11/5/09

***Миний үг***

Би яс маханд түр буудалласан, яарсан, хоргодсон сүнс байсан
Би нарны эсрэг харж дэлбээлсэн ямархан нь үл мэдэгдэх цэцэг байсан
Би дууны эгшигт уярсан дулаахан бүлээхэн харц байсан
Би дурлалын галд уяссан дутуу хатаагдсан ган байсан

Би цээжний махаа барсан цэнхэр хаврын шаргал хүлээлт байсан
Би цэнгэлийн нууранд буусан хун шиг байж тэр бүсгүйн хайрын эзэн нь байсан
Би ганцаардлын гашуун зовлон үзэж галбын говьд төөрсөн хавтгайн ботго байсан
Би хагацлын хавцалд хашигдаж харанхуйд төөрсөн халихад бэлэн амь байсан

Би гэгээн цэнхэр дэвсгэр дээр өөрөө цацагдсан өнгө өнгийн будгийн холил байсан
Би уртын дууны шуранхайд хавчуулагдаж гарсан уянга сондгой эгшиг нэгэн байсан
Би тэнүүн талын дээгүүр харвасан солирыг харж түүдэгийн галаас үсэрсэн оч нь байсан
Би үхэл хүлээж хайр хүссэн өрөвчхөн сэтгэлийн гал халуун бөмбөлөг байсан

Эхээс төрөхөд надад оногдсон эх орон хэмээх өмчтэй би баян байсан
Эргэн дурсахад хайр амтагдсан эжий аав хоёр хэмээх бурхантай би бурхадын хүү байсан

Тийм ээ би Бурхадын хүү нь байсан.

2005 он BUMON