10/25/07

***ЯЛ АСУУХ НЬ***

Огторгуйд хэн цацсан юм бол энэ олон ододыг
Орших үл оршихын энэ амьдралыг хэн зохиосон юм бол
Нарыг зовоон байж намайг яах гэж дулаацуулдаг юм бол оо
Нас дуустал үл салах зовлон дунд намайг яах гэж илгээсэн юм бэ?

Зураг төөрөгтэй минь зовлон дунд шидчихээд
Зугаацан,тохуурхан харж байгааг чинь мэдэж байна
Алган дээр амьдралыг минь зурж явуулчихаад
Алсан ялааны тоогоор ял тооцоод ахиад зовоохыг чинь мэдэж байна

Мөнхийн хутгийг чи олчихоод
Мөхөсхөн сүнсүүдийг зовлонгийн тойрог руу түлхсэн
Мөрөөдөл хэмээх үзүүргүй зовлонг
Мянга мянган жил харамгүй чи өгсөн

Хэзээ чиний тоглоом дуусах юм бэ
Хэдэн галвыг дамжиж зовох юм бэ
Байх байхгүйн дундах хоосон орчлонгийн чинь завсраас
Би чамаас ял асуусаар байна шүү!!!

No comments: