх шиг болоод
Яруухан нэгэн шүлэг бороонд төрөхдөө чараллаа.

6/6/12

~~~~~Мөч бүр, хором бүрт ~~~~~


Мөч бүр, хором бүрт нар мандаж байдаг
Дэлхий эргэж байдаг учраас
Мөч бүр, хором бүрт наран жаргаж байдаг
Дэлхий бөөрөнхий учраас

Мөч бүр, хором бүрт боломж байдаг
Бид оюун ухаант хүмүүс учраас
Мөч бүр,хором бүрт гэгээрэл байдаг
Бурхан хаа сайгүй оршдог учраас

Харин та яг одоо
Хүмээсээс эсрэг зүгт хардаа...

5/28/12

~~~~~Нэргүй хэдэн мөрүүд~~~~~

Харцнаас чинь нэг юм амилаад
Надруу ирж явна
Бурхан минь...
Бурхан унтаж байгаа бололтой

****************************

Шувууд нисэхэд
Салхи сэрдэгийг мэдэрсэн тэр өглөө
Бороо орж байсан
Би зүг буруулж ганцаараа явсан

~~~~~Гэрэл~~~~~

Ямар урт шөнө вэ?
Гэрэл... гэрэл хаана байна бэ?
Гэрэл хөдөлж байх үедээ л амьтай байдаг
Гэрэл зогсох л юм бол үхдэг

Харин би яах бэ?
Зогсох хэрэгтэй
Энэ бол хоосрол
Өөртэйгээ учирах боломж...зам

Нүд,сэтгэл хуурсан гэрэлд
Ямар ч их дасаав дээ

5/27/12

~~~Нэргүй хэдэн мөрүүд~~~


Газарт дурласан тэнгэр
Бороо болон асгарна
Тэнгэрт хайртайгаа илчилж
Газар цэцэгсээ дэлгэн тэмүүлнэ

Газар тэнгэрийн завсар
Сохор хүмүүс амьдарна
Галт уул шиг нэг юм тачаадаад
Сэтгэл дотор тэсрэх гээд

Хэн нэгэн согтуу
Арван тавны сарыг дуулна
Энд бүх зүйл унтаад
Ганцхан өрөвч сэтгэл сэрүүн байна

5/11/12

~~~~~Шанз~~~~

Аниргүйг үнсэж шанзны эгшиг үүрслээ
Ар араасаа нэг нэгнээ дуудах мэт
Алсад одох шиг, усны долгиос мэт
Аяархан ,зөөлөн аялгуу,янзага дэгдэх шиг

Үг хэлэх мэт
Үнсэх шиг аргадах шиг
Салхитай учирсан гал мэт дүрэлзсэнээ
Сансар огторгуйд уусах шиг

Шанз минь
Сайхан аялгуут хөгжим минь
Бүргэд халин нисэх мэт эгшиглэх нь
Бурханы санаа алдалт гэмээр

5/8/12

~~~Одоо хаашаа ч явмаар юм дээ~~~

>
Чивэлт ертөнцийн чимээ үл хүрэх
Чийгт амьдралын сураг үл дуулдах
Гүн харанхуйн хүйснээс түгэх аниргүйд уусч
Гэрэл сүүдрийн ертөнцийг мартмаар...

Гэтэлсэн их аниргүйгээс
Эмтэлсэн хэсэгхэн жаргал
Сэрэхийн төдийд хулжиж
Цонхнын цаана өөр ертөнц хүлээнэ

Одоо хаашаа ч явмаар юм дээ

4/27/12

~~~Дуусаагүй бас эхлээгүй ~~~

Дуусаагүй бас эхлээгүй цагийн тойрогт
Дурлаагүй бас мартаагүй учралаа
Унтарсан сэргэсэн итгэлээ
Урагдсан эдгэрсэн сэтгэлээ

Шүүдрийн ус мэт
Өвсний толгой дээр орхичихоод
Шөнийн нам гүмд шингэхдээ
Хэн нэгэнийг хүлээх шиг үгүй ч шиг

Энэ аниргүйд уусахын өмнөх нэгэн мөч
Зүгээр л зурсхийн өнгөрөх агшин
Гэмшил хүлээхийн шалтгаан
Гэрэл хүсэхийн үүсэл

4/8/12

~~~Xавар ирчихэж~~~

Ганцаардалын үүд сөхөөд хавар ирчихэж
Газраас ургах нялх чийг сэтгэл дэрлэж унтаад
Гараас хэн нэгэн хөтлөх шиг уярал татаад
Гэрээсээ гараад гүймээр...xавар ирчихэж...

Тэнгэрт дүүлэх харц салхи сүвлэн алдараад
Төөрсөн олон сүнс ургамалын биеэр гоёод
Уйдахуй,санахуй сэрэхүй сарнихуй нэгэн дор зэрэгэгцээд
Уртаар амьсгаа авахуйд...xавар ирчихэж...

4/5/12

~~~Тэр хоосон зайд~~~

Ханан дахь толинд өөрийгөө харж байгаад
Гартаа алх бариад ганц л цохиж хагалах шиг
Аврал, хүсэл,айдас гуниг,хайр, харуусал дүүрсэн
Сэтгэлээ нэг хагалахсан,бутрахсан

Тэр хоосон зайд миний гэх зүйлгүй болж бүхий л ертөнц ирэхэд
Тэр бүхнийг мэдрэх баясалд умбаж
Хагарсан толь шиг сэтгэлээ түм түмээр хувилж
Үй олон ертөнцөд нэгэн зэрэг одохсон

2/19/12

~~~Үгүй дээ... нэр өгч чадахгүй нь~~~

Зовлон дунд инээж чадсан тэр бүсгүйг
Зохисгүй аялгуун дундах гэгээн өнгийг мэдэрч чадсан тэр бүсгүйг
Зовхи нойтон нулимстай инээмсэглэж байсан гайхамшигт агшинг
Зүгээр л харуулсандаа, мэдэрүүлсэндээ амьдрал чи агуу юмдаа

1/24/12

~~~Яагаад би ~~~


Яагаад би энд ирсэнээ
Яагаад би шүлэг бичдэгээ
Яагаад би намарт дуралдагаа
Яагаад би хайрыг бусдаас өөрөөр ойлгодогоо

-Мэддэггүй

Яагаад би шувуу салхи хоёрыг нэг л юм хардагаа
Яагаад би цэцэг бүсгүй хоёрыг нэгэн догдлолд шингээдэгээ
Яагаад би үүсэлгүй аниргүйд тайвширахдаа хүсэлээ тээдэгээ
Яагаад би үнэнд ялагдсан өөрөөсөө зугатааж чаддаггүйгээ

Мэддэггүй

Яагаад би чанадын мэдрэмж оргүй хоосноос ирдэгийг
Яагаад би үгэнд утга цацаж шатаахдаа хөгжим мэдэрдэгээ
Яагаад би бурхан чөтгөр хоёрын эрлийз гэдэгээ
Яагаад би эр хүсэлээ нүдээрээ цацаж энд шунаж амьдардагаа

Мэддэггүй

1/8/12

~~~ Aлсыг зоримоор...~~~


Долгиолон давалгаалан алсыг зоримоор
Догдлол тэмүүлэлээ тэврэн, тэвэрүүлэн холд одомоор
Тэнгэрлэг хүслээ тэнгэрлэг гуйлтанд шингээж шивнэчихээд
Тэнд юу хүлээж буйг үл таан,үл мэдэн алхамаар

Юу ч хүлээлгүй
Юунд ч хоргодолгүй зүгээр л замд гарамаар
Ертөнцийн түмэн утга, учрыг мартан
Ерөөсөө юу ч бодолгүй алсыг зоримоор

12/8/11

Би бол би биш...(төгсгөл 5)


Хүсэхүй дор сэтгэл ирнэ
Хүлээхүй дор амьдрал ирнэ
Ухаарахуй дор гэгээрэл ирнэ
Уучлахуй дор өөрлүүгээ би ирнэ...

Өмнөх эрэгцүүлэлдээ бурхан бидний дотор байдаг тухай өгүүлсэн билээ.Библи сударт *Эхлээд өөрт байгаа бурханы орныг эрж ол.Тэгвэл бүхнийг олж авна* гэжээ.Асуудлын гол нь өөрт байгаа тэр бурхан чанараа хэрхэн яаж эрж олох бэ? гэдэгт байгаа юм.
Баримал, зурмал ,цутгамал ,чулуун элдэв дүрээр бүтээгдсэн бурханд мөргөөд,маань мэгзэм уншиж,эрх тоолж, хүрд эргүүлээд бид бурханы орноо олж чадах уу? Эсвэл Исүсийг магтан дуулаад, залбираад ,ахуйн чанартай олон хүсэлт, гуйлтаар бурхан чанараа таньж мэдэж болох уу?
Мэдээж энэ бүхэн тэр зүгт хандаж байгаагаараа сайн боловч гадаад иймэрхүү үйлдэл,хэлбэр, үг, хэлээрээ бид дотоодод байгаа тэр чанараа нээн олж авч чадахгүй юм. Дотоодод байгаа бурханы орноо олох арга зам нь бясалгал юм.Будда бодь модны доор сууж бясалгаад бурхан чанараа олжээ.Исүс бас бясалгал хийж өөрийн эцэг хэмээн нэрлэсэн бурханы орноо олсон байна.Ариун Библи судар дээр Исүс 40 хоног элсэн цөлд суусан тухай дурдсан нь бий.Исүс дөчин хоног хуруугаа ч хөдөлгөхгүй юу хийж суусан байж таарах бэ?
Мэдээж Исүс бие,хэл сэтгэл,оюун ухаанаа аниргүй болгож самадид оршиж дотоод бурхантайгаа учран бясалгаж байсан гэхээс өөрөөр тайлбарлах боломжгүй юм л даа.
Бүхий л гэгээрсэн мэргэд бясалгал хийж бурханы гэгдэх амгалан,асуудалгүй,зовлонгүй ,гэгээлэг өөр оршихуйг танин мэдэж түүнд хүрсэн байна.
Аливаа шашин,үзэл сурталд хэт туйлширч хандах нь үнэн зөвийг олох танин мэдэхэд хортой юм .Ямар нэг шашинд итгэж сургааль номлолыг нь дагах нь мэдээж сайн боловч туйлын үнэн, мөн чанарыг танихад асуудалтай байгаа юм.
“Бясалгалыг гадил жимстэй зүйрлэхэд шашин бол хальс нь. Бясалгал бол жимс нь” юм гэж нэгэн гэгээнтэн хэлсэн үг буй.
Хүн төрөлхтөн олон мянган жилийн туршид янз бүрийн бясалгал, арга замуудыг нээн олж бясалгаж иржээ.Эдгээр олон бясалгал арга замуудаас бид алиныг нь сонгож бясалгах бэ?Бясалгал болгон адилгүй бөгөөд түйлын дээд зорилгод хүргэх нь бас ховор юм. Бидэнд богино хугацаанд, найдвартай бас хэцүү биш аргаар туйлын дээд түвшинд хүргэж чадах тийм бясалгал тийм арга зам хэрэгтэй.Тэгэхээр энэ тухай ярилцая.
Бурхан гэж ер нь юу байна аа.Ямаршуухан товарш байна аа?
Бурхан мэдээж ямар нэг хэлбэр дүрсэд оршиж, ямар нэг үг хэлээр өгүүлэгдэх аргаггүй бөгөөд энгийнээр хэлбэл бидний оршин буй, харагдаж буй энэ ертөнц байгаагаараа бурханы нэг хэлбэр, үзэгдэл,биелэл юм.Харин арай өөрөөр,арай гүнзгийгээр хэлбэл бурхан бол чанадын гэрэл,чанадын аялгуу юм.Энэ гэрэл аялгуу нь зоосны хоёр тал шиг боловч нэгдмэл чанарыг агуулдаг.Энэ гэрэл аялгуугаар бүхий л зүйл, бүхий л ертөнц бүтсэн бөгөөд энэ гэрэл аягуугаар тэгтгэгдэж байдаг байна.
Энэ гэрэл аялгууны талаар олон шашины олон судар номд дурдсан байдаг. Амьсгалаа тоолох, хий, амьсгал дээрээ төвлөрөх бясалгал байна Бас биеийн долоон хүрдэний аль нэг дээр төвлөрөх гээд эдгээр бясалгал бүгд л материаллаг зүйл дээр төвлөрч бясалгах бясалгал юм.Материаллаг бүхэн хувирч, задарч байдаг мөнх бус, хоосон чанартай юм.Тийм ч учраас эдгээр бясалгалаар туйлын дээд түвшинд хүртэл бясалгах боломжгүй юм.
Харин чанадын гэрэл ,аялгуу бол мөнх орших бөгөөд устаж үгүй болдоггүй байна. Билгийн нүдэн дээрээ төвлөрч улмаар чанадын гэрэл аялгууны урсгал дээр төвлөрч бясалгаснаар бид өөрийн дотоодод буй бурханы орноо олох бөгөөд илүү дээд түвшинд хүрэх юм.
Энэ бясалгалын аргыг Аръяабалын бясалгал гэж нэрлэдэг.
Энэхүү гэрэл аялгууны бясалгал хийсэнээр бид чанадын гэрэл ,аялгууг бид дотоодоороо харж, сонсож чадах бөгөөд энэ тийм хэцүү боломжгүй асуудал биш юм.
Хүн бүрт өөрт нь бурхан чанар байдаг бөгөөд хүн бүр түүнийгээ олж авах боломжтой тухай үе үеийн гэгээрсэн мэргэд хэлж сургаж иржээ.Тэгэхээр бидэнд боломж байгаа гэсэн үг!
Бид элэгддэг ,эвдэрдэг,бүүр ажиллагаагүй болдог энэ махан бие цогстойгоо (роботтой) өөрийгөө адилтгаж үзэх нь өөрсдийгөө дэндүү доорд үзэж байгаа хэрэг юм.Бид бол бурханы хүүхдүүд .Бид бол цаглашгүй мөнхийн гэрэл ,аялгуу.Бид бол бүхий л ертөнцөөр тархсан мэдэрхүйтэй, юу хүссэнээ биелүүлж чадах бурханы үр сад билээ.
Төгсөв

11/30/11

Би бол би биш (цуврал 4)

Тавилангаа үүрээд
Танихгүй маргааш руу явах
Сэтгэлээс өөр өмчгүй
Хайраас өөр авчих юмгүй

Энэ хорвоод юундаа ч гомдох билээ.....

Бид дотоодын жинхэнэ *би*-гээ мэдэж ойлгохын тулд бурхан ,шашин болон бидний оршин буй ертөнцийн тухай ярихаас өөр аргаггүй юм.
--Эхлээд бурханы тухай ярилцая.Ариун Библи судар дээр *Та бол бурханы ариун сүм.Таны дотор эзэн бурхан бий* гэжээ Мөн уг судар дээр * Бурхан хүнийг бүтээхдээ өөрийнхөө дүрээр бүтээсэн* гэжээ.Далай багш *Бурхан зүрхэнд байдаг* гэж хэлсэнийг өмнөх эрэгцүүлэлдээ өгүүлсэн билээ.
Бид бурханы дүрээр бүтээгдсэн юм бол бурхан хүн шиг байна гэсэн үг үү ?
Бурханыг алтны уурхай гэж үзвэл бидний дотоодын би болох тэр чанар маань алтны үртэс юм.Мэдээж алтны үртэс ч гэсэн алтны бүхий л шинж чанарыг агуулсан алт л гэсэн үг л дээ.Дотоодын жинхэнэ *би* маань бурхантай адил юм.Тийм ч учраас бид бурханы дүрээр бүтээгдсэн,бурхан зүрхэнд байдаг тухай гэгээрсэн их мэргэд болон судар номонд дурдсаар иржээ.
Будда ,Исүс,,Мүхамэд нар нь бид нарын үл мэдэх бурханы элч төлөөлөгчид юм.Бурхан бидэнд хүн бүрт өөрийн мөн чанарыг өгсөн тул түүнийгээ ойлгож ухаарч хөгжүүлэхийн тулд дээрхи элч нарыг янз бүрийн цаг хугацаанд илгээжээ.Жинхэнэ бурханыг ойлгохын тулд бид эхлээд эдгээр элч хувилгаадын сургааль номыг мөн чанараар нь ойлгож ухаарах хэрэгтэй болж байна.Одоогийн энэ сэтгэхүйгээр бурханыг ойлгох аргагүй юм.Жишээ нь 3 настай хүүхдэд таталцалын онолын тухай яривал инээдтэй бөгөөд тэнэг хэрэг болно биз. Эхлээд тэр хүүхэд орчин тойрноо таних тэгээд 35 үсэг сурах,цаашлаад шинжлэх ухааны анхан шатны ойлголттой болох зэрэг наад захын мэдлэг хэрэгтэй болж байна.Үүнд хүрэх зам түүнийг ойлгох дотоод ертөнцийг (өөрт байгаа дотоод сэтгэлээ захирч өөрөөсөө гэгээрэх,өөрийгөө олох) бурхан хүн бүрт өгчээ.
--Шашины тухай бид туйлширалгүй логик үнэн зөв ойлголт мэдлэгтэй болох хэрэгтэй байгаа юм.
Будда ирээд явсаны дараа буддын шашин үүссэн. Исүс ирээд явсаны дараа Исүсийн шашин үүсчээ.Будда Исүсээс өмнө олон олон гэгээрсэн мэргэд ирж байсан бөгөөд мөн адил олон шашин үүсч оршин тогтнож байжээ.Хойшид ч мөн адил гэгээрсэн мэргэд бууж ирэх бөгөөд шинээр шашин үүсч бий болж болох юм.Ер нь хүн төрөлхтөний түүхийг бүхэлд нь авч үзвэл аливаа шашин 1000-5000 жилийн настай байдаг бөгөөд дараагийн гэгээрсэн элч ирэхэд шинээр шашин үүсдэг гэж ойлгож болохоор байна.
Бууж ирсэн гэгээрсэн мэргэд нэг л үнэнийг хэлдэг боловч цаг хугацааны явцад хүмүүсийн алдаа, мунхагын уршигаар уг үнэн зөв сургааль маань номлол, догма болж улмаар олон тооны урсгал чиглэл болж гажуудддаг байна.Исүс орон гаран хүн байж байгаад битүү хатуу утгатай олон зүйл ярьсан юм биш л дээ.Гэтэл өнөөдөр Исүсийн нэрээр хичнээн олон шашин түүнээсээ ч олон урсгал чиглэл үүссэн байгаа нь нүднээ ил байна.Үүнээсээ болж дайн байлдаан гарч байсан нь хүн төрөлхтөний түүхэнд олон бий.Буддын шашин ч мөн л ялгаагүй .Улаан шарын гээд л олон тооны урсгал чиглэл үүсчээ.Тиймдээ ч шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи гэж хэлэгдэтлээ ёс зүй гажуудаж иржээ.
--Хорвоо ертөнц дээр л бид л ганцхан оюун ухаантай юу?Өөр амьдрал ертөнц бий юу? Энэ асуулт мөн л чухал асуулт юм.Исүс хэлэхдээ миний эцгийн гэрт олон харш бий гэжээ.Энэ нь олон байшин харшын тухай мэдээж хэлээгүй хэрэг.Бурханы ертөнц дотор материаллаг болон материаллаг бус оюунлаг олон түвшний ертөнц байдаг тухай хэлсэн хэрэг юм.Буддын сургааль ном дотор ч энэ тухай олон дурджээ.Эдгээр ертөнцийн тухай хүний хэлээр хүний оюун ухаанаар хэлж,дүрслэх үнэхээр боломжгүй бөгөөд хэтийдсэн асуудал юм.
--Тэгвэл гэгээрсэн мэргэд юу хэлж сургаж заасан бэ?Будда ,Исүс бусад гэгээрсэн мэргэд зөв аж төрөх тухай болон олон сургааль ном айлдаж хэлсэн боловч хамгийн гол сургааль нь сүнсээ чөлөөлөх,эх үүсвэртэй буцах тухай юм.Будда энэ ертөнц бол зовлонт ертөнц юм гэжээ.Үхдэг, өвддөг, хагацал ,зовлон ирдэг. Бие болон сэтгэлийн олон зовлон хүлээс дотор амьдардаг энэ ертөнцөөс ангижрах өөр илүү сайхан ертөнц өөр оршихуйд шилжих тухай сургааль номоо айлджээ.
Исүс ч мөн адил эндээ сайхан амьдраад байгаад байх тухай биш сүнсний чөлөөлөлт, мөнхийн улсад очих тухай зааж сургажээ.
Бидний бие цогцос бол түр зуурын чанартай бөгөөд жинхэнэ *би* биш юм.Тэгэхээр олон олон гэгээрсэн мэргэдийн гол сургааль бол өөрийн жинхэнэ би болох сүнсээ чөлөөлж илүү сайхан оршихуйд нэгдэж цаг хугацаанаас ангид оршиж зовлонгүй асуудалгүй оршихуйд очих тухай сургааль юм.
Дээдийн ном сургаальгүйгээр амьдарвал хэний ч амьдрал өчүүхэн ч үнэ цэн үгүй билээ.
Үргэлжилэл бий

11/21/11

Би бол би биш (цуврал 3)


