3/14/10

Сайхан монгол бүсгүй минь надад дурла

Сайхан монгол бүсгүй минь надад дурла
Сарны гэрэлд тодрох галбир гоо биеийнхээ
Сэрэл мэдрэмж бүхнээ дарс мэт хундаглаад
Сэтгэлийн галруу цацахдаа бүхий л биеийг минь шатаа

Хайр хүлээж гундсан амьдын зөнг тэвэрч
Халуун эсээ цутгаж мөнхийн агшинг бүтээ
Ханаж цадаж дуусдаггүй зовлонт ертөнцөөс нуугдаж
Хайр дуудаж сэвэлзэх тачаалын хөнжил нөмөрөе

Дөлгөөн гол мэт харцны чинь урсгалд
Дахиж хатахгүйгээр живж
Дуу алсрах шөнийн хэмнэлээр
Дусал дусалаар шингэмээр байна

Үзэсгэлэнт монгол бүсгүй минь надад дурла
Үгийн сайханыг цуглуулж цээжин дээр чинь уруулаараа сийлэе
Үнэн зугатах хорвоогийн элгэнд нэгэн мэт болж
Үхэл атаархам мөчүүдийг үг дуттал эдлэе

Сайхан монгол бүсгүй минь надад дурла
Сарнайн дэлбээт сэтгэлээ зүрхэн дээр минь шид
Заяа тавиланийн торноос мултарч хараацай шиг дүүлээд
Зүүд сарниаж, одод ичээсэн шөнүүдийг асга

Сайхан монгол бүсгүй минь надад дурла

1 comment:

agai said...

saihan shuleg unshuulj az jargald umbuulsan chamd bayrlalaa