3/24/11

~~~Энэ л мөчийн санаа алдалт~~~

Зэллэн ирэхдээ шувууд хаврыг
Зүрхэн дээр минь асгахад
Зөнгөөрөө айлчлах гэгээн бодолууд
Зүсгүй мишээх урин салхинд гадагшилна

Өөрийгөө нэг аргадаж
Өрөөлийг нэг аргадаж
Улиран одсон амьдрал,он жилүүдийг аргадаж
Урсан ирэх учрал,үйл бүхнийг аргадаж

Буй бүгдийг аргадан
Бусдаас юу ч хүсэхгүй байхыг хүсэxэд
Энэ л мөчийн санаа алдалтаас
Өөртэйгөө гэнэт уулзах шиг

3/11/11

~~~Уяаны үзүүр~~~

Хуурах мэт хувирал
Үүсэх мэт хэлбэр олоод
Өнгө өмчилж,үнэр цацаж
Өөрийгөө тунхаглан дуугаа хадааж

Таньдаг бүхнээ эс таних,мэддэг бүгдээ эс мэдэх
Танин мэдэхүйтэй дахин тулгарч тунах
Хувирах амь аниргүйд угаагдан ирэхдээ
Хуучин түүхийг шинэ мэт эхлүүлэх

Амьдрал хэмээхийн учрыг тайлах
Алдуурч одсон уяаны үзүүр
Арьснаас минь ч илүү ойрхон
Амьсгалаас минь ч илүү дотор минь байх

3/6/11

~~~Хааяа тэр цэцгийг харахаар~~~

Хэн нэгний үлдээсэн хайр
Харуусалаар илбүүлж
Хүсэлгүй цэцэглэж
Хүлээлтгүй ургасаар...

Хааяа тэр цэцгийг харахаар
Хавар намаргүй ганцаардалд амирлаж
Хамгийн сүүлчийн удаа гэсэн хүсэлээ
Хачин тунгалаг дэлбээндээ нуусан мэт...

Хааяа тэр цэцгийг харахаар...

3/4/11

~~~Задралын дараа нэгдэл байдаг~~~

Тэсрэлтийн өмнөх нам гүмхэнд хууртагдаад
Тэврэх гэнэн салхинд илбүүлэн сатаараад
Зөн татах их хуйралыг догдлол гэж андуураад
Зөрөн өнгөрөх агшинуудад зүгээр л өөрийгөө тарааж уусгаад

Хэн нэгний алдаа инээд хүргэснээ хоромхон зуур мартагдаж
Хэсэг хэсэг бодол үүсэвч сарних мэт одож
Шувуу нисэхийг харсанаа,харсандаа уйдаж
Шүлэг,яруу найрагт үнэн үл оршдогийг мэдэрсэндээ үл гэмшиж

Энгийнээс энгийнийг ойлгох гэснээ орхиод
Элдэв бодолгүй эзэнгүй мэт алдуураад
Зайгүй битүү ертөнцөд завсар гаргаж
Задралын өмнөх мөчүүдэд би оршином