10/4/08

*****Шүлэг минь*****

Өнгө мөнгөний бохир хорвоотой холилгүй
Өвөл зун шиг хүмүүний араншинд хиртээлгүй
Өөрийгөө буцалган нэрж гаргасан
Өр нимгэн хэдэн шүлэг минь

Тарааж цацсан сэтгэлээ хайх замдаа
Таньж олсон хэдэн эрдэнэ минь
Будант хорвоогийн хүний тавиланд
Бүдэрч унаад босохдоо тулсан таяг минь

Шүүдэрт өглөө өвс даарахдаа чичрэхэд
Шүлэг олсон сэтгэл баярлахдаа чичирсэн
Харавсан одoдын гялбаа оч хаяахад
Харуусах сэтгэлийг ариусгаж шүлэг ургасан

Ганцаардалын мөчирөөс шүлэг навч шиг тасрач
Гомдолын мөсөн дээр нар болж унасан
Анхилуун цэцэгсийн дэлбээнд хувилахдаа шүлэг минь
Ариусалийн гэгээн жим болж тодорсон

Насны хэмжээтэй хүний амьдралаас
Нэр хийгээд сэтгэлийг минь гэтэлгэж
Он цагийн давалгааг зүсэн одох шүлэг минь чи
Орчлонгийн хүмүүний сэтгэлд гэгээ цацаж яваарай

No comments: