4/30/08

~~~ЗОЧИН~~~~

Хов хоосонд нэг л их хүч
Хоногийн амьдралаас үе үе салгана
Зөн билэгийг минь чичээд
Зөндөө удлаа тэр гэгээ

Холоос харваж ирчихээд
Хоромын төдий зочлохдоо
Гэм хийсэн мэт сэтгэлийг минь хөндчихөөд
Гэрэл унтрах мэт алга болдогоо

Ахиад л чи ирнэ
Аврал мэт ирнэ
Зовлонгийн амьтан намайг
Зовлон дунд нь шатаана

Нулимас гардаг нүдээр түүнийг олж харахгүй ч
Нуур шиг цалгидаг сэтгэлээрээ мэдэрнэ
Гэгээ харсан сэтгэл минь
Гэнэтийн зочныг битүүхэн хүлээдэгээ


2007 он

4/20/08

***ЭЭЖДЭЭ БИ ИРСЭН***

Зүрх шиг улаан хүү зүүдэнд үзэгдэх мөчид
Ээждээ би ирсэн
Зуун найман тохиол бүрдэж
Заяа төөргөөр ээждээ би ирсэн

Мөнгөн аягатай сүүнээс амслаа гэж зүүдлэхэд
Ээждээ би ирсэн
Мөрөн дээр нь ачаа болж мөнхийн зовлон үүрүүлж
Ээждээ би ирсэн

Төөрсөөр, түмэн учиг атгасаар
Төгрөг дугуй тооноор орж ээждээ би ирсэн
Үйлийн үрээр үйл бүрэлдэж
Үнэний хэлтэрхий болж ээждээн би ирсэн

Ээж минь тэгэхэд хайраа дэвсэж
Энэрэлгүй хорвоогоос хүүгээ харамлаж
Цан хүүрэг ид өвлөөр
Цагаан сүүгээ дуслуулан угтсан

Яс махнаас нь тасран унаж
Ял шийтгэл мэт зовоон ирсэн
Үрийн заяат тэнгэр ээждээ
Үр нь болж хайранд нь ургасан

Тиймээ ЭЭЖДЭЭ БИ ИРСЭН

дүү Баянсандаа хүүтэй болсонд баяр хүргэж энэ шүлэгийг өргөе

4/6/08

***МӨНХ БА МӨНХ БУСЫН ТУХАЙ эрэгцүүлэлийн төгсгөл***(03)



Төгс Гэгээрсэн Их Багш ЧИН ХАЙ

Будда сургааль номоо айлдсанаас хойш 2500 орчим жил.Исүс мөн 2008 жил болж байна.Яагаад хүмүүс одоо болтол эдгээр гэгээрсэн хүмүүн (бурхадыг) шүтээд байна.Яагаад хүмүүс сургааль номыг нь дагаад хүндэлээд байна.Энэ 2500 жилд гэгээн мэргэдүүд төрөж гараагүй хэрэг үү? Эсвэл зүгээр л сохроор шүтэн биширээд байсан уу? Цаг хугацааны уртад олон гэгээнтнүүд гарсан нь тодорхой.Тэд гэгээрэлд хүрээд эдгээр гэгээрсэн хүмүүсийн сургааль ном үнэн гэдгийг баталсаар ирсэн билээ.Бүх шашины үндэс нэг юм.Яагаад гэвэл үнэн ганц л байдаг учир.Харин цаг хугацаа ,газар нутгийн байршил,хүмүүсийн амьдрал учир шалтгаанаар эдгээр шашинууд үзэл санаа зан үйл нь өөр өөр болсон байна.
Одоо эргээд мөнх мөнх бусын тухай яриандаа ороё.Үнэн гэж юу бэ?Амьдрал гэж юу юм бэ.Бид буюу хүмүүс хэн бэ? Хаанаас ирсэн бэ? Тэгэхээр дээрхи гэгээрсэн хүмүүс мөнхийн хүчин зүйлтэй танилцахын тулд мөнхийн тийм зүйлийг ашигласан байна.Тэр нь таньд,надад, хүнд байдаг мөнх байх тэр сүнс юм.Тиймээс бидний өвөг дээдэс болох гэгээрсэн мэргэд мөнх байх сүнс буюу дотоод чанараа ашиглаж (өөрөөсөө гэгээрч) ертөнцийн төгс,үнэнийг олсон байна. Мөнх ба мөнх бус үнэхээр их ялгаатай бусуу.
Хэрэв та сонирхож гүнзгий мэдэе гэвэл Төгс Гэгээрсэн Их Багш ЧИН ХАЙ -н " Агшин зуур билэг нээгдэхийн түлхүүр " цуврал номыг олж уншаарай.Төгс гэгээрсэн Их Багшийн буян хариулал хязгааргүй юм.

***АРИУСАЛ ХУЧИХ ШИГЭЭ***

Үйл учгийн холбоог таслахгүйн
Үүрэг учралаар ирээд ирээд
Үйлэндээ гүйцэгдэхдээ хорвоог орхих
Үнэний зангилааг тайлах аргаггүй

Тэнгэрт хөвөх үүлсийн завсраас
Тэргэл саран гуниг шидэхэд
Уулын оройгоос салхи үлээж
Ухаарлын шилбүүрээр намайг ороолгоно

Дурлалын салхи ховил татуулаад
Дулаахан гэгээ болж тодроход
Мяндсан утсууд шиг бодолууд
Миний сэтгэлээс урсана

Гэмшил дусал дусал нулимас болоод
Гэнэт бороо болж асгарахад
Аянга буух шиг болоод
Ариусал хучих шиг ээ

3/30/08

***МӨНХ БА МӨНХ БУСЫН ТУХАЙ эрэгцүүлэлийн үргэлжилэл****(02)



Төгс Гэгээрсэн Их Багш ЧИН ХАЙ
,br. Олон хүнээс асуулт ирсэн тул мөнх ба мөнх бусын тухай эрэгцүүлэлээ үргэлжилүүлж бас задалж бичихээр шийдлээ.
```Мөнх ба мөнх бусын ялгаа```
Энэ үнэхээр их ялгаатай зүйрлэшгүй юм.Алмаз чулуу 4,5 сая жилд задардаг тухай бичсэн билээ.Цаг хугацаа резин шиг сунаж агшдаг болохыг Эйнштэйн харьцангуй онолоороо баталж гаргасан.Мөн 3 цаг нэгэн доор байх боломжтойг шинжлэх ухаан үгүйсгээгүй байна.(ирээдүй, одоо, өнгөрсөн) Тэгэхээр дээрхи 4,5 сая жил хоромын төдийд байж болох юм.Саяхан байсан алмаз хоромын төдийд бутарч элс, хий, болон задарч болох юм.Энэ физик ертөнцөд байж болохгүй юм байхгүй.Угаасаа энэ ертөнц бүтээгдмэл,үй түмэн хамаарал, шүтэн барилдлагын цогц юм.Мөнх байх зүйл нь үнэхээр өөр төгс юм.Физик ертөнцөд төгс зүйл байхгүй учир олон яруу найрагчид, урлагын алдартанууд,гүн ухаантанууд төгс зүйл,туйлын үнэн,төгс гоо сайхныг хайн эрсээр иржээ.Төгс зүйлийг энэ махан нүдээрээ үзэж хараж болохгүй юм.Төгс байх зүйлийг бид дотооддоо байх билэгийн нүдээрээ хараж мэдэрч түүнээс туйлын их баясгалан,их амгалан,хязгааргүй их энерги,төгс гоо сайхныг мэдэрч чадах билээ.Тэгэхээр бидний нүдээрээ хараж байгаа энэ ертөнц хоосон юм.Төгс биш зүйлс бүгд хоосон юм.
~~~~Будда,Исүс,Төгс гэгээрсэн их багш Чин Хай нар юу гэж сургав~~~~
Их гэгээрсэн багш нар бүгд яагаад диваажин болон тамын тухай ярьдаг бэ? Их багш нар яагаад эд хөрөнгө алт мөнгөнд шунахгүй байхыг сургав.Хүмүүс бид энэ төрөж үхдэг,өвддөг ,зовдог,даардаг,халууцдаг,түмэн төрөлийн өвчин зовлонд ороогдож зовож шаналж байдаг энэ хорвоод байх учиргүй билээ.Хүний амьдралын гол зорилго хүн болж төрсөний утга учир юу бэ? Энэ хоосон хорвоогийн хуурамч өнгөнд хуурталгүй,өөрийн мөн чанараа таньж мөнх байх төгс байх тэр дээд ахуйдаа очих нь хүн болж төрсөний утга учир нь юм.Дээрхи гэгээрсэн хүмүүс бидний адил хүмүүс байсан.Харин тэд гэгээрч чадсан.Бид дотооддоо мөн чанараараа эдгээр гэгээрсэн хүмүүстэй адил билээ.Гэвч бид дотоодын мөн чанараа ойлголгүй махан нүдэнд үзэгдэх хоосонд хууртаж үйлын үр хийсээр мөнх байх дотоод сэтгэлээ(сүнс) энэ физик ертөнцөд уясаар байна.Үйлын үр гэдэг нь энэ физик ертөнцөд биднийг уяаж байх асуудал шалтгаан юм.Тийм учраас бид энэ зовлонт дэлхийдээ эргэн төрсөөр сансарын хүрд эргүүлсээр л байгаа юм.Диваажин гэдэг нь төгс байх тэр дээд ахуйг хэлж байгаа юм.Дээд ахуйн тухай,түүний гоо сайхан,үлэмжийн бусад зүйлийн тухай хүний хэлээр хүний оюун ухаанаар өгүүлж болохгүй юм.
Жич үргэлжилэл бий

3/22/08

***ЦАГ ХУГАЦААНЫ МОРЬ***

Цаг хугацааны хазааргүй морь
Цагаан тал дээгүүр намайг чирээгүй
Тавилан төөрөг төгсөх алс руу
Тоостой бартаатай замаар чирсэн

Хагацалын харанхуй хавцалын
Хясалын нарийхан жимээр чирсэн
Хүсэлийн солонго дээгүүр татуулчихаад
Хүрэн зүрхийг гогдоод доогуур нь чирсэн

Мөрөн дээрхи ачаа хүндэрээд
Мөлхөж байхад ч чирсэн
Хүний нутгийн хатуу хөрсөн дээр
Хийморьтой насыг минь элээгээд чирсэн

Зовлон болох жаргал дундуур
Зогсоогоороо чирэгдээд явж байхдаа
Замын хажуугийн улаан цэцэгэнд
Зүрхээ хувааж өгчихөөд явж л байсан

Эхийн умайгаас толгой цухуйхад уургалаад чирсэн
Эмээл хазааргүй цаг хугацааны морь
Давхил дундаа жороолоход нь
Давтамж тааруулаад шүлэг унаглаа

***МӨНХ БА МӨНХ БУСЫН ТУХАЙ***(01)



Төгс Гэгээрсэн Их Багш ЧИН ХАЙ

Яагаад эрэгцүүлэлээ мөнх ба мөнх бусын тухай гэж нэрлэсэнээс яриагаа эхэлэе.Энэтхэгийн суут ухаантан хоосон чанарын сургаалийг үндэслэгч Нагаржунай энэ ертөнц болон оршин байх түмэн амьтан элдэв зүйлс хоосон чанартай гэжээ.Яагаад? Мөнх байх юу байдаг билээ? Мөнх байна гэж чухам юуг хэлээд байна бэ?
Мөнх байна гэдэг нь цаг хугацаанд үл захирагдана юунаас ч үл хамаарна,өөрт хэрэгтэй зүйлээ өөрөөсөө гаргана мөнх орших тийм зүйлийг мөнхийн гэж нэрлэж болох юм.Гэтэл энэ хорвоод тийм мөнхийн зүйл алга.Хамгийн хатуу алмаз чулуу 4.5 сая жилд задрал нь явагдаж дуусдаг.Тэр ч бүү хэл өөрөөрөө байх тийм зүйлс алга.Жишээ нь модыг авч үзэе.Модонд мод гэж нэрлэгдэх нэг ч бодис алга Олон зүйлийн бодис харилцан шүтэн барилдаж мод нэрлэгдэх биейиг бүрдүүлж байна.Тэгэхээр мод гэж байхгүй хоосон чанартай юм.Иймд энэ ертөнцөд мөнх байх зүйл үгүй учир хоосон чанартай юм.
Бүх зүйлс хоосон юм бол бид бодит зүйлийг хаанаас олох бэ?,br. Энэ асуултанд хариулахын өмнө гэгээрсэн мэргэд хорвоо ертөнцийн тухай юу гэж өгүүлсэнийг харая.Төгс гэгээрсэн их багш Чин Хай хэлэхдээ хорвоо ертөнцөд хөгжлийн түвшингөөрөө ялгаатай зуу гаруй ахуй оршин байдаг.Оюнлаг ахуй тодорхой хэлбэр дүргүй,төрөхгүй,үхэхгүй мөнх байх тийм амьдрал байна.Хамгийн доод хэлбэрийн амьдрал нь физик материаллаг ахуй юм.Энэ нь бидний амьдарч байгаа ертөнц юм.Гэвч хүн болж төрсөн бидэнд дээд ертөнцийн мөнх байх төгс амгалан байх мөн чанар бий.Энэ нь хүнд байдаг сүнс юм.Сүнс нь мөнх бөгөөд биднийг дээд ертөнцийн төрөлтөн гэдгийг баталж өгдөг. Бидний шүтэж байдаг бурхан гэж нэрлэгддэг Будда,Исүс,бүсад гэгээрсэн мэргэд дээд ертөнц буюу оюнлаг мөнх байх ертөнцөөс бууж ирсэн багш нар билээ.
Энэ ертөнц хоосон тул алт мөнгө,эд хөрөнгө,алдар нэр хоосон юм.Иймд гэгээрсэн мэргэд эрт дээр үеэс эдүүгээ хүртэл хоосонд шуналгүй өөрөөсөө гэгээрч өөрсдийн байх ёстой мөнхийн тэр ахуйруу очих замыг зааж сургажээ.

Дараагийнхаа эрэгцүүлэлээ ~~Өөрийгөө хэрхэн олох бэ?~~гэж нэрлэлээ.Иймэрхүү мэдрэхүйн ойлголтын тухай бичих нь нэн төвөгтэй хэцүү байдаг юм байна.Ойлгомжгүй зүйлс байвал асуугаарай.Чадалынхаа хэмжээгээр хариулах болно.

3/18/08

~~~ БЭЛЭГ~~~

Нүгэл ариусалыг шингээж буй мэт
Нар жаргахыг харж зогсоход
Нэгэн навч хийсч над дээр унах нь
Нэгэн мөр шүлэг унах шигээ

Гэрэл сүүдрийн хорвоогоос
Гэгээн аялгуу өгөх шиг болоход
Гэнэтийн бэлэгэнд хүрч ядан
Гэм хийсэн хүүхэд мэт болдогоо

***ШҮЛЭГ МИНЬ ЧИ***

Шүлэг минь чи
Өөрийгөө ухаж
Үйлээ үзэж байж олсон
Үнэний хэлтэрхий

Шүлэг минь чи
Нулимас зовлон хоёрыг
Зуурч босгосон
Нэр минь зүүгдсэн оргил

Шүлэг минь чи
Сансарын элч
Долигос хаяхад
Шүүрч авсан оч минь

Шүлэг минь чи
Шөнийн харанхуйд
Цөхрөл нөмөрхөд
Сүүрс алдахад унагсан гэгээ

Шүлэг минь чи
Зовлонг гэтэлгэх
Ухаарлын үүд рүү
Зөн билэгийг минь хөтөлсөн хөтөч

Шүлэг минь чи
Бурханы хормой дээрээс өнхөрсөн
Булааж аваагүй
Буцааж өгөөгүй эрдэнэ

Шүлэг минь чи
Өнгө мөнгөний хорвоогоос
Өөрийг минь аварсан
Өргөл нэхээгүй ачтан

Шүлэг минь чи
Харанхуйн дунд тэмтчин явахад
Хань мэт дуудаад
Хөгжим мэт тайвшруулсан амраг

Шүлэг минь чи
Нүгэлийн харанхуй хорвоод
Нэрээр минь овоглосон
Нигүүлсэхүйн их зулаа

3/5/08

***ҮҮР ЦАЙЖ БАЙНА***

Өнгө будгийн холил
Өчигдөр өнөөдрийн завсар
Үхэл амьдын зааг мэт
Үүр цайж байна

Үргэлжлэлгүй үзэгдэл
Үүсгэлгүй мэт аажимхан түрээд
Наргүй гэгээ
Навчгүй мод мэт сарвайсаар өндийж

Тайлагдашгүй үнэн
Танигдашгүй ертөнцийг
Зурвасхан харуулах мэт болоод
Зуугуухан уурших шиг

Хар цагааны дундаас
Хачин гоё улбар гэгээ
Нүдний өмнө үүлээр угалзруулж
Нүгэлт хорвоог чимэглэж

Сар нарыг салгаж
Сүүдрийг минь тодруулсаар
Өдөр шөнийг холбосон илбийн гинж
Өглөө болтол намайг гайхашруулсаар

Үүр цайж байна

2/22/08

~~ГОЛЫН УС ШИГ~~


Ахиад би арваннайман настай болж яах юм
Амьдрал чамайг би ойлгохгүй хэвээрээ л дуусна
Юунд ч хүрэхээ мэдэхгүй балчир
Мэлмэрэх нулимасаа ч зогсоож чадахгүй

Энэ л зовож ойлгосон гэгээг алдалгүй
Эртхэн харих замаа зүглэе
Тасран унах шиг навч шиг амьдрал минь
Урсан өнгөрөх голын ус шиг

2/19/08

***БУРХАН ГЭЖ ХЭН БЭ?***эрэгцүүлэл 02

Бурхан байдаг эсэхийн талаар ярихаасаа өмнө шашины талаар ярилцая.Исүс,Будда.Мухамэд гээд дэлхийн 3 том шашиныг үндэслэгчидийн анх гаргасан сургаалыг эдгээр 3 шашиныг үргэлжилүүлэгчид нь санаатай,бас мэдэхгүйн уршигаар мушгин гуйвуулж мөн чанарыг нь алдагдуулсан байна.Тухайн үедээ шашины тэргүүнүүд төр барьж байсан нь энэ алдаа завхралын эх үүсвэр болж байжээ.Библи,Коран.Буддагийн сургааль бичсэн сударуудаас өөртөө нийцтэйгээр тайлбарлаж эрх мэдэл,эд хөрөнгө болгох замаар ашиглаж ирсэн нь уг шашинууд анхны жинхэнэ мөн чанараа алдахад хүрчээ.Үг түмэн утгатай гэдгийн тод жишээ
~~Будда хүн аливаа зовлон бэрхшээлийг өөрөөсөө хайж өөрөө гэгээрэх замаар зовлонгоос ангижрах тухай сургасан.Гэтэл цаг хугацааны уртад түүний үргэлжлүүлэгчид олон урсгал чиглэл бий болгожээ.Элдэв олон бурхан бий болгож,түүнийг тахиж шүтэх үй олон заавар номлол гарч олон түмнийг мунхруулах хар тамхи болтлоо мөн чанараа алджээ.Эд хөрөнгө дуудах,эхнэртэй болгох,нөхөр тогтоох гээд .Энэ чинь одоо танилцуулах алба уу.Эд хөрөнгө олж өгч зовлон дууддаг болтлоо утга учраа алдсан байна.Хувьсгал гарах хүртэл монгол улсын хаан нь шашин төрийг хослон барьдаг төвд хүн байв.Аливаа шашин улс төр аж ахуйтай холилдохоороо шашин гэдэг мөн чанараа алдаж байгаа юм.
~~Исүс анх миний сургааль номыг дагаад бие биенээ хайрлах хайр,нигүүлсэх сэтгэлийг сургасан.Үе үейин библичид ,төр баригчид мушгин гуйвуулсан.
Та ямарч нүгэл хийж болно.Зөвхөн надад л итгэ.Тэгвэл та нүгэлгүй болж тэнгэрийн оронд очино.Йтгэхгүй бол тамд унаж халуун тамд зовно.Энэ сүрдүүлэг үү.Бурхан хэзээ ч ийм увайгүй үгсээр хүнийг дарамтлахгүй.(Аюурзаны эссэд энэ тухай бичсэн бий) Тэгээд ч нүгэл хийсэн хүн ариусах гэгээрэх гэж зовож байсанаас Исүс итгэчих нь хамаагүй амар хялбар байгаа биздээ.Олон түмэнд ийм хялбар амар замыг Исүс уул нь зааж өгөөгүй юм.Одоо Исүсийн авралийн зар түгээгчид Исүсийн өмнөөс хүнийг сүрдүүлэгчид уг шашиныхаа мөн чанарыг алдуулагчид болж байна.Бүх зүйл эзэн тэнгэрээс өгсөн тул та орлогынхоо аравны нэг хувийг өгдөг татварын систем бий болгосон байна.Уул нь бурханд бид нарын зовож олсон хэвлэмэл цаас хэрэггүй л дээ.
Энэ нь уг шашиныг үргэлжлүүлэгчидийн амьдралын орлого,амьдрах арга нь болсон.Энэ олон сүм түүнд зарцуулах хөрөнгө хаанаас гарч байна.
Одоо бурхан байдаг эсэх тухай эхний ярианд ороё.Исүс,Бүдда,Мүхамэд нар нь бид нарын үл мэдэх бурханы элч төлөөгөчид юм.Бурхан бидэнд хүн бүрт өөрийн мөн чанарыг өгсөн тул түүнийгээ ойлгож ухаарч хөгжүүлэхийн тулд дээрхи элч нарыг янз бүрийн цаг хугацаанд илгээжээ.Жинхэнэ бурханыг ойлгохын тулд бид эхлээд эдгээр элч хувилгаадын сургааль номыг мөн чанараар нь ойлгож ухаарах хэрэгтэй болж байна.Одоогийн энэ сэтгэхүйгээр бурханыг ойлгох аргагүй юм.Жишээ нь нэг настай хүүхдэд таталцалын онолын тухай яривал инээдтэй бөгөөд тэнэг хэрэг болно биздээ.Эхлээд тэр хүүхэд орчин тойрноо таних тэгээд 35 үсэг сурах,цаашлаад шинжлэх ухааны анхан шатны ойлголттой болох зэрэг наад захын мэдлэг хэрэгтэй болж байна.Үүнд хүрэх зам түүнийг ойлгох дотоод ертөнцийг (өөрт байгаа дотоод сэтгэлээ захирч өөрөөсөө гэгээрэх,өөрийгөө олох) бурхан хүн бүрт өгчээ.

2008-02-19

2/18/08

~~ ШҮЛЭГЧИЙН ДУУ ~~

Өгүүлэшгүй тансаг аяалгуу дотроос
Өөрийн хүсэлээ хэлж ядан байх шиг
Хэн нэгний тасалданги дуу
Миний гараас зүүгдчихэж

Орхиод явж болохгүйн
Ойлгоод сонсох гээд чадсангүй
Хоосон дундаас ирж байгаа мэт
Холоос ч биш хажуунаас ч биш

Нөмгөн сэтгэлээ гунигаараа хучсан
Нүцгэн яруу найрагчийн дуу байх
Нүгэл,зовлон,жаргалын цаанаас
Нэгэн шүлэгч сэтгэлээ шатааж байх шиг

2/17/08

***ЭРЭГЦҮҮЛЭЛ ~~01~~***

Амьдрал гэж юу юм болоо?.Яах гэж амьдардаг юм болоо? Бурхан гэж хэн бэ?Энэ мөнхийн асуултанд хүн төрөлхтөн хариулж чадаагүй л байна.,br> Өглөө дулаахан биш байгаад сэтгэл тийм таатай биш.Тиймээ зөвхөн сэтгэл л таагүй байгаа юм.Энэ таагүй таатай байдаг сэтгэл нь үйлийн үр гээчийг бүтээж байдаг.Сэтгэл таатай байхын тулд хүмүүс эд баялаг,эрх мэдэлийг олж авах гэсэн тэмцэл одоо ид явагдаж байна.Газрын тос,түүхий эд олж авах гэсэн улайрсан дайн улс үндэстэн бүлэглэлийн дунд бий болж үүний төлөө зэр зэвсэг болвсронгүй болж байна.Энэ бүхэнд эцсийн эцэст эрдэнэт хүний амь үрэгдэж,сэтгэлийн их зовлон авчирч байна.17-р зууны үеэс бий болсон зах зээлийн нийгэм нь харгис,хүчтэний өмнө хүчгүй нь буруутай гэсэн адгуусны хуулиар явж байна.
Хүчтэний өмнө буруутай африк тивийг хардаа.Өвчин,ядуурал,өлсгөлөн,үхэл зовлон дунд хоног өдрийг өнгөрөөж байна.Тэдэнд 5$ тусламж сүр дуулиантай өгөөд 100$ чимээгүйхэн авдаг тухай уншиж байсан юм байна.Бид адилхан хүмүүс шүү дээ.Гэвч эд баялаг сэтгэлийг тэжээх хүч болж чадахуу?
Англи болон европийн чинээлэг бүлэг хүмүүс хэдэн үеэрээ хувьцаа гээчийн хүчээр тансаг амьдарч байна.Тэдэнд санаа зовох зүйл алга.Эдийн засагч,хуульч, эмч, өмгөөлөгч гэх мэтийн хүмүүсийг өөртөө ажиллуулаад,5 давхар байшинд хэдүүлхэнээ амьдарч байна.Аав,өвөө,өвөг аав бүгд л тэгэж амьдарч ирсэн,Энэ хүмүүсийн буруу гэж байгаа юм бишилдээ.Хамгийн гол нь эдгээр хүмүүс аз жаргалтай буюу сэтгэл хангалуун амьдарч байна уу? Тэдэнд хувийн нисдэг онгоц,усан онгоц,суулийн үейин машин гээд бүгд л байна.Гэтэл тэр хүмүүс тийм аз жаргалтай амьдардагүйг судалгаа харуулж байна.Ядаж унтахдаа нойрсуулах эм уугаад.
Эд баялаг жаргал биш зовлон авчирдаг.Шалдан энэ хорвоод ирчихээд шалдан буцах байж сэтгэлийн зовлон үйлийн лай болсон эд хөрөнгөнд сэтгэл бие ээ зовоосоор энэ хорвоогоос явах гэж үү?
~~~~Аз жаргал хаана байна аа?
Аз жаргал буюу төгс амгаланг хүн хаанаас ч хайх хэрэггүй.Тийм их ханашгүй мэдрэмж,үлэмжийн гоо ертөнц,тансаг сайхныг сохор зоосгүйгээр олж авах боломж бидэнд байна.Яагаад гэвэл бид хүн.Хүн болж төрсөн учраас танд,надад бурханы мөн чанар бий.Энэ их амгалан аз жаргал танд өөрт чинь байгааг будда заажээ.Энэ бол шашин биш,хүн төрөлхтөний,хүвь хүний аврал гэгээн зам юм.Үүнийг хоосон чанарын сурааль гэж нэрлэжээ.Үүнд хүрэхийн тулд юу хийх бэ?
~~~Бясалгал гэж юу бэ
Бясалгал олон янз байдаг тухай бичсэн ном зөндөө байна.Бясалгал хийнэ гэхээр заавал хүнгүй хоосон агуйд суух тухай бодол юун түрүүн орж ирдэг.Гэтэл тийм биш гэнэ.Зэн буддизмд бясалгалын тухай заахдаа ажил хийж байхдаа,хоол идэж байхдаа, ярилцаж суухдаа бодож эрэгцүүлж байгаа бүхэн бясалгал гэсэн байдаг.
Энэ бодол бясалгалдаа амьдралын мөн чанар өөрийнхөө мөн чанарын тухай бодож үзээрээ.Тэгээд цаашаа гүнзгийрүүлж бодоод өөрийгөө олох нь бясалгалын үр дүн юм.Энэ зам миний таны цорын ганц зам аз жаргал,төгс амгалан юм байна.

~~~БОДОЛ~~~

Үүлний завсраас тусах сарны туяаг налахад
Үхэл хажууд санаа алдан бодлогоширно
Өөр ертөнцийн хаалга харагдахад
Үлгэр ахиад л эхлэхээс айна

Бурханы дуу гэрэл болон хувирхад
Бусад бүх зүйлс үл харагдана
Би зугатааж чадахгүй нь
Бас харж чадахгүй нь

Ойрхон байгаа үхэл
Одоо л хань болоход нь баярлана
Хөлийн доор өвс ёолоход
Хөнгөн үүлс сарны туяаг хэрчинэ

2/15/08

***ҮДЭЛТ***

Намуухан аялгуу намайг хуурсан
Намрын зэвэргэн гунигийг
Нар үзээгүй мөсөнд нуугаад
Насан залуу зүрхний ховдолруу шидсэн

Одоо оройтсон
Оргилсон залуу нас буцсан
Мөнгөн аяганд мэлтэлзэх
Миний гуниганд сар хөвсөн

Сарны хүйтэн гэрэл сэтгэлийн мөсөнд ойход
Сүнсний нулимас галт оч болон дүүлнэ
Сүүлчийн удаа би өөрөө шатаад
Сүүдрээ хураасаар үднэ

***НӨМРӨГ***

Нүдэн дотор минь чи төрсөн
Нүцгэн сэтгэл зулгааж чи өссөн
Бөмбөрийн дуу шиг амьдралд нүдүүлж
Бүсгүй чи нүдэн дотор минь өтөлжээ

Одоо л чи минь гар!
Урсах нулимастай минь хамт гар!
Хүлээлт чамайг сар шиг өнчирүүлнэ
Хүнийх гэхгүй ээ би.сэтгэлийг минь нөмрөөд явдаа

***ЦАГ ХУГАЦАА***

Цаг хугацаа бороонд нороод зогсчихож
Цагаан манан чимээгүйхэн дарчихаж
Өнгийн солонго ч алга
Өвлийн цас хаа нэгтээ хүлээж л байгаа даа

Хайр дайрлага мэт ирэхэд
Хадан дээр өндөг унах шиг сэтгэл бяцардаг
Харавсан сум шиг цаг хугацаа
Хаана тусахаа мэдэхгүй талийдаг аа

дөрвөн мөрт

Мөнхийн ус олдвол би уухгүй ээ.нүгэл ихэснэ
Мөр гаргасан замаар би явахгүй ээ.сэтгэл өвдөнө
Мөнгө хийгээд хөрөнгөнд би шунахгүй ээ.итгэл алдарна
Мөнхийн ус уугаагүй юм чинь дурлал,дарс хоёрт ойр явъя
сэтгэл дулаацаг

дөрвөн мөрт

Үхэл би чамайг одоо л ялна
Өөрийг минь аваад явсан ч чамайг би ялна
Булааж хэн ч чадахгүй тэнгэрлэг энэ хишигээрээ
Бурхадийн хэлээгүй үгээр чамайг би ялна

2/13/08

*** ХААЛГА***

Эндхийн амьдралд өөрөө ирчихээд
Эргээд уяагдах учгийн үзүүр зангидсаар л
Гарах хаалга өөр байх ёстой
Ганц л үхлээр бүхнийг дуусгамааргүй байна

Өөрт сэтгэлд минь нэг хаалга бий гэнэ
Өнөө хүртэл тийшээ зүглэсэнгүй
Өөрт байгаа эрдэнээ танилгүй
Өнгийн солонго мэт хоосонд хууртаж явж дээ

2/11/08

*****ТАНИЛ АЯЛГУУ****

Танил аялгуу эгшиглсээр
Таагдашгүй оньсого үүрүүлнэ
Энэ сонин хорвоог эрхлүүлж байгаа мэт
Эсвэл надаар даажигнаад ч байгаа юм шиг

Мэдэхгүйн өмнө гуйлгачин царайлахад
Миний өмнүүр бурхдын сүнс эргэлдэж
Мянган жилийн хүмүүний зовлонг базахад
Мэдэхгүй,мэдээгүй л гэх үгс унана

Хар үс нэг нэгээр цайраад
Хавар биш намар болсныг сануулна
Хааяа ч гэсэн амирлангуй бодол
Хаанаас ч юм орж ирнэ

Зовлонгийн далайгаас олсон ширхэг сувд
Зоосны чимээнд гундан шарлана
Мэдэрхүй өөрөө зовлон дуудсаар
Миний танил аялгуу эгшиглсээр л

2/9/08

~~~~~~~ДЭНДҮҮ ГЭНЭН СЭТГЭЛ~~~~~~~

Хагацалын эгшиг давалгаалсаар ирэхэд
Хайрын уянга цахлай болон эргэлдсэн
Дэндүү өнчин сар л хань болж үлдэхэд
Дэвэрсэн хайр минь өрөмтөж хөвсөн

Хайрын үлгэр харуусалаар жаргахад
Хачин удаан цаг хугацаа эхэлсэн
Нэг л их их хоосон горьдлого
Нэхэл хатуу орчлонд надаар тоглосон

Намрын өнгөнд зүрх шартахад
Насны гуниг жигүүрээ дэлгэсэн
Гашуун сархадаар сэтгэлээ бүлхэд
Ганц л удаа ....гээд үг дууссан

Буцах замдаа сэтгэлээ хайж
Будант замаар гэрэл хүсэн алхсан
Бурханаас би өөрийгөө л гуйхад
Булингарт шалбаагнаас сар л надруу инээсэн

Сэтгэлийн шувуу ганцаараа эргэн буугаад
Эрчилсэн давалгааг намжаан хөвсөн
Хайрын цахлай дуугаа дуулсаар
Хаашаа ч юм нисэн одсон

Үүрнээсээ ниссэн цахлай эргээд л ирнэ
Үлгэр ахиад л эхэлнэ
Дэндүү гэнэн сэтгэл минь
Дэвэрсээр байгаад л дуусна

2/8/08

***ЗҮҮДНИЙ ДАГИНА***

Намрын зүүдэнд ирдэг дагина алга
Нас явждээ,тэр орхиж
Чамд уншдаг шүлэгээр цэцэг усалчихаад
Чамин тансаг цэцэрлэг ургуулна

Тэр цэцэрлэгт чи ирнэ
Чимх чимх инээд чинь цэцгийн тоос гөвнө
Харин би чамаас нуугдаад
Хайр нулимас хоёроо чимээгүйхэн залгина

~~~~НАВЧ УНАХ НЬ~~~~

Золиос мэт амьдралд
Зовлон тавилан мэт санагдахуйд
Гараас итгэл минь зуурчихаад
Гашуунаар инээх намайг гайхан харна

Өвс бид хоёр адилхан байж
Өөрөө би түүнийг зовоосоор алхахад
Эрхэмсэг оршихуй надаас сэжиглэж
Эргэж тойрчихоод нисэн одно

Өнгө мөнгөний амьдрал
Үнэндээ солиорол төдий болоод
Ганцаардал хань мэт тэвэрхэд
Ганц хан улаан цэцэгэнд бүхнээ зориулмаар

Он цаг,орон зайн хоосонд
Одоо л үхэл аврал мэт
Тавилангийн гинжэнд гавлуулсан би
Танихгүй гэгээ рүү шунан харсаар

Гэгээ рүү сэтгэлээ нисгэчихээд
Гэм хийсэн мэт хүмүүсээс дөлөөд
Харанхуйгаас зугатаах сэтгэл
Хаашаа ч юм яараад

Навч унах нь амьдрал мэт санагдахад
Нэг л их гэрэлд орох шиг болоод
Нүгэлд ороогдсон биенээсээ
Нэрээ аваад салах шигээ

2/7/08

~~~~ БОРОО ~!~~~

Танил гудамжинд бороо орно
Татсан тамхины иш урсана
Энэ цаг мөч эргэж ирэхгүй урсана
Эргээд олдохгүй шүлгийн мөрүүд урсана

Хүүхэд нас хажуугаар нуугдан гүйгээд
Хачин танил нүднээс хуучин нулимас урсана
Хэзээ ч юм үзсэн амьдрал урсаж
Хэлээгүй хайр нүцгэн модны доор норно

Хатаасан шүлэг норж дуслахад
Хавар ч биш бас намар биш
Энэ зүүд биш юм байна
Энд сэтгэлд бороо орж байна

2/6/08

**************АМЬДРАЛ**************

Нэг л агшинд гэрэлт солир
Нэвт хатгаад нүхлээд одно
Тэр нүхээр тэнгэрийн хааяа харагдаад
Тийм гэж хэлэхийн аргагүй гуниг орж ирнэ

Өглөөний нар шиг илчгүй гэрэл
Өвс бүхний толгойг илнэ
Өлссөн сэтгэл гуниг хэмлэж
Өл залгах хүсэл өөрөө л дэмий шанална

Нар хүсэх сэтгэл навчин дүрсийг олоод
Нарийн мөчирт нүцгэн дүүжлэгдэхэд
Гунигийн салхи навчисыг өрөвдөж
Гутамшигт хүлээлтээс салган хийсгэнэ

Унасан навчисаар бие ээ хучих
Улайрсан тэмцэл газарт буцлахад
Гэгээн бүхэн дайжиж одсоор
Гэрэл юу ч болоогүй мэт гэрэлтүүлсээр

2/2/08

***Нэгэн ертөнцөөр зочлохуй***

Хүмүүний амьдралын мөн чанар,түүний уг үндэс болох сэтгэлийн тухай энгийн хэлбэрээр маш гоёмсог урлаж гаргаж ирж чадсан нэгэн яруу найрагчын тухай бичихгүй байхын аргагүй юм.Дорнын их ухаанаас үндэслэсэн өгүүлэх,шүлэглэх хэлбэрээр бичихдээ язгуур сэтгэл гэсэн нэр томъёог гарган ирж тайлбарласан цуврал эсээнүүд нь цаг хугацааны алсад үл бүдгэрэх бүтээл болжээ гэж би бодож байна.Тэрээр нээж олсон язгуур сэтгэлээ ингэж илэрхийлжээ.

"Хорвоо ертөнцөд дуусашгүй гэгээ,давтагдашгүй гоо сайхан,хэмжээлэшгүй баялаг нь гоо сайхны шинжээр нуугдмал оршиж байдгын адилаар хүмүүн бидний дотоод ертөнцөд тийм л байдлаар гоо сайханлаг гэгээ нуугдаж байдаг"гэжээ.
Тиймээ энэ түүний олсон гайхамшигт ертөнц юм.
Тэрээр хоосон чанарын гүн ухаан түүнтэй сэтгэлийн шүтэн барилдлагыг байгаль цаг хугацаатай холбон урнаар ингэж илэхийлжээ. Бясалгал тэр дундаа Зэн буддизмын өнгө аястай бичсэн.
---БИ
Зөөлөн гуниг болж урсана
Зуурхан уйг
Зүрхээрээ зулж
Заяа ядарч дуусахад
Зовлонгоос минь үлдэж хоцрох
Зөөлөн гуниг болж урсана.
энэ шүлэгээрээ өөрийгээ гаргаж ирж чаджээ.Үүгээрээ зохиогч өөрийнхөө давтагдашгүй гоёмсог орд харшыг бүтээжээ.
"Хорвоогоос гоо сайхныг ялган тамшаалж хүртэх нь сансар огторгуйн энерги чиг санагдахуй шүлэгч хүн өөрөө энгийн биш нь лавтайяа.
Яруу найраг нь сэтгэлээс үүдэж бодолоос ундардаг.Өнгөөр илэрхийлбэл болор тунгалаг мэт ажээ.Сэтгэл гэдэг нь өөрөө хязгааргүй,гүн гүнзгий,огторгуй мэт оршиж тэнгэрлэг хүчинг агуулж байдаг болохоор шүлэг яруу найраг нь санаашрал,тайлал,сүүрс алдалт...зэрэг сэтгэлийн хөдлөлүүдийг агуулсан байдаг".
гэж шүлэг яруу найргийн тухай энгийн оновчтой илэрхийлсэн байна.
Тэрээр цааш нь язгуур сэтгэлийн тухай өгүүлэхдээ...
"Огторгуйд од мичид хязгааргүй,тoo тоомшгүй оршдогын адил хүмүүний ЯЗГУУР СЭТГЭЛ-ээс үндэслэн гарах сэтгэлийн үрүүд тус бүрдээ цаашлан олон салбарлан ургах учир бас чиг саглагар мод мэт ажээ".
Үүний тайлбарлаж бичих шаардлаггүй бөгөөд уншигч та өөрөө задлан бодох буй заа Яруу найрагч Ж.Өлзийжаргалын Нэгэн ертөнцөөр аяласан энэ эрэгцүүлэлээ түүний өөрийнх нь өгүүлсэн...
"Өлсдөггүй сэтгэл гэж байдаггүй
Сэтгэлгүй өлсгөлөн гэж байдаг
Зовлонгүй жаргал гэж байдаггүй
Жаргалгүй зовлон гэж байдаг.
Хүмүүний орчлонд хүмүүний сэтгэл зовж,жаргахын мөн чанар хүсэл мөрөөдлөөсөө шалтгаалмуй.ЯЗГУУР СЭТГЭЛ өөрөө галтай гэгээлэг байваас аливаа хүсэл мөрөөдлөөс өдөөгдөн гарах зовохуйг зүдрэхийн хэмжээнд тавьж чадах болно.Ингэж чадваас зовох хүртэл сайхан амьдралын нэгэн утга нь болж чадахаас гадна өөрийн ертөнц дэхь уран зурганд чинь холигдсон нэгэн өнгийг бүрэлдүүлэх болно гэдэгт итгээрэй!"
гэсэн ухаарал шингэсэн үгээр нь төгсгөе. Түүний язгуур сэтгэлийн саглагар модны сүүдэрт амарч урган гарах жимсээр нь сэтгэлийн цангаагаа тайлсандаа яруу найрагч Ж.Өлзийжаргалд баярласанаа илэрхийлэхийн дашрамд уран бүтээлд нь амжилт хүсье!
Яруу найрагч Ж.Өлзийжаргалын * Нэгэн ертөнц *блогоор зочилж түүний Язгуур сэтгэлийн оргилруу хамтдаа авирцгаая!

Soeul. 2008-01-31

1/28/08

***

Мөнх юм гэж үгүй учир
Мөрөөдөл ч бас хоосон
Хов хоосонд өөрийгөө олоход
Худгийн усанд сар бутрах шиг

1/18/08

***ХЭЛЭХ ҮГ***

Дурлал дусал дусал нулимс болоод
Дуугүйхэн нэг нэгээр унахад
Сэмэрсэн хадаг шиг сэтгэлээ чи
Эмтэрсэн хадан дээр орхих шиг болсон уу?

Эргээд ирнээ тэр гэж сэтгэлээ хуураад
Энэрэлгүй хорвоод гомдон
Ээжийн жаахан охин байснаа санаж
Эхэр татан уйлсан уу?

Бүсгүй минь чи сэтгэлээ барь!
Бие ээ засаад нулимсаа арч!
Хайранд задарсан сэтгэлээ солонго болгоод
Хаврын нарыг чимээгүйхэн хүлээ.

Цаг хугацааны салхи чамайг илсээр
Дусал дусал нулимсыг чинь хатаанаа
Аргамжаатай мэт сэтгэлийн уяа тайлагдахад
Амьдралыг чи арай өөрөөр харнаа.

1/12/08

***ГИНЖ***

Үйлийн үр бүрэлдэж
Үнэний үзүүрээс тасарч
Эхийн хэвлийд унаад
Эргэж бүтэн тойроод

Тавилангийн олсонд татагдаж
Танихгүй ертөнцөд ирэхдээ
Сэвгүй ариухан сэтгэл
Сүүгээр амлаж тайвширсан

Үзэгдээгүй харагдаагүй зочин
Үүр шөнөөр ирээд
Хүү чинь ирлээ гэсээр
Хойморь эзэлж эрхэлсэн

Хөх тэнгэрээрээ тамгалуулж
Хөх толботой ирсэн учир
Хөхөлбөр их уулсаар нь нөмөрлүүлж
Хүү нь болж өссөн учраас

Эх орон таныхаа энгэрт
Эгнэгт үүрд тэвэрүүлэхийн учир
Энгэр дээр минь ургасан үрээ
Эх орон таньдаа үлдээхийн учраас

Эрэлхэг хөвгүүд чинь цусаараа бичиж бүтээсэн
Эгнэшгүй ариун түүхийг тань таслалгүй
Эх орон монголынхоо төлөө
Энэ биеээрээ гинж болно.би

1/5/08

***ГЭРЭЛ***

Харанхуйн дунд тэмтчин алхсаар
Хаана очих хүрэх гэж яваа юм бол би
Хаанаас,хэзээ ч юм бэ гарах гэрэлийг харуулдаж
Хэний ямархан хүсэлээр хаашаа явж байгаа юм болоо

Түмэн өнгийн бодол минь
Түнэр харанхуйд төөрөөд
Мэдэгдэхгүй,үнэртэхгүй,харагдахгүй баригдахгүй
Хаана байгаа юм болоо би

Цаг хугацааны олсонд чирэгдэж
Цай буцлах хоромд амьдрал шатаж
Утаачгүй замхараад
Ухаарал уурших шиг болоод......

