12/22/08

*****ҮНЭНИЙ тухай ҮНЭН***** төгсгөл 8-р хэсэг

"Би Буддын болон Католик шашинтны аль нь ч биш.Би Үнэнд харяалагдаж,Үнэнийг л номлодог.Та үүнийг Буддын шашин,Католик шашин,Бумбын шашин гэх юмуу аль хүссэнээрээ л нэрлэ.Би бүгдийг дуртайяа хүлээж авна"

~Төгс Гэгээрсэн Их багш Чин Хай~

Эрт дээр үеэс гэгээрэлд хүрэх олон аргыг хүмүүс олж,мэдэж хэрэглэсээр иржээ.Гэвч эдгээр аргаууд нь төгс гэгээрэлд хүргэх нь ховор бөгөөд маш их цаг хугацаа,тэвчээр хатуужил шаардсан хүнд бэрх замыг туулах хэрэгтэй болдог байна.Гэгээрэлд яаж хурдан, төгс хүрэх бэ?.

Бидний хувьд энэ асуудал их чухал юм.Бид ийм арга замыг мэдсэнээр хурдан, төгс харьцангуй амар замаар гэгээрэлд хүрч чадах юм.Жишээ нь Бидний өмнө өндөр бартаа ихтэй уул байна гэж бодоё.Уулыг хүнд бэрх замаар даваад гарахуу? Эсвэл тойроод их удаан явах уу.Эс бөгөөс уулыг нүхлээд гарсан тийм зам тунэлийг олоод гарах уу? Тэгэхээр бид аль болох хурдан,амар бас төгс цаад талд нь хүргэж чадах тэр тунэл гарцыг олох нь хамаагүй дээр бас эрсдэл багатай юм. Ийм арга замын тухай өнөөдөр ярилцая.

Энэ бол дотоодын гэрэл.дуу аялгуугаар дамжин Эзэн бурханд хүрч,үхэх төрөх зовлонгийн хүрднээс салж мөнхийн амгаланд хүрэх арга зам юм. Төгс Гэгээрсэн Их багш Чин Хай"Энэ бүх л амьдралын дотор долгион хэлбэлзэж,хамаг л орчлон ертөнцийг тэтгэн тэжээж байдаг.Энэ бол дуу аялгуу юм.Бид энэ дуу аялгуунаас бүтсэн"гэжээ.

Ариун Библи сударт "Анх эхлээд Авиа оршиж,тэр Авиа Эзэн Бурхантай хамт байв.Тэрхүү Авиа даруй Эзэн Бурхан мөн" гэсэн байна. Мөн Буддын Их Хөлгөн сударт Олон Будда энэхүү "Аялгууны урсгалыг" түшиглэн бууж хамаг амьтдыг гэтэлгэж,Бодисад ба хамаг амьтад энэхүү "Аялгууны урсгалыг" түшиглэн их үүсвэртээ буцдаг гэжээ.

Билэг нээгдэхэд их гэрэлийг олж үзэх тухай олон судар номд тэмдэглэсэн байна.Ариун Библи сударт "Бурханыг олж үзэх үед ,Тэр гэрэл гэгээтэй адилхан,их галтай адилхан ,түүний дуу аянгын дуутай адил" гэж тэмдэглэгджээ. Тэгэхээр бид энэ ертөнц болон чанагуухи бүхий л ертөнцийг бүтээн,ивээн тэтгэж байдаг дотоодын гэрэл дуу аялгуугаар дамжин хамгийн хурдан төгс гэгээрэлд хүрэх юм.Үүнийг Аръяабалын бясалгалын арга гэж нэрлэдэг байна.

Исүс.Будда бусад гэгээрсэн багш нар бүгд л энэ аргыг хэрэглэн төгс гэгээрэлд хүрсэн байна.Исүс 13-30 насандаа юуны учир Энэтхэг,Гималайн нуруунд арван хэдэн жил зам мөрийг хайн бясалгаж байсан нь тодорхой юм. Энэхүү гэрэл дуу аялгуу нь устаж үгүй болохгүй бөгөөд мөнхөд байдаг байна. Энэ гэрэл дуу аялгуутай бид яаж холбогдох бэ?

Бид эртний гэгээрсэн багш нарыг одоо шүтээд ач холбогдол багатай юм.Учир нь энэ гэрэл, дуу аялгуутай одоо амьд байгаа гэгээрсэн багш л холбож өгч чадах юм.Тийм багш бидэнд авшига буюу гарц суваг нээж өгч биднийг замчилж,төгс гэгээрэлд хүргэж өгч чадах юм.Будда болон Исүс бусад гэгээрсэн багш нар хэдийгээр маш сайн боловч одоо бидэнд авшига өгч чадахгүй.Үе үеийн гэгээрсэн багш нар зөвхөн амьд үедээ,хүний биеийг аван бууж ирсэн үедээ л авшига (нэг төрлийн канал сувгийг нээж) өгч туулан ангижруулж байсан байна.Иймд Төгс Гэгээрсэн амьд багш бууж ирэх үеийг алтан үе гэж нэрлэдэг ажээ.
Аниргүйн дундах хөгжимийг хэн олж сонсох билээ
Харанхуйн дундах гэрлийг хэн олж харах билээ
Миний сэтгэлийн доторхи галыг хэн олж харах билээ...
гэж бичсэн эртний хятадын яруу найрагчын шүлгийг би нилээн дээр үед уншиж байсан боловч тухай үедээ ойлгоогүй билээ.Одоо бодоход (нэрийг нь санахгүй байна) уг яруу найрагч маань бясалгагч төдийгүй Аръяавалын бясалгалаар бясалгаж байсан нь тодорхой байна. Төгс Гэгээрсэн амьд багш бууж ирсэн ийм алтан үеийг бид алдаж болохгүй юм.Та одоо амьд буй Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн шавь болж түүнээс Аръявалын Номын Цогцосийг уламжлуулан авч бурхан чанараа нээсээр та өөрөө төгс туулан ангижрах төдийгүй аав, ээж үр хүүхэд өөрийн барилдлагатай хүмүүсээ гэгээн ертөнцрүү хөтөлж аваачих юм.Энэ бол тэдэндээ үнэлж баршгүй их ач буян хийж байгаа хэрэг юм.Энэ ертөнцийн эд баялаг,алдар нэр хоосон чанартай бөгөөд бидэнд үлдэж наалдах чанар нэгээхэн ч үгүй билээ. Бид энэхүү гэрэл аялгуугаар дамжин гэгээрэлд хүрэх бөгөөд
Гэгээрэлд хүрэх зам үнэн юм.
Дөрвөн үнэний сургааль үнэний тухай сургааль билээ.
Би өөрийн ойлгож ,уншиж ,ухаарч,эрэгцүүлсэнээ та бүхэнтэй хуваалцаж 8 хэсэг цуврал эрэгцүүлэлээ бичиж дуусгалаа.
Бид бүгд ,хүн бүр бурхан чанартай бөгөөд бид бүхний дотоодод маань гэрэл гэгээ, аврал, бурхан оршиж байдаг билээ.

12/18/08

***Ухаарал солиорол хоёр***

Ухаарал солиорол хоёр
Улс амьтанаас дөлөн
Худагт унасан сарыг гайхан харна

12/10/08

*****Өөр утга.......******

Өрх битүү хорвоод үхэл гэрэл болж ирэхэд
Өнгөрөх цаг хугацаан дээгүүр хамтдаа алхана
Өнгөт зүүд шиг амьдралаас сэрж
Өөр утга байгааг ухаархад үхэл үхнэ

12/5/08

*****Би дууддаг******

Нүгэл хардаг нүдээ аньж
Нартын амьдралаас тасрахуйд
Ижилгүй өнчин сэтгэл рүүгээ би
Үүд тогшилгүй айлчилна

Оршихуй дороос ухаарал өндийж
Оногдохуй гурван цагийг тэмтэрч
Өршөөл мэт аниргүйд дурлан
Өөрийгөө хайсaaр шөнийн зүг одохдоо

Би бурханыг дууддаг

12/4/08

******Намайг орхи******

Үлгэр өөрөөрөө төгсдөг шиг
Би өөрөөрөө л зовоё
Үлдэх цэг мэт ганцаараа торойгоод
Өөрийнхөөрөө л би элэгдэж амьдрая

Намайг орхи

Зүүдэнд минь ч чи битгий ир
Зүгээр л намайг зөнгөөр минь орхи
Эрх чөлөө мэт цалгих гуниг,гомдлынхоо нууранд
Энгэр норгон унах нулимасаа живүүлэе

Намайг орхи

Сарны гэрэлд чамайгаа захичихаад
Салхи эргэх зайгүй өөрлүүгээ л би уусая
Эрхи мэт битүү гогцоорч нэг нэгээр эргэхдээ би
Элэгдэх мэт сэтгэлээрээ чиний нэрийг тарнидая

Намайг орхи

Задрах шиг давалгаасан сэтгэлээ
Зүсрэх бороонд цацан агсарчихаад
Зүггүй одох чиний тавиланг сэвтээлгүй
Зүгээр л хайр цацсан нэгэн цэцэг болж үлдэе

Намайг орхи

***** Зүүгдэмээр......*****

Борооны ус намайг угаасаар
Борог өвсний дээр дуслахад
Бодрол гэмшил зэрэг ирж
Би тэнгэрээс зүүгдэмээр......

**********************************

Тэнгэрийн гуниг мэт бороо асгархад
Тэнд хайр үлдсэн байх гэсэн бодол ургана

******************************

Шүлэг бороонд нороод чичирхэд
Чиний үнэр хаанаас ч юм ирнэ
Чамайг би явчихсан гэж бодож байсийм

****************************
Үнэндээ юу ч байхгүй
Үхэл ч гэж байхгүй
Үг ч хэл ч гэж байхгүй
Үргэлжилэх цаг ч гэж байхгүй

Нүгэл ч гэж байхгүй
Нүцгэн гуниг ч байхгүй
Чи би ч гэж байхгүй
Чиг зүг ч гэж байхгүй

Бүүр юу ч байхгүйд
Байгаа бүхэн хоосон

******************************

Нарны элч шингээсэн навч унахдаа
Hамайг cүүлчийн амьсгалаараа дулаацуулав
Өр нэхээсгүй хайр ийм л байдаг юм байна даа

*************************

Өнөөдрийн зовлонг үүрч
Маргаашийн ухааралд зүүгдсээр
Манан дунд алхах түүнийг би таньсангүй
Би өөрийгөө танилгүй явуулчихаж
Эргэн учрах агшинг хүлээхээс....

