10/26/07

***ХЭН***

Өнгө өнгийн цэцэг талд ургаад дээр нь эрвийхэй нисэх нь
хэний хийсэн бүтээл вэ?
Өнчин хайлаасны сүүлчийн навч тасараад салхинд хийсэх нь
хэний хүссэн хусэл вэ?
Буцаад ирсэн шувууд нуурийн мандалд буух нь
хэн дуудсан юм вэ?
Будан татсан нутагтаа буцаад төрөхийг минь
хэн хориглосон юм вэ? ХЭН

***

Эхээс төрөөд дуугаа намдааж бүүвэйн дуунд уяарсан би
Эсгий сунган эр болоод чиний хайранд уяарсан би
Эргэх хорвоод ээж,аав болоод үрийнхээ дуунд л уяарсан би
Энэ л амьдрал,эрээн бараан хүний нийгэмд л хатуужсан би

***ХӨХ ТЭНГЭРИЙН ОРНЫГ ХЭН Ч..***

Яасан их шунал вэ?
Ямар цаддагүй сэтгэл вэ?
Хаанаас ирсэн бирд вэ?
Хэн гээчийн үр вэ?

За яахав тэгэж л бай! Ядарсан олны
Зовсон сэтгэлийг идэж л бай!
Бүх юм хэмжээтэй гэдгийг
Би хэлж цаг хугацаа харуулна

Зүрхэнд уяатай эх орныг минь чи худалдаж идэж байгаа учир
Зүгээр чамайг хараж чадахгүй .нүд минь хорсдог юм
Зулгааж идсэн бүхэнд чинь хонхойж үлддэгийг мэддэгүү чи!
Заяа буян хоёр минь чамтай эвлэрнэ гэж санаа юу чи!

Үхсэн хойноо ч чиний яс өндөлзөнө
Үр хүүхэд чинь чамайг луйварчин байсныг чинь мэднэ
Өлсгөлөн хүүхдийн үмх талхыг булааж идсэнийг чинь
Өнөөдөр би бичиж маргааш цаг хугацаа батална

Мичид долоон одноос морио аргамжиж явсан
Миний өвгөдийн буяныг чи идэж барахгүй
Талын наран доороос нь ургадаг эх оронд минь
Тавилан заяаг нь дээрээс нь өргөдөг хөх тэнгэр байдаг юм

10/25/07

***ГАМШИГ***

Саяхан энд нар тусаж байсан юм үүл халхалчихаж
Сайхан залуу насаараа гэрэлтэж байсан юм тэр залуу
бие ээ тоочихож
Өглөөгүүр энүүгээр бороо оржээ.чийг үнэртээд сайхан байна
ӨӨ тэр залуу яасан вэ? гэж үү? чийгний хорхой болсон.хайран залуу нас

***ГУЙЛТ***

Намайг нэг юм л хүлээж байгаа үнэн шүү
Нуугаад байх юм алга аа үхэл чи хүлээж байгаа
Цаг жилүүдийг унасаар чам дээр би очино оо
Цагаан толгойтой болтлоо амьдрах хүсэл байна

Чи битгий шоолоод байгаач!

Гэнэт хааяа чамайг хаая санах юм.үнэн шүү
Гэхдээ би чамайг мартаагүй ээ үхэл минь
Цаг мөчүүдээр ухаарахыг хүсэх юм.гүйцэхгүй юм байна
Цагаан толгойтой болсон ч ухаарч дуусахгүй юм байна

Чи битгий өрөвдөөд байгаач!

Үнэндээ чамаас асуух юм их байна
Үхэл чи хэлж өгөхгүй л дээ би мэдэж байна
Нүгэлд дарагдсан дэлхий дээр буцаагаад чи авчирна.
Нүгэлээ үйлдэх гэж яарсан, нүцгэн бие чарласаар ирнэ

Чи битгий нуугаад байгаач!

Сарыг татан нарыг аргадах уртын дуундаа уярах гэж ирнэ ээ
Сүүний үнэртэй гэртээ эсгий үнэгэнд хууртах гэж ирнэ ээ
Сайхан монгол бүсгүйн биеыг салхинаас харамлан эдлэх гэж ирнэ ээ
Санчигны үсээ бууралтал санагдах сайхан эх орондоо л ирмээр байна

Чи зөвшөөрөөч,би гуйя!

***ХҮСЭЛ МИНЬ***

Оршил

Зүгээр л байж чадахгуйн
Зүрхэнд урсах аялгуугаа шүлэг болгон гаргая
Хэнзхэн хаврын яргуй цасан доороос цухуйх шиг
Хэнд ч хэлэмгүй хүсэл минь сэтгэл дотороос хатгаад байна

Миний хүсэл

Хүсэл минь чи надтай хамт төрөж
Хөхний товч хайлгуулж сүүний амтыг мэдэрүүлсэн
Хөнгөн нойрсох эхийн халуун энгэрээс зугтаалгаж
Хөх тэнгэрт хөвөх үүлсийн хойноос сарвайлгасан

Хүсэл минь чи надтай хамт өсөж
Хүний өөрийн ялгааг нүдэн дээр минь таниулсан
Хөнгөн гунигтай, цагаахан итгэлтэй
Хүүхэд насыг минь чи хамт үдсээн

Залуу насны аагийг хүсэл чи өрдөж
Дэнгийн эрвийхэй адил гэрэлрүү зүтгэн тэмүүлсэн
Дэндүү омголон хүсэлээр нурааж ,бүтээж явахдаа
Дээлэнд багтах ухааныг тэгэхэд олж харсаан

Хүсэл минь чи намайг хэзээ ч орхиж байгаагүй
Хүрэн зүрхний угаас ундарсаар л байсан
Гуйлгачин баян хоёрын дундуур намайг чирэж явахад чинь
Гутрал,цөхрөл гэдгийг даваж сурч явсаан

Хагацалын мөнгөн аяга гар дээр хагарч байхад
Харанхуйг зүсэн ирэх бугын урамдлага шиг чи над дээр ирсэн
Харийн газар өвчөнд дарлуулан хэвтэж байхад
Ханийн халуун энгэр шиг чи намайг тэвэрсээн

Ганцаардалын зовлон зүрх базалан өвтгөхөд
Ганцхан чи л надад хань болсон
Сэтгэл гээч гэрийн хойморт нь суудал байх юм бол
Хэзээч эргэлзэхгүйгээр чамайг би суулгана

Хэсэгхэн цагаан үүл нар халхалаад явдаггүй ээ
Хэнээс ч нуугаагүй хүсэл минь сэтгэлээс хатгаад суулгадаггүй ээ
2007-10-3 Soeul

***БИ ГЭЖ ХЭН ВЭ? ***

Өнөөдрийг зүгээр л дэмий өнгөрөөмөөр байна
Өвс бүхэн миний төлөө ургадаг гэж бодоод
Сар хүртэл намайг тойрдог гэж өөрийгөө баясгаад
Сархад ууж хорвоог тоомжиргүй хармаар байна

Өөрийгөө бурхан гэж сэтгээд
Өнчин хайлаасанд хань болж суумаар байна
Намрын навчсыг хайхрамжгүй туучаад
Нарны хэлтэрхий дээр гишгэж байна гэж бодмоор байна

Бүх зүйл түр зуурынх гэсэн философи амандаа үглээд
Бүүр юу ч бодохгүй тэнэмээр байна
Сайхан төрсөн гэж өөртөө итгүүлээд
Салхитай хамт охид эргүүлмээр байна

Гуниг зовлонгоор нэрж гаргасан ухаанаа
Гудамжны мухрын нэгэнтээ шидчихээд
Гартаа шүхэр эргүүлсэн шиг ээ
Гал зуран тамхи татсаар алхмаар байна

Газраас том алт олчихоод
Гартаа ч барилгүй өшиглөмөөр байна
Тэнгэрийн дагиныг тэрхэн хавьдаа хүлээж
Түүнийг ирэхлээр нэг л юм асуумаар байна

Тиймээ нэг л юм асууя
Би гэж хэн вэ?

***ЭРВЭЭХИЙ***

Өглөөгүүр тэр авгалдай байсан
Үзэмгүй муухай өт байсан
Өдрийн наранд өнгөө дэлгэж
Үзэсгэлэн төгс эрвээхий болсон

Өнгийн цэцэгс түүнд хөл алдан
Өөр хоорондоо магтан гайхацгаасан
Намгийн хажуугийн намхан цэцэг хүртэл
Над дээр буугаасай гэж мөрөөдсөн

Нэг өдрийн наст тэр эрвээхий
Нарны туяаг сулжин ниссэн
Надаас өөр үзэсгэлэнт амьтан байна уу гэж
Намгийн цэцэгнээс асууж тохуурхасан

Үдээс хойх нь тэр эрвээхий
Өөртэйгээ тавилан нэгт ижилээ олсон
Улаан цэцэгийн дэлбээн дор нуугдаж
Учиралын мананд умбан цэнгэсэн

Үдэшийн нар шаргалтан хажуулдахад
Өнөөх хосийн амьдрал дуусах болжээ
Өнгийн цэцэгс тэднийг тоосонгүй
Өдрийн гоо сайхныг нь бүгд мартажээ

Намгийн цэцэг тэр хоёрийг өрөвдөн
Нарийхан мөчир дээрээ суулган
Үр удамаа үлдээгээд явдаа гэж
Өөрийгөө умартан хэллээ

Хүн бол адгийн амьтан
Хүсэл нь дийлдэхгүй шуналын амьтан
Нэг өдрийн наст шавьж шиг амьдрах юм бол
Нэр зүүгээд хүн царайлаад амьдарч яах юм вэ?

***ЯЛ АСУУХ НЬ***

Огторгуйд хэн цацсан юм бол энэ олон ододыг
Орших үл оршихын энэ амьдралыг хэн зохиосон юм бол
Нарыг зовоон байж намайг яах гэж дулаацуулдаг юм бол оо
Нас дуустал үл салах зовлон дунд намайг яах гэж илгээсэн юм бэ?

Зураг төөрөгтэй минь зовлон дунд шидчихээд
Зугаацан,тохуурхан харж байгааг чинь мэдэж байна
Алган дээр амьдралыг минь зурж явуулчихаад
Алсан ялааны тоогоор ял тооцоод ахиад зовоохыг чинь мэдэж байна

Мөнхийн хутгийг чи олчихоод
Мөхөсхөн сүнсүүдийг зовлонгийн тойрог руу түлхсэн
Мөрөөдөл хэмээх үзүүргүй зовлонг
Мянга мянган жил харамгүй чи өгсөн

Хэзээ чиний тоглоом дуусах юм бэ
Хэдэн галвыг дамжиж зовох юм бэ
Байх байхгүйн дундах хоосон орчлонгийн чинь завсраас
Би чамаас ял асуусаар байна шүү!!!

***ДУРЛАЛ ОРШИНО***

Дан дээлтэй гарсан юмсан
Даараа боловуу яагаа бол....(ардын дуунаас)

ДУРЛАЛ ОРШИНО

Хайрлах мэт харах харцанд чинь миний дурлал оршсон
Харамсах мэт санаа алдах амьсгалд чинь миний дурлал оршсон
Хаяад яваагүйч эргээд ирээгүй заяанд чинь миний дурлал оршсон
Хамаг амьдрал өөрийгөө мартах тэр л агшинд чинь миний дурлал оршсон

Орчлонд намайг хайрласан хайранд чинь миний дурлал оршсон
Олон үггүй цагаахан аалинд чинь миний дурлал оршсон
Орхиод яваагүйч ороод ирэхгүй тавиланд чинь миний дурлал оршсон
Орны даавуун дээр үлдээсэн үнэрэнд чинь миний дурлал оршсон

Хайртай гэж чамд хэлээгүй мөртлөө би
Хамгийн сүүлд баяртай гэж хэлэхэд чинь мэдэрсэн
Хагацал үзэж байж хүн болж үлддэгийг
Хүний хорвоод тэгэхэд би мэдсээн

***ӨРШӨӨ***

Тэнэгүүдийн энэ хорвоод тэсрэх бөмбөг хэрэггүй
Тэртэй тэргүй галав юүлж,ганцхан хөрвөөхөд дуусна
Энэ дэлхий нүгэлд дарагдан тамирдахдаа
Их л гашуун бороогоор уйлж нэг л удаа хөрвөөнө

Тээр дээрээс аврал эрсэн хүн дүрстнүүдэд
Тэртээ тэргүй үг хэлээд нэмэргүй
Аврал өөрт чинь байгаа гэж аль дээр хэлсэн
Алт,мөнгө,алдар нэр чинь хоосон гэж ахиад нэг хэлэе

Бурханы хутагийг олж төрсөнөө мэдэхгүй хүн сүрэг минь
Бузараа уул шиг овоолчихоод амьдарсаар
Дэндүү их нүгэлийг чинь дааж ядан эргэхдээ
Дэлхий хүртэл зовож байдаг юм шүү!

Гэрэл хүртэл дэргэд тань дарагдах гэгээн мэргэд минь өршөө!
Гэмтэй мөртлөө тэнэг,гэнэн олон хүмүүнийг өршөө!
Газар, дэлхий,чулуу хүртэл амьтайг мэддэггүй
Гэрэл хараагүй,сохор хүн хархуудыг өршөө!

*** ХҮСЭЛ ***

Би өөрийнхөөрөө амьдрахыг хүснэ
Би өөрөөсөө илүү бичихийг хүснэ
Би Бурхадын доорх шаргал мананг харахыг хүснэ
Би будан татсан нутагтаа буцаж төрөхийг хүснэ

Би намар намарт ухаажиж навчсын зовлонг ойлгохыг хүснэ
Би хавар хаварт ургаж хайрын бороонд дэлбээлэхийг хүснэ
Би нарны доор хүмүүний зовлонг хуваалцахыг хүснэ
Би нас хийгээд жаргалаа найраг,шүлэг болгоод явахыг хүснэ

***Сэтгэл амраахуй***

Яруухан дуут хөхөө шувуу минь чи донгодохоо азна , намайг сонс!
Ялгуухан урсгалт горхи минь чи чимээгээ аяд , намайг сонс!
Янагш орших оддын тэнд би очмоор байна
Ямар ч юм бодолгүй нам гүмхэн тэнд л хөвмөөр байна

Сэмэрч урагдсан сэтгэлээ дэлгэж тэнд хаячихаад
Сэрүүхэн унтаж хэсэгхэн ч гэсэн амармаар байна
Атаа хорсол, гомдол гунигаа тэнд орхичихоод
Анхны цас болж алганы чинь хонхорт зөөлөн бууж хайлмаар байна

Яруухан дуут хөхөө шувуу минь чи одоо дуугаа дуул!
Ялгуухан урсгалт горхины чимээтэй хөг нийлүүлэн хөгжилд!
Янагш орших одод минь чамд би баярлалаа
Яг л энэ мөчид үүнийг л бичих гэсэн юм.

сэтгэл минь чи одоо амар даа

***ИХ АМГАЛАН***

Үхэх цаг боллоо өвөлжөөгөө хурдан засья
Үхэх цаг боллоо өр авалгаа дуусгая
Үхэх цаг боллоо илүү дутуугаа янзалья
Үхэх цаг боллоо үлдэх хэдээ зовоолгүй явъя

Үхэх цаг боллоо үйлдсэн нүгэлээ наминчилья
Үхэх цаг боллоо үлдээх үгээ хэлье
Үхэх цаг боллоо өвгөдийн газраар очьё
Үхэх цаг боллоо өөрийн нутгаа эргэе

Үхэх цаг иржээ өнгөрүүлсэн амьдралаа дурслаа
Үхэх цаг ирэхэд үр хүүхэддээ л хоргодлоо
Үхэх мөч иржээ сүүлчийн удаа бие,сэтгэлээ зовоолоо
Үхлийн дараах амьдралруу өөрөө би урслаа

Өө ямар их амгаланг мэдэрнэ вэ сэтгэл минь
Өвдөхгүй, зовохгүй,өлсөхгүй, даарахгүй,гунихгүй, гутрахгүй, ичихгүй, айхгүй
Өчнөөн зовлонгийн хүлээснээс ангижирлаа
Үхэл гэдэг чинь үнэндээ төгс амгалан юмаа

Өсөхөөс өдий хүртэл зовсон бие ,сэтгэлээ амраая
Өөр хаанаас ч олдохгүй энэ их амгаланг
Одоо л ханатлаа эдэлье
Өө дөчин есхөн хоног л ...............

