10/2/08

***Аялгуу****


Тэр аялгуу
Тэнгэр газрын савслагаас босч
Энгэр норгон урсахдаа
Хэний ч мэдэхгүй өөрийнхөө хэлээр
Миний сэтгэлийг илбэн аргадлаа

Тэр аялгуу
Хавар намрын зэвэргэн гунигийг
Хаанаа ч юм бэ багтаагаад
Их далайн хөөсрөх давалгааг
Ид шидийн хүчээр авчирлаа

Тэр аялгуу
Зүрхний ховдолд үүрээ зассан
Бодлын мянган шувууг үргээж
Зөн совин төөрөх алсруу
Зөвшөөрөлгүй аван одлоо

Тэр аялгуу
Цээж яран
Гэгээ цацан унахдаа
Хайрын халуун дурсамжыг
Хагацалын шаргал өдрүүдтэй сүлэлээ

Тэр аялгуу
Нил ягаан дэлбээтэй
Нилэнхүй хөх туяатай
Нэр нь үгүй ухааралын цэцгийг
Нэрээр минь дуудсаар надад өглөө.

No comments: