4/28/09

~~~Нутгийн чулуу~~~

Бодохийн төдийд л уярааж
Бороо болон орж сэтгэл дэвтээсэн эх орон минь
Будант саарал өдрүүдийн цаанаас
Сэмлэж гийсэн эх орон минь

Нутгийнхаа бор чулууг атгаж байгаад анирдахад
Нуурын эрэгт буух хунгийн дэвэлт сонсогддог
Нутгийнхаа бор чулууг атгаж байгаад дэлгэхэд
Нулимсаа арчиж үлдсэн эхийн минь харц харагддаг

4/9/09

''Гуниг минь түрүүлж сэрдэг''

Ирэх шувуудийн ганганаад
Гуниг минь түрүүлж сэрдэг
Ирэхүй одохуйн дунд би
Өөрийгөө гээж суудаг

Хайлсан цасны шар ус
Эмтэрсэн сэтгэлийг эмжин урсaхад
Энэ л хаврыг би хэн нэгэнд бэлэглчихээд
Эргэж харалгүй яваад л өгмөөр...

Хаврын бүлээн салхинд илбүүлэн суухдаа
Хаашаа ч юм бэ? би яардаг aa
Хайр дуудах зэргэлээт өдрүүдйиг ганцаараа үдэхдээ
Хоосортолоо би санаа алддаг аа

4/5/09

"Цэцэн Мандухай"

*** МИНИЙ ЭХ ОРОН***

*** МИНИЙ ЭХ ОРОН***


Оршил

Бие минь тэнд төрсөн болохоор
Бас сэтгэл минь тэнд төрсөн болохоор
Билэг оюун ухааныг тэндээс авсан болохоор
Би тэнд хайранд өлгийдүүлж,хайранд зодуулж өссөн болохоор
би түүнийг эх орон гэж нэрлэдэг ээ

** МИНИЙ ЭХ ОРОН***

Наран жаргавч саран мандах гэрлийн эх орон
Навч нь унавч цас нь өнгөлөх цагаахан эх орон
Нас нэмэхэд улам ойртох соронзон эх орон
Намайг шүлэг болгон хувиргах ухаарлын эх орон

Халуун хэвлийгээсээ түрж эрдэнийн чулуу гаргаж байдаг
Хаанахын ч хүүхэд атаархам хаан шиг тоглож байдаг
Хадган өнгөтэй тэнгэрээр өдөржин хучуулж байдаг
Хав хар нөмрөгийг очир алмаазан шигтгээтэй нь тийрч унтаж байдаг

Хойморт нь Бурхад заларч байдаг
Хажууханд нь хүүхэд Бурхан эрхэлж байдаг
Тулганд нь галын Бурхад инээж байдаг
Төрсөн гэр минь Бурхадын гэр байдаг

Сүүний үнэр шингэсэн бор тэрлэгний энгэрт
миний эх орон үнэртэн байдаг
Сүмэн өвсний толгой хөдөлгөх төдий салхинд
миний эх орон аргадуулан байдаг
Түрүү морины хөлсөнд
миний эх орон дусланхан байдаг
Түрүүлсэн бөхийн дэвэлтэнд
миний эх орон хотолзонхон байдаг

Хоёулаа ирсэн шувууд гурвуулаа болоод буцдаг
миний эх орон учрал хайрын эх орон
Харьд очсон морьд нь нутгаа тэмцэн гүйдэг
миний эх орон санан тэмүүлэхийн эх орон
Түмэн өнгийн цэцгээ хөлд минь дэвссэн
миний эх орон хүндэтгэл хайрлахын дээд эx орон
Түнэр харанхуйд ч сэтгэлд минь бадамлан асах
миний чиний хайрын ундрага эх орон

Намираа зөөлөн бороонд нь хорвоо ариусч байдаг
Намуухан будрах цасанд нь сэтгэл ариусч байдаг
Нүүж сууж явахдаа бууриа цэвэрлэж байдаг
Нүгэл тогтох аргагүй миний эх орон ариухан эх орон

Уулын оройд нь салхи исгэрч бодлыг алсад хүргэж байдаг
Урсгал гол нь анагаах увьдастай урсаж байдаг
Уртын дуу нь дэлхийгээс тасарч гарч байдаг
Уяхан замбуу тивийн наран таанын үнэрт согтож байдаг

Таван ханатай гэрт нь нар,саран зочилж байдаг
Таван хошуу мал гэрээ тойрон ижилсэж байдаг
Талын Таван Толгой нь хайрын учралд дуудаж байдаг
Таньж,мэдэж дуусашгүй миний эх орныг
МОНГОЛ гэж нэрлэдэг ээ

Нутгийн минь жижигхэн бор чулуунд миний эх орон багтанхан байдаг
Намар намрын навчисны хээнд миний эх орон тодронхон байдаг
Настай ээжийн минь духны үрчлээнд миний эх орон долгиотон байдаг
Нулимстай нүдийг минь салхи нь арчдаг
ЭХ ОРОНТОЙ учраас би бардамхан aлхдагаа.

"""Хаврын цас мэт"""

Дэвэрсэн сүү шиг сэтгэл
Дэндүү удаан тайвширсан
Уйт гашуун гуниг өрөмтөж дарахдаа
Ухаарал гээчийг суллаж тавьсан

Алдах онох хоёр сэлүүртэй завиар
Амьдрал гээч далайд хөвөхдөө
Амьд буйн утга учрын сувдыг олоод
Амаржсан эх мэт тайвширсан

Харанхуй сохор байснаа
Хараа орох мэт болсон
Хачин уйт гуниг харин
Хаврын цас мэт цоохортож хайлсан