Өөрийгөө үүрээд
Үзэгдэл дунд алхах минь
Амьсгалах минь
Өөр хаанаас оломгүй гайхширал...
Дээрхи шүлгийнхээ мөрүүдээр эрэгцүүлэлээ эхэлэе.Энэ сэдэв маань энгийн мэт боловч бас тийм амар биш хүнд сэдэв юм.Хэдийгээр амар биш боловч энгийнээр,ойлгомжтойгоор гол санаагаа гаргаж илэрхийлэхийг хичээж байгаагаа хэлэх нь зүйтэй байх.
Бидний өдөр тутам хэрэглэдэг машин түлш, агаар, ус, тос гэх мэтийг хэрэглэн ажилладаг бол бидний бие ялгаагүй материаллаг бие (робот) тул агаар, ус,.хоол хэрэглэхээс гадна бас энергээр тэжээгдэн амьдарч байдаг.Ер нь энэ ертөнцийн бүхий л зүйлс,биетүүд энергээс бүтсэн бөгөөд түүгээр тэтгэдэж байдаг.
Физикийн гол хуулиудын нэг энергийн тухай хуулийг бид дунд сургуульд заалгаж үзэж байсан.Үүнд
-Энерги устаж үгүй болдоггүй (мөнх гэсэн үг)
-Энерги шинээр үүсэж бий болдоггүй
-Энерги нэг биеэс нөгөө биед шилжиж байдаг
Ямарч сайн машин,техник элдэгдэж эвдэрдэгийн адил бидний бие мөн л ялгаагүй.Гэвч бидний биед орших бидний жинхэнэ би гэгдэх тэр энерги дотоод чанар маань устаж үгүй болдоггүй. Харин энергийн хуулийн дагуу нэг биеэс нөгөө биед шилжиж байдаг.Энэ тухай эртний судар номуудад тун тодорхой бичиж үлдээсэн бөгөөд буддын гүн ухаанд үүнийг төрөл арилжих,төрөл авах гэх мэтээр бичсэн байдаг.
Өнөөдөр шинжлэх ухаан хөгжиж,танин мэдэхүйн цоо шинэ гэж болох бидний ойлголт мэдлэгээс хальсан зүйлд хүрч байна.Онолын физик болон бусад шинжлэх ухааны салбарын эрдэмтэд олон хэмжээст ертөнц байж болох тухай ярьж байна.Нэг хэмжээст ертөнтцөд бид цэг төдий байх,хоёр хэмжээст ертөнцөд бид үргэлжилсэн зураас төдий.Харин гурван хэмжээст ертөнцөд бид одоогийн бие хэлбэр хэмжээст амьдарч байна.Харин дөрөв,тав болон 16 цаашлаад 32 хэмжээст ертөнцийн тухай бид юу мэдэх бэ?. Физикийн ямарч хууль тэнд үйлчилэхгүй тухай эрдэмтэд таамаглал дэвшүүлж байна.
Энэ бүхэн маань буддын хоосон чанарын гүн ухаанд тулж байгаа хэрэг юм. Цаг хугацааны тухай ч бас товчхон өгүүлье.Цаг хугацаа бол нэг төрлийн энерги бөгөөд хоосон чанартай.Нэрт эрдэмтэн Эйнштейн харьцангуйн онолд цаг хугацааг резин мэт сунаж агшдаг болохыг баталсан.Ирээдүйд эрдэмтэд цаг хугацааны энергийг судлан таньж мэдээд цаг хугацаагаар аялдаг төхөөрөмж машин хийх боломжтой юм.
Энэ бол ямар нэгэн ид шид биш бөгөөд танин мэдэхүй, зүй тогтол юм.
За одоо гол асуудал руугаа эргэн ороё.Тун энгийнээр өгүүлэхэд бидний жинхэнэ *би* болох тэр зүйлийг сүнс гэж нэрлэсээр ирсэн бөгөөд сүнс маань цаг хугацаанаас үл хамаарах мөнх орших буюу элэгдэхгүй эвдрэхгүй,устахгүй.Мөн шинээр үүсэн бий болохгүй,харин нэгээс нөгөөд шилжиж байдаг байна.
Одоогоор бид тэр дотоод агуу чанарынхаа тухай бүрэн сайн ойлголтгүй байгаа учраас үүнийг танин мэдэх хэнд хэрэгтэй юм бэ?ямар ашигтай юм бэ?Үүнийг мэдээд яах юм бэ?гэх асуудал ар араасаа гарч ирэх нь ойлгомжтой юм.Энэ асуулт, бодол, үзэл, санаа маань бидний дотоодын жинхэнэ *би*-ийн билэг чанадаас гарч байгаа биш юм. Харин та бидний бие цогцосыг удирдах тэр тархи (компьютер) -ээс гарч байгаа гэдгийг яг л энэ мөчид эрэгцүүлэн бодож үзээсэй гэж хүсэж байна.
Бид одоогийн нийгэм,хууль,ёс суртхуун,зан заншил,шашин,урлаг,түүх,уламжилал гэх мэт нийтээр ойлгогдох хэвшмэл ойлголтонд баригдаж үүн дотроо зовож,жаргаж,гуниж гутарч,байлдаж, тэмцэж, ялагдаж,ялж,эд хөрөнгө,эрх тушаал,гоо сайханд шунан тэмүүлсээр амьдарч байна.Ийм учир шалгаанаар бид гэж хэн бэ?Би гэж хэн бэ? гэдэг маш чухал асуудлыг өөртөө төдийлөн тавихгүй, анхаарахгүй явсаар ирсэн байна.
Сүнс,дахин төрөлт,бурхан ,чөтгөр гэх мэт бүхий л хүнд асуудлийг эрт дээр үес эдүгээ хүртэл шашинд оноож, үүрүүлсээр иржээ.
Саяхан монгол эх оронд маань айлчилаад буцсан Далай ламын хэлсэн үгээр эрэгцүүлэлээ төгсгөе.Дээрхийн гэгээн ХIY Далай лам хэлэхдээ *Бурхан зүрхэнд байдаг* гэжээ.
(үргэлжилэл бий)

11/13/11

Би бол би биш (цуврал 2)

Бид гэж хэн бэ? би гэж хэн бэ? гэдэг асуулт байнга л байсаар ирсэн шигээ их сонирхолтой чухал асуудал байгаа юм.
Бид өөрсдийгөө мэдэхгүй бол ерөөсөө юу ч мэдэхгүй гэсэн үг л дээ. За одоо асуудал руугаа эргэн ороё.Өмнөх эрэгцүүлэлдээ бидний бие туйлын нарийн ажиллагаатай цогц бие буюу робот гэж өгүүлсэн.Энэ роботод удирдлагийн төв аппарат буюу бидний нэрлэдэгээр тархи байдаг.Нүд, чих,хэл, арьс, хамар гээд мэдэрхүйн эрхтэнүүдээс авсан мэдээлэлийг энд боловсруулж зохих чиглэл удирдамж өгч байдаг гол эрхтэн юм.Бидний бодол санаа оюун ухаан нь тархинд байх мэдээлэлийн сангийн мэдээлэлд тулгуурлан туршлага,мэдлэг болон боловсруулагдаж агуулагдаж, хэрэглэгдэж байдаг нь та бид бүгдийн мэдэх энгийн ойлголт мэдлэг юм.
Хүний тархинаас гарч буй бодол санаа бол хийсвэр зүйл биш юм.Энэ бол таталцалын хүч шиг соронзон хүч шиг цахилгаан энергийн хүч шиг бодит хүч материаллаг хүч гэж ойлгож болно.Манай өмнөх иргэншилийн хүмүүс болох Лемурчүүд хөгжилийн өндөр түвшинд хүрсэн бөгөөд бодлын хүчийг ашиглаж байсан гэдэг мэдээлэл байдаг.Бидний сайн мэдэх очир хэмээх зүйл нь лемурчүүдийн ашиглаж байсан бодлын хүчээр ажилладаг ажлын багаж юм.Хоёр тал нь хурц ирмэгтэй бөгөөд хүчтэй эргэлдэн хад чулууг цоолох уул хад нураах зам гаргах зэрэг ажилд хэрэглэгдэж байжээ.Энэ нь бидний цахилгаанаар ажилладаг багажтай л адил бодлын хүчээр ажилладаг жирийн л багаж.Тиймээс очиртой бөгж зүүх нь сайн гэдэг нь домог төдий зүйл л дээ.
Тэгэхээр бидний тархи бол энерги үйлдвэрлэн гаргадаг төдийгүй тэр энерги нь бодит хүч юм.Бодол,оюун ухаан ,сэтгэл,зүрх гэж нэрлэгдэх эдгээр ойлголтын тухай тун товчхон задалж бичие.
-Оюун ухаан.Ерөнхийдөө товчоор авч үзвэл тархинд хадгалагдан буй мэдээлийг нэгтгэн дүгнэж, мөн ирж буй мэдээллийг задалж,ангилж,аливаа зүйлд бодит дүгнэлт хийх чадвар гэж болох юм.
-Бодол санаа. Энэ нь мөч бүр гарч байдаг.Мөч бүрийн бодол,санаа далайн давалгаа шиг ар араасаа гарч ирж байдаг.Миний ойлгож байгаагаар энэ мөч бүрийн бодол маань сэтгэл гээчийг байнга цэнэглэж байдаг.
-Сэтгэл энэ харьцангуй тогтвортой ч гадна дотны үйлчилэлээр өөрчилөгдөж байдаг.Бидний сэтгэл хөөрдөг,баярладаг, унадаг,хөрдөг, тайвширдаг гээд л нэг л биднээс саланга тусдаа хүн мэт ойлгогдохоор
- Зүрх гэж нэрлэгдэх дотоод мэдрэмж ойлголт байна.Энэ нь бидний гол эрхтэн зүрхийг хэлж буй хэрэг биш юм.Энэ нь бидний дотоодод орших жинхэнэ бидний би гэж нэрлэгдэх тэр дотоод чанараас тэтгэгдэж байдаг хувирал өөрчилтөнд барагтайд ороод байдаггүй гол чухал мэдрэмж чанар юм.(энэ дараагийн дугаартаа илүү дэлгэрэнгүй өгүүлэе).
Мэдээж ирээдүйд хүн төрөлхтөн бодол санааны хүчийг танин мэдэж ашиглаж эхлэх ойлгомжтой.Гэхдээ туйлын болгоомжтой сайн зүйлд ашиглахгүй бол энэ бодит хүч маань бидэнд буу зэвсэг мэт үйлчилэхгүй гэсэн баталгаа үгүй юм.
Яагаад би хүний бүхий л эрхтэнүүд дотроос тархины тухай илүү ярьсан нь учир шалтгаантай билээ.Хүний тархийг нэг талаар компьютер гэж болох юм.
Дэлхий хэмээх цэнхэр гариг дээр бие цогцос,тархи,мэдрэмжтэй тун олон зүйлийн адсуусан амьтад байна.Жишээ үхрийг авч үзье.Бидний биеийн бүтэц бараг ижил боловч удирдах төв аппарат буюу тархины чадвар ялгаатай.Үхрийн удирдах тархийг компьютер гэж жишээлж үзвэл Pentium 2 гэхүүдээ хүчин чадал муутай.Гэтэл хүний тархийг Pentium 8 гэж болох юм.Үхрийн тархи гэж жишээлж буй Pentium 2т байхгй олон үзүүлэлт бүхий хурд чадвартай тархи ( компьютер ) бидэнд байгаа гэсэн үг юм.
Тиймээс бид илүү оюунлаг,чадварлаг,бүтээмжтэй, илүү дуу,өнгө дүрсний мэдрэмжтэй.Адгуусан амьтанд байхгүй олон чанар, чадвар хүнд байдаг.Гоо сайхны,нэр төрийн,тахин шүтэх,ёс заншил ,уламжлал түүх гэх ойлголтуудаас гадна,сэтгэн бодох,зохион бүтээх урьдчилан төсөөлөх гэх мэт олон чадвар байдаг.
Адгуусны ч бай хүний ч бай энэ тархи (компьютер) уг биедээ зориулагдсан учраас уг биеийнхээ төлөө ажиллаж байдаг.Хоол идэх боллоо,унтаж амар,сайхан дуу сонс,уйдаад байна найз нөхөдтэйгээ уулз,нэг сайхан шоудий ч гэх юмуу дулаан тохилог байртай байх нэр алдартай байх,гоо сайхан байх зэрэг асуудлуудыг гаргаж ирж байдаг.
Эдгээр асуудлыг тавьж байдаг хүний тархи маань сэтгэн бодох чадвартай учраас би гэж хэн бид гэж бэ гэсэн язгуур үндсэн асуудлыг ялгаагуй өөртөө тавих чадвартай юм. Яг л энэ учир шалгаанаар эрдэнэт хүний бие,эрхэм дээд хүний төрөл хэмээн эртний олон судар номуудад дурдсаар иржээ.Эрдэнэт хүний төрөл,эрхэм биеийг олж төрсөн та бид өөрийн мөн чанараа танихгүй хорвоог өнгөрүүлвэл биеийнхээ төлөө амьдарч төгсөх адгуусан амьтанаас юуны ялгаа байх билээ дээ.
Эрэгцүүлэлийнхээ төгсгөлд нэгэн зүйлийг хэлэхгүй өнгөрч боломгүй санагдалаа.Амьтадын зовлон хүний зовлон ижил билээ.Бид адилхан бие цогцостой.Амьдрахыг хүсдэг.Амьд үр төлөө төрүүлж халуун сүүгээрээ тэжээдэг.
Айж, хайрлаж,өвдөх,зовох мэдэрхүйтэй.Тиймээс амьд амьтан алж зовоож мах цусыг нь бүү идээсэй гэж хүсэж байна.Бидний одоо идэж буй хоолны төлөө амьд амьтан зовоож тарчилаагүй гэж бодож хооллох үнэхээр сайхан,энэрэнгүй,хүнлэг ,зөв хоололт биш гэжүү?
Цагаан хоол гэдэг бол таны өөртөө барьж буй хамгийн том бэлэг юм. Be veg, Go green, save the planet!
(үргэлжилэл бий)

