9/19/09

****Намрын өглөө****

Орчлон мөнх бусийг сануулсаар намар ирэхэд
Огших ,тэсрэх сэтгэлийн гүнээс нэгэн шувуу нислээ
Тэр шувуу сансарын хуйлрах аянгaнаас гэрэл зууж
Мэдрэхүйн долгисыг хөглөн буулаа

Сэтгэлийн эмзэг дэлбээг минь нэг нэгээр нь илбэж
Сарны гунигтай,намрын шаргал өдрүүдийг асгалаа
Зөгнөл тэмтчин алхах бүдгэрсэн харгуйг гийгүүлж
Зүүд тарааж цацсан гэгээн шөнүүдийг авчирлаа

Зүрхний үгийг минь сонсох өвсний намуухан амьсгал
Зөв бурууг ухааруулж өлмийг минь үнсэж өндийхөд
Зөн совинд зүүгдэх он жилүүдийн давалгааг гишгэн
Зүүдний учиг тайлах битүүлэг ертөнцрүү тэмүүллээ

Итгэлт сэтгэлийн гэмшил гэрэл болохуйд
Илгээх гэгээн аялгуунд яруусаж хонолоо
Ирэх өдрийн үйлийг хайраар тосож
Эмтэлсэн амгаланд хорогдсоор намрын өглөөг угтлаа

9/6/09

***БИД БУРХНЫ ХҮҮХДҮҮД ***

***ЭВЛЭРЭЛ***

Бурханы өгсөн бие байшингын хана налахад
Байхгүйн дунд сэтгэл түших ханагүй
Хэлсэн хэлээгүй үгс хаа хүрэхээ мэдэхгүй тэнүүчлээд
Хэзээ ч юм бэ? ирсэн гуниг аяга дарс шиг

Нар манддаг хорвоод
Насаа өгч байгаад ч хамаагүй авчих юм алга
Өнгөрсөн бүхэн үзэгдэл төдий
Өнөөдөр зүүд мэт зэрэглээтээд

Шүлэг сүүрс алдах мэт замхараад
Шөнө өдрийн ялгааг олж ядан байхуйд
Цаг хугацаа гараас алдраад урсах нь
Ганц л олдож буй тайвширал аа

Дурлал хэмээх солиоролд
Дусал нулимс ч гаргах нь солиорол
Салмааргүй гашуун бодол минь
Саяхан дэлбээлсэн цэцгийг өрөвдөх нь өрөвдөлтэй

Барьцгүй хоосонд сэтгэлийг сэвэх
Бурханы илгээх зөн билэгээс зугтаамаар
Тэндээс оноосон тавилантай эвлэрэх шиг
Өмнөөс минь харах бүсгүйг тэвэрлээ би.

9/3/09

***ЦАГ ИРЖ ЯВНА***


Цаг ирж явна
Цахилах гөрөөс мэт үнэн ирж явна
Үйл нүгэлийн үзүүр эргэж
Үхэл,сүйрэл ирж явна

Уул уулын оройг уулзуулах
Усан галав ирж явна
Улаан гол таслагчдийг гэсгээх
Утаан галав ирж явна

Улаан гол гүрэлзэж
Улаан бөөмс биеэр тархаж
Улан дороос шороо босгож
Учрал бүрдэж яах гэж амьдардагийг

Мэдэгтүн ! Сэрэгтүн !

Хүний зовлон хаанаас үүсэлтэйг
Хүрд эргэж,төрөл арилждагийг
Үнэн худлын заагийг
Үхэл цавчиж салгадагийг

Мэдэгтүн ! Сэрэгтүн !

Зөн билэг хаанаас унаж
Заяа төөрөг хэрхэн зурагдагийг
Бие сэтгэлийн зовлонгоос салж
Билэгийн нүдээ хэрхэн нээдэгийг

Мэдэгтүн ! Сэрэгтүн !

Цаг ирж явна
Цахилах гөрөөс мэт үнэн ирж явна
Үйл нүгэлийн үзүүр эргэж
Үхэл,сүйрэл ирж явна

Мэдэгтүн ! Сэрэгтүн !