12/29/07

***ЗАМД ГАРЛАА***

Сэтгэл минь сэмэрсээр байна
Сэрүүн зүүд шиг амьдрал сэмлэж байна
Уруулаас давж унах унхиагүй үгс сэмлэж байна
Унтах нойрны зүүд ч уяагүй нохой шиг хэмлэж байна

Нүцгэн талын ганц мод шиг
Нөмгөн сэтгэл минь жиндэж байна
Ухаанаас хайр ургахийг хүлээж
Урсах цаг хугацаанд урагдаж байна

Сар шиг өнчин сэтгэлээс
Нар шиг илчтэй гэрэл гардагийг би мэдсэн болохоор
Өвчинд шаналсан ээжээс минь
Өгүүлэшгүй их хайр гарсаныг би харсан болохоор

Сэмэрч норсон сэтгэлээ
Сарны гэрэлд тэмтэрч дэлгэчихээд
Өөрийнхөө сэтгэлийн хүчийг олохоор
Өнөөдөр би замдаа гарлаа

12/23/07

***НЭГ Л***

Би нэг л амьдарна
Нэхэл хатуу хорвоог нэг удаа туулна
Насны хэмжээ дуустал
Намайг ухааруулдаг зовлонтой хамт туулна

Ээж аав минь өгсөн болохоор
Эрх биш нэрээ хайрлана
Зовлон дундаас түүсэн болохоор
Зон олондоо шүлэгээ үлдээнэ

Тээр дээр жаргал байдаг тухай
Тэнэгүүдийн үлгэр зөндөө сонссон
Үзсэн хүн байгаагүй үлгэрт итгэж явсанаас
Өнөөдрөөрөө амьдраад дууссан нь дээр

Жаргал гэж юу байдагийг
Зовсон хүн л мэддэг
Эрүүл байж байгаад үхэх
Үнэндээ жаргал биш гэж үү

Онол үзэл ярьсан
Олон тэнэгүүдийг мэднээ
Одоо боллоо
Орчлонг би өөрийнхөөрөө л хардагаа

Алдар нэр хөөцөлдөж
Амьд төрөлийн адаг болохгүй
Авс өлгий хоёрын завсар
Амьд байхдаа л жаргая

-----Алив нэг хундага өргөе---

12/19/07

***ЧОНЫН НҮДЭЭР***

Үрээ хайсан эх шувуу
Үдшийн бүрэнхийгээр тамирдан унах шиг
Үнэний эрэлд гарсан би
Үзүүргүй олсноос атгаад туйлдлаа

Цаашаа зам хязгааргүй цэлийгээд
Харин буцаад явах хүсэл алга аа

Бурхан чи байдаг бол
Буг чөтгөрч хамаагүй надруу явуулаач
Байхгүй үнэний чинь эрэлд ханисаад
Балрах мөрөө цаг хугацаанд чинь гээе

Хатгаад байгаа сэтгэл минь дээ
Халираад байгаа итгэл минь дээ

Будант нэг л өдөр буцаад би өөрлүүгээ явна
Байх байхгүйн завсраас үнэний учгийг атгана
Жирийн өвсөнд үнэний тайлал оршдогийг мэдээд
Жинхэнэ амьд байгаль руу алхам ойртоно

Тэгээд чонын нүдээр хүнийг хараад
Цочиж өөрөөсөө алхам холдоно оо

12/16/07

***ӨНЧИН СЭТГЭЛ***

Өнчин шувуу шиг сэтгэл минь ганцаардаж
Өрх энэ битүү энэ хорвоогоос өөрөө зай авч холдоно
Огторгуйн гүнд дэхь шаргал туяанд далавчаа ээж
Орхиод гарсан дэлхийгээ огт өөр нүдээр харна

Нүд минь ухаанаар харах хоромд
Нэг л их цагаахан цас сэтгэлд минь бууна
Нарийн бийрын үзүүрийг цасанд дүрээд
Намаг шалбаагт байгаа хорвоод гэгээн зам зааж зурна

Тавилангийхаа хүлээсэнд үүрэндээ эргэж буухад
Танигдаагүй ертөнцийн түмэн зовлон угтана
Танидагаараа тамхи шүдэнзээ аваад
Тамын тогоонд жаргал эдлэн сууна аа.

12/13/07

***ҮГҮЙЛЭГДЭЭД Л БАЙХААР***

Өөрийнхөөрөө л би зовж жаргаж явна
Өнчин саранд ч гунигаа хэлмээргүй байна
Үхэлтэй ганцаараа нүүр тулж уулзахын учир
Үүрд биш түр үдлээд буцахын учраас

Хэдэн шүлэгээрээ дээл хийж сэтгэлээ хучичхаад
Хэн ч явж байгаагүй тавилангийнхаа замаар явна
Буруу ч бай зөв ч бай миний л амьдрал
Будантай ч бай,гунигтай ч бай миний л сэтгэл ээ

Бурхан ч гэсэн өөрийн зовлонтой байдаг хорвоод
Буруу саналгүй өөрийнхөөрөө л зовж явая!
Гаргахаас нааш амардаггүй энэ сэтгэлээ
Гал болгож хэн нэгийг дулаацуулаад явнаа

Мөнхийн ус бол мөнхийн зовлон гэж хэлээд
Мөрөн дээрхи ачаагаа үүрээд явна
Ханийнхаа сэтгэлийг дүүргэж очоод
Хамтдаа хоёулаа зовлонг жаргал болгоод явна

Эхэлсэн бүхэн төгсдөг жамтай болохоор
Энэ хорвоогоос буцахдаа эргэж нэг харнаа
Үдлээд буцсан энэ амьдралдаа
Үгүйлэгдээд л байхаар явнаа би

12/10/07

***ГАНЦХАН САРНАЙГ***

Сэтгэлийнхээ жолоог хэсэг тавья
Сэмхэнээр дөхөх дурлал руу явна уу өөрөө мэдэг
Хэзээнээс хэлхээтэй мэт гомдолтой минь нийлээд
Хэний охин үрийг зовоох гэж явна уу өөрөө л мэдэг

Дур,хүсэл хоёртой хэлхэлдээд
Дуугаа нийлүүлээд дуртай зүгрүүгээ яваг цаашаа
Надад хамаагүй мэт нүдээ аниад
Намар оройн нүцгэн мод шиг үлдэе

Алдаж онож л яваг ээ сэтгэл минь чи
Андуурч, хууртаж л яваг зүгээрээ
Янагийн бороонд норож явахдаа сэтгэл минь
Ятгын эгшиг сарнайн тухай дуулахыг сонсоорой

Сэтгэл минь чи чөлөөтэй нис!
Чиний алдаанд би өөрийгөө дэнслэн тавья
Хайранд ургасан сарнай ганцыг
Харин чи олж ирээрэй