5/28/12

~~~~~Нэргүй хэдэн мөрүүд~~~~~

Харцнаас чинь нэг юм амилаад
Надруу ирж явна
Бурхан минь...
Бурхан унтаж байгаа бололтой

****************************

Шувууд нисэхэд
Салхи сэрдэгийг мэдэрсэн тэр өглөө
Бороо орж байсан
Би зүг буруулж ганцаараа явсан

~~~~~Гэрэл~~~~~

Ямар урт шөнө вэ?
Гэрэл... гэрэл хаана байна бэ?
Гэрэл хөдөлж байх үедээ л амьтай байдаг
Гэрэл зогсох л юм бол үхдэг

Харин би яах бэ?
Зогсох хэрэгтэй
Энэ бол хоосрол
Өөртэйгээ учирах боломж...зам

Нүд,сэтгэл хуурсан гэрэлд
Ямар ч их дасаав дээ

5/27/12

~~~Нэргүй хэдэн мөрүүд~~~


Газарт дурласан тэнгэр
Бороо болон асгарна
Тэнгэрт хайртайгаа илчилж
Газар цэцэгсээ дэлгэн тэмүүлнэ

Газар тэнгэрийн завсар
Сохор хүмүүс амьдарна
Галт уул шиг нэг юм тачаадаад
Сэтгэл дотор тэсрэх гээд

Хэн нэгэн согтуу
Арван тавны сарыг дуулна
Энд бүх зүйл унтаад
Ганцхан өрөвч сэтгэл сэрүүн байна

5/11/12

~~~~~Шанз~~~~

Аниргүйг үнсэж шанзны эгшиг үүрслээ
Ар араасаа нэг нэгнээ дуудах мэт
Алсад одох шиг, усны долгиос мэт
Аяархан ,зөөлөн аялгуу,янзага дэгдэх шиг

Үг хэлэх мэт
Үнсэх шиг аргадах шиг
Салхитай учирсан гал мэт дүрэлзсэнээ
Сансар огторгуйд уусах шиг

Шанз минь
Сайхан аялгуут хөгжим минь
Бүргэд халин нисэх мэт эгшиглэх нь
Бурханы санаа алдалт гэмээр

5/8/12

~~~Одоо хаашаа ч явмаар юм дээ~~~

>
Чивэлт ертөнцийн чимээ үл хүрэх
Чийгт амьдралын сураг үл дуулдах
Гүн харанхуйн хүйснээс түгэх аниргүйд уусч
Гэрэл сүүдрийн ертөнцийг мартмаар...

Гэтэлсэн их аниргүйгээс
Эмтэлсэн хэсэгхэн жаргал
Сэрэхийн төдийд хулжиж
Цонхнын цаана өөр ертөнц хүлээнэ

Одоо хаашаа ч явмаар юм дээ