10/23/08

*****Би нүүнэ****

Өнөөдөр би нүүнэ
Өвсний толгой цантаж
Өвгөн шувуу үүрэглэх цагаар
Өвөл рүү би нүүнэ.

Цасны өнгөнд нүд сөгдөх
Цагаан тал руу би нүүнэ
Хөх тэнгэр унаж нийлсэн цагаан ертөнц рүү
Хуучин амьдрал,ганцаардалаас салж би нүүнэ

Хорвоогийн бүхий л өнгийг мартаад
Хөнгөн будрах цасанд л би дурлана
Аниргүйн дунд ганцаараа цасанд уусан алхаж
Араас зүүгдэх мөрөө шүлэг болгон үлдээнэ

Хүсэл,мөрөөдөл,шунал,тачаал мартагдахад
Хүлээс мэт хувь тавилан унахдаа сандчина
Хүмүүний амьдралд гишгэгдсэн сэтгэл минь сэрээд
Хүүхдийн нүдээр гэгээн оршихуйг тэмтчинэ

10/22/08

*****Дахиад л нэг........... *****

Салхины аясаар бие ээ тарааж
Сарны гэрэл нэвчээж тэнгэрээр нэг зугаалмаар
Арван долоон насны чинь харцанд
Дахиад л нэг шатаж дурламаар

Бүргэдийн дэвэлтээр он цагийг сөрөн нисч
Байрны чинь гадаа очоод дахиад л нэг дуудмаар
Алс ирээдүйн гэнэн мөрөөдөлөө ярьж зогсоод
Аавд чинь дахиад л нэг загнуулмаар

Халуу дүүгсэн гарыг чинь атгахдаа
Хачин болдогоо дахиад л нэг мэдэрмээр
Хацар дээр чинь зориг гарган үнсчихээд
Харавсан сум шиг дахиад л нэг зугатаамаар

Бүргэдийн дэвэлтээр он цагийг сөрөн нисч
Бүжин хоёр нүдийг чинь дахиад л нэг хармаар....

10/21/08

*****Би *****

Би хүний заяа нөмөрч унасан
Хайр харуусал хоёр
Би хагацал зовлон дунд буцалсан
Хатуу зөөлөн хоёр

Би хавар намар хосолсон
Хар цагаан хоёр
Би хайрын бороонд дэлбээлэх
Харзанд ургасан өргөст цэцэг

Би өчүүхэнээ мэдэрсэн
Өр нимэгхэн сэтгэл
Би өөрөөрөө л гэрэлтэх
Өнгө өнгийн цацал

Би тааж унших шахдаг таталган бичиг шигээ
Танигдашгүй нэгэн ертөнц
Би талын монгол эх орондоо л дурласан
Таанын үнэрт тайтгарах монгол шүлэгчээ

10/17/08

*****Зураглал*****

Намрын өглөө,анхны цас
Норсон бээлий,даарсан гар
Усны тэрэг,дөчийн бидон
Цагаахан инээд,цасан өвгөн.
.....хүүхэд нас минь....

***МИНИЙ ГУНИГ***

Smile

Гунигаа би цэцэг болгон ургуулчихаад юугаа бодож суух вэ
Гунигаа би шувуу болгон нисгэчихээд юугаа хүлээж суух вэ
Гунигаа би аянга болгон буулгачихаад юундаа итгэж суух вэ
Гунигаа би амьжиргаа болгон хувиргачихаад юугаараа тэжээгдэж явах вэ

Миний гуниг
Өндөр уулын оройгоос булаглан гарч
Өргөн тал руу хөөсрөн буудаг

Миний гуниг
Өвсний үзүүрийг илбэн хатирч
Өнчин хайлаасыг аргадан үдэлдэг

Миний гуниг
Цагийн харгуйтай орооцолдон хөвөрч
Цаашлах ертөнцийг нэхэн хөөдөг

Миний гуниг
Мэдэхгүйн зовлонгоор тэжээгдэн ундарч
Мэдрэхүйн үндсийг услан тэтгэдэг

Миний гуниг
Зуны цэцэгсийн өнгийг биширч
Нарны зовлонг ойлгон бөхийдөг

Миний гуниг
Намрын шувуудын дуунд сатаарч
Наашлах,эргэн учрахын дуу гэж ухаардаг

Миний гуниг
Намайг хүн болгон зогсоох гэж
Насны хэмжээтэй хорвоод намрын навч шиг шатдаг

Миний гуниг
Наснаас минь эрт намайг ухааруулж
Найраг шүлгийн онгодыг дууддаг

Өдөр шөнө ээлжилдэг хорвоод төрсөн учраас
Өвөл зун ээлжилдэг эх оронтой учраас
Өвсний толгойд шүүдэр тогтож шим хураадгийн учраас
Өөрийнхөө амьдралыг гуниг зовлонгүйгээр яахан төсөөлөх билээ

Гунигаа би цэцэг болгон ургуулчихаад юугаа бодож суух вэ
Гунигаа би шувуу болгон нисгэчихээд юугаа хүлээж суух вэ
Гунигаа би аянга болгон буулгачихаад юундаа итгэж суух вэ
Гунигаа би амьжиргаа болгон хувиргачихаад юугаараа тэжээгдэж явах вэ

ГУНИГАА би шүлэг болгон үлдээнэ
ГУНИГАА би хүсэл болгон асаана
ГУНИГАА би уучлал болгон дэвсэнэ
ГУНИГАА би ухаарал болгон ургуулна

ГУНИГАА би....................................

2007-04 сар Сөүл хот

10/14/08

*****ҮНЭНИЙ тухай ҮНЭН***** 6-p хэсэг

``Юу тарина түүнийгээ хурааж авна``гэж ариун Библи-д бичигдсэн байна.Мэдээж төмс таривал төмс,манжин таривал манжингаа хурааж авахтай адил сайн үйл хийвэл үр шимийг нь хүртэж,муу зүйл хийвэл зохих шийтгэл зовлонгоо эдэлнэ гэсэн үг юм.Энэ бол үйлийн үрийн тухай хэлж байгаа хэрэг.Карма буюу үйлийн үрийн тухай эрт дээр үеэс зааж сургасаар иржээ.Үйлийн үрийн хууль бол энэ ертөнцөд үйлчлэх хамгийн шудрага хууль юм.Бидний хийж байгаа бүх үйлдэл болон бодол санаа бичигдэж байдаг.Тэр бүү хэл бид өөрсдөө ч мартсан зурвасхан бодол санаа хүртэл тэмдэглэгдэж бичигдэж байдаг байна.
~~Хаана,яаж,хэн,хэрхэн бичиж байдаг тухай товчхон өгүүлэе.Бурханы ертөнцийн ерөнхий зохион байгуулалт нь пирамид хэлбэртэй юм.Пирамидын орой буюу дээр удирдагч бүхнийг бүтээгч нь хаан бурхан байна.Харин доошлоод хөгжилийн түвшингээрээ ялгаатай даяны орнууд байдаг байна.Хамгийн доод ертөнц нь бидний амьдардаг материаллаг ертөнц юм.Дээрхи даяны орнуудад бидний бурхад гэж нэрлэгдэх өндөр хөгжилтэй оюунлаг сүнсүүд амьдардаг байна.Тэд биднийг хариуцаж,бидний хувь тавиланг буюу хөтөлбөрийг хийж сургалтийг хянаж байдаг.
Тэд бидэнтэй 24 цагийн турш тасралтгүй холбоотой байдаг.Бидний дээрхи зурвасхан бодлыг хүртэл тэд мэдэж бичиж хадгалж байдаг.Иймд бурханы хараа хяналтаас гадуур зүйл энэ хорвоо дээр үгүй билээ.Хүн төрөлхтөний бүхий л мэдлэгийг тэд өгдөг. Тэд бидний ирээдүйд мэдэх мэдлэгийг ч бас өгнө.Гэхдээ хамаагүй өгдөггүй.Хүүхдэд гал гаргах аюул тарих зүйл өгдөггүйтэй адил бидэнд бүх мэдлэгийг өгвөл бид өөрсдийгөө болон эх дэлхийгээ сөнөөж мэдэх юм.Биднийг унтаж байхад тэд бидэнд ,хүн бүрт маргаашийн үйлд зарцуулагдах эрчим энергийг өгдөг байна.Бид үнэн сэтгэлээсээ хүсвэл тэд бидний хүслийг биелүүлдэг.Бидний дотоодод бурхан бий гэдэг үгний утга санаа нь энэ л дээ.Бас аврал өөрт бий гэдэг үг ч бас үүнд хамаатай.Тэд бас биднийг хамгаалж амьдралынхаа хөтөлбөр буюу хувь тавилангаа гүйцээж ,суралцахад нь туслаж байдаг байна.Хүний зүүд хүртэл санаандгүй биш юм.
Зүүдээр анхааруулах,сургах,мэдээлэл ,мэдлэг өгөх,ирээдүйд учрах аюулаас сэрэмжлүүлэх зорилгоор хүнд унтаж байхад нь өгдөг байна.Дэлхийн олон эрдэмтэд зүүдээрээ шинэ нээлт хийж байсныг энд дурдахгүй байж болохгүй юм.Маш товчхон бичихэд ийм байна.
~~Одоо эргээд үйлийн үрийн тухай яриандаа ороё.Хүний өөрийнх нь хийсэн бүхий л алдааг өөрөөр нь ойлгуулж ухамсарлуулах үүднээс үйлийн үрийн шудрага хууль үйлчилж байдаг.Бид өнөөдөр хэн нэгнийг зодвол ирээдүйд өөрийгөө зодож байгаатай адил юм.Хэн нэгнийг гомдоовол ирээдүйд өөрийгөө гомдоож байгаа гэсэн үг юм.Бидний хэн нь ч гэсэн хүсээгүй мөртлөө мөнгөө алдах юмуу,санаандгүй явж байгаад гэмтэл бэртэл авдаг.Энэ зайлшгүй тохиолдож байгаа зовлон бол урд насны үйлийн үр юм.Харин санаатайгаар хүн,амьтан зовоож муу үйл хийж байгаа бол бид шинээр өөртөө үйлийн үр хурааж байгаа гэсэн үг юм.Хүн амьдралдаа харгис муу үйл үйлдсэнээр бидний дотоодын жинхэнэ би болох сүнсний хөгжил олон мянган жилээр хойшлогдож зовлонт амьдралын хүрдийг олон удаа эргүүлнэ гэсэн үг юм.Хүн төрөөд үхэх нэг амьдралын хугацаанд хүрд нэг бүтэн эргэдэг байна .Үүнийг амьдралын хүрд ,сансарын хүрд гэх зэргээр нэрлэдэг байна.Иймээс энэ насанд хийсэн үйл үйлдэлээс бидний ,таны ирээдүйн амьдрал шалтгаалж байдаг байна.Энэ насандаа хийсэн муу үйлдэлийн хариуг дараагийн амьдрал хувь тавиланд нь тусгаж өгөн энэ дэлхийд илгээдэг байна.
Тэгэхээр зовлонгийн шалтгаан үнэн юм.Өмнөх 5-р эрэгцүүлэлд зовлон үнэн тухай дурдсан билээ.
Бид сайн сайхан сэтгэлээр хүн болон амьтанд туслаж сайн үйл хийвэл үүнийхээ үр шимийг заавал хүртэх юм.
Энэ бол бид ирээдүйд өөртөө туслаж байгаа асуудал юм.Тэгэхээр бид аливааг зовлонгоос гэтэлгэж туслаж байна гэдэг нь өөрийгөө зовлонгоос гэтэлгэж байна гэсэн үг л дээ Бид үйлийн үрйин тухай ухаарч ойлгож мэдсэнээр хүлцэнгүй,тэвчээртэй,ухаалаг байж туулан ангижрах гол нөхцөл, замыг бүрдүүлэхээс гадна одоо байгаа амьдралдаа хайрлах,энэрэнгүй сэтгэлээр хандаж гэрэл гэгээтэй амьдарч чадах билээ. Дээдийн ном сургаальгүйгээр амьдарвал хүний амьдрал өчүүхэн ч үнэ цэн үгүй билээ.
Үргэлжилэл бий

10/9/08

**************

Битүүлэг ертөнцийн долгиос
Бийрийн үзүүрээр цацагдахад
Биеэс сэтгэл гадагшилж
Би тэнд ч бас энд ч оршино

***************************

Бусдын яриа надруу чиглэн чичихэд
Бөөн уур хилэн сэтгэлд минь орж ирлээ
Би ямар хогийн сав юмуу
Буцаагаад гаргаад хаячихая ! энэ уур хилэнг
*************************************

10/7/08

*****ҮНЭНИЙ тухай ҮНЭН***** 5-p хэсэг

Хутагтын дөрвөн үнэн хэмээх буддын шашины алдарт сургаалиар эрэгцүүлэлээ эхэлэе.
-Зовлон үнэн
-Зовлонгийн шалтгаан үнэн
-Гэгээрэлд хүрэх үнэн
-Гэгээрэлд хүрэх зам үнэн гэж заажээ.
Өмнөх 4 эрэгцүүлэлдээ бурхан байдаг хийгээд хүмүүн бидний дотоодод бурханлаг сүнс оршдог тухай өгүүлсэн билээ.Материаллаг ертөнцөөс ангижрах тухай буддын шашинд гэтлэн тонилох,туулан ангижрах,нирваан дүрийг олох,хоосон чанарыг онох гэх мэтээр,Есүс мөнхийн улсад очих,сүнсний чөлөөлөлт гэх мэтээр өөр өөр нэрлэсэн боловч нэгэн утга агуулагыг илэрхийлж сургааль номоо айлджээ.
Яаж туулан ангижрах бэ.Тиймээ энэ л бидний хамгийн том асуудал юм.Энэ асуудал дангаар нь бус нилээн олон учир шалтгааныг хамтад нь авч үзэх шаардлагатай юм. -Хүмүүс бид шашины талаар нэгдсэн ойлголт байдаггүйгээс асуудалыг энэ зөв,тэр буруу гэх мэтээр талцаж гол мөн чанарыг ойлгохгүй гажуудах явдал хүн төрөлхтөний түүхэнд тун элбэг тохиолдож байжээ.Үүнээс болж их бага хэмжээгээр дайн гарч байсан байна.Будда,Есүс,Мухаммед зэрэг гэгээрсэн мэргэд маань нэг зүйлийн тухай хоёргүй нэг утгаар зааж сургасан.Харин түүнийг үргэлжлүүлэх явцад дээрхи алдаа завхрал гарсан байна.Үүнд тухайн үеийн хүмүүсийн хөгжил,газар орон алслагдсан байдал,залгамжлагчидын төр шашин хослон барьдаг байсан нь нөлөөлжээ.
Гэгээрсэн мэргэд багш нар ганцхан бууж ирээд больчихдоггүй.Дээрхи гэгээрсэн мэргэдээс өмнө олон гэгээрсэн багш нар бууж ирж сургааль номоо айлдаж байсан.Цаашид ч мөн ирсээр л байх болно.Энэ бол тасралтгүй үйл ажиллагаа юм.Эртний хүмүүс яаж сүнс,бурхан,туулан ангижрах тухай мэддэг байсан бэ.Тэр үеийн хүмүүс ухаантай байсан болоод тэрүү.Тийм биш юм.Тухайн үеэд гэгээрсэн багш нар бууж ирж байсан болоод энэ тухай мэдлэгийг авч байсан юм.
Гэгээрсэн багш нар бурхан гэж байдгийг сануулж,түүнрүү очих арга замийг зааж сургасаар иржээ.Хүний физик биеийг аван гэгээрсэн багш нар бууж ирэх үеийг алтан үе гэж нэрлэдэг.Энэ бол ховор тохиолдол юм.Ийм багш нар бууж ирсэн үед түүнд шавь бологсод нь туулан ангижраж чаддаг байна.
-Одоо асуудалийг өөр талаас нь авч үзэе.Дэлхий дээр бүх зүйл хэцүү,үргэлж зовож амьдрахын учир шалтгаан юу бэ.Бидний дотоодын жинхэнэ би болох сүнсийг төлөвшүүлэх ,сургах,энэрэн хайрлах,нигүүлсэнгүй дээд чанарыг эзэмшүүлэх зорилгоор энэ дэлхийд илгээсэн билээ.Сүнс удаа дараагийн олон төрөлтөөр элдэв бэрхшээл зовлон,сорилт туршилтыг даван туулсанаар сайны туйлд хүрдэг байна.Энэ бол бурханы хүмүүжүүлэх арга юм.Энэ дэлхий дээр хэнч үргэлж жаргалтай байдаггүй.
Үхэх ,өвдөх,элдэв зовлон бэрхшээл тулгарах болзолт амьдралаар амьдардаг.
Иймд зовлон үнэн юм.
-Бидний одоогийн энэ хүмүүжил төлөвшилт,ухамсар дорой байдал дээд оюунлаг ертөнцөд тохирохгүй юм.Зүйрлэвэл уулнаас бууж ирсэн зэрлэг хүн францийн Парис хотод гэнэтхэн ороод ирвэл ямар байх бэ.Тухайн зэрлэг хүндээ ч хэцүү,орчин тойрондоо ч хүндрэлтэй.Гэрлэн дохио болон биеээ авч явах зэрэг наад захын мэдлэг хэрэгтэй болно.Иймийн тулд бурхан өөрийн бүтээсэн сүнсээ материаллаг ертөнцөд төлөвшүүлж энэрэн хайрлах,бүхнийг хайрлах дээд ухамсарыг бий болгох болгох үүднээс энэ дэлхийд илгээжээ.
Иймд тухайн сүнсийг сургах хөтөлбөр буюу бидний ярьдагаар хувь тавиланг өгөн төрүүлдэг байна.Харин бурхан сүнсэнд асуудалд яаж хандах шийдэх эрх чөлөөг өгсөн.Тухайн асуудал бэршээлийн өмнө сөхөрч өөр амар хялбар зам хайн явж болох,эсвэл даван туулахыг сүнс буюу бид өөрсдөө шийдэх эрхтэй.Бурхан хүчилдэггүй,гагцхүү тухайн сүнсийг өөрөөр нь ойлгуулж ухамсарлуулж хүмүүжүүлдэг байна.Энэ насандаа бэрхшээлийг тойрч амар хялбар зам хайвал дараагийн төрөлд нь уг асуудалыг хувь заяанд (хөтөлбөр) дахин тусган өгдөг байна.
Үүнээс гадна үйлийн үрийн тухай салшгүй учир шалтгаан байна.Гол гол асуудалыг тус тусад нь гаргаж ирэхэд туулан ангижрах үндсэн асуудалын рам ноён нуруу босч ирэх байх гэж бодож байна.
Үргэлжилэл бий