11/21/08

*****Шүлэг үлдээн...... *****

Хөсөр унасан хадаг шиг гуниг минь шүлэг нөмөрөөд
Хагдрах хорвоогийн өнгөнд гундах сэтгэлийг түшин
Шартах мэт гашуун шаргал амьдрал дундуур
Ширтэх араатан мэт шунал хүсэлээс дайжин алхана

Нарны туяа залгилж цагийн урсгал сөрөн
Нэлхийтэл унах гэгээн мөчүүдэд хайлсаар
Ижилгүй өнчин сэтгэл минь нялхарч
Ирэх гэгээн аялгууг амраг мэт тосно

Сэтгэл гуниг хоёр минь бие бие ээ түшин
Сэрүүн зүүд шиг амьдралын утгыг эрэн
Сүүдэр үгүй гэрлийн зүг
Шүлэг үлдээн алхалсаар ......

11/19/08

****Бодрол****

Хоосноос салж ядан нүдээ анихад
Хөлийн доорхи өвсний түмэн гомдол үл тасарна
Энэ худлаа байна
Энд,энэ хоосонд би юу ч чадахгүй юм байна

Чадаж байгаа бүхэн маань
Түүнээс ирдэг
Ядаж буй итгэл минь
Тэрнээс тэжээгддэг

Дууриамал хоосон сарнихуйд
Дуу гарах мэт болсоноо
Амь орох мэт хүсэл илэрхэд
Амьдрал шатаж нэг л оч болно

Зүйрлэшгүй их хурд гүн тайваныг үүсгэж
Зүгээр л бүх зүйлс амгалан буйг мэдэрч
Гэрэл аялгуун дотор бүүвэйлэгдэхэд
Зүтгэж,хүсэж,шунах зүйлс нэгээхэн ч үгүй ээ

11/13/08

****Тайтгарал*****

Ай эх орон минь дээ
Алдуурах мэт сэтгэлээ чамруу нисгэчихээд
Зүггүй барьцгүй цагийн шуурганд
Эзгүйрэх мэт хоосорч үлддэгээ би

Аньсага нүдний нулимaсаа хичнээн ч удаа залгив даа би
Арьс нөмөрсөн зовлон би хичнээн ч их санав даа
Аав ээжий хоёрийг минь тэвэрч үлдсэн энгэрт
Алаг цэцэгс хэдэн ч удаа ургаж гандав даа

Шувууд буцах тоолонд сэтгэл буцаж
Шүлэг болгон сэтгэлээ хичнээн ч удаа цацав даа
Нутгийнхаа жижигхэн бор чулууг атгаж
Нууцхан үнэрлэж хэдэн ч удаа тайвширав даа би

Үйлтэй төрсөн тавилангийн зургаар
Үйлээ барж явахдаа
Солонгын долоон өнгийг газар дэвсэж угтах
Сайхан эх орон таныгаа ямарч их үгүйлэв дээ

Амьдрал мөнх бусын тавиланг чиний энгэрт тамгалсан
Аав эжий хоёрынхоо ариун газарт очихдоо
Алдуурах мэт сэтгэл,нулимас хоёроо асгаж
Алаг цэцэгсийнхээ үнэрт дэвтэж нэг тайтгарнаа хүү чинь

11/7/08

*****ҮНЭНИЙ тухай ҮНЭН***** 7-p хэсэг

"Манай зам мөр бол шашин биш.Би хэнийг ч Католик юмуу Буддын шашин ямар нэгэн изм рүү хандуулахгүй.Би зөвхөн таньд өөрийгөө таньж мэдэх,хаанаас ирснээ олж мэдэх,газар дэлхий дээрхи үүрэг зорилгоо сэргээн санах,ертөнцийн нууцыг нээх,яагаад ийм их зовлон зүдгүүр байдаг болон үхлийн дараа биднийг юу хүлээж байдгийг ойлгох зам мөрийг санал болгож байгаа юм"
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

Үхэх төрөх зовлонгийн хүрднээс салж туулан ангижрахад миний ойлгосноор дараахь гурван асуудал байна.
1~Туулан ангижрах чин хүсэл байх хэрэгтэй
2~Гэгээрэлд хүргэж төгс туулан ангижруулж чадах багш хэрэгтэй
3~Хүлцэнгүй,тэвчээртэй,итгэл,зүтгэл хэрэгтэй.
Та чин хүсэлтэй байгаад бас тэвчээр,итгэл,зүтгэлтэй байгаад ч багшгүй бол туулан ангижарч чадахгүй юм.Тэгэхээр багш гэж хэн бэ? Ямар хүнийг багш гэх бэ? Энэ талаар ярилцая.
Би 5-р эрэгцүүлэлдээ Будда,Исүс,Мухаммед зэрэг гэгээрсэн багш нараас өмнө багш нар ирж байсан хойшид ч ирж байх болно.Энэ бол тасралтгүй үйл ажиллагаа юм.Багш нар Бурхан гэж байдгийг сануулж,түүнд хүрэх арга замыг зааж байдаг тухай болон ийм гэгээрсэн багш нар бууж ирэх үеийг алтан үе гэж нэрлэдэг тухай бичсэн билээ.Бурханд духаа цоортол мөргөөд,түмэн дүнчүүр маань мэгзэм уншаад,насаараа Исүсийг магтан дуулаад туулан ангижарч чадахгүй юм.Харин тэр зүгт хандаж зөв амьдарч,зөвхөн дараа төрөлөө л сайжруулж чадах юм.
Төгс Гэгээрсэн Багш нар бууж ирээд буцахад түүний үйлчлэх нөлөөлөл,хүч нь 200-500 жил орчим байдаг байна.Будда 2500 жил орчим,Исүс 2000 орчим жил,Мухаммед 1500 орчим жил болжээ.Бидний сайн таних их багш нар ирээд ийм хугацаа өнгөрчээ.Хэрэв тийм биш байдаг бол нэг л багш бууж ирээд бид түүний сургааль номоор туулан ангижраад байж болох байтал тийм биш байна.Ийм учраас үе үеийн турш их багш нар бууж ирж байсан байна.
Одоо туулан ангижрах замын тухай ярилцая.Хүний энэ төрөл маань дотроо 100-аад дэстэй (хөгжилийн түвшингээрээ).Олон удаагийн хүрд эргүүлсэн (төрөх үхэх)сүнс 100 дахь түвшинрүү ойртож байхад цөөхөн хүрд эргүүлсэн сүнсний хөгжилийн түвшин доор байна.Ийм учраас хүмүүс янз бүр байдаг.Нэг айлын хүүхдүүд хүртэл өөр өөр зан,араншинтай байдаг нь ийм учиртай юм.
Хүн хөгжилийн дээд түвшинд хүрээд (маш олон удаа төрөл авсаны дараа) дараагийн ертөнцөд очдог.Энэ нь Асурийн (1р ертөнц )ертөнц юм.Энэ ертөнц хүний ертөнцийн дээр байдаг ертөнц юм.Асурт бидний мэдэхгүй олон гайхамшиг,хол ойрын ялгаа байхгүй болж санаа бодол унших ,нисэх хөөрөх гэх зэрэг ид шидийн гэмээр ертөнц юм.Гэхдээ л тэнд үйлийн үрийн хууль үйлчилж байдаг тул үхэх төрөх хүрд ээлжилнэ.Энэ Асурийн төрөл дотроо 120 орчим хөгжилийн түвшинтэй.За цаашлаад Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн өгүүлсэнээр 2-р ертөнц байна.Энд Акашийн мэдлэгийн сан байдаг.Ирээдүй одоо өнгөрсөн 3 цаг нэг доор байна гэсэн үг.Энэ 2-р ертөнц болон цаашлах ертөнцийн тухай хүний хэлээр хэлж,хүний оюун ухаанаар ойлгож гүйцэхгүй юм.Жишээ нь адгуусан амьтан манай дэлхий бөөрөнхий,хойд урд туйлтай,соронзон бүрхүүлтэй гэж яагаад ч бодож сэтгэж чадахгүйтэй адил юм.Ертөнц бүр хөгжилийн түвшинтэй.Энэ 2-р ертөнц болон цаашлаад гурав,дөрөвдүгээр ертөнцийг гэтлэн 5-р ертөнцөд хүрч байж бид төгс туулан ангижарч чадах юм.Учир нь бид 5-р ертөнцөөс ирсэн.5-р ертөнц бол бидний очих ёстой бидний мөнх амгалангийн ертөнц юм. 2-р ертөнцөд хүрсэн гэгээрсэн багштай бол бид 2-р ертөнцөд л хүрч чадна.4 -р ертөнцөд хүрсэн гэгээрсэн багштай бол 4-т хүрнэ.Төгс туулан ангижарч чадахгүй юм.Харин тав болон түүнээс дээш ертөнцөд хүрсэн Төгс Гэгээрсэн Багштай бол бид туулан ангижарч чадах юм.Тийм багш 5-р ертөнц хүрэх замийг мэдэх тул биднийг дагуулан шууд 5-д хүргэж өгч чадах юм.Тэгэхээр бид хүний энэ төрөлөөс шууд 5-р ертөнцөд хүрч чадах боломж байгаа гэсэн үг юм.Энэ бол тун ховор маш их аз завшаантай хэрэг юм.
~~Хүн бүрт бурхан чанар байдаг тул бид маш олон зовлон бэрхшээл туулан,төрөх үхэх ээлжилж,ертөнц бүрийн олон түвшинг гүйцээж хэзээ нэгэн цагт 5-р ертөнцөд хүрэх юм.
Иймээс "Гэгээрэлд хүрэх нь үнэн" юм.
5 болон 6-р эрэгцүүлэлдээ"Зовлон үнэн","Зовлонгийн шалтгаан үнэн" тухай тайлбарлаж гаргаж ирсэн билээ.Дараагийн дугаартаа "Гэгээрэл хүрэх зам үнэн" болох тухай бичих бөгөөд үүгээрээ Хутагтийн 4 үнэний тухай сургаалийг өөрийнхөө ойлгож мэдсэнээр тайлбарлахийг хичээлээ.
~~Дээд Бурханы хүсэлээр түүний хайр,илч,энергийг өвөрлөн хүний төрөлд бууж ирсэн Гэгээрсэн Багш нар хүнийг шууд туулан ангижруулж нэг үгээр хэлбэл шууд 5-р ертөнцөд хүргэж өгөх хүч чадалтай байдаг байна.Бид тийм багшийг олж түүнд шавь орвол дээрхи олон ертөнц,ертөнц бүрийн олон түвшинд элдэв зовлон бэрхшээл туулахгүйгээр,тоймгүй олон үхэх төрөх зовлонгийн хүрдэнд эргэхгүйгээр энэ насандаа туулан ангижарч чадах юм.Чухам дээдийн аз завшаан гэж энэ билээ.Гэгээрсэн багш нар янз бүрийн амьдрал,тавилантай бууж ирдэг байна.
Будда хаан хүү байж байгаад бүх зүйлээ орхиж гэгээрэлд хүрч байсан бол.Исүс амьдаараа цовдлуулж байсан байна.Хүмүүсийн ихэнх нь их багш нарыг амьд байхад нь таньж мэддэггүй байна.Хүмүүс Гэгээрсэн Их багш гэхээр Будда ч юмуу,Исүс ч юмуу,эсвэл цагаан сахалтай өвгөн байх мэтээр төсөөлдөг.Энэ нь алдаатай буруу,бодол төсөөлөл юм.
Будда,Исүс,Мухаммед нар шиг Төгс Гэгээрсэн Их Багш Чинхай тодрон гарч ирсэн энэ алтан үед амьдарч байгаагаа бид одоо л ойлгож ухаарч мэдэх хэрэгтэй.
Энэ нь бидний хувьд их аз завшаантай хэрэг юм.Хүний төрөлийг аван бууж ирсэн амьд багш шавь бологсоддоо авшига өгдөг.Авшиг өгнө гэдэг бол тухайн шавийнхаа
~~Үйлийн үрийг тасалж,үйлийн үрийг нь багш өөртөө авна гэсэн үг
~~Билэгийн нүдийг нь нээж,бурхан чанарийг нь нээж өгнө гэсэн үг
~~Туулан ангижруулж,үхэх төрөх хүрднээс ангижруулна гэсэн үг
~~Замчилж араасаа дагуулан явна гэсэн үг
~~Энэрэн хайрлаж өөрийнхөө ивээлд авна гэсэн үг
~~Авшига гэдэг бол бидний мэдэхгүй нэг төрөлийн эрчим энергийг өгч,гарах гарц,суваг нээж байна гэсэн үг юм.
Зөвхөн хүний биеийг аван бууж ирсэн амьд багш л авшига өгдөг байна.Амьд Төгс Гэгээрсэн Багш бол элдэв зураг,мод,чулуу,шавраар хийсэн бурхадын дүрийг амилуулдаггүй.Харин хүнийг өөрийг нь бурхан болгодог байна.
Асуудал өөрөө маш өргөн,гүнзгий бөгөөд товчхон бичиж байгаа минь энэ юм.
Үргэлжилэл бий

11/3/08

*****Монголын намар*****

Буцах шувуудын уйлаан тэнгэрээс унaн хийсэж
Борог өвсний амь газарт мөргөн шингэж
Бодолын мөчирт ганцаардалын навч зүүгдсээр
Будант өглөөний хүйтэн салхиар намар ирлээ

Нандин хүслээ шивнэсээр эрвээхий цэцэгэнд уусахад
Нарнаас өнгө гуйж намар өөрийгөө гоёлоо
Бүлэг дэрсэн дунд амиа нуусан туулай
Бугын урамдлагад цочин анир тосон хярлаа

Найрын гэрийн гадаа уяаны морьд үүрмэглэж
Намар оройн айраганд сэтгэл халан нялхaрхад
Мэндийн цэнхэр хадаган дээрээс
Миний монголын минь намар эхэлвээ

11/1/08

♡♡♡***ЗҮҮД***♡♡♡

Хайрт ээж Норжингийн Хорлоо таныхаа гэгээн дурсгалд зориулав

*****ЗҮҮД*****

Зүйрлэшгүй сайхан зүүд зүүдэлж
Өгүүлшгүй их гунигаар өглөөг би угтлаа
Зүсэр бороо орчлонг угаасан тэр өглөө
Зүүдээ санаж зүрхэндээ уйлж сэтгэлээ би угаалаа

Өглөө босоход ээж минь цай чанаж байна гэнэ
Өө,хүү минь сэрэв үү гээд өндийж байна гэнэ
Яасан хол ирээ вэ гээд асууж байна гэнэ
Ядрав уу хүү минь гээд үнсэж байна гэнэ.

Даан ч богинохон тэр зүүд намайг уярааж
Далай их хайрыг ээж л өгдгийг ухааруулж
Хүний газар хүү чинь таныгаа л дурсахдаа
Хүйтэн дэрэн дээр халуун нулимс дусаасан

Дөч хүрээгүй миний ээж
Дөрвөн хүүхдэдээ л хорвоод хоргодсон
Эд минь арай балчир байна гээд
Эцэгт минь хэлээд уйлж байсан

Аргалж болоогүй аюулт өвчин
Ачит ээжийг минь аваад явахад
Арван зургаатай айлын том хүү би
Аавыгаа түшээд л уйлж зогссон

Адилхан байж ээжтэй гэж
Ангийнхаа хүүхдэд би атаархаж
Арван жилийн сургууль руу
Алаг нүдэндээ нулимстай алхсан.


Ээж минь та хүүгээ л эргээд явж дээ
Энэ л хорвоод та л намайг бүтэн хайрлаж дээ
Үндэстэй мод ургадаг гэдэг юм аа
Үртэй хүн үхдэггүй гэж үнэн юм байна аа.

Бодлын үзүүр намайг нүхлэн өрөмдөж
Болох болохгүй шүлгийн мөртүүд зоргодос шиг хөвөрч
Босон суун цаг харан нойр хулжиж
Босоод ирэхгүй ээжийгээ бодсоор өглөөг би угтлаа.

Өглөө сэрэхэд ээж минь цай чанаж байна гэнэ
Өө,хүү минь сэрэв үү гээд өндийж байна гэнэ
Яасан хол ирээ вэ гээд асууж байна гэнэ
Ядрав уу хүү минь гээд үнсэж байна гэнэ

Сөүл хот

*****Жингийн цуваа .....*****

Болзоотой мэт хорвоогийн өдрүүд
Баяр,хөөр,зовлон гуниг тээсээр
Жингийн цуваа мэт хөвөрөн ирж
Жаргал зовлон хоёрыг над дээр асгадаг

Хэн гээч нь хаана амьдарчихаад
Хэрэг явдал яах гэж үүсгэн
Хэлхээтэй эрх шиг өдрүүдийн цуваанд
Хүсээгүй амьдралыг зүүж явуулдаг юм бэ

Цаг хугацааны боол хүмүүн бие ээ золиж
Цахилах гөрөөс мэт амьдралын хүрдэн дээр гишгэж
Зовлон болсон жаргал хийгээд
Золиос болсон амьдралын учрыг олоё

Хүн болж төрсөний хэрэг юусан билээ
Хүсэл мөрөөдөл,итгэл,цөхрөлийн мананг ярж
Зэрэлээ мэт хоосон амьдралын тойрогруу
Жингийн цуваа явуулдаг жинхэнэ эзэнтэй нь уулзая

10/23/08

*****Би нүүнэ****

Өнөөдөр би нүүнэ
Өвсний толгой цантаж
Өвгөн шувуу үүрэглэх цагаар
Өвөл рүү би нүүнэ.

Цасны өнгөнд нүд сөгдөх
Цагаан тал руу би нүүнэ
Хөх тэнгэр унаж нийлсэн цагаан ертөнц рүү
Хуучин амьдрал,ганцаардалаас салж би нүүнэ

Хорвоогийн бүхий л өнгийг мартаад
Хөнгөн будрах цасанд л би дурлана
Аниргүйн дунд ганцаараа цасанд уусан алхаж
Араас зүүгдэх мөрөө шүлэг болгон үлдээнэ

Хүсэл,мөрөөдөл,шунал,тачаал мартагдахад
Хүлээс мэт хувь тавилан унахдаа сандчина
Хүмүүний амьдралд гишгэгдсэн сэтгэл минь сэрээд
Хүүхдийн нүдээр гэгээн оршихуйг тэмтчинэ

10/22/08

*****Дахиад л нэг........... *****

Салхины аясаар бие ээ тарааж
Сарны гэрэл нэвчээж тэнгэрээр нэг зугаалмаар
Арван долоон насны чинь харцанд
Дахиад л нэг шатаж дурламаар

Бүргэдийн дэвэлтээр он цагийг сөрөн нисч
Байрны чинь гадаа очоод дахиад л нэг дуудмаар
Алс ирээдүйн гэнэн мөрөөдөлөө ярьж зогсоод
Аавд чинь дахиад л нэг загнуулмаар

Халуу дүүгсэн гарыг чинь атгахдаа
Хачин болдогоо дахиад л нэг мэдэрмээр
Хацар дээр чинь зориг гарган үнсчихээд
Харавсан сум шиг дахиад л нэг зугатаамаар

Бүргэдийн дэвэлтээр он цагийг сөрөн нисч
Бүжин хоёр нүдийг чинь дахиад л нэг хармаар....

10/21/08

*****Би *****

Би хүний заяа нөмөрч унасан
Хайр харуусал хоёр
Би хагацал зовлон дунд буцалсан
Хатуу зөөлөн хоёр

Би хавар намар хосолсон
Хар цагаан хоёр
Би хайрын бороонд дэлбээлэх
Харзанд ургасан өргөст цэцэг

Би өчүүхэнээ мэдэрсэн
Өр нимэгхэн сэтгэл
Би өөрөөрөө л гэрэлтэх
Өнгө өнгийн цацал

Би тааж унших шахдаг таталган бичиг шигээ
Танигдашгүй нэгэн ертөнц
Би талын монгол эх орондоо л дурласан
Таанын үнэрт тайтгарах монгол шүлэгчээ

10/17/08

*****Зураглал*****

Намрын өглөө,анхны цас
Норсон бээлий,даарсан гар
Усны тэрэг,дөчийн бидон
Цагаахан инээд,цасан өвгөн.
.....хүүхэд нас минь....

***МИНИЙ ГУНИГ***

Smile

Гунигаа би цэцэг болгон ургуулчихаад юугаа бодож суух вэ
Гунигаа би шувуу болгон нисгэчихээд юугаа хүлээж суух вэ
Гунигаа би аянга болгон буулгачихаад юундаа итгэж суух вэ
Гунигаа би амьжиргаа болгон хувиргачихаад юугаараа тэжээгдэж явах вэ

Миний гуниг
Өндөр уулын оройгоос булаглан гарч
Өргөн тал руу хөөсрөн буудаг

Миний гуниг
Өвсний үзүүрийг илбэн хатирч
Өнчин хайлаасыг аргадан үдэлдэг

Миний гуниг
Цагийн харгуйтай орооцолдон хөвөрч
Цаашлах ертөнцийг нэхэн хөөдөг

Миний гуниг
Мэдэхгүйн зовлонгоор тэжээгдэн ундарч
Мэдрэхүйн үндсийг услан тэтгэдэг

Миний гуниг
Зуны цэцэгсийн өнгийг биширч
Нарны зовлонг ойлгон бөхийдөг

Миний гуниг
Намрын шувуудын дуунд сатаарч
Наашлах,эргэн учрахын дуу гэж ухаардаг

Миний гуниг
Намайг хүн болгон зогсоох гэж
Насны хэмжээтэй хорвоод намрын навч шиг шатдаг

Миний гуниг
Наснаас минь эрт намайг ухааруулж
Найраг шүлгийн онгодыг дууддаг

Өдөр шөнө ээлжилдэг хорвоод төрсөн учраас
Өвөл зун ээлжилдэг эх оронтой учраас
Өвсний толгойд шүүдэр тогтож шим хураадгийн учраас
Өөрийнхөө амьдралыг гуниг зовлонгүйгээр яахан төсөөлөх билээ

Гунигаа би цэцэг болгон ургуулчихаад юугаа бодож суух вэ
Гунигаа би шувуу болгон нисгэчихээд юугаа хүлээж суух вэ
Гунигаа би аянга болгон буулгачихаад юундаа итгэж суух вэ
Гунигаа би амьжиргаа болгон хувиргачихаад юугаараа тэжээгдэж явах вэ

ГУНИГАА би шүлэг болгон үлдээнэ
ГУНИГАА би хүсэл болгон асаана
ГУНИГАА би уучлал болгон дэвсэнэ
ГУНИГАА би ухаарал болгон ургуулна

ГУНИГАА би....................................

2007-04 сар Сөүл хот

10/14/08

*****ҮНЭНИЙ тухай ҮНЭН***** 6-p хэсэг

``Юу тарина түүнийгээ хурааж авна``гэж ариун Библи-д бичигдсэн байна.Мэдээж төмс таривал төмс,манжин таривал манжингаа хурааж авахтай адил сайн үйл хийвэл үр шимийг нь хүртэж,муу зүйл хийвэл зохих шийтгэл зовлонгоо эдэлнэ гэсэн үг юм.Энэ бол үйлийн үрийн тухай хэлж байгаа хэрэг.Карма буюу үйлийн үрийн тухай эрт дээр үеэс зааж сургасаар иржээ.Үйлийн үрийн хууль бол энэ ертөнцөд үйлчлэх хамгийн шудрага хууль юм.Бидний хийж байгаа бүх үйлдэл болон бодол санаа бичигдэж байдаг.Тэр бүү хэл бид өөрсдөө ч мартсан зурвасхан бодол санаа хүртэл тэмдэглэгдэж бичигдэж байдаг байна.
~~Хаана,яаж,хэн,хэрхэн бичиж байдаг тухай товчхон өгүүлэе.Бурханы ертөнцийн ерөнхий зохион байгуулалт нь пирамид хэлбэртэй юм.Пирамидын орой буюу дээр удирдагч бүхнийг бүтээгч нь хаан бурхан байна.Харин доошлоод хөгжилийн түвшингээрээ ялгаатай даяны орнууд байдаг байна.Хамгийн доод ертөнц нь бидний амьдардаг материаллаг ертөнц юм.Дээрхи даяны орнуудад бидний бурхад гэж нэрлэгдэх өндөр хөгжилтэй оюунлаг сүнсүүд амьдардаг байна.Тэд биднийг хариуцаж,бидний хувь тавиланг буюу хөтөлбөрийг хийж сургалтийг хянаж байдаг.
Тэд бидэнтэй 24 цагийн турш тасралтгүй холбоотой байдаг.Бидний дээрхи зурвасхан бодлыг хүртэл тэд мэдэж бичиж хадгалж байдаг.Иймд бурханы хараа хяналтаас гадуур зүйл энэ хорвоо дээр үгүй билээ.Хүн төрөлхтөний бүхий л мэдлэгийг тэд өгдөг. Тэд бидний ирээдүйд мэдэх мэдлэгийг ч бас өгнө.Гэхдээ хамаагүй өгдөггүй.Хүүхдэд гал гаргах аюул тарих зүйл өгдөггүйтэй адил бидэнд бүх мэдлэгийг өгвөл бид өөрсдийгөө болон эх дэлхийгээ сөнөөж мэдэх юм.Биднийг унтаж байхад тэд бидэнд ,хүн бүрт маргаашийн үйлд зарцуулагдах эрчим энергийг өгдөг байна.Бид үнэн сэтгэлээсээ хүсвэл тэд бидний хүслийг биелүүлдэг.Бидний дотоодод бурхан бий гэдэг үгний утга санаа нь энэ л дээ.Бас аврал өөрт бий гэдэг үг ч бас үүнд хамаатай.Тэд бас биднийг хамгаалж амьдралынхаа хөтөлбөр буюу хувь тавилангаа гүйцээж ,суралцахад нь туслаж байдаг байна.Хүний зүүд хүртэл санаандгүй биш юм.
Зүүдээр анхааруулах,сургах,мэдээлэл ,мэдлэг өгөх,ирээдүйд учрах аюулаас сэрэмжлүүлэх зорилгоор хүнд унтаж байхад нь өгдөг байна.Дэлхийн олон эрдэмтэд зүүдээрээ шинэ нээлт хийж байсныг энд дурдахгүй байж болохгүй юм.Маш товчхон бичихэд ийм байна.
~~Одоо эргээд үйлийн үрийн тухай яриандаа ороё.Хүний өөрийнх нь хийсэн бүхий л алдааг өөрөөр нь ойлгуулж ухамсарлуулах үүднээс үйлийн үрийн шудрага хууль үйлчилж байдаг.Бид өнөөдөр хэн нэгнийг зодвол ирээдүйд өөрийгөө зодож байгаатай адил юм.Хэн нэгнийг гомдоовол ирээдүйд өөрийгөө гомдоож байгаа гэсэн үг юм.Бидний хэн нь ч гэсэн хүсээгүй мөртлөө мөнгөө алдах юмуу,санаандгүй явж байгаад гэмтэл бэртэл авдаг.Энэ зайлшгүй тохиолдож байгаа зовлон бол урд насны үйлийн үр юм.Харин санаатайгаар хүн,амьтан зовоож муу үйл хийж байгаа бол бид шинээр өөртөө үйлийн үр хурааж байгаа гэсэн үг юм.Хүн амьдралдаа харгис муу үйл үйлдсэнээр бидний дотоодын жинхэнэ би болох сүнсний хөгжил олон мянган жилээр хойшлогдож зовлонт амьдралын хүрдийг олон удаа эргүүлнэ гэсэн үг юм.Хүн төрөөд үхэх нэг амьдралын хугацаанд хүрд нэг бүтэн эргэдэг байна .Үүнийг амьдралын хүрд ,сансарын хүрд гэх зэргээр нэрлэдэг байна.Иймээс энэ насанд хийсэн үйл үйлдэлээс бидний ,таны ирээдүйн амьдрал шалтгаалж байдаг байна.Энэ насандаа хийсэн муу үйлдэлийн хариуг дараагийн амьдрал хувь тавиланд нь тусгаж өгөн энэ дэлхийд илгээдэг байна.
Тэгэхээр зовлонгийн шалтгаан үнэн юм.Өмнөх 5-р эрэгцүүлэлд зовлон үнэн тухай дурдсан билээ.
Бид сайн сайхан сэтгэлээр хүн болон амьтанд туслаж сайн үйл хийвэл үүнийхээ үр шимийг заавал хүртэх юм.
Энэ бол бид ирээдүйд өөртөө туслаж байгаа асуудал юм.Тэгэхээр бид аливааг зовлонгоос гэтэлгэж туслаж байна гэдэг нь өөрийгөө зовлонгоос гэтэлгэж байна гэсэн үг л дээ Бид үйлийн үрйин тухай ухаарч ойлгож мэдсэнээр хүлцэнгүй,тэвчээртэй,ухаалаг байж туулан ангижрах гол нөхцөл, замыг бүрдүүлэхээс гадна одоо байгаа амьдралдаа хайрлах,энэрэнгүй сэтгэлээр хандаж гэрэл гэгээтэй амьдарч чадах билээ. Дээдийн ном сургаальгүйгээр амьдарвал хүний амьдрал өчүүхэн ч үнэ цэн үгүй билээ.
Үргэлжилэл бий

10/9/08

**************

Битүүлэг ертөнцийн долгиос
Бийрийн үзүүрээр цацагдахад
Биеэс сэтгэл гадагшилж
Би тэнд ч бас энд ч оршино

***************************

Бусдын яриа надруу чиглэн чичихэд
Бөөн уур хилэн сэтгэлд минь орж ирлээ
Би ямар хогийн сав юмуу
Буцаагаад гаргаад хаячихая ! энэ уур хилэнг
*************************************

10/7/08

*****ҮНЭНИЙ тухай ҮНЭН***** 5-p хэсэг

Хутагтын дөрвөн үнэн хэмээх буддын шашины алдарт сургаалиар эрэгцүүлэлээ эхэлэе.
-Зовлон үнэн
-Зовлонгийн шалтгаан үнэн
-Гэгээрэлд хүрэх үнэн
-Гэгээрэлд хүрэх зам үнэн гэж заажээ.
Өмнөх 4 эрэгцүүлэлдээ бурхан байдаг хийгээд хүмүүн бидний дотоодод бурханлаг сүнс оршдог тухай өгүүлсэн билээ.Материаллаг ертөнцөөс ангижрах тухай буддын шашинд гэтлэн тонилох,туулан ангижрах,нирваан дүрийг олох,хоосон чанарыг онох гэх мэтээр,Есүс мөнхийн улсад очих,сүнсний чөлөөлөлт гэх мэтээр өөр өөр нэрлэсэн боловч нэгэн утга агуулагыг илэрхийлж сургааль номоо айлджээ.
Яаж туулан ангижрах бэ.Тиймээ энэ л бидний хамгийн том асуудал юм.Энэ асуудал дангаар нь бус нилээн олон учир шалтгааныг хамтад нь авч үзэх шаардлагатай юм. -Хүмүүс бид шашины талаар нэгдсэн ойлголт байдаггүйгээс асуудалыг энэ зөв,тэр буруу гэх мэтээр талцаж гол мөн чанарыг ойлгохгүй гажуудах явдал хүн төрөлхтөний түүхэнд тун элбэг тохиолдож байжээ.Үүнээс болж их бага хэмжээгээр дайн гарч байсан байна.Будда,Есүс,Мухаммед зэрэг гэгээрсэн мэргэд маань нэг зүйлийн тухай хоёргүй нэг утгаар зааж сургасан.Харин түүнийг үргэлжлүүлэх явцад дээрхи алдаа завхрал гарсан байна.Үүнд тухайн үеийн хүмүүсийн хөгжил,газар орон алслагдсан байдал,залгамжлагчидын төр шашин хослон барьдаг байсан нь нөлөөлжээ.
Гэгээрсэн мэргэд багш нар ганцхан бууж ирээд больчихдоггүй.Дээрхи гэгээрсэн мэргэдээс өмнө олон гэгээрсэн багш нар бууж ирж сургааль номоо айлдаж байсан.Цаашид ч мөн ирсээр л байх болно.Энэ бол тасралтгүй үйл ажиллагаа юм.Эртний хүмүүс яаж сүнс,бурхан,туулан ангижрах тухай мэддэг байсан бэ.Тэр үеийн хүмүүс ухаантай байсан болоод тэрүү.Тийм биш юм.Тухайн үеэд гэгээрсэн багш нар бууж ирж байсан болоод энэ тухай мэдлэгийг авч байсан юм.
Гэгээрсэн багш нар бурхан гэж байдгийг сануулж,түүнрүү очих арга замийг зааж сургасаар иржээ.Хүний физик биеийг аван гэгээрсэн багш нар бууж ирэх үеийг алтан үе гэж нэрлэдэг.Энэ бол ховор тохиолдол юм.Ийм багш нар бууж ирсэн үед түүнд шавь бологсод нь туулан ангижраж чаддаг байна.
-Одоо асуудалийг өөр талаас нь авч үзэе.Дэлхий дээр бүх зүйл хэцүү,үргэлж зовож амьдрахын учир шалтгаан юу бэ.Бидний дотоодын жинхэнэ би болох сүнсийг төлөвшүүлэх ,сургах,энэрэн хайрлах,нигүүлсэнгүй дээд чанарыг эзэмшүүлэх зорилгоор энэ дэлхийд илгээсэн билээ.Сүнс удаа дараагийн олон төрөлтөөр элдэв бэрхшээл зовлон,сорилт туршилтыг даван туулсанаар сайны туйлд хүрдэг байна.Энэ бол бурханы хүмүүжүүлэх арга юм.Энэ дэлхий дээр хэнч үргэлж жаргалтай байдаггүй.
Үхэх ,өвдөх,элдэв зовлон бэрхшээл тулгарах болзолт амьдралаар амьдардаг.
Иймд зовлон үнэн юм.
-Бидний одоогийн энэ хүмүүжил төлөвшилт,ухамсар дорой байдал дээд оюунлаг ертөнцөд тохирохгүй юм.Зүйрлэвэл уулнаас бууж ирсэн зэрлэг хүн францийн Парис хотод гэнэтхэн ороод ирвэл ямар байх бэ.Тухайн зэрлэг хүндээ ч хэцүү,орчин тойрондоо ч хүндрэлтэй.Гэрлэн дохио болон биеээ авч явах зэрэг наад захын мэдлэг хэрэгтэй болно.Иймийн тулд бурхан өөрийн бүтээсэн сүнсээ материаллаг ертөнцөд төлөвшүүлж энэрэн хайрлах,бүхнийг хайрлах дээд ухамсарыг бий болгох болгох үүднээс энэ дэлхийд илгээжээ.
Иймд тухайн сүнсийг сургах хөтөлбөр буюу бидний ярьдагаар хувь тавиланг өгөн төрүүлдэг байна.Харин бурхан сүнсэнд асуудалд яаж хандах шийдэх эрх чөлөөг өгсөн.Тухайн асуудал бэршээлийн өмнө сөхөрч өөр амар хялбар зам хайн явж болох,эсвэл даван туулахыг сүнс буюу бид өөрсдөө шийдэх эрхтэй.Бурхан хүчилдэггүй,гагцхүү тухайн сүнсийг өөрөөр нь ойлгуулж ухамсарлуулж хүмүүжүүлдэг байна.Энэ насандаа бэрхшээлийг тойрч амар хялбар зам хайвал дараагийн төрөлд нь уг асуудалыг хувь заяанд (хөтөлбөр) дахин тусган өгдөг байна.
Үүнээс гадна үйлийн үрийн тухай салшгүй учир шалтгаан байна.Гол гол асуудалыг тус тусад нь гаргаж ирэхэд туулан ангижрах үндсэн асуудалын рам ноён нуруу босч ирэх байх гэж бодож байна.
Үргэлжилэл бий

10/6/08

*****Маргааш би*****

Маргааш хэмээх манант хөшигийг ярж
Минийх хэмээх он цагийн хүлэгийг унаaд
Харанхуйг сүвлэн довтолж маргааш би
Хатсан өвсний галт цуглаанд очино

Олны хөлд гишгүүлэн ургасан түүхийг нь уяран сонсож
Оргилсон хүсэл байдгийг нь мэдэрнэ
Он цагийн эрчилсэн хуйлралыг буцааж болохгүйг ойлгуулж
Орчлонд бид салшгүй нэгэн цул гэдгийг хэлнэ

Маргааш би

Харанхуй орчлонг гийгүүлж зул болон шатах
Хатсан өвсний галт цуглаанд очино
Хамгийн сүүлчийн замд нь үдэж
Хайрын тухай шүлэг уншиж өгнө

10/5/08

*****Тэмүүлэл*****

Хатаасан талх буцаад
Тариа болон халиурхад
Хажууд шунгинах шумуул
Бүргэд болох гэж айлгана

*****Ээлж*****

Нар шарсан намрын
Навчис нь унах модны
Сүүдэр туссан талд
Сүнс амрахаар хажуулдахад

Өглөө унтсан өвс
Өндийж ирээд сунайлаа
Хэдэн үхэр ирж явна
Хэлэхүү байхуу өвсөнд

10/4/08

*****Шүлэг минь*****

Өнгө мөнгөний бохир хорвоотой холилгүй
Өвөл зун шиг хүмүүний араншинд хиртээлгүй
Өөрийгөө буцалган нэрж гаргасан
Өр нимгэн хэдэн шүлэг минь

Тарааж цацсан сэтгэлээ хайх замдаа
Таньж олсон хэдэн эрдэнэ минь
Будант хорвоогийн хүний тавиланд
Бүдэрч унаад босохдоо тулсан таяг минь

Шүүдэрт өглөө өвс даарахдаа чичрэхэд
Шүлэг олсон сэтгэл баярлахдаа чичирсэн
Харавсан одoдын гялбаа оч хаяахад
Харуусах сэтгэлийг ариусгаж шүлэг ургасан

Ганцаардалын мөчирөөс шүлэг навч шиг тасрач
Гомдолын мөсөн дээр нар болж унасан
Анхилуун цэцэгсийн дэлбээнд хувилахдаа шүлэг минь
Ариусалийн гэгээн жим болж тодорсон

Насны хэмжээтэй хүний амьдралаас
Нэр хийгээд сэтгэлийг минь гэтэлгэж
Он цагийн давалгааг зүсэн одох шүлэг минь чи
Орчлонгийн хүмүүний сэтгэлд гэгээ цацаж яваарай

10/2/08

***Аялгуу****


Тэр аялгуу
Тэнгэр газрын савслагаас босч
Энгэр норгон урсахдаа
Хэний ч мэдэхгүй өөрийнхөө хэлээр
Миний сэтгэлийг илбэн аргадлаа

Тэр аялгуу
Хавар намрын зэвэргэн гунигийг
Хаанаа ч юм бэ багтаагаад
Их далайн хөөсрөх давалгааг
Ид шидийн хүчээр авчирлаа

Тэр аялгуу
Зүрхний ховдолд үүрээ зассан
Бодлын мянган шувууг үргээж
Зөн совин төөрөх алсруу
Зөвшөөрөлгүй аван одлоо

Тэр аялгуу
Цээж яран
Гэгээ цацан унахдаа
Хайрын халуун дурсамжыг
Хагацалын шаргал өдрүүдтэй сүлэлээ

Тэр аялгуу
Нил ягаан дэлбээтэй
Нилэнхүй хөх туяатай
Нэр нь үгүй ухааралын цэцгийг
Нэрээр минь дуудсаар надад өглөө.

9/22/08

*****Дутуу хайрласан.......... *****

Нарны гэрэл цуулж сүүдэр амилуулж амьдрaхдаа
Нас нэмж санчигандаа гэгээ цуглуулж өтлөхдөө
Дуугүйхэн дуссан нулимасaa шүлэг болгон амилуулж
Дутуу хайрласан бүхнийхээ өмнө уучилал эрэн сөгднөм би

***Завсар***

Зүйдэл үгүй хөх тэнгэр, газар хоёрын завсар би амьдарна
Зүрхэн хоёр улаан цэцэг дэлбээлж гандах завсар би амьдарна
Үнэн худал хоёрын дөрвөн хуруу зайн завсар би амьдарна
Үхэх төрөх хоёрын завсар үйлийн үрээ эдлээд би амьдарна

Сэглэгдсэн сэтгэл сэргэсэн итгэл хоёрынхоо завсар би амьдарна
Сэрэл хөдөлж дур тавих хоёрын завсар би амьдарна
Он цаг орон зайн завсар би амьдарна
Орчлонд цас бударсаар би л мартагдах тэр завсар би амьдарна

Халуун хүйтэн хоёрын завсар бие элэгдэж би амьдарна
Хайр харуусал хоёрын завсар сэтгэл ирлэгдэж би амьдарна
Хайлган цайлган сэтгэлээ наддаа зориулсан чинийхээ
Халуун бие хайр хоёрын чинь завсар би амьдарна.

9/16/08

*******Шүлэг болоход.....*******

Би бичээд бэх нь хатаагүй шүлэг байхад
Чи ургаад дэлбээлж амжаагүй сарнай байсан
Зөн татаж чамруу би харцаа урсгахад
Зүрх хувааж чи тэгэхэд дэлбээлсэн

Зүүд шиг энэ хоосон амьдралд
Зүгээр л өөрийнхөөрөө зовж болсонгүй
Үнэний наагуурхи зовлонгийн тойрогт
Үйлэндээ баригдаж учралд дуудагдсан

Оногдсон тавилангийн муруйсан замын
Огтолцол болгонд би хайр болж суралцсан
Хэлээгүй үгээ өөрлүүгээ шингээж
Хэний ч хайрлах цагаахан хайр болгоноо

Би гэгээн хүсэлээ хорвоод цацсан шүлэг болоход
Чи гэмшилгүй цагаан уянга болж түрлэг нэмээрээ

9/4/08

*****ҮНЭНИЙ тухай ҮНЭН***** 4-p хэсэг

Зарим нэг зүйлсийг тодруулах шаардлагатай болсон тул дахин дэлгэрэнгүй бичих гэж хичээе.
Би энэ цуврал эрэгцүүлэлүүдийг бичихдээ 3 гол зарчимыг баримталсан билээ.Үүнд
1-рт Хамгийн гол асуудалыг гаргаж тавих
2-рт Маш энгийн, ойлгомжтой байх
3-рт Их нуршуу биш бас ойлгомжгүй үгсээс зайлсхийх

``Мунхаг байна гэдэг хамгийн их нүгэл,гэгээрнэ гэдэг хамгийн их буян мөн``гэсэн ЧинХай багшийн үгээр эрэгцүүлэлээ үргэлжлүүлэе.
Материаллаг ертөнц бол задрах,нэгдэх мөнхийн хөдөлгөөнд байдаг.Энэ бол түүний гол оршин байх үндсэн нөхцөл юм.
Тиймээс энэ ертөнц үй түмэн хамаарал,эвсэл ,задрал юм.Иймд энэ хамаарал сүлжээг ашиглаж хараал ерөөл хийх,үй олон засал хийх,бороо хур оруулах болиулах,за тэгээд элдэв иёогын хөөрөх,нисэх,хувилгаан шидийг үзүүлэх зэргийг үзүүлж харуулж болох юм.Эдгээрийг хийхийн тулд энэ материаллаг ертөнцийн уяaлдаа холбоог мэдэж судлах асуудал байгаа юм.
Мэдээж энэ бол жижиг асуудал.Бид энэ зовлонт материалаг ертөнцөөс ангижрах тухай ярьж байгаа нь хамгийн эцсийн ,туйлын зорилго юм.Түүнээс энэ хувирч байдаг материаллаг зүйлсийг судлаж хөөрч ,нисэж,бороо хур оруулж болиулж,элдэв хувилгаан шидийг үзүүлэх нь тийм ач холвогдолтой биш юм.
~~Эрдэмтэд туйлын нарийн ажиллагаатай машин хийсэн ч тэр машин өөрөө ажиллахгүй.Хүн асааж,кноп дарж ажиллуулна.Түүнтэй адил бидний бие бол туйлын нарийн ажиллагаатай материаллаг цогц юм.Гэхдээ л энэ материаллаг бие өөрөө ажиллаад эхлэхгүй.Харин түүнд сүнс орсоноор уг бие цогц ажиллаж эхэлнэ.
Бид өөрсдийн энэ махан бие ээ машин гэж үзвэл эзэн нь бидний сүнс байх нь мэдээж.Гэтэл бид машинаа л тордоод,машиныхаа (бие) төлөө амьдaраад дуусдаг. Машинд бол хөдөлгөгч тэжээл,тос,түүний ажиллах орчин хэрэгтэй нь адил бидний махан биед агаар,ус хоол,бас амьдрах нөхцөл хэрэгтэй болдог.Ямарч сайн машин эвдэрч муудаж хэрэггүй болдогтой адил бидний махан бие материаллаг тул мөн л адил гэсэн үг.Энэ бол материаллаг ертөнцийн гол хуулийн дагуу задарч,эвсэж байгаа юм.Материаллаг ертөнц ийм л мөн чанартай.Бид машин худалдаж авчихаад энэ машин бол би юм гэж үздэггүй биздээ.Гэтэл бид нийтээрээ шахуу махан бие ээ би гэж үздэгт л бидний гол алдаа,зовлонгийн үндэс байгаа юм.
~~Шөнийн тэнгэрт үй түмэн ододыг бид хардаг билээ.Хүн өнөөгийн шинжлэх ухааны ололтыг ашиглаж хүчтэй дуран авиагаар тэрбум гэрлийн жилийн зайд байгаа оддыг харж чадсан тухай уншиж байсан санагдана.Та боддоо гэрлийн хурдаар тэрбум жил явна гэсэн үг.Секунтэнд 300.000км хурдаар яваад.Гэтэл бас зүг бүр тийш тоолж хэлж барахын аргаггүй одот материаллаг ертөнц үргэлжилнэ.Эртний ариун судар Бхагавад Гита-д энэ одот материаллаг ертөнц бурханы бүтээлийн дөрөвний нэг нь юм гэжээ.Энэ материаллаг ертөнцийн чагнаш бурханлаг гаригууд байдаг гэжээ.Тэгэхээр манай дэлхий бурханы бүтээлийн өчүүхэн жижиг хэсэг юм.Энэ хязгааргүй мэт одот ертөнцөд бидэнтэй адил биднээс илүү хөгжилтэй,эсвэл арай буурай хөгжилийн төвшинтэй маш олон амьдрал байдаг байна.Хичнээн хөгжил дэвшилтттэй гайхамшигтай технологитoй байсан ч материаллаг ертөнцийн төрөж үхэх гол хуулинд захирагдах нь ойлгомжтой.
Иймээс бидний гол зорилго бол энэ материаллаг ертөнцөөс туулан ангижрах асуудал юм. Тийшээ хэрхэн очих бэ?
Үргэлжилэл бий

9/2/08

*****Яруу найрагч*****

Зүсрэх бороо шиг цаг хугацаа
Зүгээр л урсгаад өнгөрнө
Зүүд үү энэ амьдрал уу?
Зөн совингийн салхи чи хаашаа тууна бэ?

Зүгээр л амьдрах хүсэл алга
Зүсэр бороон дээгүүр үнэний гэгээ татуулж
Зүүд биелэх шиг үхэл ирэхэд
Зөгнөл биелэх шиг гэрэл болмоор байна би

Бямбажаргалын гэгээхэн сарны доор
Өлзийжаргалын язгуур сэтгэлийн үрийг атгасаар
Оргүй мөргүй арилах хоосон орчлонгийн завсарт
Оногдсон,oлдсон,томдсон их хувь заяа минь яруу найрагчaa

9/1/08

*****ҮНЭНИЙ тухай ҮНЭН***** 3-p хэсэг


....Би яс маханд түр буудалласан, яарсан, хоргодсон сүнс байсан
Би нарны эсрэг харж дэлбээлсэн ямархан нь үл мэдэгдэх цэцэг байсан
Би дууны эгшигт уярсан дулаахан бүлээхэн харц байсан
Би дурлалын галд уяссан дутуу хатаагдсан ган байсан

Би гэгээн цэнхэр дэвсгэр дээр өөрөө цацагдсан өнгө өнгийн будгийн холил байсан
Би уртын дууны шуранхайд хавчуулагдаж гарсан уянга сондгой эгшиг нэгэн байсан
Би тэнүүн талын дээгүүр харвасан солирыг харж түүдэгийн галаас үсэрсэн оч нь байсан
Би үхэл хүлээж хайр хүссэн өрөвчхөн сэтгэлийн гал халуун бөмбөлөг байсан..........

