12/30/09

***Болмоор...***

Өвөл дотор би амьдарч
Өвөл миний дотор амьдардаг
Маргаашийн орох цасны ширхэгт шингэж
Мэлмэрэх тэнгэрийн цагаан нулимас болмоор...

Хаврын цэцэгсийн үндсийг тэтгэх
Хайр шингээсэн цасан ширхэг болмоор
Энэ л бие эд эсээрээ газарт уусан нэгдэж
Ирэх хавар хүмүүсийг баярлуулах цэцэг болмоор...

Цэнхэр хаврын яргуй болж бие ээ үлдээчихээд
Цээжний гүн дэхь гуниганд чинь хань болгож
.................шүлгээ үлдээчихээд
Зул мэт шатан ариусаж, дотроосоо гэрэлтээд
Зөн татсан мөнхийн гэгээтэй нийлж гэрэл болмоор...

12/29/09

***Чиний нэртэй мөчүүд ***

Он цагийн урсгал одоог зөөсөөр ирэхэд
Чиний нэртэй мөчүүд зүрх уран оддог
Цээжинд багтаагүй сэтгэл хоосрон эргэж ирэхэд
Чихний чинь ээмэгийг хангинуулж чиний нэрийг дууддагаа

Хоосон нүд бүүдгэр алсруу тэнүүчилээд
Хагацал гунигийн хорвоод сэтгэлээ шатаан алхахдаа
Бурханы өгсөн биеийн чинь сүү урсдаг цээжинд чинь
Би галт шувуу болон бууж

Гэрэл нэрж
Гэмшил унаган хөвөмөөр байдагаа

***Шүлэг үүрсэхэд***

Уянга цацах шиг шүлэг үүрсэхэд
Ухаанд багтамгүй үнэн согтолт үүсгээд
Сарны гүнд нуугдсан нарны гэгээн гуниг
Сэтгэлийн гүн дэхь харанхуйг цуу татан гэрэлтүүлдэг

Үг дуусч ,тархи эзэнгүйрч
Үнэн одсон замын тоосонд дарагдаж хоцрохдоо
Үзэг,бие хоёроо ширээн дээрээ орхин өндийхөд
Үнэний гэгээн замд шүлэг минь үдэж өгдөг

12/26/09

***Бодрол***

Чулуу хагарч,ус хөлддөг
Чухам юм юм л болдог хорвоод
Төрж гэнэ,үхэж гэнэ
Төрсөн өдөр болдог гэнэ

Төөрч төөрч явсаар ирсэн өдөр
Төөрөг тавиланд туугдаж ирсэн өдөр
Нүгэл буяны дэнсэн дээр
Нүцгэн унасан өдөр

Тэндээс буцаад ирсэн өдөр
Төлөх үйлэндээ баригдаж ирсэн өдөр
Там диваажин хоёртоо хөтлөлцөж ирсэн өдрийг
Төрсөн өдөр гэж тэмдэглэдэг гэнэ

***Аниргүйд***

Аниргүйд цаг хугацаанаас чимээгүйхэн тасарна
Аниргүйд алс хол утгаа алдаж чимээгүйхэн шингэнэ
Аниргүйд амьтай, амьгүй бүгд чимээгүйхэн нэг болж
Аниргүйд амьдаараа үхэж чимээгүйхэн би уусна

Аниргүйд шаналал зовлон чимээгүйхэн мартагдана
Аниргүйд шархатсан сэтгэл чимээгүйхэн эдгэнэ
Аниргүйд нүгэл буяны хэмжүүрээс чимээгүйхэн сална
Аниргүйд ганцхан мөнхийн аялгуу чимээгүйхэн эгшиглэнэ

Аниргүйд би чимээгүйхэн аялгуу болно