10/6/08

*****Маргааш би*****

Маргааш хэмээх манант хөшигийг ярж
Минийх хэмээх он цагийн хүлэгийг унаaд
Харанхуйг сүвлэн довтолж маргааш би
Хатсан өвсний галт цуглаанд очино

Олны хөлд гишгүүлэн ургасан түүхийг нь уяран сонсож
Оргилсон хүсэл байдгийг нь мэдэрнэ
Он цагийн эрчилсэн хуйлралыг буцааж болохгүйг ойлгуулж
Орчлонд бид салшгүй нэгэн цул гэдгийг хэлнэ

Маргааш би

Харанхуй орчлонг гийгүүлж зул болон шатах
Хатсан өвсний галт цуглаанд очино
Хамгийн сүүлчийн замд нь үдэж
Хайрын тухай шүлэг уншиж өгнө

10/5/08

*****Тэмүүлэл*****

Хатаасан талх буцаад
Тариа болон халиурхад
Хажууд шунгинах шумуул
Бүргэд болох гэж айлгана

*****Ээлж*****

Нар шарсан намрын
Навчис нь унах модны
Сүүдэр туссан талд
Сүнс амрахаар хажуулдахад

Өглөө унтсан өвс
Өндийж ирээд сунайлаа
Хэдэн үхэр ирж явна
Хэлэхүү байхуу өвсөнд

10/4/08

*****Шүлэг минь*****

Өнгө мөнгөний бохир хорвоотой холилгүй
Өвөл зун шиг хүмүүний араншинд хиртээлгүй
Өөрийгөө буцалган нэрж гаргасан
Өр нимгэн хэдэн шүлэг минь

Тарааж цацсан сэтгэлээ хайх замдаа
Таньж олсон хэдэн эрдэнэ минь
Будант хорвоогийн хүний тавиланд
Бүдэрч унаад босохдоо тулсан таяг минь

Шүүдэрт өглөө өвс даарахдаа чичрэхэд
Шүлэг олсон сэтгэл баярлахдаа чичирсэн
Харавсан одoдын гялбаа оч хаяахад
Харуусах сэтгэлийг ариусгаж шүлэг ургасан

Ганцаардалын мөчирөөс шүлэг навч шиг тасрач
Гомдолын мөсөн дээр нар болж унасан
Анхилуун цэцэгсийн дэлбээнд хувилахдаа шүлэг минь
Ариусалийн гэгээн жим болж тодорсон

Насны хэмжээтэй хүний амьдралаас
Нэр хийгээд сэтгэлийг минь гэтэлгэж
Он цагийн давалгааг зүсэн одох шүлэг минь чи
Орчлонгийн хүмүүний сэтгэлд гэгээ цацаж яваарай

10/2/08

***Аялгуу****


Тэр аялгуу
Тэнгэр газрын савслагаас босч
Энгэр норгон урсахдаа
Хэний ч мэдэхгүй өөрийнхөө хэлээр
Миний сэтгэлийг илбэн аргадлаа

Тэр аялгуу
Хавар намрын зэвэргэн гунигийг
Хаанаа ч юм бэ багтаагаад
Их далайн хөөсрөх давалгааг
Ид шидийн хүчээр авчирлаа

Тэр аялгуу
Зүрхний ховдолд үүрээ зассан
Бодлын мянган шувууг үргээж
Зөн совин төөрөх алсруу
Зөвшөөрөлгүй аван одлоо

Тэр аялгуу
Цээж яран
Гэгээ цацан унахдаа
Хайрын халуун дурсамжыг
Хагацалын шаргал өдрүүдтэй сүлэлээ

Тэр аялгуу
Нил ягаан дэлбээтэй
Нилэнхүй хөх туяатай
Нэр нь үгүй ухааралын цэцгийг
Нэрээр минь дуудсаар надад өглөө.