1/26/11

*******************

Орчлонгийн нар залгисан юм шиг
Ориглох халуун сэтгэл
Хазаар булаан зүтгэх морь мэт
Хаашаа юунд тэмүүлнэ бэ

1/18/11

~~~Юунд эс амараанам~~~

Хэзээ,хаанаас ямархан учрал,зовлон
Хийсч ирэхийг хэлж,мэдэж болохгүй
Хувирал зэрэглээ,нүдгүй мананд
Харвах цагийн урсгалд туугдан амьдарнам

Таашгүйд дурлаж мөрөөдөл өөрөө одоод
Таамаг дунд зүггүй бодолууд талцаж хэрэлдээд
Таван зүс нүдэнд шингэж амирлаад
Таавар мэт маргаашийг хүлээнэм

Биетэй бүхэн орших эс оршиход
Бие биенээ хэмлэн эргэлдэж
Газрын хүчинд татагдан мөрөө даран зөрөлдөвч
Ганцаардал дунд итгэлээ хэнд өгөхөө үл мэдэн алхнам

Тэнгэрийн зарлигаар сарниж одохоо
Үхэл гэж нэрлээд хүлээхэд
Тэндээс ирэх долгис халуун гол зууран шүглэxдээ
Эндэхийн бүхэнд уйдагчийг юунд эс амараанам

1/13/11

~~~Цасан дээрхи шүлэг~~~

Нэг л дутууд
Нэг л хагас мэт амьдараад
Нимгэн хучих цаснаас нэг л юм
Нэхэх мэт хараад

Нэрээ бичээд ард нь
Нэмэх
Асуултийн тэмдэг тэнцүү
Ар араасаа хөврөх бодол

Амьдрал гээчтэй хөтлөлцөөд
Тэвэрэлдээд
Тэр надаар тоглоод би түүнийг гайхаад л
Танилцаж дуусдаггүй

Дутууд дутуу амьдараад
Дуугаа хурааж өөрийгөө тэмтэрээд
Хэнээс юу нэхэхээ мэдэхгүй
Хэлгүй нүд хэлбэргүй мэдрэмж түшээд

Хэмжээст ертөнцөд захирагдаж
Хэмнэл хугацаанд төөрч
Хэлбэрт оршин хашигдаж
Хэлтгий заяанд чөдөрлөгдөж

Аргагүйд дурлаж ирсэн
Аргагүйд хүлэгдэж амьдарсан
Алдсан оносон нь минийх биш
Амь нас энэ бие ч минийх биш

Тэнэж эргэсэн заяаг
Тэрсэлж сэрэх нэгэн сүнс
Нэг л дутуу хорвоод
Нэгэн бадаг шүлэг унгасаныг

Бүүдгэр үдшийн нимгэн цас
Барлах мэт авч үлдэвч
Баллуурдах мэт
Салхи босмуй

1/5/11

***********************

Амь тасалж
Амандаа хүүр чихсэн
Эргэн тойрон араатнууд
Энэ ямар аймаар ертөнц вэ?

1/2/11

************************

Хажууд минь хэнч байхгүй атал
Халуун дулаан хайр ирж тэврэх шиг
Энэ лав ээж байх...
Ээжээс минь өөр хэн...?

Эргэн тойронд хэнч байхгүй
Ээж бид хоёр....

**********************************

Уйлж уйлж суугаад инээд алдан өндийж
Уйтгар гуниг зовлонгоо сэгсэрэн
Унаж тусан гүйсээр
Ээжийдээ очиж үнсүүлэх сэн

Танаж танаж өгсөн зовлонт амьдралын хөрсөнөөс
Таныхаа энгэрт тэвэрүүлж нэг тасарахсан