4/27/11

~~~Тэнгэрийн хувилгаан саран минь~~~

Будант үүлс хаван мэт хэсэг хэсгээр тэнгэрт суугаад
Борооны өмнөх чийгт салхийг аргадах үдшээр
Барьцгүй сэтгэл нүд эзэгнэж ийш тийш харуулдахад
Болзоондоо ирсэн бүсгүй мэт саран тодров

Шөнийн наран,харанхуйн гэгээ саран минь
Шүлэгчийн гуниг хуваалцах тэнгэрийн хувилгаан саран минь
Эрхэт цагийн хугасыг эзэмдэх саран минь
Энэ л үдэш болзоогүй ирсэн тэнгэрийн гүнж саран минь

Ододын гэрлийг мэдрүүлэх гэхдээ чи бүдэгхэн гэрэлтдэг байх
Орчлонд ирэх хүмүүний сүнсийг төөрүүлэхгүй гэхдээ үдшээр ирдэг байх
Гэмшилт сэтгэлийн нулмисыг тэврэх л гэж чи ирдэг байх
Гэгээн хайрын гэрэлт харцыг мэдэрүүлэх гэхдээ чи ирдэг байх

Буйд анивчих оддын зүг одолгүй
Буцах,ирэх хүмүүний хөлд сэмрэх
Дааж ядан зовлон тэврэн эргэх өртөө
Дэлхийн хань,тэнгэрийн цэцэг сар минь дээ

Чиний үнэнийг сэтгэл минь үл гүйцэн ойлгох
Чиний гоо сайхныг үгээр илэрхийлж үл гүйцэх
Гүн ухаан гээчийг бодол минь шоолон инээвхийлж
Гундуухан ертөнцөд чамайг байгаад баярлaнам сар минь

4/24/11

*********************************

Өнгө мөнгөнд бялхаж дулдуйдсан ядуулаг амьдрал
Өөрсдийгөө тийм л өчүүхэнээр үнэлэгсэд
Тэмцэл гэж ойлгосон амьдрал дээр гадагш урсах мунхаглал
Төсөөлөл үгүй харанхуйд дураар аашлагч сэтгэлийн боол

Өөрлүүгээ шагай
Дотогшоо хараач
Өгөх тусам дэлгэрч цэцэглэдэг нь хайрын сэтгэл биш гэжүү?
Авах тусам улам хоосорч ганддаг нь харамын сэтгэл биш гэжүү?

4/19/11

~~~Бодрол~~~

Амьдрал гээч биднээр тоглоод байгаа юм уу?
Амьдрал гэгчээр бид тоглоод байгаа юмуу?
Мэдэхгүй тоглоомоор мөрийтэй тоглогчийг
Мөрөөдөл тэвэрүүлж,гүн хоосоны хувиралаар илбэдэгч

Амьдрал гэгч юу бэ?

Сайн муу бодол,санаа биежээд
Цаг хугацааны тойрогт шингэн хүчийг олоод
Таван мэдрэхгүйд нуугдан ирж далдаас ховсдон
Там болон диваажинг бүтээгч нь

Та бидний бодол сэтгэл биш гэжүү?

4/14/11

~~~Эргээд хартал...~~~

Эргээд хартал хавар явчихаж
Эргээд хартал залуу нас явчихаж
Эргээд хартал шүүдэрт өвсөнд мөнгөн хяруу унчихаж
Эргээд хартал шүлэг сэтгэл хоёр залуугаараа үлдчихэж

Эргээд хартал чи яг л хэвээрээ
Эвлэрч чадаагүй дурсамж задалж
Эхлэл төгсгөлийн утгыг алдагуулж
Инээмсэглэн зогсох нь яг одоо мэт

Сэтгэлийн буман үзүүр догдлол үүсгэн чичиж
Итгэлийн алтан судалын хөвчийг татан эгшиглүүлж
Гунигт хар нүднээс нулимс таслан амилуулж
Гутамшигт хорвоогийн элгэнд гундсан сэтгэлийг дэвтээж

Тэртээх холын өдрүүд гэрэлээ цацсаар дөрөө муталж
Тэврэх яруу уянга нь хамар шархируулан ирэхэд
Сэтгэлд багтаагүй догдлолоо шүлэг болгон гадагшлуулж
Шингэх нарны туяaнд өөрийгөө шингээж жаргаалaа