11/1/08

♡♡♡***ЗҮҮД***♡♡♡

Хайрт ээж Норжингийн Хорлоо таныхаа гэгээн дурсгалд зориулав

*****ЗҮҮД*****

Зүйрлэшгүй сайхан зүүд зүүдэлж
Өгүүлшгүй их гунигаар өглөөг би угтлаа
Зүсэр бороо орчлонг угаасан тэр өглөө
Зүүдээ санаж зүрхэндээ уйлж сэтгэлээ би угаалаа

Өглөө босоход ээж минь цай чанаж байна гэнэ
Өө,хүү минь сэрэв үү гээд өндийж байна гэнэ
Яасан хол ирээ вэ гээд асууж байна гэнэ
Ядрав уу хүү минь гээд үнсэж байна гэнэ.

Даан ч богинохон тэр зүүд намайг уярааж
Далай их хайрыг ээж л өгдгийг ухааруулж
Хүний газар хүү чинь таныгаа л дурсахдаа
Хүйтэн дэрэн дээр халуун нулимс дусаасан

Дөч хүрээгүй миний ээж
Дөрвөн хүүхдэдээ л хорвоод хоргодсон
Эд минь арай балчир байна гээд
Эцэгт минь хэлээд уйлж байсан

Аргалж болоогүй аюулт өвчин
Ачит ээжийг минь аваад явахад
Арван зургаатай айлын том хүү би
Аавыгаа түшээд л уйлж зогссон

Адилхан байж ээжтэй гэж
Ангийнхаа хүүхдэд би атаархаж
Арван жилийн сургууль руу
Алаг нүдэндээ нулимстай алхсан.


Ээж минь та хүүгээ л эргээд явж дээ
Энэ л хорвоод та л намайг бүтэн хайрлаж дээ
Үндэстэй мод ургадаг гэдэг юм аа
Үртэй хүн үхдэггүй гэж үнэн юм байна аа.

Бодлын үзүүр намайг нүхлэн өрөмдөж
Болох болохгүй шүлгийн мөртүүд зоргодос шиг хөвөрч
Босон суун цаг харан нойр хулжиж
Босоод ирэхгүй ээжийгээ бодсоор өглөөг би угтлаа.

Өглөө сэрэхэд ээж минь цай чанаж байна гэнэ
Өө,хүү минь сэрэв үү гээд өндийж байна гэнэ
Яасан хол ирээ вэ гээд асууж байна гэнэ
Ядрав уу хүү минь гээд үнсэж байна гэнэ

Сөүл хот

No comments: