10/9/12

~~~~~Яруу найрагч ~~~~~


Уучлалын гүнд саран мэт гэрэлтэж
Уур, инээдийг барж ,гомдлын үгсээ залгилж
Өнгөрсөн бүхэн мартагдаж өгөөгүйд
Өөрийгөө л өрөвдөж суусан яруу найрагч

Үйл үйлийн хэлхээнд
Өөрөө ч мэдэлгүй холбогдож
Үг үгийн хүчийг сэтгэлээрээ тарнидаж
Зүрхээрээ эвлүүлж суусан яруу найрагч

Сэтгэлд чинь нуугдсан зүрхний чинь гүн дэх
Хөвчийг хөндөн эгшиглүүлж
Нулимсны чинь ариухан дусалд шингэж
Нуур шиг сэтгэлд чинь хамт хөвсөн яруу найрагч

Өөрийгөө тэсэлхэд
Xарвасан гэгээ
3адарсан өнгө
Галзуурсан цацалт...

Үгэнд багтаагүй мэдрэмжээрээ
Үнэнийг тэмтрэх гэсэн яруухан найрагч

8/24/12

~~~Бодрол~~~



Тунимхай хэдэн үүлс тэнгэрээр нэг хөлхөөд
Төөрсөн юм шиг ганц элээ уяатай юм шиг эргэлдээд
Төрсөн өдрийнийхөө орой бэлэн гоймон идсэн шигээ
Тэнэмэл нэгэн найрагч ганцаардалд хань болж суух

Юм бүхэн учиртай байх гэж үү?

8/13/12

***Баярлалаа***

Сэтгэлээс сэтгэлрүү ниссэн хайр минь
Сэмэрсэн зүрхэн дээр минь буцаад буусан
Зүрх базалсан хөндүүр зовлон зул мэт асахад
Зураг төөрөг дээр минь хүнлэг сэтгэл хайлж урссан

Цээж дүүрэн гунигаас үргэж
Цэнгэлийн шувууд алслан одсон
Итгэлгүй мөрөөдөл сэтгэл дээр минь бүжиглэхэд
Ирээдүйгээс цөхрөл ирэхдээ аргадаж тэвэрсэн

Маргаашийг гунигт нүд гомдож чадахгүй хүлээсэн
Манан дунд урсах цаг хугацаанд итгэлээ өгсөн
Газар тэнгэрийн дундуур хайж байсан ухаарал
Гар дээр өөрөө унаж ирсэн

Цэцэг гомдоох хүсэлгүй сэтгэлийн
Тэсрэхүү ?
Тэвчихүү ?
Зааг дээр ухаарал ирсэн

Хайрлаж байсан даа би чадаж байсан
Харамсах юм алга даа би жаргалтай байсан

Тиймээ өөр юу хэрэгтэй юм?
Ямар нэг юм олж авах
Ямар хэрэгтэй юм бэ?
Жаргалтай байсан цаг мөчүүдийг л өгсөнд баярлалаа

6/20/12

~~~Гэгээн бороо~~~


Хэн нэгэн гэнэт хүрэх шиг бороо дусалхад цочоод
Хэлж чадамгүй мэдрэмжинд сэтгэл өөрөө цалгиад
Мэдрэхүйн түмэн судалыг хөгжим мэт товшиж бороо ороход
Мартамгүй гэгээн мөчүүд зүрхний ховилд нэвчинэ

Тэнгэрийн ариун хүслийг шивнэх бороон дусалуудад
Энгэрийн цэцэг шиг богинохон амьдралаа өгчихмөөр
Итгэлгүй итгэл тэвэрсэн сэтгэлийн гуниг цуурч
Энэ л гэгээн бороонд зүрхээ хоосрохыг мэдэрнэ

Зүйрлэмгүй гайхам уярал цээж дүүргэн халгиад
Сэтгэшгүйн гүн дэх тэсрэлтэнд зүрхний хэмнэл алдагдаад
Ямархан нэг юм биеэр гүйх шиг болоод
Яруухан нэгэн шүлэг бороонд төрөхдөө чараллаа.

6/6/12

