1/29/10

***Хүлээсээн би чамайгаа ***

Ургаа моддыг навчисаар уйлуулж
Урсах цаг хугацаан дотор би чамайгаа хүлээсэн
Уйлж,дуулж,урсаж,эгших бүсгүйн тавиланд
Уучлан байж сэтгэл дотроо би чамайгаа хүлээсэн

Гэрэлгүй мэт болсон бүүдгэр хорвоод
Гэгээ болон тодрох дурсамжин дотроо би чамайгаа хүлээсэн
Сэтгэлд багтаагүй хүлээлт хоолойд ирж тээглэхэд
Чихнийхээ ээмгийг чичрүүлж чиний нэрийг дуудаж
................................би чамайгаа хүлээсэн

Цас,бороо,нар,салхийг угтаж,үдэж би чамайгаа хүлээсэн
Цаас үзэг нийлүүлж шүлгэн дотроо би чамайгaa хүлээсэн
Цагаан зээр шиг бүсгүй заяагаа хураан байж
.......................би чамайгaa хүлээсэн
Цайныхаа дээжийг өгөөд налан суух мөрөөдөл
.......................дотроо би чамайгаа хүлээсэн

Эргээд олдохгүй энэ хайраа энгэртээ тэврээд
Эхлэл төгсгөлгүй сэтгэлийнхээ элгийг дэвтээж би чамайгаа хүлээсэн
Үндэслэж ургасан хайрын модныхоо үнэрт сатаарч
Үггүй хэлгүй дурсамжиндаа өөрөөрөө нь жаргаж би чамайгаа хүлээсэн

Хорвоод чинийхээ төлөө залбирахдаа би гэгээн болж
Хатуу заяаг зөөллөсөн хайрандаа би жаргадаг байсан юм шүү
Хүлээсээн би чамайгаа хүлээсэн
Хүнийх болсон чамайгаа зөндөө их хүлээсэн

шүлэгч дүү Бо-д зориулав

1/27/10

***Тун удахгүй хавар ирнэ***


Тун удахгүй хавар ирнэ
Тайвширсан сэтгэлийг ташуурдах шиг
Танил үнэр,хуучин дурсамж тээсээр
Тун удахгүй хавар ирнэ

Эхлэл төгсгөлийн утга алдарч
Эрхлэх мэт нялх ногоо цухуйна
Хөрстийн дээр,доорхи түмэн амь
Хөдөлж,үржиж,амьдрах гэж тэмцэлдэнэ

Сүүлчийн биш бороо анхных юм шиг орно
Сүрэг шувууд хуучин жимээр сүүдэр зуран ирнэ
Дурлал хэмээх эртний өвчин
Дуутай хамт зүрхэнд чинь бууна

Тун удахгүй хавар ирнээ

1/26/10

***Миний ертөнцийн гүнд юу ч байхгүй***


Миний ертөнцийн гүнд юу ч байхгүй
Мэдрэхүй ч түүнд хүрэхгүй
Догдлол,доглон нулимс ч тэнд байхгүй
Дэврэх хүсэл,даллах тачаал ч тэнд байхгүй

Хавар,намар,хагдрах, ургах юу ч байхгүй
Хайр, халуун сэтгэл ч түүнд хүрэхгүй
Цаг хугацаа,цагаан,ногоон өнгө ч байхгүй
Цалгих, халгих,урсах ,одох юу ч байхгүй

Түүнд л хүрэх гэж
Түм түмэн жил төрж,үхэж
Үйлээ үзэж,үүсгэж,барж
Урагдаж,нийлж,уйлж,дуулж...

Зүгээр л энэ бүхэн зүүд байж
Зовож ,жаргаж тоглосон байж
Хүрэхийн хүслэн,учрахын баясгаланг мэдрүүлж
Өөрийг минь өөртэй минь уулзуулаач бурхаан

***Өнөөдөр***


Хүнд өгч чадаагүй хайр
Хүйтэн бороо болж
Өөр дээр минь орж байна
Өнөөдөр

Өршөөл гуйх сэтгэл
Өлмий дор сөхөрч
Өөрийгөө яллаж байна
Өнөөдөр

Үүл хуралдсан тэнгэр шиг
Өөрийгөө хураасан сэтгэл
Өндөг шиг хагарч байна
Өнөөдөр

1/25/10

***Тэнд хамт байсан гэж....***


Үхэвч үл салах сэтгэл
Үүрээр цэцэг зуун ирчихээд
Зүүд сэвэн дэвсээр
Зүрхэнд унaгачихаад одлоо

Өөрөөсөө гэрэлтэх
Өнчин..........
Шөнийн тэр цэцэг
Шүлэг,уянга,сөгдөм...

Нууцлаг өнгө нь
Намуухан эгшигт хувирах мэт
Шүүдэр үргээн бүжиглэхэд нь
Шөнө дурлахдаа шүүрс алдах...

Харанхуйн гэрэлт тэр цэцэг
Хайр үл хүрэм алсийнх мэт
Гуниг зовлонтой тэвэрлэдсэн
Гурван ертөнцын цэцэг биш мэт

Үзээгүй хараагүй мэдрэмж
Үг дутаж ,шүлэг гайхширхуйд
Тэр цэцгээс гэрэлт оч цацарч
Тийм гэж хэлэхийн аргаггүй агшин ирж

Тэнд...
Түүн шиг гэгээн оршихуйд
Тэр бид хоёр хамт байсан гэж
Тэр хэлэх шиг.........

Тэнд хамт байсан гэж....

