12/11/10

***Юу ч хүсэхгүй байх нь ...***

Салхи эзэгнэсэн талд бодол сэтгэлээ төөрүүлчихээд
Сар хоносон бүлээн ором дээр өөрийгөө орхичихоод
Чанадаас ирэх чанадруу улирах бүхнийг дэргэдээс нь
Харах мэт эс харах мэт

Юу ч хүсэхгүй байх нь
Юутай ч амар юм дээ

Амьдрал хэмээгчийг хөдөлгөх
Амьдрах хүсэл хэмээх нэгэн эсийг унтуулахад
Би гээч үзэл ганцаардахдаа биетэй бүхнээс зуурахыг
Мэдрэх мэт эс мэдрэх мэт

Юу ч хүсэхгүй байх нь
Юутай ч амар юм дээ

Дуу шүлэг,дурлал,амьдрал
Дуугүйхэн харахыг
Далдуурхан хүлээхийг
Мэдэх мэт эс мэдэх мэт

Юу ч хүсэхгүй байх нь
Юутай ч амар юм дээ

Өнчин хайлсаасний ганцаардалийн дуу
Өвлийн салхинд гансран тэнэж буйг
Энэрэнгүй зөөлөн сэтгэл шимж өргөст цэцэг ургаж буйг
Хайрлах мэт эс хайрлах мэт

Юу ч хүсэхгүй байх нь
Юутай ч амар юм дээ

Өнгө тунамал наран гэрлээр инээж
Өглөө гэдэг үг цаг хугацааг авчирч
Үйл,учралын хэлхээнд бие сэтгэл сэрэхэд
Өөрийгөө би хүсээгүй хүсэлд өгчихөөд

ӨӨ.!
Юу ч хүсэхгүй байх нь
Юутай ч амар юм дээ

1 comment:

Heaven said...

Хүсэл үгүй
Бодол үгүй
Шунал үгүй
Энэ эрх чөлөө мөн үү? Хонгор найз минь..