2007-5-7

***ТЭГЭХЭД БИ***

Тэгэхэд би гэнэн байж
Тэвэр дүүрэн хайр тэвэрээд гүйдэг байж
Тэнгэр лүү газрын тоос босгосон
Тэнэг амьтан явдаг байж

Сарны гэрэлийг нарны тусгал гэдгийг
Сайхан төрсөн чамайг хүнийх гэдгийг
Мөрөн дээр толгой яах гэж байдагийг
Мөхөсхөн амьтан мэдэхгүй явдаг байж

Дууны аяалгуу цаанаа гуниг агуулдагийг
Дурлал өөрөө хагацал дагуулдагийг
Чулуу хүртэл өөрийн тавилантайг мэдэхгүй
Чухал царайлсан гэнэн амьтан байж

Гэхдээ...
Хайрын хүчээр сэтгэл дэлбээлж дэлгэрдэгийг
Хамгийн сүүлд мэдээгүй хамгийн азтай хүн байжээ.би

***ГУРВАН ЦЭГ***

Эхэлсэн мөртлөө дуусаагүй хайрын тухай
Эцсийн удаа шүлэг тэрлэе
Сэтгэл өөрөө хөгширдөггүй учраас
Шүлэг минь чи залуугаараа үлдэнэ ээ

Хайрын хүчтэй цаламыг чи надруу шидээгүй
Хайрлан дасна гэж би ч үнэндээ бодоогүй
Чиний сэтгэлийн доторхи галыг олж харчихаад
Миний сэтгэлийн оч үсэрсэн байж магадгүй ээ

Хүнийг хайрлаж,хүнээр хайрлуулна гэдэг жаргал
Хүссэн бүхэнд олддогүй хэцүүхэн боловч амттайхан жаргал
Намрын навчисыг туучин чамруу очиж явахдаа
Нартад би хамгийн жаргалтай хүн байж билээ

Тэнгисийн хүчит долгио эргийн хадыг цохиод буцдаг шиг
Тэр бид хоёрын хайр тавилангийн хананд тулаад салсан
Жаргалтай цагийн дурсамж ард үлдэн хоцорч
Жавартай өвлийн салхи өмнөөс минь үлээж билээ

Олон оныг үдсэн ч одоо ч сэтгэлд тод байна
Орчлонд ийм нэгэн хайр байсаныг одоо л бичиж мөнхлөе
Хайрын тухай сүүлчийн энэ шүлэгээ бичээд
Хамгийн сүүлд нь гурван цэг тавьчихая . . .

БИ УДААН.....

Нар, сар,салхи ,бороог аргадаж би удаан суусан
Намрын өнгө орсон толгойгоо гудайлгаж би удаан суусан
Навчис нь сэрчигнэх тэр модны дор би удаан суусан
Намайг гэх хүн байх байхгүйг бодож би удаан суусан

Тэгэхэд бороо орж би удаан суусан
Тэр модны навчис борооны усаар уйлахыг харж би удаан суусан
Тэгээд тэр навчис бүр амьд юм шиг санагдаж би удаан суусан
Намайг халхалж өөрсдөө норсон тэр навчсыг өрөвдөж би удаан суусан

Нар, сар,салхи, бороо бид нэг юм гэж ойлгож би удаан суусан
Намайг угтах зам бороотой бас нартай байдаг гэж ойлгож би удаан суусан
Намайг хайрлах чиний сэтгэлийг ойлгоогүйгээ бодож би удаан суусан
Нар гарч бороо зогстол би удаан суусан

Тийм ээ,тэнд би удаан суусан

10/24/07

***ХЭН МЭДЭХ БИЛЭЭ***

Бусдын тухай би юу мэдэх билээ
Булгилсан хүсэл,буруутгаж болохгүй гэмшил байгаа ч юм бил үү
Би юу мэдэх билээ

Хэнд ч хэлэмгүй гунигаа тээгээд
Хэнэггүйхэн алхдаг ч юм бил үү
Би юу мэдэх билээ

Миний тухай хүн ярих нь надад сонин
Мэдэж байгаа юм шиг ярих нь өрөвдмөөр
Мичдээс цаашхи олон оддыг хэн тоолж барах билээ
Миний сэтгэлийн доторх түмэн бодлыг хэн тааж мэдэх билээ.

ҮГЭЭР ИЛЭРХИЙЛЭХ СЭТГЭЛ

Хамгийн сайхан цэцэгийг чамдаа өгье
Тиймээ хамгийн сайхныг нь
Хачин их хайрыг чамдаа өгье
Тиймээ сүү дэвэрч асгарах шиг

Нүцгэн модноос шүлэг ургуулж чамд өгье
Тиймээ зүрхнээс ургасан галт сарнай шиг
Нүүдэлийн шувууд үрээ орхиод нисдэггүй шиг
Тиймээ нүгэл буяны хорвоог чамтай хамт туулъя

Тиймээ ....... чамайг үүрээд ч гэсэн туулъя

***БАЙДАГ ЮМ УУ***

Дуулаад байхад ханадаггүй дуу гэж байдаг юм уу
Дурлаад байхад ханадаггүй сэтгэл гэж байдаг юм уу
Үзээд үзээд ханашгүй үзэсгэлэн гоо гэж байдаг юм уу
Үхэх төрөхийн завсар энэ чинь тэгээд байдаг юм уу

Дуулаад байхад ханадаггүй дуу гэж байдаг юм
Бүүвэйн дуу
Дурлаад байхад ханадаггүй сэтгэл гэж байдаг юм
Дурласан сэтгэл
Үзээд үзээд ханашгүй үзэсгэлэн гоо гэж байдаг юм
Төрсөн нутаг
Үхэх төрөхийн завсар энэ л байдаг юм аа

***ШҮЛГИЙН ТУХАЙ ШҮЛЭГ***

Сүнсний наймаачин шиг хэрээ тэнгэрээр нэг гуагалахад
Сүүлчийн галт шувуу уурлаж миний дэргэдээс ниснэ
Шөнийн харанхуй намайг хумин нөмөрч
Сүйрэл үхэлийн дуу тэнгэрт ганцаар ноёлов

Шүлэг минь чи тэгэхэд авралын элч болон босож
Шүүдрийн өвс бүхэнд намайг захиж хононо
Шөнийн харанхуйг сүүлэх нарны туяаг дуудаж
Шүлэг төрдөг сэтгэлийг минь шөнөжин бүүвэйлж хонов.

Шүлэг өөрөө ингэж сүүн цагаан сэтгэлийн үндэсийг хайрлаж ургуулдаг юм байна.

***Эхлэл***

Хөшиг нээгдэхэд жүжиг эхэлдэг шиг
Хүйнээсээ салаад миний амьдрал эхэлсэн
Хүсэл , хясал хоёрынхоо дунд
Хүний л жишигээр миний л амьдрал эхэлсээн

Алтан нарыг саран хааж хиртээх шиг
Аав ээж хоёрыг минь үхэл хааж хиртээхэд миний амьдрал эхэлсэн
Алаг хорвоод үрээ харж
Ааваа гэж дуудахад миний амьдрал эхэлсэн

Үлдээсэн хоолоо халааж идэхэд миний амьдрал эхэлсэн
Үгүйлэх сэтгэлээр ээжийгээ дурсахад миний амьдрал эхэлсэн
Үсээ бууралтахыг толинд хараад миний амьдрал эхэлсэн
Үхэл авч одоход миний амьдрал цоо шинээр эхэлнэ.

"Ухаантай хүнд өглөө болгон амьдрал эхэлдэг " гэж нэгэн хүний хэлсэн үг санаанаас
гарахгүй байсан учраас үүнийг бичсэн юм .

Сөүл. 2005.