8/24/12

~~~Бодрол~~~



Тунимхай хэдэн үүлс тэнгэрээр нэг хөлхөөд
Төөрсөн юм шиг ганц элээ уяатай юм шиг эргэлдээд
Төрсөн өдрийнийхөө орой бэлэн гоймон идсэн шигээ
Тэнэмэл нэгэн найрагч ганцаардалд хань болж суух

Юм бүхэн учиртай байх гэж үү?

8/13/12

***Баярлалаа***

Сэтгэлээс сэтгэлрүү ниссэн хайр минь
Сэмэрсэн зүрхэн дээр минь буцаад буусан
Зүрх базалсан хөндүүр зовлон зул мэт асахад
Зураг төөрөг дээр минь хүнлэг сэтгэл хайлж урссан

Цээж дүүрэн гунигаас үргэж
Цэнгэлийн шувууд алслан одсон
Итгэлгүй мөрөөдөл сэтгэл дээр минь бүжиглэхэд
Ирээдүйгээс цөхрөл ирэхдээ аргадаж тэвэрсэн

Маргаашийг гунигт нүд гомдож чадахгүй хүлээсэн
Манан дунд урсах цаг хугацаанд итгэлээ өгсөн
Газар тэнгэрийн дундуур хайж байсан ухаарал
Гар дээр өөрөө унаж ирсэн

Цэцэг гомдоох хүсэлгүй сэтгэлийн
Тэсрэхүү ?
Тэвчихүү ?
Зааг дээр ухаарал ирсэн

Хайрлаж байсан даа би чадаж байсан
Харамсах юм алга даа би жаргалтай байсан

Тиймээ өөр юу хэрэгтэй юм?
Ямар нэг юм олж авах
Ямар хэрэгтэй юм бэ?
Жаргалтай байсан цаг мөчүүдийг л өгсөнд баярлалаа