11/8/11

~~~Энэ л мөч~~~

Smile

Хэнзэрсэн намрын салхинд үнсүүлж сэтгэлээ нээхэд
Хэлж буй үгс амилан одохдоо цэцэгс болох мэт
Хуучин бүхэн урагдах мэт, ургах мэт болоод
Хувирах үзэсгэлэн эхлэх мэт бас сарних мэт энэ л мөч

Гунигт цагаан аялгуу хэмнэлээ өөрчилж түрээд
Гүймэл сэтгэлийн түмэн догдлолийг хөглөн давалгаалахдаа
Эгшиг бүртээ уусгаж эхлэлгүй, эхлэлийг үүсгэн
Эрхшээлэлгүй эрхшээллээр түгээх энэ л мөч

Газраас тасрах шиг
Гэрэлээс үүсэх шиг
Эгшигээс амилах шиг
Гэмшилт сэтгэлийн оргил нурах шиг энэ л мөч

Уйлмаар дуулмаар,хашгирамаар болж
Уярал, хайр,догдлол нэгэн мөчид цугларч
Тэлж буй ,тарж буй орчлонгоос хэмнэл зөрөн тэсэрхэд
Түмэн долгиос санаа алдалтаар гадагшилахад хоосрох энэ л мөч

Ганц ч болов үг хэлж чадамгүй
Гайхалтай ч гэж нэрлэж боломгүй
Гайхамшигаас хэтийдсэн мөчүүдийг
Гэрэлт мөнхийн цэцэг мэт гартаа барих энэ л мөч

11/2/11

Би бол би биш (цуврал 1)


Эхлэл буюу ерөнхий тайлбар
Өөрийн ойлгож мэдсэн ,мэдэрсэнээ та бүхэнтэй хуваалцахаар шийдэн энэ цуврал эрэгцүүлэлийг бичиж байна.Хэн нэгэнтэй санаа бодлоо хуваалцах нь бидний амьдралд байдаг энгийн харилцаа юм.
Энэ удаагийн сэдэв бол бидний хамгийн сайн мэддэг юм шиг мөртлөө тийм ч сайн мэддэггүй бидний би нэрлэгдэх хувь бие хүн буюу *би* гэсэн ойлголтын тухай юм. Юуны өмнө харьцангуйгаар бидний би гэж ойлгогдох,нэрлэгдэх бие цогцын тухай ярилцая.
Бидний бие туйлын нарийн ажиллагаатай материаллаг цогц бие юм.Өнөөдөр хүмүүс янз бүрийн зориулалтай робот зохион бүтээж байна.Аар саар юм авч өгөх ч юмуу ширээ тойрох асуултанд хариулах гэх мэт.Эдгээр роботыг төмөр хуванцар бусад материаллаар хийдэг.Гэтэл бидний бие мах ,яс,гэх мэт материаллаг зүйлсээр бүтсэн.Мэдээж тодорхой жинтэй материаллаг бие юм.Бидний бие бол туйлын нарийн ажиллагтаай робот юм гэж хэлэх гээд байна л даа.Бид элдэв зориулалт бүхий машин,роботийг янз бүрийн хэлбэр загвар зориулалттай бүтээдэг.
Тэгвэл бидний бие нэгэнт материаллаг машин болохоор засаж янзалж бас хэлбэр дүрсээ өөрчилж болох нь тодорхой.
Одоогоор шинжлэх ухаан эхлэл төдий шатандаа явж байгаа ч асар их хурдацтай байна.Бид эрхтэн шилжүүлэх,гадаад болон дотоод эрхтэний мэс ажилбар хийж байгаа.Харин ирээдүйд бид эрхтэн ургуулж, гаднах төрх арьсаны өнгө, за тэгээд олон зүйлийн өөрчилөлт хийж хийж чаддаг болох нь ойлгомжтой.Машины ямар нэг эд анги эвдрэхэд бид худалдаж авдаг шиг ирээдүйд элэг, бөөр, зүрх гээд л бүхий л эрxтэнээ шинээр солих боломжтой болох төдийгүй өөрсдийн сонирхолоор гадаад байдалаа ч өөрчилж болох юм.
Саяхан японы эрдэмтэд хулганад шүд ургуулах туршилт хийсэн нь амжилттай болсон тухай уншиж байсан.Ирээдүйд духан дээрээ нэг эвэртэй болох ч юмуу,илжигнийх шиг урт хөдөлдөг чихтэй болоё гэсэн ч асуудалгүй гэсэн үг л дээ.Эсвэл 6 хуруутай болоод илүү нарийн аялгууг төгөлдөр хууран дээр ч тоглож болох юм.Учир нь бидний бие бол материаллаг бие буюу робот юм.
Тэгвэл бид гэж хэн юм бэ? Энэ тухай шууд нэг үгээр хэлэх нь ойлгомжгүй, боломжгүй учраас цуврал маягаар асуудлуудийг задалж бичиж байгаа юм.
Бидний бие маш нарийн ажиллагаатай бие цогц гэж эрэгцүүлийн эхэнд бичиж байсан.Хүний бие хийн урсгал болон 7 төв хүрд бас энергийн урсгалд зориулагдсан хүлээн авах, гаргах гээд үнэндээ бүрэн танин мэдэж чадаагүй байгаа цогц бие юм.
Бас бидний биед танин мэдэж ашиглаж чадаагүй байгаа олон чадвар боломжууд байдаг.Бидний биед алсаас утасгүйгээр харилцах,хүний бодлыг унших,нисэж хөөрөх,усан дээр явах,маш хүйтэнд хувцасгүйгээр дулаан ялгаруулах,амьсгалаа түгжин агаар авахгүйгээр байх,хоол ундгүй амьдрах,агаараар хооллох,биеээ алс зайд шилжүүлэх,тархи оюуны хүчээр биетийг өргөх, гээд хэлж барамгүй дотоод чадвар байдаг харьцангүй төгс робот юм.
Эдгээр чанаруудийг бид хэн нэгнээр заалгаж суралцаж болох юм.Энэтхэг дорнын орнуудад энэ талын эртний мэдлэг сурвалж хадгалагдаж,уламжлагдаг байдаг.(ёог зарим төрлийн бясалгал)
Эдгээр нь ямар нэг ид шид биш юм.Ер нь ид шид гэж байдаггүй бөгөөд харин зүй тогтол гэж байдаг.Эдгээрийг ямар нэг бурхан шашинтай холбоод эх адаггүй мухар сүсэг болж хувирч байгаа нь бид энэ талын тухай тодорхой ойлголт мэдлэггүйтэй холбоотой юм.
(үргэлжилэл бий)

9/5/11