Бурханы сураг
Будант алсад сонсогдох цуурай шиг
Нэр зүүсэн нэгэн сүнс би
Нам гүмхэн бүдгэрсээр

Зах хязгааргүй хоосонд
Залбирах төдийд итгэл сарниад
Нэлэнхүй харанхуйд өнчин сэтгэлийн
Нимгэн далавч ургаж гүйцэхгүйнээ

Одоо би хаашаа ч явахгүй
Орших эс оршихын дэнсэн дээр
Өөрөө өөрлүүгээ тос мэт шингээд
Өвс шиг шатаж,солир мэт зурвасхан гэрэлтэе

1/1/08

***ЯАХ ГЭЖ . . .***

Хэн нэгэн хийчихсэн юм шиг
Хэзээ ч юм бэ зохиочихсон амьдралд
Хэрэгтэй ч юм шиг
Хэрэггүй ч юм шиг би амьдарсаар л

Өчигдөр өнөөдөр хоёрын завсараас
Өндийж босоод
Өлсгөлөн сэтгэл
Өлөн нүдээр юу ч юм хайгаад л

Сээр нуруутан амьтан шүү чи гэж
Сэрүүн зүүд шиг амьдрал сануулсаар
Сэтгэлийн хүчээр хүлээснээс салах
Тэнгэрийн оч ,түүний хэсэг шүү гэж сэтгэл минь хэлсээр

Тэндээс би шидэгдэж
Тэгээд тойрог замаар эргэлдэж
Адгуус бурхан хоёрыг заагалсан олсон дээр
Алдаа оноо хоёрыг үүрсэн аянчин

Тиймээ энэ бол үнэн
Тийм болохоор дургүй минь хүрч байна
Яагаад ингэж явах ёстой юм
Яагаад,яагаад ингэж амьдрах ёстой юм

Яс махны зовлон дээр
Сэтгэлийн зовлонг үүрээд
Яс булаалдсан ноход шиг амьдралд
Яах, яах гэж.................

Гэхдээ би юу ч гуйхгүй ээ
Гэмгүй мөртөө зугатаах цагаан зээр шиг явахгүй
Үхэл үү явах өгсүүр замдаа
Өөрөөсөө л би гуйж амьдарна

12/29/07

***ЗАМД ГАРЛАА***

Сэтгэл минь сэмэрсээр байна
Сэрүүн зүүд шиг амьдрал сэмлэж байна
Уруулаас давж унах унхиагүй үгс сэмлэж байна
Унтах нойрны зүүд ч уяагүй нохой шиг хэмлэж байна

Нүцгэн талын ганц мод шиг
Нөмгөн сэтгэл минь жиндэж байна
Ухаанаас хайр ургахийг хүлээж
Урсах цаг хугацаанд урагдаж байна

Сар шиг өнчин сэтгэлээс
Нар шиг илчтэй гэрэл гардагийг би мэдсэн болохоор
Өвчинд шаналсан ээжээс минь
Өгүүлэшгүй их хайр гарсаныг би харсан болохоор

Сэмэрч норсон сэтгэлээ
Сарны гэрэлд тэмтэрч дэлгэчихээд
Өөрийнхөө сэтгэлийн хүчийг олохоор
Өнөөдөр би замдаа гарлаа

12/23/07

***НЭГ Л***

Би нэг л амьдарна
Нэхэл хатуу хорвоог нэг удаа туулна
Насны хэмжээ дуустал
Намайг ухааруулдаг зовлонтой хамт туулна

Ээж аав минь өгсөн болохоор
Эрх биш нэрээ хайрлана
Зовлон дундаас түүсэн болохоор
Зон олондоо шүлэгээ үлдээнэ

Тээр дээр жаргал байдаг тухай
Тэнэгүүдийн үлгэр зөндөө сонссон
Үзсэн хүн байгаагүй үлгэрт итгэж явсанаас
Өнөөдрөөрөө амьдраад дууссан нь дээр

Жаргал гэж юу байдагийг
Зовсон хүн л мэддэг
Эрүүл байж байгаад үхэх
Үнэндээ жаргал биш гэж үү

Онол үзэл ярьсан
Олон тэнэгүүдийг мэднээ
Одоо боллоо
Орчлонг би өөрийнхөөрөө л хардагаа

Алдар нэр хөөцөлдөж
Амьд төрөлийн адаг болохгүй
Авс өлгий хоёрын завсар
Амьд байхдаа л жаргая

-----Алив нэг хундага өргөе---

12/19/07

***ЧОНЫН НҮДЭЭР***

Үрээ хайсан эх шувуу
Үдшийн бүрэнхийгээр тамирдан унах шиг
Үнэний эрэлд гарсан би
Үзүүргүй олсноос атгаад туйлдлаа

Цаашаа зам хязгааргүй цэлийгээд
Харин буцаад явах хүсэл алга аа

Бурхан чи байдаг бол
Буг чөтгөрч хамаагүй надруу явуулаач
Байхгүй үнэний чинь эрэлд ханисаад
Балрах мөрөө цаг хугацаанд чинь гээе

Хатгаад байгаа сэтгэл минь дээ
Халираад байгаа итгэл минь дээ

Будант нэг л өдөр буцаад би өөрлүүгээ явна
Байх байхгүйн завсраас үнэний учгийг атгана
Жирийн өвсөнд үнэний тайлал оршдогийг мэдээд
Жинхэнэ амьд байгаль руу алхам ойртоно

Тэгээд чонын нүдээр хүнийг хараад
Цочиж өөрөөсөө алхам холдоно оо

12/16/07

***ӨНЧИН СЭТГЭЛ***

Өнчин шувуу шиг сэтгэл минь ганцаардаж
Өрх энэ битүү энэ хорвоогоос өөрөө зай авч холдоно
Огторгуйн гүнд дэхь шаргал туяанд далавчаа ээж
Орхиод гарсан дэлхийгээ огт өөр нүдээр харна

Нүд минь ухаанаар харах хоромд
Нэг л их цагаахан цас сэтгэлд минь бууна
Нарийн бийрын үзүүрийг цасанд дүрээд
Намаг шалбаагт байгаа хорвоод гэгээн зам зааж зурна

Тавилангийхаа хүлээсэнд үүрэндээ эргэж буухад
Танигдаагүй ертөнцийн түмэн зовлон угтана
Танидагаараа тамхи шүдэнзээ аваад
Тамын тогоонд жаргал эдлэн сууна аа.

12/13/07

***ҮГҮЙЛЭГДЭЭД Л БАЙХААР***

Өөрийнхөөрөө л би зовж жаргаж явна
Өнчин саранд ч гунигаа хэлмээргүй байна
Үхэлтэй ганцаараа нүүр тулж уулзахын учир
Үүрд биш түр үдлээд буцахын учраас

Хэдэн шүлэгээрээ дээл хийж сэтгэлээ хучичхаад
Хэн ч явж байгаагүй тавилангийнхаа замаар явна
Буруу ч бай зөв ч бай миний л амьдрал
Будантай ч бай,гунигтай ч бай миний л сэтгэл ээ

Бурхан ч гэсэн өөрийн зовлонтой байдаг хорвоод
Буруу саналгүй өөрийнхөөрөө л зовж явая!
Гаргахаас нааш амардаггүй энэ сэтгэлээ
Гал болгож хэн нэгийг дулаацуулаад явнаа

Мөнхийн ус бол мөнхийн зовлон гэж хэлээд
Мөрөн дээрхи ачаагаа үүрээд явна
Ханийнхаа сэтгэлийг дүүргэж очоод
Хамтдаа хоёулаа зовлонг жаргал болгоод явна

Эхэлсэн бүхэн төгсдөг жамтай болохоор
Энэ хорвоогоос буцахдаа эргэж нэг харнаа
Үдлээд буцсан энэ амьдралдаа
Үгүйлэгдээд л байхаар явнаа би

12/10/07

***ГАНЦХАН САРНАЙГ***

Сэтгэлийнхээ жолоог хэсэг тавья
Сэмхэнээр дөхөх дурлал руу явна уу өөрөө мэдэг
Хэзээнээс хэлхээтэй мэт гомдолтой минь нийлээд
Хэний охин үрийг зовоох гэж явна уу өөрөө л мэдэг

Дур,хүсэл хоёртой хэлхэлдээд
Дуугаа нийлүүлээд дуртай зүгрүүгээ яваг цаашаа
Надад хамаагүй мэт нүдээ аниад
Намар оройн нүцгэн мод шиг үлдэе

Алдаж онож л яваг ээ сэтгэл минь чи
Андуурч, хууртаж л яваг зүгээрээ
Янагийн бороонд норож явахдаа сэтгэл минь
Ятгын эгшиг сарнайн тухай дуулахыг сонсоорой

Сэтгэл минь чи чөлөөтэй нис!
Чиний алдаанд би өөрийгөө дэнслэн тавья
Хайранд ургасан сарнай ганцыг
Харин чи олж ирээрэй

11/27/07

***ОДДЫН ДУУ***

Одод эрхэстэй ярилцаж хонолоо
Орчлонд яах гэж байдгийг нь асуулаа би
Миний мэдэхгүй өнгөөр тэд дуу дуулж өглөө
Мөнх мөнх бусын тухай дуу байлаа

Мөнхийн цэгийг тойрч эргэдэг гэнэ
Мөхөж төрж байдаг гэнэ
Өөрийгөө шатаан зовж байдаг гэнэ
Өнгөт тоос болон цацагдсан гэнэ

Би түүнтэй холбоотой гэнэ
Бидний тавилан адилхан гэнэ
Амьдрал хэмээх том жүжигт
Адилхан бид оролцдог гэнэ

Цаг хугацаанд захирагддаг гэнэ
Цаашдын тавилангаа мэдэхгүй гэнэ
Одод бид хоёр бие биендээ барилдаж
Орчлон хэмээхийг бүтээдэг юм гэнэ

***ЯВНА. ИРНЭ***

Нэг л өдөр би явна
Нэр шүлэг хоёр минь үлдэнэ
Нарны дор алдаж онож явсаныг
Найраг шүлэг минь хэлж үлдэнэ

Тээр дээр хэсэг байна
Тэнгэрийн оронд ганцаардаж сууна
Бурханы тавиланг сэтгэл минь өрөвдөж
Бусадын буруу зөвийг шүүх хүсэл төрөхгүй

Маргаашаа мэдэхгүй алхах энэ амьдралд би дуртай
Манан дунд тодрох уулсын оройг харах би дуртай
Сайхан хүүхний бэлхүүсэнд нүдээ хэсэг унгаачихаад
Салхи сөрөн шүлэг бодож алхах би дуртай

Нүдний нулимас цийлэгнүүлж хурдны морьд ирэх шиг
Нүгэлийн толботой амьдралдаа нүцгэн биеээрээ яарч ирнэ
Дөнгөж сая төрсөн эхийн харцанд өлгийдүүлэх гэж
Дөчин ес хоногтоо багтаж би ирнээ

11/17/07

***ТЭНГЭРИЙН ЗААДАЛ ШИГ . . .***

Сайхан аялгуугаар аргадан байж
Санаа сэтгэлээ гуйн байж
Өөрийнхөө сэтгэл рүү орж үзлээ
Өчнөөн хог новш байхыг харлаа

Тэнд дандаа хог байсангүй ээ
Тэнгэрийн заадал мэт судалууд байна
Ээж ааваас минь өгсөн
Эрдэнийн хэдэн чулуу байна

Найраг шүлэг ухааралд шарласан
Намрын навч шиг хэдэн алт байна
Наймын тоо шиг тойрог битүү дугуйрсан
Намайг зовоодог хүсэл,гуниг хоёр минь байна

Сэтгэл хэмээх тэр саванд
Сэжиг хүрэмээр шунал байна
Хөөж гаргамаар нохой тачаал
Хүнийх гэлгүй дайрахад бэлэн байна

Өөрийгөө л гэх өчүүхэн бодолууд
Өрөв тасын ангаахай шиг ангалзаж байна
Өчнөөн жил улалзаж байгаа
Өнчин уур хилэнгийн мунхаг цог байна

Тэнгэрийн заадал шиг судалуудаа
Тэнгэрлэг бүхнээр усалж ургуулаад
Намрын навч шиг хэдэн шүлэгээрээ чимээд
Наймын тоо шиг хүсэл,гуниг хоёроороо мануулна

11/11/07

***СҮҮЛЧИЙН ГУНИГ***

Хамгийн сүүлчийн гуниг минь нисээд явчихад
Хайр,хүсэл хоёроо хайгаад би олсонгүй
Сэтгэлд минь ногоон цас будран орж
Итгэл минь цагаан мөр гаргасаар цаашлан одлоо

Хажууд минь бурхад ирж суугаад
Хамгийн сайхан үгсийг хэлнэ
Нутгийн шувуу намайг танин ирж
Нуурын тухай сайхан дуу дуулна

Гуниг,хүсэл,хайр,итгэлээ алдсан би
Гутлаа арчин,өөрийнхөө тухай л бодно
Үнэндээ үхэж ч чадахгүй өлбөгөр амьтан
Үргэлжилсэн нэгэн өнгөөр ярина

Бүхнээ алдсан намайг хүмүүс мэдсэнгүй
Бор өнгийн шинэ малгайг минь шохоорхон харна
Би хэмээх нэгэн ертөнтц минь ингээд дууслаа
Би өөрөө нэр зүүсэн,малгайтай адгуус боллоо

11/10/07

***

********************************************

Хувь тавилан минь би чамаас нэг л зүйлийг хүснэ
Хүмүүн заяаг тэрсэлж нэг л зүйлийг шаардана
Хатан Туулын эрэгт төрүүлсэн шигээ хувь тавилан минь
Хан Богд уулын минь бэлд л үхүүл хувь тавилан минь

****************************************

Авсан юм чинь архиа уух л болно
Амьд л байвал шүлэгээ бичих л болно
Хүссэн хүсээгүй тавилангаа дагах л болно
Хүнийг л хайрласан юм бол би зовох л болно

****************************************

Цал буурал толгойтой өвгөн бишээ би
Цахилж яваа гөрөөс шиг залуу бишээ би
Царай болон өнгө төгс нэгэн бишээ би
Цагийн саалтанд гундавч цагаан мөртэй явах нэгэн билээ би

*****************************************

Шүлэгчийн шүлгийг сонсож
Шүүдэр хураасан өвс нэгэн билээ,би
Шунал,тачаал ихэдсэн энэ хорвоод
Шулуун явж чадаагүй нэгэн билээ,би

11/6/07

***

Аврал минь надад өөрт минь бий
Аюулт дайсан минь надад өөрт минь бий
Амьдрал минь алдаа шившиг хоёр
Амьдрал минь алд дэлэм эндүүрэл

***************************

Би өөрөө бурхан
Би өөрөө чөтгөр
Би бурхан чөтгөр хоёрын нэгдэл
Би буян бузар хоёрын уут

******************************

Сарны доор нулимас урсаж л байг
Салхины аяасаар өвс бөхөлзөж л байг
Сархадын халуунд зүрх шатаж л байг
Сайханыг танихын тулд сэтгэл зовож л байг

10/26/07

***ХЭН***

Өнгө өнгийн цэцэг талд ургаад дээр нь эрвийхэй нисэх нь
хэний хийсэн бүтээл вэ?
Өнчин хайлаасны сүүлчийн навч тасараад салхинд хийсэх нь
хэний хүссэн хусэл вэ?
Буцаад ирсэн шувууд нуурийн мандалд буух нь
хэн дуудсан юм вэ?
Будан татсан нутагтаа буцаад төрөхийг минь
хэн хориглосон юм вэ? ХЭН

***

Эхээс төрөөд дуугаа намдааж бүүвэйн дуунд уяарсан би
Эсгий сунган эр болоод чиний хайранд уяарсан би
Эргэх хорвоод ээж,аав болоод үрийнхээ дуунд л уяарсан би
Энэ л амьдрал,эрээн бараан хүний нийгэмд л хатуужсан би

***ХӨХ ТЭНГЭРИЙН ОРНЫГ ХЭН Ч..***

Яасан их шунал вэ?
Ямар цаддагүй сэтгэл вэ?
Хаанаас ирсэн бирд вэ?
Хэн гээчийн үр вэ?

За яахав тэгэж л бай! Ядарсан олны
Зовсон сэтгэлийг идэж л бай!
Бүх юм хэмжээтэй гэдгийг
Би хэлж цаг хугацаа харуулна

Зүрхэнд уяатай эх орныг минь чи худалдаж идэж байгаа учир
Зүгээр чамайг хараж чадахгүй .нүд минь хорсдог юм
Зулгааж идсэн бүхэнд чинь хонхойж үлддэгийг мэддэгүү чи!
Заяа буян хоёр минь чамтай эвлэрнэ гэж санаа юу чи!

Үхсэн хойноо ч чиний яс өндөлзөнө
Үр хүүхэд чинь чамайг луйварчин байсныг чинь мэднэ
Өлсгөлөн хүүхдийн үмх талхыг булааж идсэнийг чинь
Өнөөдөр би бичиж маргааш цаг хугацаа батална

Мичид долоон одноос морио аргамжиж явсан
Миний өвгөдийн буяныг чи идэж барахгүй
Талын наран доороос нь ургадаг эх оронд минь
Тавилан заяаг нь дээрээс нь өргөдөг хөх тэнгэр байдаг юм

10/25/07

***ГАМШИГ***

Саяхан энд нар тусаж байсан юм үүл халхалчихаж
Сайхан залуу насаараа гэрэлтэж байсан юм тэр залуу
бие ээ тоочихож
Өглөөгүүр энүүгээр бороо оржээ.чийг үнэртээд сайхан байна
ӨӨ тэр залуу яасан вэ? гэж үү? чийгний хорхой болсон.хайран залуу нас

***ГУЙЛТ***

Намайг нэг юм л хүлээж байгаа үнэн шүү
Нуугаад байх юм алга аа үхэл чи хүлээж байгаа
Цаг жилүүдийг унасаар чам дээр би очино оо
Цагаан толгойтой болтлоо амьдрах хүсэл байна

Чи битгий шоолоод байгаач!

Гэнэт хааяа чамайг хаая санах юм.үнэн шүү
Гэхдээ би чамайг мартаагүй ээ үхэл минь
Цаг мөчүүдээр ухаарахыг хүсэх юм.гүйцэхгүй юм байна
Цагаан толгойтой болсон ч ухаарч дуусахгүй юм байна

Чи битгий өрөвдөөд байгаач!

Үнэндээ чамаас асуух юм их байна
Үхэл чи хэлж өгөхгүй л дээ би мэдэж байна
Нүгэлд дарагдсан дэлхий дээр буцаагаад чи авчирна.
Нүгэлээ үйлдэх гэж яарсан, нүцгэн бие чарласаар ирнэ

Чи битгий нуугаад байгаач!

Сарыг татан нарыг аргадах уртын дуундаа уярах гэж ирнэ ээ
Сүүний үнэртэй гэртээ эсгий үнэгэнд хууртах гэж ирнэ ээ
Сайхан монгол бүсгүйн биеыг салхинаас харамлан эдлэх гэж ирнэ ээ
Санчигны үсээ бууралтал санагдах сайхан эх орондоо л ирмээр байна

Чи зөвшөөрөөч,би гуйя!

***ХҮСЭЛ МИНЬ***

Оршил

Зүгээр л байж чадахгуйн
Зүрхэнд урсах аялгуугаа шүлэг болгон гаргая
Хэнзхэн хаврын яргуй цасан доороос цухуйх шиг
Хэнд ч хэлэмгүй хүсэл минь сэтгэл дотороос хатгаад байна

Миний хүсэл

Хүсэл минь чи надтай хамт төрөж
Хөхний товч хайлгуулж сүүний амтыг мэдэрүүлсэн
Хөнгөн нойрсох эхийн халуун энгэрээс зугтаалгаж
Хөх тэнгэрт хөвөх үүлсийн хойноос сарвайлгасан

Хүсэл минь чи надтай хамт өсөж
Хүний өөрийн ялгааг нүдэн дээр минь таниулсан
Хөнгөн гунигтай, цагаахан итгэлтэй
Хүүхэд насыг минь чи хамт үдсээн

Залуу насны аагийг хүсэл чи өрдөж
Дэнгийн эрвийхэй адил гэрэлрүү зүтгэн тэмүүлсэн
Дэндүү омголон хүсэлээр нурааж ,бүтээж явахдаа
Дээлэнд багтах ухааныг тэгэхэд олж харсаан

Хүсэл минь чи намайг хэзээ ч орхиж байгаагүй
Хүрэн зүрхний угаас ундарсаар л байсан
Гуйлгачин баян хоёрын дундуур намайг чирэж явахад чинь
Гутрал,цөхрөл гэдгийг даваж сурч явсаан

Хагацалын мөнгөн аяга гар дээр хагарч байхад
Харанхуйг зүсэн ирэх бугын урамдлага шиг чи над дээр ирсэн
Харийн газар өвчөнд дарлуулан хэвтэж байхад
Ханийн халуун энгэр шиг чи намайг тэвэрсээн

Ганцаардалын зовлон зүрх базалан өвтгөхөд
Ганцхан чи л надад хань болсон
Сэтгэл гээч гэрийн хойморт нь суудал байх юм бол
Хэзээч эргэлзэхгүйгээр чамайг би суулгана

Хэсэгхэн цагаан үүл нар халхалаад явдаггүй ээ
Хэнээс ч нуугаагүй хүсэл минь сэтгэлээс хатгаад суулгадаггүй ээ
2007-10-3 Soeul

***БИ ГЭЖ ХЭН ВЭ? ***

Өнөөдрийг зүгээр л дэмий өнгөрөөмөөр байна
Өвс бүхэн миний төлөө ургадаг гэж бодоод
Сар хүртэл намайг тойрдог гэж өөрийгөө баясгаад
Сархад ууж хорвоог тоомжиргүй хармаар байна

Өөрийгөө бурхан гэж сэтгээд
Өнчин хайлаасанд хань болж суумаар байна
Намрын навчсыг хайхрамжгүй туучаад
Нарны хэлтэрхий дээр гишгэж байна гэж бодмоор байна

Бүх зүйл түр зуурынх гэсэн философи амандаа үглээд
Бүүр юу ч бодохгүй тэнэмээр байна
Сайхан төрсөн гэж өөртөө итгүүлээд
Салхитай хамт охид эргүүлмээр байна

Гуниг зовлонгоор нэрж гаргасан ухаанаа
Гудамжны мухрын нэгэнтээ шидчихээд
Гартаа шүхэр эргүүлсэн шиг ээ
Гал зуран тамхи татсаар алхмаар байна

Газраас том алт олчихоод
Гартаа ч барилгүй өшиглөмөөр байна
Тэнгэрийн дагиныг тэрхэн хавьдаа хүлээж
Түүнийг ирэхлээр нэг л юм асуумаар байна

Тиймээ нэг л юм асууя
Би гэж хэн вэ?

***ЭРВЭЭХИЙ***

Өглөөгүүр тэр авгалдай байсан
Үзэмгүй муухай өт байсан
Өдрийн наранд өнгөө дэлгэж
Үзэсгэлэн төгс эрвээхий болсон

Өнгийн цэцэгс түүнд хөл алдан
Өөр хоорондоо магтан гайхацгаасан
Намгийн хажуугийн намхан цэцэг хүртэл
Над дээр буугаасай гэж мөрөөдсөн

Нэг өдрийн наст тэр эрвээхий
Нарны туяаг сулжин ниссэн
Надаас өөр үзэсгэлэнт амьтан байна уу гэж
Намгийн цэцэгнээс асууж тохуурхасан

Үдээс хойх нь тэр эрвээхий
Өөртэйгээ тавилан нэгт ижилээ олсон
Улаан цэцэгийн дэлбээн дор нуугдаж
Учиралын мананд умбан цэнгэсэн

Үдэшийн нар шаргалтан хажуулдахад
Өнөөх хосийн амьдрал дуусах болжээ
Өнгийн цэцэгс тэднийг тоосонгүй
Өдрийн гоо сайхныг нь бүгд мартажээ

Намгийн цэцэг тэр хоёрийг өрөвдөн
Нарийхан мөчир дээрээ суулган
Үр удамаа үлдээгээд явдаа гэж
Өөрийгөө умартан хэллээ

Хүн бол адгийн амьтан
Хүсэл нь дийлдэхгүй шуналын амьтан
Нэг өдрийн наст шавьж шиг амьдрах юм бол
Нэр зүүгээд хүн царайлаад амьдарч яах юм вэ?

***ЯЛ АСУУХ НЬ***

Огторгуйд хэн цацсан юм бол энэ олон ододыг
Орших үл оршихын энэ амьдралыг хэн зохиосон юм бол
Нарыг зовоон байж намайг яах гэж дулаацуулдаг юм бол оо
Нас дуустал үл салах зовлон дунд намайг яах гэж илгээсэн юм бэ?

Зураг төөрөгтэй минь зовлон дунд шидчихээд
Зугаацан,тохуурхан харж байгааг чинь мэдэж байна
Алган дээр амьдралыг минь зурж явуулчихаад
Алсан ялааны тоогоор ял тооцоод ахиад зовоохыг чинь мэдэж байна

Мөнхийн хутгийг чи олчихоод
Мөхөсхөн сүнсүүдийг зовлонгийн тойрог руу түлхсэн
Мөрөөдөл хэмээх үзүүргүй зовлонг
Мянга мянган жил харамгүй чи өгсөн

Хэзээ чиний тоглоом дуусах юм бэ
Хэдэн галвыг дамжиж зовох юм бэ
Байх байхгүйн дундах хоосон орчлонгийн чинь завсраас
Би чамаас ял асуусаар байна шүү!!!