6/22/09

***ААВДАА***

Хайрт аав Сангаравын Цэнд таныгаа хүндэтгэн дурсаж зориулав

Нар ирж байхад
Навч ногоороогүй байхад
Шувууд ирж байхад
Шүлэг бичээд дуусаагүй байхад

Хүүгээ орхиод холоо явсан
Хүний дээд миний бурхан аав минь
Нутгийхаа энгэрт таныгаа тавьчихаад
Нулимасаа арчсаар явсандаа хүү чинь

Сайхан байждээ аавтайгаа байхад
Сартайд ч,нартайд ч очоод
Хааяа ч гэсэн загнуулаад
Хажуугаар нь бас эрхлээд

Цэрэгт байхад минь эргэж ирчихээд
Цэрэг малгайг минь өмсөж үзээд
Арав төгрөг гарт минь атгуулаад
Аав нь хүүгээ үнсэе гэж билээ

Хэн намайг аав шиг минь хайрлах билээ дээ
Хэлж ирдэггүй өвчин хэцүү л юм билээ
Хүний хүү аавтайгаа золгохыг хараад
Хүү чинь дотогшоогоо урсаж л байлаа

Хөөрхийдөө миний аав
Хүн болж төрөөд жаргаж үзсэн нь цөөхөндөө
Хослон амьдарч яваад ханиа эрт алдаж дээ
Хожим нь л ухаарах юмдаа таны муу хүү чинь

Өө миний хүү ирлээ гээд инээх нь
Өчигдөр юм шиг л санаанд байна
Цэн цэнгийн цуваа шиг гээд дуулдаг аавыгаа бодохоор
Цээжний гүн дэхь бороо нүдээр гараад болохгүй нээ

Сайхан аавтай байсан болохоор
Сайн явнаа хүү чинь
Дуусашгүй их хайрын тань илчинд
Дулаацсаар явна даа муу хүү чинь