~~~Өөрөө тэр над дээр ирдэг~~~

Хараач түүнийг
Тэр сарнайг
Харах тусам хайлан уусмаар
Хайрлах тусам солиорон дурламаар

Хүсэл дууссан төгөлдөрийн биелэл
Хүрэх аргаггүй тэнгэрлэг яруу
Зурсхийн одох зөн билгийн гялбаанд
Зуурхан мэдрэгдэх гэгээн ертөнц

Би түүнийг олсон
Олчихоод ойлгож гүйцээгүй
Би түүнийг харсан
Харчихаад таньж дуусаагүй

Харж ханамгүй түүний
Ойлгож гүйцэмгүй ертөнцөд
Өөрийгээ гээж би алдуурахад
Өөрөө тэр над дээр ирдэг

6/14/11

~~~Асуулт~~~

Өнгөрсөн ирээдүй хоёрт дүүжлэгдсэн
Өөрийгөө би хааяа хардаг
Оршихуйн эрээн,тархины санамжинд хууртагдсан
Олс дээс үгүй дүүжлүүрт байгаа өөрийгөө хардаг

Мөрөөдөл тэжээсэн маргаашид тэтгэгдэж
Мөнх бусын алтан мөчүүдийг би алдахдаа
Хайгаад ,гуйгаад,хүсээд ч олдомгүй
Хүний алтан төрлөө би хамт алдаж байна

Ирээгүй хоосон маргааш хэнд хэрэгтэй юм
Эргэж ирэхгүй урсан одсон өнгөрсөн цагаар яах юм бэ
Үнэнийг танин мэдэх нь одоо цаг биш гэжүү?
Үүнийг уншигч та санал нэг байна уу?

*************************************

Цаг хугацаа гэж үгүй бол
Мөнхийн гэх ойлголт үгүй
Мөн ирээдүй үгүй, өнгөрсөн үгүй
Юу ч үгүйд юм бүхэн байж болох

Хүсэл үгүй,тэмүүлэл үгүй
Xүрэх, очих зүйлгүй
Асуулт үгүй,xариулт үгүй
Аврал үгүй,зовлон үгүй оршихуйг

Үнэн гэж нэрлэхүү ?

5/18/11

~~~ Хүсэл~~~

Нас намба гээчийг харуулж явах ёстой юм гэнэ
Ямар учраас ?
Нэр хүнд гээч сонин юмыг үүрч явах ёстой юм гэнэ
Яах гэж ?
Буйр гэдгийг зааж бодлоготой явах юм гэнэ
Яагаад ?
Бусдад үзүүлэн болж үлгэр жишээ томоотой явах гэнэ
Яагаад ?

Нийтийн тулгасан хэв хэмжээнд яагаад хүлэгдэх ёстой юм !
Нийтээр зөвшөөрсөн хайрцаганд яагаад багтаж амьдрах гэж !
Бурангуй харанхуйн сүрэгт таалагдаж жүжиглэж амьдрах юмуу ?
Болно болохгүйн хоёрxон утганд хашигдаж амьдрах ёстой юмуу?

Эрвийхэйн өнгөт чөлөөт сэтгэлгээ надад хэрэгтэй
Эвлүүлж,эвдлэх эрх чөлөө надад хэрэгтэй
Амьдралын түмэн өнгийг хүүхэд мэт шохоорхож
Алдаж онох давалгаанд нь өөрийгөө гээх хүсэлтэй би

5/8/11

*********************************

Өглөө болж нар мандаж байна
Өнөөдрийн жүжиг эхэлж байна
Инээд ч хүрэх шиг..гуниг ч нөмрөх шиг
Санаа алдав.санаа алдагдав

Нэгдүгээр үзэгдэл...

Цонхоо нээв.
Нар салхи хоёрыг урив...

********************************

Сакураа гөлөглөн хундган цагаан цэцгээ өрөөд
Солонго зураглаж тэнгэрт өнгөөр алаглаад
Уулын хүйсээр ус булаглан тэлмэн жороолоод
Уянга гүйцээж шувууд жиргэхэд салхи бүжиглээд

Харахуйд бүчиж нөмөрсөн үзэгдэл,хувиралууд татаад
Анихуйд үсчиж үймсэн хүсэл,дурсамж,бодолууд татаад
Түмэн шидээ гайхуулсан энэ ертөнцөд
Төөрсөн сэтгэлээ тогтоох амар биш аж

4/27/11

~~~Тэнгэрийн хувилгаан саран минь~~~

Будант үүлс хаван мэт хэсэг хэсгээр тэнгэрт суугаад
Борооны өмнөх чийгт салхийг аргадах үдшээр
Барьцгүй сэтгэл нүд эзэгнэж ийш тийш харуулдахад
Болзоондоо ирсэн бүсгүй мэт саран тодров

Шөнийн наран,харанхуйн гэгээ саран минь
Шүлэгчийн гуниг хуваалцах тэнгэрийн хувилгаан саран минь
Эрхэт цагийн хугасыг эзэмдэх саран минь
Энэ л үдэш болзоогүй ирсэн тэнгэрийн гүнж саран минь

Ододын гэрлийг мэдрүүлэх гэхдээ чи бүдэгхэн гэрэлтдэг байх
Орчлонд ирэх хүмүүний сүнсийг төөрүүлэхгүй гэхдээ үдшээр ирдэг байх
Гэмшилт сэтгэлийн нулмисыг тэврэх л гэж чи ирдэг байх
Гэгээн хайрын гэрэлт харцыг мэдэрүүлэх гэхдээ чи ирдэг байх

Буйд анивчих оддын зүг одолгүй
Буцах,ирэх хүмүүний хөлд сэмрэх
Дааж ядан зовлон тэврэн эргэх өртөө
Дэлхийн хань,тэнгэрийн цэцэг сар минь дээ

Чиний үнэнийг сэтгэл минь үл гүйцэн ойлгох
Чиний гоо сайхныг үгээр илэрхийлж үл гүйцэх
Гүн ухаан гээчийг бодол минь шоолон инээвхийлж
Гундуухан ертөнцөд чамайг байгаад баярлaнам сар минь

4/24/11

*********************************

Өнгө мөнгөнд бялхаж дулдуйдсан ядуулаг амьдрал
Өөрсдийгөө тийм л өчүүхэнээр үнэлэгсэд
Тэмцэл гэж ойлгосон амьдрал дээр гадагш урсах мунхаглал
Төсөөлөл үгүй харанхуйд дураар аашлагч сэтгэлийн боол

Өөрлүүгээ шагай
Дотогшоо хараач
Өгөх тусам дэлгэрч цэцэглэдэг нь хайрын сэтгэл биш гэжүү?
Авах тусам улам хоосорч ганддаг нь харамын сэтгэл биш гэжүү?

4/19/11

~~~Бодрол~~~

Амьдрал гээч биднээр тоглоод байгаа юм уу?
Амьдрал гэгчээр бид тоглоод байгаа юмуу?
Мэдэхгүй тоглоомоор мөрийтэй тоглогчийг
Мөрөөдөл тэвэрүүлж,гүн хоосоны хувиралаар илбэдэгч

Амьдрал гэгч юу бэ?

Сайн муу бодол,санаа биежээд
Цаг хугацааны тойрогт шингэн хүчийг олоод
Таван мэдрэхгүйд нуугдан ирж далдаас ховсдон
Там болон диваажинг бүтээгч нь

Та бидний бодол сэтгэл биш гэжүү?

4/14/11

~~~Эргээд хартал...~~~

Эргээд хартал хавар явчихаж
Эргээд хартал залуу нас явчихаж
Эргээд хартал шүүдэрт өвсөнд мөнгөн хяруу унчихаж
Эргээд хартал шүлэг сэтгэл хоёр залуугаараа үлдчихэж

Эргээд хартал чи яг л хэвээрээ
Эвлэрч чадаагүй дурсамж задалж
Эхлэл төгсгөлийн утгыг алдагуулж
Инээмсэглэн зогсох нь яг одоо мэт

Сэтгэлийн буман үзүүр догдлол үүсгэн чичиж
Итгэлийн алтан судалын хөвчийг татан эгшиглүүлж
Гунигт хар нүднээс нулимс таслан амилуулж
Гутамшигт хорвоогийн элгэнд гундсан сэтгэлийг дэвтээж

Тэртээх холын өдрүүд гэрэлээ цацсаар дөрөө муталж
Тэврэх яруу уянга нь хамар шархируулан ирэхэд
Сэтгэлд багтаагүй догдлолоо шүлэг болгон гадагшлуулж
Шингэх нарны туяaнд өөрийгөө шингээж жаргаалaа

3/24/11

~~~Энэ л мөчийн санаа алдалт~~~

Зэллэн ирэхдээ шувууд хаврыг
Зүрхэн дээр минь асгахад
Зөнгөөрөө айлчлах гэгээн бодолууд
Зүсгүй мишээх урин салхинд гадагшилна

Өөрийгөө нэг аргадаж
Өрөөлийг нэг аргадаж
Улиран одсон амьдрал,он жилүүдийг аргадаж
Урсан ирэх учрал,үйл бүхнийг аргадаж

Буй бүгдийг аргадан
Бусдаас юу ч хүсэхгүй байхыг хүсэxэд
Энэ л мөчийн санаа алдалтаас
Өөртэйгөө гэнэт уулзах шиг

3/11/11

~~~Уяаны үзүүр~~~

Хуурах мэт хувирал
Үүсэх мэт хэлбэр олоод
Өнгө өмчилж,үнэр цацаж
Өөрийгөө тунхаглан дуугаа хадааж

Таньдаг бүхнээ эс таних,мэддэг бүгдээ эс мэдэх
Танин мэдэхүйтэй дахин тулгарч тунах
Хувирах амь аниргүйд угаагдан ирэхдээ
Хуучин түүхийг шинэ мэт эхлүүлэх

Амьдрал хэмээхийн учрыг тайлах
Алдуурч одсон уяаны үзүүр
Арьснаас минь ч илүү ойрхон
Амьсгалаас минь ч илүү дотор минь байх

3/6/11

~~~Хааяа тэр цэцгийг харахаар~~~

Хэн нэгний үлдээсэн хайр
Харуусалаар илбүүлж
Хүсэлгүй цэцэглэж
Хүлээлтгүй ургасаар...

Хааяа тэр цэцгийг харахаар
Хавар намаргүй ганцаардалд амирлаж
Хамгийн сүүлчийн удаа гэсэн хүсэлээ
Хачин тунгалаг дэлбээндээ нуусан мэт...

Хааяа тэр цэцгийг харахаар...

3/4/11

~~~Задралын дараа нэгдэл байдаг~~~

Тэсрэлтийн өмнөх нам гүмхэнд хууртагдаад
Тэврэх гэнэн салхинд илбүүлэн сатаараад
Зөн татах их хуйралыг догдлол гэж андуураад
Зөрөн өнгөрөх агшинуудад зүгээр л өөрийгөө тарааж уусгаад

Хэн нэгний алдаа инээд хүргэснээ хоромхон зуур мартагдаж
Хэсэг хэсэг бодол үүсэвч сарних мэт одож
Шувуу нисэхийг харсанаа,харсандаа уйдаж
Шүлэг,яруу найрагт үнэн үл оршдогийг мэдэрсэндээ үл гэмшиж

Энгийнээс энгийнийг ойлгох гэснээ орхиод
Элдэв бодолгүй эзэнгүй мэт алдуураад
Зайгүй битүү ертөнцөд завсар гаргаж
Задралын өмнөх мөчүүдэд би оршином

2/22/11

*****Юу ч битгий ярь*****

Юу ч битгий ярь
Ертөнцийн гунигт хуучин мөрөөдөлийг
Яг одоо л битгий давт

Хувирашгүй сэтгэлийн илэрхийлэл мэт
Хуучны хүн чулуудийг бүү магт
Юу ч битгий ярь

Яг л одоо он жилүүдийг хундаглаж тулгаaд
Яг л одоо нүдрүү минь эгцэлж хар
Тэнгэрийн энэлэн галт солир мэт
Тэнэмэл яруу найрагчийн
Ганц халуун нулимсанд соёолсон
Сэтгэлийн гэрэлт цэцгийг ав

**************************

Үхэл гээч хогийн шүүр хорвоог цэвэрлэсээр л
Үл мэдэгчид үй түмээрээ эргэж ирсээр л
Энд буруу ч юм алга зөв ч юм алга
Бүх л зүйл болдогоо болоод ...

Бороо орж эхэллээ шүхэрээ аваад гарьяа даа
Үй түмэн бодлоо бороонд гээчихээд
Үхэшгүй гэдгээ мэдэрч
Үхэл иртэл унтмаар

1/26/11

*******************

Орчлонгийн нар залгисан юм шиг
Ориглох халуун сэтгэл
Хазаар булаан зүтгэх морь мэт
Хаашаа юунд тэмүүлнэ бэ

1/18/11

~~~Юунд эс амараанам~~~

Хэзээ,хаанаас ямархан учрал,зовлон
Хийсч ирэхийг хэлж,мэдэж болохгүй
Хувирал зэрэглээ,нүдгүй мананд
Харвах цагийн урсгалд туугдан амьдарнам

Таашгүйд дурлаж мөрөөдөл өөрөө одоод
Таамаг дунд зүггүй бодолууд талцаж хэрэлдээд
Таван зүс нүдэнд шингэж амирлаад
Таавар мэт маргаашийг хүлээнэм

Биетэй бүхэн орших эс оршиход
Бие биенээ хэмлэн эргэлдэж
Газрын хүчинд татагдан мөрөө даран зөрөлдөвч
Ганцаардал дунд итгэлээ хэнд өгөхөө үл мэдэн алхнам

Тэнгэрийн зарлигаар сарниж одохоо
Үхэл гэж нэрлээд хүлээхэд
Тэндээс ирэх долгис халуун гол зууран шүглэxдээ
Эндэхийн бүхэнд уйдагчийг юунд эс амараанам

1/13/11

~~~Цасан дээрхи шүлэг~~~

Нэг л дутууд
Нэг л хагас мэт амьдараад
Нимгэн хучих цаснаас нэг л юм
Нэхэх мэт хараад

Нэрээ бичээд ард нь
Нэмэх
Асуултийн тэмдэг тэнцүү
Ар араасаа хөврөх бодол

Амьдрал гээчтэй хөтлөлцөөд
Тэвэрэлдээд
Тэр надаар тоглоод би түүнийг гайхаад л
Танилцаж дуусдаггүй

Дутууд дутуу амьдараад
Дуугаа хурааж өөрийгөө тэмтэрээд
Хэнээс юу нэхэхээ мэдэхгүй
Хэлгүй нүд хэлбэргүй мэдрэмж түшээд

Хэмжээст ертөнцөд захирагдаж
Хэмнэл хугацаанд төөрч
Хэлбэрт оршин хашигдаж
Хэлтгий заяанд чөдөрлөгдөж

Аргагүйд дурлаж ирсэн
Аргагүйд хүлэгдэж амьдарсан
Алдсан оносон нь минийх биш
Амь нас энэ бие ч минийх биш

Тэнэж эргэсэн заяаг
Тэрсэлж сэрэх нэгэн сүнс
Нэг л дутуу хорвоод
Нэгэн бадаг шүлэг унгасаныг

Бүүдгэр үдшийн нимгэн цас
Барлах мэт авч үлдэвч
Баллуурдах мэт
Салхи босмуй

1/5/11

***********************

Амь тасалж
Амандаа хүүр чихсэн
Эргэн тойрон араатнууд
Энэ ямар аймаар ертөнц вэ?

1/2/11

************************

Хажууд минь хэнч байхгүй атал
Халуун дулаан хайр ирж тэврэх шиг
Энэ лав ээж байх...
Ээжээс минь өөр хэн...?

Эргэн тойронд хэнч байхгүй
Ээж бид хоёр....

**********************************

Уйлж уйлж суугаад инээд алдан өндийж
Уйтгар гуниг зовлонгоо сэгсэрэн
Унаж тусан гүйсээр
Ээжийдээ очиж үнсүүлэх сэн

Танаж танаж өгсөн зовлонт амьдралын хөрсөнөөс
Таныхаа энгэрт тэвэрүүлж нэг тасарахсан

12/24/10

~~~Итгэлт сэтгэлийн зам ~~~

Зөвхөн хөдөлж буй үедээ л биетэй байх нарны элч шиг
Зөвхөн амьд байж л ухаарах боломжтойг
Зөвхөн хайрлаж байж л ойлгох мэдлэгийг
Зөвхөн хүсэж тэмүүлж байж л олох гэрэл гэгээг...

Ойлгож ,мэдэрч байна
Одоо тэгээд ...?

Яагаад ? хэмээх түмэн асуулт
Яг л хана хэрэм мэт нурахад
Явах зам ямар их холийг
Яасан их төвөгтэйг мэдрэх шиг айх шиг...

Ойлгож ,мэдэрч байна
Одоо тэгээд...?

Итгэлт сэтгэлийн дөт зам байна
Энгийн бөгөөд шулуун юм байна
Энэ замаар алхая
Үүнээс дээрийг хайгаад олохгүй нь

12/13/10

***БОДРОЛ***

Бодол санаагаа үгүйсгээд
Бид болон Би-г үгүй үгүйсгээд
Бурхан, будда,буг чөтгөрийг үгүйсгээд
Байгаа бүхнийг үгүйсгээд

Би тэнд хүрч чадахуу?

Нэрлэх л юм бол хоёр болчихоод
Нэгдмэл байх чанар алдагдаад
Нэртэй бүхнээс түмэн утга үүсээд
Нэгдмэл бус салангид болоод

Нэртэй бүхнийг үгүйсгэхэд
Нэгдмэл чанар бүтэхүү?

12/12/10

***Хэрхэх билээ би ...***

Хаяж чадахгүй салж одохгүй мэдрэмжээ
Хэрхэх билээ би
Хэлж дийлэхгүй,хэлхэж холбож чадахгүй
Хэн нэгэнд өгч бас чадахгүй

Хэрхэх билээ би энэ мэдрэмжээ

Унтарч буй их гал мэт
Унаж буй гэрэлт солир мэт
Хөөж буй хүчит давалгаа мэт
Хүрч боломгүй оргил мэт

Хэрхэх билээ би энэ мэдрэмжээ

Танигдашгүй бүхэн хань мэт ирж тэврэх шиг
Тасалданги аялгуу нэгэн урт зам болох мэт
Халгиж буй их ус уурших мэт замхарах шиг
Хаашаа ч юм урсах уянга гэрэл болон одох шиг

Хэрхэх билээ би энэ мэдрэмжээ

Хажууд биш,хол биш,хаана ч биш
Xарихгүйн,ирэхгүйн төлөөлөл,хаанчлал мэт
Өнгө, үнэр, үүсгэл,төгсгөлгүй
Оломгүй тайвширал ,хүрэмгүй эрх чөлөө мэт

Хэрхэх билээ би энэ мэдрэмжээ

Өөрөө ч мэдэхгүй энэ мэдрэмжээ тэвэрээд
Өөрөөрөө нь байхдаа би жаргалтай
Биелэшгүйн төгс,сэтгэшгүйн элч
Би түүнийх,тэр минийх байхад би жаргалтай

Хэрхэх билээ би энэ мэдрэмжээ

12/11/10

***Юу ч хүсэхгүй байх нь ...***

Салхи эзэгнэсэн талд бодол сэтгэлээ төөрүүлчихээд
Сар хоносон бүлээн ором дээр өөрийгөө орхичихоод
Чанадаас ирэх чанадруу улирах бүхнийг дэргэдээс нь
Харах мэт эс харах мэт

Юу ч хүсэхгүй байх нь
Юутай ч амар юм дээ

Амьдрал хэмээгчийг хөдөлгөх
Амьдрах хүсэл хэмээх нэгэн эсийг унтуулахад
Би гээч үзэл ганцаардахдаа биетэй бүхнээс зуурахыг
Мэдрэх мэт эс мэдрэх мэт

Юу ч хүсэхгүй байх нь
Юутай ч амар юм дээ

Дуу шүлэг,дурлал,амьдрал
Дуугүйхэн харахыг
Далдуурхан хүлээхийг
Мэдэх мэт эс мэдэх мэт

Юу ч хүсэхгүй байх нь
Юутай ч амар юм дээ

Өнчин хайлсаасний ганцаардалийн дуу
Өвлийн салхинд гансран тэнэж буйг
Энэрэнгүй зөөлөн сэтгэл шимж өргөст цэцэг ургаж буйг
Хайрлах мэт эс хайрлах мэт

Юу ч хүсэхгүй байх нь
Юутай ч амар юм дээ

Өнгө тунамал наран гэрлээр инээж
Өглөө гэдэг үг цаг хугацааг авчирч
Үйл,учралын хэлхээнд бие сэтгэл сэрэхэд
Өөрийгөө би хүсээгүй хүсэлд өгчихөөд

ӨӨ.!
Юу ч хүсэхгүй байх нь
Юутай ч амар юм дээ

12/9/10

***Энэ хорвоод юундаа ч гомдох билээ***

Эрх цэцэгсийн дэлбээг эрвийхэй үнсэж буусан
Элэгдэж эргэх заяаг уярал аргадаж тэвэрсэн
Элсний нүүдэл шиг цаг хугацаа нь
Энэрэл, ухаарал,хайр дагуулсан

Энэ хорвоод юундаа ч гомдох билээ

Эсээ задалж хөрсөнд шингэвч
Элэгээ хувааж үрдээ зововч
Шүлэг төрөхдөө амь хувааж тасравч
Шинэ бүхэн,эгэл бүхэнд шингэх

Энэ хорвоод юундаа ч гомдох билээ

Тавилангаа үүрээд
Танихгүй маргааш руу явах
Сэтгэлээс өөр өмчгүй
Хайраас өөр авчих юмгүй

Энэ хорвоод юундаа ч гомдох билээ

Нэгэн мөч,нэгэн агшинаас
Нэгэн ертөнц үүсэж ,эвдрэхийн учир
Нэгэн амьдрал,нэгэн амьнаас
Нэгэн чанар,нэгэн дэвшил үлдэхийн учир

Энэ хорвоод юундаа ч гомдох билээ

Цэцэг дэвсэж намайг өлгийдсөн хорвоод
Цэнхэр тэнгэр буй бүгдээс уянга урсдаг хорвоод
Түнэр харанхуйд ч одод инээж ханьссан хорвоод
Тосоx гуниг,учрал,мөнх бусын тоосонд нь замхаравч

Энэ хорвоод юундаа ч гомдох билээ