Аврал өөрт тань бий гэсэн будда бурханы үгээр эрэгцүүлэлээ эхэлэе.Яагаад аврал өөрт байдаг тухай нилээн нухацтай бодож үзэх цаг болжээ.
Бид бол бол энэ харагдаж, баригдаж,амьсгалж буй махан бие биш бид бол мөнх орших сүнс гэж өмнө нь бичсэн билээ.Бидний дотоодын жинхэнэ *би*бол бидний сүнс юм.Сүнсэнд баян ,ядуу гэж байхгүй,мөн сайхан муухай,царайлаг,царай муутай, дээр доор,дарга цэрэг,албан тушаал байхгүй,хөгшин залуу насны ойлголт байхгүйгээс гадна эр эм хүйсийн ялгаа байхгүй юм.
Иймээс бид бүгдээрээ дотоодоо адилхан мөн чанар нэг юм.Ялгаа гаргаж ялгаварлаж үүнээс үүдэн зовлон үйлийн үр үүсэж байдаг.Бид жинхэнэ мөн чанараа таниагүйгээс болж ялгаварлах сэтгэл үүсэж байдаг байна.
Би бол мөнх байх сүнс гэж ойлгож мэдэрч эхэлсэн үеэс л та жинхэнэ үнэн зөв мэдлэг рүү хандаж зөв байр сууринаас орчлон ертөнцийг таньж мэдэж эхэлнэ.
Тэгэхээр бид мөнх учир жинхэнэ үхэл гэж байхгүй юм.Үхэл бол хувцасаа солих үйл явц гэж ойлгож болно.
Хөгшчүүл яриндаа``аль насандаа хийсэн үйлийн үр юм болоо ``гэх юмуу урд хойд төрлийн тухай ярьж байдагийг бид бүгд л сонсож дуулж өссөн.Энэ бол үлгэр домог биш юм.
За ингэж ойлгочихоод одоо яах бэ?
Энэ материаллаг одот ертөнцийн гадна бурханлаг ертөнцүүд байдаг тухай маш олон судар гэгээн бичээсүүдэд дурдажээ.Будда болохоор бурханы орон,Исүс мөнхийн орон гэх мэтээр нэрлэцгээжээ.Бид буюу бидний жинхэнэ би болох сүнс маань тэндээс ирсэн.Бид буцаад тийшээ очих тухай л гэгээнтэнүүд зааж сургасаар иржээ.Бид эцэс төгсгөлгүй төрж үхэж зовож байдаг энэ зовлонгийн хүрднээс ангижрах тухай л үе үеийн гэгээнтнүүд зааж сургасаар ирсэн.Энэ насандаа баян,царайлаг болоод л дараа гуйлгачин,тэгээд хаан,зарц гэх мэт хязгааргүй үргэлжилэх энэ төрөх үхэх амьдрал хоосон чанартай юм.Бид зөвхөн хүний биеийг олж төрсөн энэ төрөл маань тэр гэгээн мөнхийн амьдралруу очих тийм боломжийг агуулж байдаг.
Ийм учраас эрдэнэт хүний төрөл гэж ,эрдэнэт хүний бие гэж нэрлэгддэг юм.Хүний төрөлийг олсон та бидний үнэ цэнэ чухам энэ л юм.
Тэгэхээр хүний амьдралын гол туйлын зорилго бол хоосон чанартай материаллаг энэ ертөнцөд татагдалгүй,элдэвт шуналгүй зөвхөн туулан ангижрах асуудал юм.Энэ зовлонт материаллаг ертөнцийн эцэсг төгсгөлгүй үргэлжилэх зовлонгийн хүрднээс салах гэгээн бурханлаг амьдралдаа буцаж очиход л байгаа юм.
Яаж тэр бурханлаг гэгээн ертөнцрүү очих бэ?
үргэлжилэл бий

8/26/08

````` Сарнай бид хоёр````````

Хэзээч хэлж байгаагүй үгсээр
Хэн ч харж байгаагүй сарнай урлаад
Үүр шөнийн завсар эзэнгүй цагаар
Өвлийн анхны цасаар услахад

Би өөрийгөө олдог

Дугараг улаан нар шиг тэр сарнайг
Дурлалын гал улаан дарсанд үйж уучихаад
Дуу алдам гоолиг биен дээр
Дусал дусалаар агсам тавихад

Би өөрийгөө гээдэг

8/18/08

*****ҮЗЭГЧ*****

Амьдрал гэдэг жүжигийн тайзан дээр зөндөө тоглолоо
Алдсан оносон хоёр угтаа адилхан болоод уйдлаа,залхалаа
Үзэгчийн суудалд тухалж суугаад
Үлдсэн амьдралаа өнгөрөөе

Үхэхдээ аваад явах юм шиг новшин дундаа
Өлөн царайлсан хөөрхий амьтан илжирч байх юм
Бид бүгдээрээ адилхан,нэг гэдгийг ойлгодоггүй
Би чи гэсэн араатнууд тайзан дээр тоглож байх юм

Дурлал хэмээх зовлон руу
Дуутай хөөртэй гүйцгээж байх юм
Хэлэмгүй их зовлон болсон дурлал нь
Хэзээ ч мартахгүй гэсэн амлалттайгаа булшлагдаж байх юм

Өнчин хүүхдийн өршөөл эрсэн харцан дээгүүр
Өнгө мөнгөний сохор амьдрал туучихад
Нүдэнд нүгэл суугаад
Нүцгэн гар нүд халхалж,нүгэл халхалж үл чадна

Аль амттайг нь булааж идэх гэсэн өрсөлдөөнд
Амь нас золиослогдож
Дэндүү өрөвдөм драм үзэхээр сэтгэл өвдөөд
Даанчиг өчүүхэн амьдралыг харж сууж тэвчихгүй нь

Бурхан хүртэл үзэж чадалгүй мэлмийгээ анихад
Буян бузар ялгах галав юүлдэг байхаа

8/17/08

****

Эртний сүмийн хонх хаа нэгтээ дуугарах шиг
Эрх залуу цагийн дурлал хаа нэгтээгээс даллах шиг
Гашуун шаргал бороо сэтгэл норгон шиврэх шиг
Газрын энгэрт сэтгэлээ булчихаад ганц цэцэг шидмээрч юм шиг...

8/13/08

~~~ЭЭЖДЭЭ~~~

Намрын гудамжаар алхана
Нар уйлах мэт
Нас дарах шиг
Навчис унасаар......бодол хөвөрсөөр

Эхийн тухай бодол зүрхнээс урсаж
Энгэр норгож нүднээс дусална
Хааяа гэнэт би ижийгээ их санадаг юм
Халуун өрнөөс нь унасан үр нь болохоор тэгдэг юм

Хамт байлгаж болоогүй
Хатуу л хорвоо юмдаа
Хажууд нь суугаад аяга цай ч уулгасангүй
Хэцүү л хорвоо юмдаа

Өчнөөн шөнийн нойрыг нь хагаслаж хүн болсон юм би
Үгүйдээ ядаж ганц шөнө асарсангүй дээ
За яахав тавилан юм байлгүй гэж бодовч
Зүрхний угаас нэгэн гомдол тасардаггүй ээ

Гэрэл цацарсан алтан мөрүүд бичээгүй ч
Гэмшил цайлгасан цагаан мөрүүд бичлээ би
Үхэлийн ард нуусан үнэний мөрөөр орж
Үлэмжийн их гэрэл болж очноо хүү тань

~~~Цаг хугацаа~~~

Нэг жил
Нэг сар
Нэг өдөр
Нэг цаг
Нэг минут
Нэг хором
Хором бүр үхэл рүү зөөнө
Хойтон жилийн наадам ч хол юмдаа

**************************************

Үлгэрийн дагина
Үхэлийн эрлэг зэрэг ирэх шиг хоромд
Үнэндээ амжиж нэг мөр л бичих одоо цаг

8/12/08

Намар оройн шувууд......



Тэнгэрийн амьтан шувууд нисэн ирэх нь
Тэндээс цөхрөл гунигийг авчирах шиг болоход
Далд байсан гунигийн дурсамж өндийж
Дэвэн дэвсээр хүрч ирэх шиг

Зовсон
Зовлонд тайтгарсан сэтгэлийг сэрээж
Зөндөө
Зөндөө хүлээсэн итгэлийн хаалгыг нээх шиг......

Ухаарал бол уучлал

Аниргүйн дундаас хийлийн эгшиг үүсэн суунаглаж
Амьдрал зовлонгоос агшин агшинаар салгана
Нүдээ аниад сэтгэлээ нээхүйд
Нулимас хайр болж дусал дусалаар ариусгана

Бүхнийг уучлах сэтгэл намайг нөмөрч
Бүдэгхэн гэрэл дундаас ижийн минь бүүвэй сонсогдоход
Би хайр болж хайлаад
Би хийлийн эгшиг болж хүмүүний зүрхэнд шингэх шиг

Ямар сайхан хөгжим бэ?
Яасан ч сайхан аяалгуу бэ?
Гэгээ атгах шиг болоод
Гэрэл болон цацрах шигээ би

Ухаарах шиг сайхан хорвоод
Уучлах шиг сайхан амьдарцгаая!

8/8/08

*****ҮНЭНИЙ тухай ҮНЭН*****үргэлжилэл~2


Золиос мэт амьдралд
Зовлон тавилан мэт санагдахуйд
Гараас итгэл минь зуурчихаад
Гашуунаар инээх намайг гайхан харна

Өвс бид хоёр адилхан байж
Өөрөө би түүнийг зовоосоор алхахад
Эрхэмсэг оршихуй надаас сэжиглэж
Эргэж тойрчихоод нисэн одно

Өнгө мөнгөний амьдрал
Үнэндээ солиорол төдий болоод
Ганцаардал хань мэт тэвэрхэд
Ганц хан улаан цэцэгэнд бүхнээ зориулмаар....

Ертөнцийн түмэн бодис ,ургамал амьтан та бидний бие цогцос ороод Мендьлевийн үелэх системд байдаг 108 элементээс бүрддэг билээ.Эдгээр 108 элемент яаж зохилдож,эвлэлдэж ургамал,амьтан,амьдрал ертөнцийг бүтээсэн байж таарах бэ?
Надаас бурхан гэж байдаг эсэх талаар нилээд олон хүн асуулаа.Тэгэхээр дээрхи асуултыг би буцаагаад эдгээр хүмүүст тавимаар байна.Бурхан бүтээхгүй,мэдэгдэхгүй чимээгүй байдаг бол хэн бурханы тухай мэдэх билээ.Бурхан буюу миний нэрлэсэнээр мөн чанар бол бүтээгч бас бүтээсэн амьдралыг ивээн тэтгэгч нь байдаг юм.
Энэ бол бурхны уг чанар юм.
Би багадаа загас тэжээдэг байлаа.Цөөхөн тооны.загасны хоол гээд хөөрхөн ажил болдогыг санаж байна.Гэтэл далай тэнгисээр дүүрэн энэ олон загас,халим,бусад амьтадын хоол тэжээлд хэн анхаараад байна.Хэдэн үхрийн тэжээл гээд малчид хирэндээ л ядарч байдаг.Талаар нэг зээр,уулын зэрлэг амьтадын хоол тэжээлд хэн анхаарч байна бэ?Хүн төрвөл хүнс нэмэддэг гэж үг бий.Уг үгний утгыг бид одоо ойлгох хэрэгтэй болж байна л даа.
~~Сүнсний тухай асуулт өөрөө их чухал асуулт юм.Бидний бие гал,мод,ус,төмөр,шороо гэсэн 5 бодисоос бүтсэн гэж эртний хятадын сударт бичжээ.
Бидний материаллаг бие маань хэсэг хугацааны дараа эргээд бүтсэн энэ 5 төлөврүүгээ задарч уусна гэсэн үг.Аливаа материаллаг зүйлс байсан,байхгүй болсон гэсэн 2 утганд байдаг.Тэгэхээр материаллаг зүйлс хоосон чанартай хоосон юм.
Одоогоос 5000 гаруй жилийн өмнө бичигдсэн Бхагавад Гита хэмээх ариун сударт сүнсний тухай бичихдээ үсний үзүүрийг 10 000 хуваасны нэгтэй тэнцэнэ гэж сүнсний хэмжээний тухай бичжээ.Сүнс өөрөө бурхантай мөн чанар адил болох тухай 1-р хэсэгт бичсэн билээ.Сүүлийн үед сүнсийг атомаас ч жижиг гэж үзэх болжээ.Тийм өчүүхэн жижиг биетэд олон зуун сая жилийн мэдээлэлийг хадгалаад,бас харах ,сонсох,бусад мэдрэхүйгээс гадна билэг чанадын оюун ухаан багтаж байдаг гэхэд сэтгэшгүй юм.
Материаллаг биетийн дотор сүнс орсоноор материалаг биет хөдөлж үржиж амьдрал үүсэж байдаг .Иймээс бид бол энэ махан бие биш юм.Бид бол материаллаг биеийг сольж байдаг мөнх байх сүнс юм.Бид хувцасаа хуучирхаар хаяад шинийг авч өмсдөг шиг бид энэ махан биеийг сольж байдаг.
үргэлжилэл бий

~~~ХҮЛЭЭЛТ~~~

Xог новшин дунд
Хоногийн амьдрал төөрсөөр
Орчлонд би олзлогдож ирсэн
Онгон сэтгэлээ энд хиртээсэн

Хэзээ буцахаа мэдэхгүй ч
Хэдэн үг хэлмээр санагдана
Гэхдээ би хэлэхгүй
Гэмшил хэзээ ч төрөхгүй

Нар хэмээх халуун там ирж буцсаар
Нас хэмлэж итгэл төрүүлнэ
Бурангуй ертөнцөд сэтгэл давчидаж
Бурханы өгөх үхлийг аврал мэт хүлээнэ

bumon 2006 on

8/3/08

*****ҮНЭНИЙ тухай ҮНЭН***** 1-хэсэг


Яс махны зовлон дээр
Сэтгэлийн зовлонг үүрээд
Яс булаалдсан ноход шиг амьдралд
Яах, яах гэж.................

Үнэн гэж байдаг уу?Бидний амьдрал хорвоо ертөнц гэж ер нь юу бэ.Энэ тухай уншиж эрэгцүүлж бодсоноо та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.Материаллаг бодисууд ухаалагаар нэгдээд өнөөгийн ухаант хүн,амьтан ,одот ертөнц,нар сар,цэцэг эрвээхий болон тэдгээрийн амьдрах нөхцөл зэргийг бий болгосон гэвэл та итгэх үү?Энэ бол боломжгүй юм.Тэгэхээр эдгээрийг зохицуулан ,нэгдүүлэн,хөдөлгөөнд оруулан,үржил,амьдрал бий болгогч ухамсар байдаг юм.Түүнийг дэлхий нийтээрээ бурхан гэж нэрлэдэг.Нэр болон түүнийг тахин шүтэх зан үйлдлүүд нь өөр боловч ерөнхий утга санаа нь адилхан билээ.Харин би бурханыг мөн чанар гэж нэрлэе.
-Эртний вэдийн сударт 4 ухааны тухай бичжээ.
~~Мэдрэхүй ухаан.Энэ өөрийн махан биеэ би гэж үзэх доод ухаан.Тийм болохоор мэдрэхүйдээ захирагдаж байдаг адгуустай адил ухаан.
~~Ухаан.Би бол ухаан санаа би бол үхэж төрдөггүй сүнс юм.Харин энэ махан бие бол материаллаг,төрдөг, хөгширдөг,өвддөг,үхдэг.Тэгэхээр би материаллаг биеийг сольж байдаг сүнс гэдгийг ойлгосон ухаан юм.
~~~Оюун ухаан.Энэ ухааныг буддихи гэж нэрлэдэг.Энэ ухааныг эзэмшинэ гэдэг өөрөө гайхамшиг юм.Олон хэмжээст ертөнц болон Мөн чанарт ойртож байгаа хэрэг.Гурван цагийг мэдэж(өнгөрсөн,одоо,ирээдүй).Материалаг ертөнцөд шунаж дурлахаа больсон гэсэн үг.Ийм хэмжээнд ухаарсан хүнд алт чулуу 2 адилхан юм.Мөн гүтгэн доромжлох, магтах 2 адилхан бөгөөд хамаарахгүй болсон болсон гэсэн үг.
~~~Билэг чанадын оюун ухаан.Энэ ухаан нь Мөн чанарын (бурханы) ухаан юм.Энэ тухай хүний хэлээр болон хүний оюун ухаанаар өгүүлж болохгүй юм.Энэ ухааныг хүний тархи буюу матераллаг ухаан ойлгож ухаарч гүйцэхгүй.Харин бидэнд байдаг сүнсний ухаан мэдэрч ойлгож чадах юм.
Сүнс өөрөө харах ,сонсох,үнэрлэх болон бусад мэдэрхүй байхаас гадна билэг чанадын ухаантай юм.Мөн чанарыг (бурханыг)алтны уурхай гэж үзвэл сүнс алтны үртэс юм.Энэ хоёр чанар адил бөгөөд их багын ялгаа л байгаа юм.Тиймээс хүмүүс бидэнд мөн чанарын мөн чанар байдаг.
Өнөөгийн хүн төрөлхтөн нийтээрээ шахуу мэдрэхүйн доод ухаантай байгаад асуудал байгаа юм.Адгуус өлсвөл идээд ,цангавал ус уугаад,нойр хүрвэл унтаад,сэрэл хөдөлвөл нийлэгт ороод өөрийн махан биеийн мэдрэхүйд захирагдаж байдаг Гэтэл бид адгуустай адил өөрсдийн энэ махан биеийн мэдрэхүйд захирагдаж амьдарч байна.Махан бие бол би гэж ойлгосон учраас мэдрэхүйн ташаалыг жаргал гэж үзэж сохор мэт амьдарч байна.
Орчин үеийн шинжлэх ухаан зөвхөн материаллаг зүйлийг судалдаг учир дэндүү өрөөсгөл мухардмал юм.Материаллаг ертөнц бол төрж,үүсэж,эвдэрч үхэж байдаг .Та маш их эрдэм мэдлэгтэй болоод сансарын хөлөг бүтээлээ ч гэсэн энэ нь буддихи ухааны хаана нь ч хүрэхгүй юм.
Бид ийм мэдрэхүйн ухаантай байгаа учраас дайн дажин өлсгөлөн нүүрлэж байна.Оюун ухаант гэгдэх хүмүүс бид биеэ биеэ сөнөөх зэвсэг бүтээж байгаа нь дэндүү мунхаг байна гэсэн үг. Онгоцонд бөмбөг дүүжлээд нэгнийхээ толгой дээр унагах нь шинжлэх ухааны ололт уу? оюун ухаан уу?
Мөн чанар бол (бурхан) бүх учир шалтгааны учир шалгаан юм.
үргэлжилэл бий

6/30/08

***********************

Шүлэгчийн шүлэгийг сонсож
Шүүдэр хураасан өвс нэгэн билээ би
Шунал тачаал ихэдсэн энэ хорвоод
Шулуун явж чадаагүй нэгэн билээ би

********************

Сэм сэмхэн уйтгар төрөөд яасан хэцүү өдөр бэ
Сэрүүхэн унтаж чамайг зүүдлээд ямар хэцүү сэтгэл бэ
Орж байгаа бороо нь зогсдог ч болоосой
Орчлонгийн нэгээхэн зайд чи бид хоёр уулздаг ч болоосой

********************

Бурханд дуудуулах буян хийгээгүй ч би үхнэ
Бусдад гай болж эрлэг дуудаагүй ч би үхнэ
Буцааж эргүүлж болохгүй он цагийн эрхээр би үхнэ
Буруу биш зөв сэтгэлтэй явсиймаа би тайван үхнэ