2/14/09

***Бодрол шүлэг***

Хоосонд оршин байх гэсэндээ
Хувирч,задарч бас нэгдэж байдаг энэ хорвоо
Түмэн тэмтрүүл барих барьцгүй болохдоо
Түүнийгээ их хурд хөдөлгөөнөөр орлуулна.

Зогсолт байж болохгүй энэ ертөнц
Зоргоороо бас тарж болохгүй энэ ертөнц
Өвсний үндэс мэт түмэн холбоос нь
Өөртөө л зүүгдэх боломжийг өгнө

Түмэн хувирал сэтгэлийг татаж
Тэгэхдээ бас зовлонг үүсгэж
Мартахын манан намуухан буухдаа
Маргааш бол өчигдөр гэдгийг бас мартуулна.

Сүмийн хонх сулхан дуугарч
Сүүдэрт орчлон сэрүүхэн зүүдэлнэ
Шүлэг тэврэх сэтгэл үл тайвширахдаа
Сүмийх гэрлийн зүг тэмтчин явахдаа ганцаардана

2/8/09

***Бүх юм хуучин***


Бүдэгхэн сарны гэрэлд эрвээхий мэндлэх нь хуучин
Бүсгүй хүний анхны шөнө үл мартагдам хуучин
Бүүр эртний гунигт аялгуу сонсоогүй хуучин
Бүүвэйн дуунд хорвоо тайвширах нь уярам хуучин

Гэгээн мэргэдийн шарил дээр өвс ургах нь хуучин
Гэнэт аянга цахилж бороо орох нь хуучин
Норсон үсээ илэн солонго харах нь хуучин
Намайг сэрээх шувуудын жиргээ,нарны гэрэл хуучин

Анхны хайр,алдуурсан сэтгэл хуучин
Аврал эрэх цөхөрсөн харц хуучин
Цас хайлах,хавар,яргуй эргэх хуучин
Цагаан зээрийн хэвтэр дулаахан хуучин

Үхэл авч одох авч эргүүлж авчрах хуучин
Үлгэр эхнээсээ хуучин
Цаг хугацааны битүү тойрогт бүх юм хуучин
Цай буцлах хоромын амьдрал шинэ мэт хуучин

2/7/09

Уучлахуй дор

Нэргүй хэлгүй мэт болоод
Нимгэн цаасан дээр
Бэх мэт уусаж
Hам гүмхэнд би дурлаж байна.

Өвдөлт инээмсэглэлээр гадагшилахад
Өнгөрсөн ирээдүй хоёрт
Өөрийгөө нээж өгчихөөд
Дусал дусалаар би ууршиж байна.

Дуу сарних цагаан талд
Дур тавих шиг алдуурхад
Нимгэн цагаан үүлэнд
Нэр зүс хоёр минь сарниж байна.

Хүсэхүй дор сэтгэл ирнэ
Хүлээхүй дор амьдрал ирнэ
Ухаарахуй дор гэгээрэл ирнэ
Уучлахуй дор өөрлүүгээ би ирнэ