1/28/08

***

Мөнх юм гэж үгүй учир
Мөрөөдөл ч бас хоосон
Хов хоосонд өөрийгөө олоход
Худгийн усанд сар бутрах шиг

1/18/08

***ХЭЛЭХ ҮГ***

Дурлал дусал дусал нулимс болоод
Дуугүйхэн нэг нэгээр унахад
Сэмэрсэн хадаг шиг сэтгэлээ чи
Эмтэрсэн хадан дээр орхих шиг болсон уу?

Эргээд ирнээ тэр гэж сэтгэлээ хуураад
Энэрэлгүй хорвоод гомдон
Ээжийн жаахан охин байснаа санаж
Эхэр татан уйлсан уу?

Бүсгүй минь чи сэтгэлээ барь!
Бие ээ засаад нулимсаа арч!
Хайранд задарсан сэтгэлээ солонго болгоод
Хаврын нарыг чимээгүйхэн хүлээ.

Цаг хугацааны салхи чамайг илсээр
Дусал дусал нулимсыг чинь хатаанаа
Аргамжаатай мэт сэтгэлийн уяа тайлагдахад
Амьдралыг чи арай өөрөөр харнаа.

1/12/08

***ГИНЖ***

Үйлийн үр бүрэлдэж
Үнэний үзүүрээс тасарч
Эхийн хэвлийд унаад
Эргэж бүтэн тойроод

Тавилангийн олсонд татагдаж
Танихгүй ертөнцөд ирэхдээ
Сэвгүй ариухан сэтгэл
Сүүгээр амлаж тайвширсан

Үзэгдээгүй харагдаагүй зочин
Үүр шөнөөр ирээд
Хүү чинь ирлээ гэсээр
Хойморь эзэлж эрхэлсэн

Хөх тэнгэрээрээ тамгалуулж
Хөх толботой ирсэн учир
Хөхөлбөр их уулсаар нь нөмөрлүүлж
Хүү нь болж өссөн учраас

Эх орон таныхаа энгэрт
Эгнэгт үүрд тэвэрүүлэхийн учир
Энгэр дээр минь ургасан үрээ
Эх орон таньдаа үлдээхийн учраас

Эрэлхэг хөвгүүд чинь цусаараа бичиж бүтээсэн
Эгнэшгүй ариун түүхийг тань таслалгүй
Эх орон монголынхоо төлөө
Энэ биеээрээ гинж болно.би

1/5/08

***ГЭРЭЛ***

Харанхуйн дунд тэмтчин алхсаар
Хаана очих хүрэх гэж яваа юм бол би
Хаанаас,хэзээ ч юм бэ гарах гэрэлийг харуулдаж
Хэний ямархан хүсэлээр хаашаа явж байгаа юм болоо

Түмэн өнгийн бодол минь
Түнэр харанхуйд төөрөөд
Мэдэгдэхгүй,үнэртэхгүй,харагдахгүй баригдахгүй
Хаана байгаа юм болоо би

Цаг хугацааны олсонд чирэгдэж
Цай буцлах хоромд амьдрал шатаж
Утаачгүй замхараад
Ухаарал уурших шиг болоод......

Бурханы сураг
Будант алсад сонсогдох цуурай шиг
Нэр зүүсэн нэгэн сүнс би
Нам гүмхэн бүдгэрсээр

Зах хязгааргүй хоосонд
Залбирах төдийд итгэл сарниад
Нэлэнхүй харанхуйд өнчин сэтгэлийн
Нимгэн далавч ургаж гүйцэхгүйнээ

Одоо би хаашаа ч явахгүй
Орших эс оршихын дэнсэн дээр
Өөрөө өөрлүүгээ тос мэт шингээд
Өвс шиг шатаж,солир мэт зурвасхан гэрэлтэе

1/1/08

***ЯАХ ГЭЖ . . .***

Хэн нэгэн хийчихсэн юм шиг
Хэзээ ч юм бэ зохиочихсон амьдралд
Хэрэгтэй ч юм шиг
Хэрэггүй ч юм шиг би амьдарсаар л

Өчигдөр өнөөдөр хоёрын завсараас
Өндийж босоод
Өлсгөлөн сэтгэл
Өлөн нүдээр юу ч юм хайгаад л

Сээр нуруутан амьтан шүү чи гэж
Сэрүүн зүүд шиг амьдрал сануулсаар
Сэтгэлийн хүчээр хүлээснээс салах
Тэнгэрийн оч ,түүний хэсэг шүү гэж сэтгэл минь хэлсээр

Тэндээс би шидэгдэж
Тэгээд тойрог замаар эргэлдэж
Адгуус бурхан хоёрыг заагалсан олсон дээр
Алдаа оноо хоёрыг үүрсэн аянчин

Тиймээ энэ бол үнэн
Тийм болохоор дургүй минь хүрч байна
Яагаад ингэж явах ёстой юм
Яагаад,яагаад ингэж амьдрах ёстой юм

Яс махны зовлон дээр
Сэтгэлийн зовлонг үүрээд
Яс булаалдсан ноход шиг амьдралд
Яах, яах гэж.................

Гэхдээ би юу ч гуйхгүй ээ
Гэмгүй мөртөө зугатаах цагаан зээр шиг явахгүй
Үхэл үү явах өгсүүр замдаа
Өөрөөсөө л би гуйж амьдарна