1/29/09

***Нар сүлсэн хайр***

Нар навчинд шингэн хувилж
Салхи хөлөглөн бүжиглэхэдээ
Чиний үсийг задлахад

Би алгандаа сэтгэлээ тавьчихаад
Хүслээ шивнэн үлээхэд
Хайрын цэцэг дэлбээлсэн

Дуу чинь тарни мэт сонсогдож сэтгэл эзэмдэхэд
Дулаахан харц чинь цочтол намайг догдлуулсан
Үйлийн үртэй хайр үүлэнд зураглан хээтэж
Үнэнд ороогдон унахдаа энгэр норгон дуслах байх

Намрын шаргал өдрүүдэд хайрлаж ханаагүй сэтгэл
Өвлийн хүйтэн өдрүүдэд гал шиг шатах байх
Өргөс авахтай адил мартагддаг дурлал гэж байдаггүй хойно
Өнчирсөн зүрхэнд сэтгэл минь шаналал тэврэн ирэх байх

1/28/09

***Ай би энд***

Өөрийгөө л өргөх өчүүхэн сэтгэлт хүний
Өвчин нь амилж чөтгөр болсон жүжиглэл
Өр өвдөж ,бүүр өмөрч унамаар
Өрөвдмөөр,бүүр бөөлжмөөр

Өр зүсэх ганцаадалд хань болох гэж
Өнгөрсөн,ирээдүйн завсараас
Өндийж сар ургана.
Хорвоо гэж........

Өөрийгээ тэсэлчихмээр гашуун уйг
Өөртөө шингээж зовлонг нимэглэхээр
Өвс ургахдаа итгэл ургуулна
Амьдралаа гэж........

Сар өвс хоёрын завсар
Санчигны өнгө хувиргаж цаг хугацаа урсана
Сайн мууг мартуулах гэгээн мөчүүдийг хүлээхдээ
Үхсэний зол гэж
Амьдын тамыг илчилж хашгирмаар

Ай би энд ганцаардахдаа
Шүлэг нөмөрч л сууна даа

1/14/09

***Серенада...***





Австрийн суут хөгжмийн зохиолч Франц Шубертийн нэгээхэн сод туурвил бол "Серенада" юм аа. Сонсох тусам яруусаад...
Цээжин дотор уярал, гунилаар гэрэлтээд... уйлмаар болоод...
Цээжин дотуур тунгалаг долгисыг түрэн түрэн...
Чим чим... уянгалаг хөндүүр...
Чичирсэн аньсага Серенада дуулна...
Франц Шубертын тухай
/1797-1828/
Австрийн хөгжмийн зохиолч, романтизмын гол төлөөлөгч Франц Шуберт насан туршдаа ядуу амьдралтай өлөн зэлмүүн байж, өвчин эмгэгт ээрүүлж явжээ. Амьдралынх нь хамгийн хүнд үе нь эцэг нь түүнээс ургийн холбоогоо тасалж, сэтгэлтэй бүсгүйдээ ядуу зүдүү хэмээн гологдож ганцаардсан тэр он жилүүд байжээ. Гэсэн ч тэрбээр үл гуньж гутран зохиолуудаа бичсээр л байж.
Гэвч гайхамшигт туурвилуудыг тухайн цагт нь таньж, худалдаж авах, тоглох газар олдохгүй байв. Ганцаардмал зүдэг гэвч гайхамшигтай суу билэгт Шуберт амьд ахуйгаа алдарт 9 симфонийнхоо зөвхөн нэгийг нь л сонссон гэдэг. Түүнийг нас нөгчихөд өөрийнх нь гэрээслэлийн нь дагуу суут хөгжмийн зохиолч Бетховенийг тавьсан газарт оршуулжээ. Вена хотын Веринг хэмээх оршуулгын газарт байх Шубертын булшны хөшөөн дээр "Хөгжмийн урлаг энд эрдэнийн баян сан, эрхэм сайхан найрлага хоёроо оршуулсан юм" хэмээн сийлжээ.
Ф. Шубертийн хөгжим бол чөлөөтэй хөврөх гүн бодрол, сэтгэлийн их уянга, намуун тансаг дуулал юм. Тэрээр хүн төрөлхтөнд 1000 гаруй зохиолын өв санг үлдээжээ. Хөгжмийн театрт зориулан 20 орчим бүтээл, 9 симфони, 9 удиртгал, төгөлдөр хуурын 22 сонат, аязуудын хэд хэдэн түүвэр, дуулаачийн янз бүрийн зохиол, үүнээс 600 гаруй дуу нь уянгын шилдэг бүтээлд тооцогддог байна. Хөгжмийн зохиолчийн системийн мэдлэг бүү хэл дунд сургуулийн боловсрол ч эзэмшээгүй Франц Шуберт бурхнаас заяасан авьяас билэг, нөр их хөдөлмөрийнхөө үрээр гайхамшигт бүтээлүүдээ туурвиж, суутны зэрэгт хүрчээ.

1/12/09

***Хэсэг модны дор ***


Хэсэг модны дор уйт сэтгэлээ асгаж
Хөндүүр дурсамжаа задалхуйд
Хэлээгүй,хэлмээргүй дурсамж
Хажууд ханьсан суулаа

Дуулмаар,уйлмаар хүсэл
Чимээгүйн дунд эргэж
Дусал нулимас хуралдаж
Аньсаган доор нуугдлаа

Таяг тулсан эмгэн зүтгэн алхасаар өнгөрч
Тарж буй сэтгэл танил өдрүүдийг авчирлаа
Өвлийн цасан дороос ногооны үнэр хайх шиг
Өнгөрсөн цаг хугацаанаас өөрийгөө тэмтэрч суулаа

Яг л одоо энд хүн чанар тунарч
Ярих мэт харцаараа би үнэнийг илбэн суулаа
Яг л одоо эндээс залуу нас буцаж
Явган хүний замаар эмгэний араас гэлдэрнэ би

Сүүлчийн удаа залуу нас
Гараа сунган өгөхөд нь
Сүүдрээ гишгэсээр өндийхөд
Шүлэг унахдаа хашгирлаа

1/11/09

********************

Утга учир улан дор сэвтээн үгүй хүлээж
Унтаж буй,унаж буй амьдрал дээгүүр нь алхана
Солиорол инээсээр шинэ зангиа зүүж
Сохор хүмүүс гудамжинд соёл,гоёл ярина

Нэг луйварчин нөгөө луйварчингаа шүүнэ
Нэг янхан нөгөө янханаа худалдаж авна
Хэсэг жоом нэг жоомоо од болгож
Хэрүүл эрсэн сонин мөнгө болгож иднэ

Бурхан сайн мууг үл мэднэ тэтгэнэ
Буруутай мэт цаг хугацаа бүхнийг чирнэ
Байгаа мэт байхгүй мэт амьдрал хэмээх үзэгдэлд
Буцаж унах нүхээ хүмүүс өөрсдөө л ухна....

1/6/09

*** ТЭНД Л БИ***

Би халгиад байна
Би цалгиад байна
Би харван дүүлмээр байна.яг тийшээ
Би харанхуйгаас гармаар байна

Би мэргэдийн явсан тойрог замаар явмааргүй байна
Би ердөө л ганц үсрээд
Тиймээ ганц л үсрээд
Мөнх орших тэр цэг дээр буумаар байна

Тэнд л цаг хугацаа зогсож
Тэндээс л цаг хугацаа эхэлдэг
Тэндээс л одот ертөнц, оюун ухаан цацарч гарсан
Тэнд л оюун ухаан, орчлон ертөнц буцаад сорогдон орно

Тэнд л бурхан мэлхийтэй хундага тулган согтоно
Тэнд л буян бузар хоёр нэг л өнгөөр солонгорно
Тэнд л харь гаригийн хүн харцага шувуунд гомдон уйлна
Тэнд л би бүх өнгөө гарган нөгөө ертөнцийн тогос шувууг өрөвдөнө

Тэнд л би......

Soeul 2007

***НЭГЭН ЕРТӨНЦ***

Сэтгэлийн минь нууранд нэгэн шувуу буугаад явсан
Сэмхэнээр ч ойртож болохгүй нөгөө ертөнцийн шувуу
Нүгэлийн эрэгтэй нууранд минь ганц сувд унагаачихаад
Намуухан дэвсээр нисэн одсон

Тэр шувууг буцаж ирээсэй би хүсэхгүй
Тэнгэрийн орны тухай ч асуух хүсэл алга
Тавилан дээр минь зовлон нэмсэн сувдыг атгаад
Танихгүй энэ орчлон дээр мэдэхгүй цаг хугацаатай хэсэг байна

Зөн,совин,онгод минь ч минийх биш
Зүрхэнд хуралдах цус минь ч минийх биш
Өнгөт энэ хорвоо ч зэрэглээ мэт биегүй хоосон
Өөрөө би харин хэнийх ч биш нэгэн ертөнц

Soeul 2007

1/4/09

***Би сэтгэлээ хаямаар байна***

Хогийн сав хайж зөндөө явлаа
Хэрэгтэй хэрэггүй бүх бодлоо
Хумиж боогоод хаямаар байна

Бүгдийг би хаямаар байна

Өрөвдөх нинжин сэтгэл
Өсөрхөх өнчин сэтгэл
Өөрийгөө гэх өчүүхэн сэтгэл

Би сэтгэлээ хаямаар байна

Харамсах хачин сэтгэл
Хайрлах халуун сэтгэл
Харуусах гунигт сэтгэл

Би сэтгэлээ хаямаар байна

Энэрэн хайрлах сэтгэл
Эвдэх,бүтээх сэтгэл
Эхлүүлэх,дуусгах сэтгэл

Би сэтгэлээ хаямаар байна

Хүсэл,мөрөөдөл,хүлээлтийн сэтгэл
Хүний өөрийн ялгах сэтгэл
Айх,ичих хүлээсийн сэтгэл

Би сэтгэлээ хаямаар байна

Шунал ,тачаал,харамын сэтгэл
Цөхрөл,гутрал,шаналалын сэтгэл
Шүлэг нөмрөх ганцаардалийн сэтгэл

Би сэтгэлээ хаямаар байна

Бүх сэтгэлээ хаяад
Би хоосормоор байна
Хоосрох тэр л мөчид
Хоосон энэ ертөнцөөс
Хоромын төдийд л ангижрана

Би сэтгэлээ хаямаар байна

Хувирч эргэлдэх ертөнц
Хогийн сав юм байна
Хатгах,халирах сэтгэл
Хог нь юм байна

Би сэтгэлээ хаямаар байна