1/23/10

***Ийм нэгэн гэгээн мөч ***


Балар харанхуй ширэнгээс гадагшилж буй мэт
Баярлах,гомдох барагдаж буй мэт
Биеэс ухаан ууршиж буй мэт
Би,би биш болж буй мэт

Ийм нэгэн гэгээн мөч
Ирсэн шигээ аниргүй холдож байна

1/19/10

****Сэтгэлээс унах бодлууд***


Маргааш гэж юу билээ?

Мандах улаан нар юм уу?
Мананд нуугдсан зовлон юм уу?
Битүү боодолтой илгээмж юм уу
Би л задлах ёстой юм уу?

Маргааш гэж....

Урдын хийсэн үйл,үргэлжилэл
Учрал,уучлал,гомдол,сонголт
Өчигдөрийн алдаа,оноо
Өнөөдрийн үлдээсэн хоол

*****************************

Өчигдөр түүнийг үхэл аваад явсан
Өнөөдөр тэр төрөх газар өлгийтэй унтаж байна
Энэ амьдрал чинь зүүд шүү дээ хүмүүсээ
Эртхэн сэрэлдээ нойрноосоо

1/16/10

***Үлдээлээ***


Аргалын оч шиг ганцхан гэрэлтээд л явах ч
Амьдрал чамд гомдох юм алга
Цээж уужрах гэгээн догдлол чичирхийлэн өнгөрч
Цэцэг илэн унахыг харсандаа л баярлах

Өөрийгөө хөвөрч,үг нэхэж нөмрөг урлаад
Өнчин сэтгэлийнхээ гэрэлийг шигтгээд
Нууцхан унасан нулимсаараа эмжээд
Намрын нүцгэн модны мөчирт үлдээлээ

Үгэнд багтаагүй халуун сэтгэлээ шингээж үлдээлээ
Үлгэрт гараагүй холын мэдрэмжээ зүүж үлдээлээ
Өөрөө ирсэн гэгээн мөчүүдээ шивж үлдээлээ
Өөрийгөө би уусган хээлж хорвоод үлдээлээ

1/12/10

****Сэтгэлээс унах бодлууд***


Өнөөдөр ганцаараа...
Өчигдөрийн үлдээсэн хоол...
Орны урдуур хаясан хувцас...
Өндийж босоод цонхоо онгойлголоо

Өвөл,цас,хүмүүс,дуу,шуугиан
Үзэгдэл төдий хуурамч хорвоог
Үнэн гэж энэ нүд,чих итгүүлнэ
Өөрөөсөө зугтаачихмаар...
******************************
Хөөрхий тэр бүсгүйн сүнс
Хуучин сандал дээр сууна
Ойрхон буух шувууг харах нь
Оршихуйд байгаа нь мэдрэгдэнэ

Хэдэн намрыг үдсэн юм бол хөөрхий
Хэнд,юунд хоргодсон бол хөөрхий
Бурхан мартсан заяа гэж байдаггүй болохоор
Будант энэ хорвоогоос явах л байхдаа тэр бүсгүй
*****************************
Энэ бүх хэвшил,заншил,ёс зүйг
Эвхэж боогоод хаячихмаар
Эрлэг бурхан хоёрыг дуудаж байгаад
Өнөө орой зад архидмаар

1/11/10

***Би жирийн нэгэн өвс байсан***


Тэнэж дундарсан амьдрал дээр минь
Тэргэл саран гуниг хуваалцаж манддаг байсан
Мөрөөдөл бүхнийг минь гишгэсэн мөнх бусын хорвоод
Манан дотор ургах мөөг шиг хүслээ түүдэг байсан

Уярахдаа уйлж,дуулж,дусалж бүүр урсдаг байсан
Ухаарахдаа уучилж,гэмшиж өөрийгөө голдог байсан
Цөлд төөрсөн мэт хааяа санагдахад
Цөхрөл ирэхдээ аргаддаг байсан

Үүл нөмөрсөн үдшийн бороонд
Өвс шиг шатсан дурлалдаа согтуу алхадаг байсан
Үзэгдэл мэт хоосон амьдралд үүсгэл үүтгээд
Үхэл бол үргэлжилэл гэж ухаарч суудаг байсан

Би чи байсан
Бид бүгд нэг байсан
Би үг байсан,шүлэг байсан
Би бүхэл бүтэн ертөнц байсан

Би жирийн нэгэн өвс байсан......

1/5/10

***Нэг л тийм хэсэгхэн хоромд***


Нэг л тийм хэсэгхэн хоромд
Нэр ч үгүй бие ч үгүй болсоноо
Нимгэн цаасан дээр унаж
Нүгэл үргэм шүлэг болдог

Нэг л тийм хэсэгхэн хоромд
Нүцгэн цагаан гуниг болоод
Намуухан эгшигт шингэн
Навч мэт тасран хийсдэг

Нэг л тийм хэсэгхэн хоромд
Өнгө, үнэр,мэдрэмж үгүй болж
Үхсэн мэт хорвоогоос ангижрач
Өөрийгөө мартаж тайтгардаг

Нэг л тийм хэсэгхэн хоромд
Шөнө,өдөр,цаг хугацаанаас халиж
Сүүдэргүй харь гэрэлд уусаж
Сүнсээ амарааж бүүвэйлдэгээ

1/2/10

***Бурханы галт шувуу***


Хүсэлийн бурантаг хөтөлсөн
Чөтгөрийн таван мэдрэхгүй
Хүрэн зүрхний голоос зууж
Хүрхрэн өндийж ирэв

Шунал тачаалын шүлсээ хаялж
Сэрэхүйн үндэсийг тасдахаар
Нүгэл шивэрсэн хорвоогийн элгэнд
Нүцгэн ухааралыг шахан дайрав

Сэтгэлийн буйдад айлссан
Бурханы галт шувуу
Хайр цацан дэвсээр ирж
Харанхуйг яран буулаа