3/30/10

***Шүлэг болон цааснаа бууна***


Урт урт өдрүүд уйтгар нэмэн зөрж
Уйланхай тэнгэр цас унган газар үнсэж
Уруул даваагүй үг сэтгэл даран хөндүүрлэхгүйд
Ухаарал сэрэхүйгээс тасарч навч шиг хийссэн гуниг минь

Шүлэг болон цааснаа бууна

Зүрх минь минийх биш ч миний төлөө цохилолж
Зүүд төөрсөн шөнүүдийг би биш цаг хугацаа залгиж
Зовлонт өдрүүдэд жаргал амрагийн дүрээр ирэхэд
Жаргал зовлонгийн завсараас хоосрол унахдаа

Шүлэг болон цааснаа бууна

Хэмжиж үл болох сэтгэл амгалан хайн зүтгэхдээ
Хэлбэр хэмжээс,цаг мөчүүдийн чанадыг мэрж
Хэзээ гэдэг үг хүрэх гэдэгтэй нийлж утга алдарч
Хэн билээ би чинь гэж хорвоог гайхан харахад
Хэлхээтэй бодлын гинж тасарч алтлаг гэгээ унахдаа

Шүлэг болон цааснаа бууна

3/21/10

***Миний доторхи их хүчинд...........***

Хэлбэрт орсон материаллаг зүйлс
Хөдөлж,тэмцэж,үхэж,үржиж
Зүгээр л энэ бүгдийг амьдрал гэж нэрлээд
Залхах мэт амьсгалаа гаргаx...

Тэнгэрийн хаяа руу хоосон нүд тэнээд
Тэндээс эндээс зовлонт бодол сүвчээд
Үхэл иртэл юу хийх тухай бодох завдалгүй
Үйлийн үр хатгаж босгоx...

Өглөө сэрэхэд гунигт бодолууд
Өндийж ирээд хамт сэрэх....
Нисэх мэт болоод хааяа жигүүрээ дэлгэхэд
Нэлэнхгүй орчлон тэр чигээрээ орилон зуураx...

Хаанаас ч юм ирэх гэгээт амгалан
Хааяа ч гэсэн гэтэлж ирэхдээ
Хаашаа ч бүү яв хүү минь гэхдээ
Харж байгаа бүхэнд чинь би оршдогоо гэх...

Мэдрэхүйд дөнгөлөгдсөн энэ ухамсар минийх биш тухай
Мэхэлж хуурсан өнгийн зэрэглээт ертөнц яах гэж оршдог тухай
Мэдэж буйгаа ойлгох зүтгэлгүй мэрийлт
Миний доторхи их хүчинд ертөнц тэр чигээгээ

Мэхийж байдгийг сануулах мэтээ

3/19/10

***Би тэнд шүлэг бичихгүй***

Түүнийг ирэхэд хавар ирсэн
Тэгээд л цаг хугацаа зогссон
Амьсгалж буйгаа үл мэдэрнэ түүнд ойртоход
Амьдралд гундсан хөшиг чичирэсхийсэнээ үл нээгдсэн

Би түүнийг амссан
Би түүнийг мэдрээгүй
Битүү тойрог, харанхуй нүх
Баглаа цэцэг ялзарч буйг харах,хайрлах

Бурхан байгааг мэдрүүлэх гэж шувууд жиргэх
Би амьд буйг,тэр бас энд буйг мэдэх эс мэдэх
Тэгээд бүх зүйлс цаг хугацаанд уусч хоосрох
Би ч чи ч байхгүй хувирал зэрэглээ

Сая сая жилийн гомдол баяр
Саяхан ургасан нялх ногоонд өнгө үнэрээ тохоод
Сайхан муухайг үл мэдэх чанарт хүрч одох
Сар байсан,би бас чи байсанийг ойлгох

Санаа хоосорч биеийг үл хүсэхэд
Би болоод чи дахиад л учрах
Би тэнд шүлэг бичихгүй
Чи тэнд хэнд ч гомдохгүй

Ave Maria (Schubert)

3/17/10

Зэрэглээт өдрүүдийн нэгэнд
Зүүгдэж ирсэн тэр хайр
Хэлбэр дүрсгүй сэтгэлрүү минь урссан
Харзны хүйтэн ус байж дээ

3/14/10

Сайхан монгол бүсгүй минь надад дурла

Сайхан монгол бүсгүй минь надад дурла
Сарны гэрэлд тодрох галбир гоо биеийнхээ
Сэрэл мэдрэмж бүхнээ дарс мэт хундаглаад
Сэтгэлийн галруу цацахдаа бүхий л биеийг минь шатаа

Хайр хүлээж гундсан амьдын зөнг тэвэрч
Халуун эсээ цутгаж мөнхийн агшинг бүтээ
Ханаж цадаж дуусдаггүй зовлонт ертөнцөөс нуугдаж
Хайр дуудаж сэвэлзэх тачаалын хөнжил нөмөрөе

Дөлгөөн гол мэт харцны чинь урсгалд
Дахиж хатахгүйгээр живж
Дуу алсрах шөнийн хэмнэлээр
Дусал дусалаар шингэмээр байна

Үзэсгэлэнт монгол бүсгүй минь надад дурла
Үгийн сайханыг цуглуулж цээжин дээр чинь уруулаараа сийлэе
Үнэн зугатах хорвоогийн элгэнд нэгэн мэт болж
Үхэл атаархам мөчүүдийг үг дуттал эдлэе

Сайхан монгол бүсгүй минь надад дурла
Сарнайн дэлбээт сэтгэлээ зүрхэн дээр минь шид
Заяа тавиланийн торноос мултарч хараацай шиг дүүлээд
Зүүд сарниаж, одод ичээсэн шөнүүдийг асга

Сайхан монгол бүсгүй минь надад дурла