1/13/11

~~~Цасан дээрхи шүлэг~~~

Нэг л дутууд
Нэг л хагас мэт амьдараад
Нимгэн хучих цаснаас нэг л юм
Нэхэх мэт хараад

Нэрээ бичээд ард нь
Нэмэх
Асуултийн тэмдэг тэнцүү
Ар араасаа хөврөх бодол

Амьдрал гээчтэй хөтлөлцөөд
Тэвэрэлдээд
Тэр надаар тоглоод би түүнийг гайхаад л
Танилцаж дуусдаггүй

Дутууд дутуу амьдараад
Дуугаа хурааж өөрийгөө тэмтэрээд
Хэнээс юу нэхэхээ мэдэхгүй
Хэлгүй нүд хэлбэргүй мэдрэмж түшээд

Хэмжээст ертөнцөд захирагдаж
Хэмнэл хугацаанд төөрч
Хэлбэрт оршин хашигдаж
Хэлтгий заяанд чөдөрлөгдөж

Аргагүйд дурлаж ирсэн
Аргагүйд хүлэгдэж амьдарсан
Алдсан оносон нь минийх биш
Амь нас энэ бие ч минийх биш

Тэнэж эргэсэн заяаг
Тэрсэлж сэрэх нэгэн сүнс
Нэг л дутуу хорвоод
Нэгэн бадаг шүлэг унгасаныг

Бүүдгэр үдшийн нимгэн цас
Барлах мэт авч үлдэвч
Баллуурдах мэт
Салхи босмуй

1 comment:

Болорхон said...

Амьдралаас тасарч үл түвдэх амьд халуун зангилаа нь эвий дээ надад ганцаардаж гологдож илүүд үзэгдсэн муу хайр минь л байна...