~~~~~Мөч бүр, хором бүрт ~~~~~


Мөч бүр, хором бүрт нар мандаж байдаг
Дэлхий эргэж байдаг учраас
Мөч бүр, хором бүрт наран жаргаж байдаг
Дэлхий бөөрөнхий учраас

Мөч бүр, хором бүрт боломж байдаг
Бид оюун ухаант хүмүүс учраас
Мөч бүр,хором бүрт гэгээрэл байдаг
Бурхан хаа сайгүй оршдог учраас

Харин та яг одоо
Хүмээсээс эсрэг зүгт хардаа...

5/28/12

~~~~~Нэргүй хэдэн мөрүүд~~~~~

Харцнаас чинь нэг юм амилаад
Надруу ирж явна
Бурхан минь...
Бурхан унтаж байгаа бололтой

****************************

Шувууд нисэхэд
Салхи сэрдэгийг мэдэрсэн тэр өглөө
Бороо орж байсан
Би зүг буруулж ганцаараа явсан

~~~~~Гэрэл~~~~~

Ямар урт шөнө вэ?
Гэрэл... гэрэл хаана байна бэ?
Гэрэл хөдөлж байх үедээ л амьтай байдаг
Гэрэл зогсох л юм бол үхдэг

Харин би яах бэ?
Зогсох хэрэгтэй
Энэ бол хоосрол
Өөртэйгээ учирах боломж...зам

Нүд,сэтгэл хуурсан гэрэлд
Ямар ч их дасаав дээ

5/27/12

~~~Нэргүй хэдэн мөрүүд~~~


Газарт дурласан тэнгэр
Бороо болон асгарна
Тэнгэрт хайртайгаа илчилж
Газар цэцэгсээ дэлгэн тэмүүлнэ

Газар тэнгэрийн завсар
Сохор хүмүүс амьдарна
Галт уул шиг нэг юм тачаадаад
Сэтгэл дотор тэсрэх гээд

Хэн нэгэн согтуу
Арван тавны сарыг дуулна
Энд бүх зүйл унтаад
Ганцхан өрөвч сэтгэл сэрүүн байна

5/11/12

~~~~~Шанз~~~~

Аниргүйг үнсэж шанзны эгшиг үүрслээ
Ар араасаа нэг нэгнээ дуудах мэт
Алсад одох шиг, усны долгиос мэт
Аяархан ,зөөлөн аялгуу,янзага дэгдэх шиг

Үг хэлэх мэт
Үнсэх шиг аргадах шиг
Салхитай учирсан гал мэт дүрэлзсэнээ
Сансар огторгуйд уусах шиг

Шанз минь
Сайхан аялгуут хөгжим минь
Бүргэд халин нисэх мэт эгшиглэх нь
Бурханы санаа алдалт гэмээр

5/8/12

~~~Одоо хаашаа ч явмаар юм дээ~~~

>
Чивэлт ертөнцийн чимээ үл хүрэх
Чийгт амьдралын сураг үл дуулдах
Гүн харанхуйн хүйснээс түгэх аниргүйд уусч
Гэрэл сүүдрийн ертөнцийг мартмаар...

Гэтэлсэн их аниргүйгээс
Эмтэлсэн хэсэгхэн жаргал
Сэрэхийн төдийд хулжиж
Цонхнын цаана өөр ертөнц хүлээнэ

Одоо хаашаа ч явмаар юм дээ

4/27/12

~~~Дуусаагүй бас эхлээгүй ~~~

Дуусаагүй бас эхлээгүй цагийн тойрогт
Дурлаагүй бас мартаагүй учралаа
Унтарсан сэргэсэн итгэлээ
Урагдсан эдгэрсэн сэтгэлээ

Шүүдрийн ус мэт
Өвсний толгой дээр орхичихоод
Шөнийн нам гүмд шингэхдээ
Хэн нэгэнийг хүлээх шиг үгүй ч шиг

Энэ аниргүйд уусахын өмнөх нэгэн мөч
Зүгээр л зурсхийн өнгөрөх агшин
Гэмшил хүлээхийн шалтгаан
Гэрэл хүсэхийн үүсэл

4/8/12

~~~Xавар ирчихэж~~~

Ганцаардалын үүд сөхөөд хавар ирчихэж
Газраас ургах нялх чийг сэтгэл дэрлэж унтаад
Гараас хэн нэгэн хөтлөх шиг уярал татаад
Гэрээсээ гараад гүймээр...xавар ирчихэж...

Тэнгэрт дүүлэх харц салхи сүвлэн алдараад
Төөрсөн олон сүнс ургамалын биеэр гоёод
Уйдахуй,санахуй сэрэхүй сарнихуй нэгэн дор зэрэгэгцээд
Уртаар амьсгаа авахуйд...xавар ирчихэж...

4/5/12

~~~Тэр хоосон зайд~~~

Ханан дахь толинд өөрийгөө харж байгаад
Гартаа алх бариад ганц л цохиж хагалах шиг
Аврал, хүсэл,айдас гуниг,хайр, харуусал дүүрсэн
Сэтгэлээ нэг хагалахсан,бутрахсан

Тэр хоосон зайд миний гэх зүйлгүй болж бүхий л ертөнц ирэхэд
Тэр бүхнийг мэдрэх баясалд умбаж
Хагарсан толь шиг сэтгэлээ түм түмээр хувилж
Үй олон ертөнцөд нэгэн зэрэг одохсон

2/19/12

~~~Үгүй дээ... нэр өгч чадахгүй нь~~~

Зовлон дунд инээж чадсан тэр бүсгүйг
Зохисгүй аялгуун дундах гэгээн өнгийг мэдэрч чадсан тэр бүсгүйг
Зовхи нойтон нулимстай инээмсэглэж байсан гайхамшигт агшинг
Зүгээр л харуулсандаа, мэдэрүүлсэндээ амьдрал чи агуу юмдаа

1/24/12

~~~Яагаад би ~~~


Яагаад би энд ирсэнээ
Яагаад би шүлэг бичдэгээ
Яагаад би намарт дуралдагаа
Яагаад би хайрыг бусдаас өөрөөр ойлгодогоо

-Мэддэггүй

Яагаад би шувуу салхи хоёрыг нэг л юм хардагаа
Яагаад би цэцэг бүсгүй хоёрыг нэгэн догдлолд шингээдэгээ
Яагаад би үүсэлгүй аниргүйд тайвширахдаа хүсэлээ тээдэгээ
Яагаад би үнэнд ялагдсан өөрөөсөө зугатааж чаддаггүйгээ

Мэддэггүй

Яагаад би чанадын мэдрэмж оргүй хоосноос ирдэгийг
Яагаад би үгэнд утга цацаж шатаахдаа хөгжим мэдэрдэгээ
Яагаад би бурхан чөтгөр хоёрын эрлийз гэдэгээ
Яагаад би эр хүсэлээ нүдээрээ цацаж энд шунаж амьдардагаа

Мэддэггүй

1/8/12

~~~ Aлсыг зоримоор...~~~


Долгиолон давалгаалан алсыг зоримоор
Догдлол тэмүүлэлээ тэврэн, тэвэрүүлэн холд одомоор
Тэнгэрлэг хүслээ тэнгэрлэг гуйлтанд шингээж шивнэчихээд
Тэнд юу хүлээж буйг үл таан,үл мэдэн алхамаар

Юу ч хүлээлгүй
Юунд ч хоргодолгүй зүгээр л замд гарамаар
Ертөнцийн түмэн утга, учрыг мартан
Ерөөсөө юу ч бодолгүй алсыг зоримоор