9/22/08

*****Дутуу хайрласан.......... *****

Нарны гэрэл цуулж сүүдэр амилуулж амьдрaхдаа
Нас нэмж санчигандаа гэгээ цуглуулж өтлөхдөө
Дуугүйхэн дуссан нулимасaa шүлэг болгон амилуулж
Дутуу хайрласан бүхнийхээ өмнө уучилал эрэн сөгднөм би

***Завсар***

Зүйдэл үгүй хөх тэнгэр, газар хоёрын завсар би амьдарна
Зүрхэн хоёр улаан цэцэг дэлбээлж гандах завсар би амьдарна
Үнэн худал хоёрын дөрвөн хуруу зайн завсар би амьдарна
Үхэх төрөх хоёрын завсар үйлийн үрээ эдлээд би амьдарна

Сэглэгдсэн сэтгэл сэргэсэн итгэл хоёрынхоо завсар би амьдарна
Сэрэл хөдөлж дур тавих хоёрын завсар би амьдарна
Он цаг орон зайн завсар би амьдарна
Орчлонд цас бударсаар би л мартагдах тэр завсар би амьдарна

Халуун хүйтэн хоёрын завсар бие элэгдэж би амьдарна
Хайр харуусал хоёрын завсар сэтгэл ирлэгдэж би амьдарна
Хайлган цайлган сэтгэлээ наддаа зориулсан чинийхээ
Халуун бие хайр хоёрын чинь завсар би амьдарна.

9/16/08

*******Шүлэг болоход.....*******

Би бичээд бэх нь хатаагүй шүлэг байхад
Чи ургаад дэлбээлж амжаагүй сарнай байсан
Зөн татаж чамруу би харцаа урсгахад
Зүрх хувааж чи тэгэхэд дэлбээлсэн

Зүүд шиг энэ хоосон амьдралд
Зүгээр л өөрийнхөөрөө зовж болсонгүй
Үнэний наагуурхи зовлонгийн тойрогт
Үйлэндээ баригдаж учралд дуудагдсан

Оногдсон тавилангийн муруйсан замын
Огтолцол болгонд би хайр болж суралцсан
Хэлээгүй үгээ өөрлүүгээ шингээж
Хэний ч хайрлах цагаахан хайр болгоноо

Би гэгээн хүсэлээ хорвоод цацсан шүлэг болоход
Чи гэмшилгүй цагаан уянга болж түрлэг нэмээрээ

9/4/08

*****ҮНЭНИЙ тухай ҮНЭН***** 4-p хэсэг

Зарим нэг зүйлсийг тодруулах шаардлагатай болсон тул дахин дэлгэрэнгүй бичих гэж хичээе.
Би энэ цуврал эрэгцүүлэлүүдийг бичихдээ 3 гол зарчимыг баримталсан билээ.Үүнд
1-рт Хамгийн гол асуудалыг гаргаж тавих
2-рт Маш энгийн, ойлгомжтой байх
3-рт Их нуршуу биш бас ойлгомжгүй үгсээс зайлсхийх

``Мунхаг байна гэдэг хамгийн их нүгэл,гэгээрнэ гэдэг хамгийн их буян мөн``гэсэн ЧинХай багшийн үгээр эрэгцүүлэлээ үргэлжлүүлэе.
Материаллаг ертөнц бол задрах,нэгдэх мөнхийн хөдөлгөөнд байдаг.Энэ бол түүний гол оршин байх үндсэн нөхцөл юм.
Тиймээс энэ ертөнц үй түмэн хамаарал,эвсэл ,задрал юм.Иймд энэ хамаарал сүлжээг ашиглаж хараал ерөөл хийх,үй олон засал хийх,бороо хур оруулах болиулах,за тэгээд элдэв иёогын хөөрөх,нисэх,хувилгаан шидийг үзүүлэх зэргийг үзүүлж харуулж болох юм.Эдгээрийг хийхийн тулд энэ материаллаг ертөнцийн уяaлдаа холбоог мэдэж судлах асуудал байгаа юм.
Мэдээж энэ бол жижиг асуудал.Бид энэ зовлонт материалаг ертөнцөөс ангижрах тухай ярьж байгаа нь хамгийн эцсийн ,туйлын зорилго юм.Түүнээс энэ хувирч байдаг материаллаг зүйлсийг судлаж хөөрч ,нисэж,бороо хур оруулж болиулж,элдэв хувилгаан шидийг үзүүлэх нь тийм ач холвогдолтой биш юм.
~~Эрдэмтэд туйлын нарийн ажиллагаатай машин хийсэн ч тэр машин өөрөө ажиллахгүй.Хүн асааж,кноп дарж ажиллуулна.Түүнтэй адил бидний бие бол туйлын нарийн ажиллагаатай материаллаг цогц юм.Гэхдээ л энэ материаллаг бие өөрөө ажиллаад эхлэхгүй.Харин түүнд сүнс орсоноор уг бие цогц ажиллаж эхэлнэ.
Бид өөрсдийн энэ махан бие ээ машин гэж үзвэл эзэн нь бидний сүнс байх нь мэдээж.Гэтэл бид машинаа л тордоод,машиныхаа (бие) төлөө амьдaраад дуусдаг. Машинд бол хөдөлгөгч тэжээл,тос,түүний ажиллах орчин хэрэгтэй нь адил бидний махан биед агаар,ус хоол,бас амьдрах нөхцөл хэрэгтэй болдог.Ямарч сайн машин эвдэрч муудаж хэрэггүй болдогтой адил бидний махан бие материаллаг тул мөн л адил гэсэн үг.Энэ бол материаллаг ертөнцийн гол хуулийн дагуу задарч,эвсэж байгаа юм.Материаллаг ертөнц ийм л мөн чанартай.Бид машин худалдаж авчихаад энэ машин бол би юм гэж үздэггүй биздээ.Гэтэл бид нийтээрээ шахуу махан бие ээ би гэж үздэгт л бидний гол алдаа,зовлонгийн үндэс байгаа юм.
~~Шөнийн тэнгэрт үй түмэн ододыг бид хардаг билээ.Хүн өнөөгийн шинжлэх ухааны ололтыг ашиглаж хүчтэй дуран авиагаар тэрбум гэрлийн жилийн зайд байгаа оддыг харж чадсан тухай уншиж байсан санагдана.Та боддоо гэрлийн хурдаар тэрбум жил явна гэсэн үг.Секунтэнд 300.000км хурдаар яваад.Гэтэл бас зүг бүр тийш тоолж хэлж барахын аргаггүй одот материаллаг ертөнц үргэлжилнэ.Эртний ариун судар Бхагавад Гита-д энэ одот материаллаг ертөнц бурханы бүтээлийн дөрөвний нэг нь юм гэжээ.Энэ материаллаг ертөнцийн чагнаш бурханлаг гаригууд байдаг гэжээ.Тэгэхээр манай дэлхий бурханы бүтээлийн өчүүхэн жижиг хэсэг юм.Энэ хязгааргүй мэт одот ертөнцөд бидэнтэй адил биднээс илүү хөгжилтэй,эсвэл арай буурай хөгжилийн төвшинтэй маш олон амьдрал байдаг байна.Хичнээн хөгжил дэвшилтттэй гайхамшигтай технологитoй байсан ч материаллаг ертөнцийн төрөж үхэх гол хуулинд захирагдах нь ойлгомжтой.
Иймээс бидний гол зорилго бол энэ материаллаг ертөнцөөс туулан ангижрах асуудал юм. Тийшээ хэрхэн очих бэ?
Үргэлжилэл бий

9/2/08

*****Яруу найрагч*****

Зүсрэх бороо шиг цаг хугацаа
Зүгээр л урсгаад өнгөрнө
Зүүд үү энэ амьдрал уу?
Зөн совингийн салхи чи хаашаа тууна бэ?

Зүгээр л амьдрах хүсэл алга
Зүсэр бороон дээгүүр үнэний гэгээ татуулж
Зүүд биелэх шиг үхэл ирэхэд
Зөгнөл биелэх шиг гэрэл болмоор байна би

Бямбажаргалын гэгээхэн сарны доор
Өлзийжаргалын язгуур сэтгэлийн үрийг атгасаар
Оргүй мөргүй арилах хоосон орчлонгийн завсарт
Оногдсон,oлдсон,томдсон их хувь заяа минь яруу найрагчaa

9/1/08

*****ҮНЭНИЙ тухай ҮНЭН***** 3-p хэсэг


....Би яс маханд түр буудалласан, яарсан, хоргодсон сүнс байсан
Би нарны эсрэг харж дэлбээлсэн ямархан нь үл мэдэгдэх цэцэг байсан
Би дууны эгшигт уярсан дулаахан бүлээхэн харц байсан
Би дурлалын галд уяссан дутуу хатаагдсан ган байсан

Би гэгээн цэнхэр дэвсгэр дээр өөрөө цацагдсан өнгө өнгийн будгийн холил байсан
Би уртын дууны шуранхайд хавчуулагдаж гарсан уянга сондгой эгшиг нэгэн байсан
Би тэнүүн талын дээгүүр харвасан солирыг харж түүдэгийн галаас үсэрсэн оч нь байсан
Би үхэл хүлээж хайр хүссэн өрөвчхөн сэтгэлийн гал халуун бөмбөлөг байсан..........

Аврал өөрт тань бий гэсэн будда бурханы үгээр эрэгцүүлэлээ эхэлэе.Яагаад аврал өөрт байдаг тухай нилээн нухацтай бодож үзэх цаг болжээ.
Бид бол бол энэ харагдаж, баригдаж,амьсгалж буй махан бие биш бид бол мөнх орших сүнс гэж өмнө нь бичсэн билээ.Бидний дотоодын жинхэнэ *би*бол бидний сүнс юм.Сүнсэнд баян ,ядуу гэж байхгүй,мөн сайхан муухай,царайлаг,царай муутай, дээр доор,дарга цэрэг,албан тушаал байхгүй,хөгшин залуу насны ойлголт байхгүйгээс гадна эр эм хүйсийн ялгаа байхгүй юм.
Иймээс бид бүгдээрээ дотоодоо адилхан мөн чанар нэг юм.Ялгаа гаргаж ялгаварлаж үүнээс үүдэн зовлон үйлийн үр үүсэж байдаг.Бид жинхэнэ мөн чанараа таниагүйгээс болж ялгаварлах сэтгэл үүсэж байдаг байна.
Би бол мөнх байх сүнс гэж ойлгож мэдэрч эхэлсэн үеэс л та жинхэнэ үнэн зөв мэдлэг рүү хандаж зөв байр сууринаас орчлон ертөнцийг таньж мэдэж эхэлнэ.
Тэгэхээр бид мөнх учир жинхэнэ үхэл гэж байхгүй юм.Үхэл бол хувцасаа солих үйл явц гэж ойлгож болно.
Хөгшчүүл яриндаа``аль насандаа хийсэн үйлийн үр юм болоо ``гэх юмуу урд хойд төрлийн тухай ярьж байдагийг бид бүгд л сонсож дуулж өссөн.Энэ бол үлгэр домог биш юм.
За ингэж ойлгочихоод одоо яах бэ?
Энэ материаллаг одот ертөнцийн гадна бурханлаг ертөнцүүд байдаг тухай маш олон судар гэгээн бичээсүүдэд дурдажээ.Будда болохоор бурханы орон,Исүс мөнхийн орон гэх мэтээр нэрлэцгээжээ.Бид буюу бидний жинхэнэ би болох сүнс маань тэндээс ирсэн.Бид буцаад тийшээ очих тухай л гэгээнтэнүүд зааж сургасаар иржээ.Бид эцэс төгсгөлгүй төрж үхэж зовож байдаг энэ зовлонгийн хүрднээс ангижрах тухай л үе үеийн гэгээнтнүүд зааж сургасаар ирсэн.Энэ насандаа баян,царайлаг болоод л дараа гуйлгачин,тэгээд хаан,зарц гэх мэт хязгааргүй үргэлжилэх энэ төрөх үхэх амьдрал хоосон чанартай юм.Бид зөвхөн хүний биеийг олж төрсөн энэ төрөл маань тэр гэгээн мөнхийн амьдралруу очих тийм боломжийг агуулж байдаг.
Ийм учраас эрдэнэт хүний төрөл гэж ,эрдэнэт хүний бие гэж нэрлэгддэг юм.Хүний төрөлийг олсон та бидний үнэ цэнэ чухам энэ л юм.
Тэгэхээр хүний амьдралын гол туйлын зорилго бол хоосон чанартай материаллаг энэ ертөнцөд татагдалгүй,элдэвт шуналгүй зөвхөн туулан ангижрах асуудал юм.Энэ зовлонт материаллаг ертөнцийн эцэсг төгсгөлгүй үргэлжилэх зовлонгийн хүрднээс салах гэгээн бурханлаг амьдралдаа буцаж очиход л байгаа юм.
Яаж тэр бурханлаг гэгээн ертөнцрүү очих бэ?
үргэлжилэл бий