10/18/13

~~~~~Hамайгаа хүлээ~~~~~



Зүйлийн гэгэлгэн дуугаа унагаж
Зүсрэх олон  шувууд
Зүүрмэг тэнгэрийг чичлэн одоход
Зүрхээн дарж үлдээд намайгаа санан суун уу? чи минь

Орчлонд төөрсөн заяаны учгийг тэмтрэн холбож
Оногдсон энэ хагацалыг итгэлийн хүчээр нүхэлж
Сэтгэлийн чинь ариун сүмийн галыг өрдөн үлээхээр
Гэгэлзсэн намрын үдшээр сэтгэлээ шүлэглэн илгээлээ

Эвлэж ядсан тавилангийн
Эмтэрч бүдэрсэн учралынхаа
Гомдол бүхнээ чивэлж татаад
Гилбэрт сум шиг тавилгүй

Голт зүрхнийхээ угаас ундрах
Хайрын булагтаа угаан
Халуун итгэлээ чөдөрлөн зангидаж
Харцныхаа гэрэлд намайгаа хүлээ

Цээжинд булглах гашуун бодолууд
Цэрэглэн босож түрэн ирэхэд
Өр нимгэн сэтгэлээ илд болгон бариад
Ирэх өдрийг минь хүртэл хайраа хамгаалж  намайгаа хүлээ

Хүсээгүйд тулгасан заяаны
Эрчлээс тасраагүй мөчүүдийн дээгүүр
Зүрх цочоон ирэх гэгээн совингоо
Зөгнөлт зүүднийхээ гүнд нууж намайгаа хүлээ

Чийгт хорвоогийн хов живээс янзага мэт үргэж
Чимээгүйхэн ханьсах цөхрөлд  уусаж дасалгүй
Эргэн учрах итгэлдээ хайр ургуулж
Эгэлгэн санах сэтгэлийнхээ элгийг дэвтээж намайгаа хүлээ

Үггүй учран, харцаараа гагнагдаж
Үнэн сэтгэл цусанд чинь дүүрэн түгэхэд
Хацрын чинь арьс ягаарч гэрэлтэх
Хагацал дэвсэлж учрах мөчүүдээ зөгнөж намайгаа хүлээ