7/20/09

***САРНАЙ***

Оршил

Сарнай цэцгийг харж би удаан суулаа
Сайхан тэр цэцгийг бахдаж би удаан суулаа
Дэлбээнийх нь эмзэгхэн гоог биширч
Дэндүү гайхамшигт тэр цэцгийн тухай шүлэг бичлээ

Яруу төгс түүний тухай бичихгүй юм бол
Янжинлхам бурхан гомдох юм шиг санагдлаа

САРНАЙ

Үнэндээ тэр төгс аялгуу
Үзэсгэлэн гоо бүсгүйгээс илүү
Урлагын бүтээл,сансарын элч мэт
Утгыг нь ойлгож эс гүйцэх бурханлаг шинжтэй

Түүнд хагацал,учрал багтаж байдаг
Түүнд хайр,энэрэл шингэсэн байдаг
Түүнд гэгээн зөгнөл, гэрэлт хүсэл байдаг
Түүнд ханамгүй тачаал,харьшгүй хүч байдаг

Түүнд огторгуй мэт хязгааргүй орон зай бий
Түүнд од эрхэсийг татах чадал бий
Түүнд хувирашгүй сэтгэл,хуучирашгүй түүх бий
Түүнд тэнгисийн давалгаа,тэнгэрийн гялбаа бий

Сарнайн гоо сайхан нь дотоод ертөнцөдөө бий
Сав ертөнцийг бүгдийг нь багтаадагтаа байдаг юм
Ариусал гэгээрэлийн түүний ертөнцөд
Амьдралын утга учир багтсан байдаг юм

Бурхан ч атаархам төгс тэр цэцэг
Бусдад сайн сайханыг өгөх гэж ургадаг юм
Сар нарыг багтааж ургадаг болохоор нь
САР НАЙ гэж нэрлэсэн юм болов уу?

No comments: