10/26/09

***ЯРУУСАЛ***

Хөгжмийн эгшиг сэтгэлийн хаалга татаад
Хөнгөн алхасаар орж ирэхэд
Хөвөх мэт сэтгэл гадагшилж
Хаашаа ч юм долгис цацаад....

Юуны ямархан хүчээр
Надад нөлөөлнө бэ
Нөмгөн гунигийг минь
Юунд ил гаргаж дааруулна бэ

Мэдрэхүйн судсыг
Чинэртэл тэлж
Мэдэхгүй ертөнцрүү
Юуны учир хөтөлнө бэ?

Оногдсон зовлон дээр минь
Оч хаяж шатаан
Орчлонгоос салгаж
Сэтгэлийг юунд өнчирүүлнэ бэ?

Хөг эгшиг бүрээр чинь сэтгэл задрахад
Харанхуйн дунд солонго татах шиг болоод
Үнэний дунд ганцаар зогсох шиг
Үнэндээ би хөгжмийн эгшиг болох мэтээ

9/19/09

****Намрын өглөө****

Орчлон мөнх бусийг сануулсаар намар ирэхэд
Огших ,тэсрэх сэтгэлийн гүнээс нэгэн шувуу нислээ
Тэр шувуу сансарын хуйлрах аянгaнаас гэрэл зууж
Мэдрэхүйн долгисыг хөглөн буулаа

Сэтгэлийн эмзэг дэлбээг минь нэг нэгээр нь илбэж
Сарны гунигтай,намрын шаргал өдрүүдийг асгалаа
Зөгнөл тэмтчин алхах бүдгэрсэн харгуйг гийгүүлж
Зүүд тарааж цацсан гэгээн шөнүүдийг авчирлаа

Зүрхний үгийг минь сонсох өвсний намуухан амьсгал
Зөв бурууг ухааруулж өлмийг минь үнсэж өндийхөд
Зөн совинд зүүгдэх он жилүүдийн давалгааг гишгэн
Зүүдний учиг тайлах битүүлэг ертөнцрүү тэмүүллээ

Итгэлт сэтгэлийн гэмшил гэрэл болохуйд
Илгээх гэгээн аялгуунд яруусаж хонолоо
Ирэх өдрийн үйлийг хайраар тосож
Эмтэлсэн амгаланд хорогдсоор намрын өглөөг угтлаа

9/6/09

***БИД БУРХНЫ ХҮҮХДҮҮД ***

***ЭВЛЭРЭЛ***

Бурханы өгсөн бие байшингын хана налахад
Байхгүйн дунд сэтгэл түших ханагүй
Хэлсэн хэлээгүй үгс хаа хүрэхээ мэдэхгүй тэнүүчлээд
Хэзээ ч юм бэ? ирсэн гуниг аяга дарс шиг

Нар манддаг хорвоод
Насаа өгч байгаад ч хамаагүй авчих юм алга
Өнгөрсөн бүхэн үзэгдэл төдий
Өнөөдөр зүүд мэт зэрэглээтээд

Шүлэг сүүрс алдах мэт замхараад
Шөнө өдрийн ялгааг олж ядан байхуйд
Цаг хугацаа гараас алдраад урсах нь
Ганц л олдож буй тайвширал аа

Дурлал хэмээх солиоролд
Дусал нулимс ч гаргах нь солиорол
Салмааргүй гашуун бодол минь
Саяхан дэлбээлсэн цэцгийг өрөвдөх нь өрөвдөлтэй

Барьцгүй хоосонд сэтгэлийг сэвэх
Бурханы илгээх зөн билэгээс зугтаамаар
Тэндээс оноосон тавилантай эвлэрэх шиг
Өмнөөс минь харах бүсгүйг тэвэрлээ би.

9/3/09

***ЦАГ ИРЖ ЯВНА***


Цаг ирж явна
Цахилах гөрөөс мэт үнэн ирж явна
Үйл нүгэлийн үзүүр эргэж
Үхэл,сүйрэл ирж явна

Уул уулын оройг уулзуулах
Усан галав ирж явна
Улаан гол таслагчдийг гэсгээх
Утаан галав ирж явна

Улаан гол гүрэлзэж
Улаан бөөмс биеэр тархаж
Улан дороос шороо босгож
Учрал бүрдэж яах гэж амьдардагийг

Мэдэгтүн ! Сэрэгтүн !

Хүний зовлон хаанаас үүсэлтэйг
Хүрд эргэж,төрөл арилждагийг
Үнэн худлын заагийг
Үхэл цавчиж салгадагийг

Мэдэгтүн ! Сэрэгтүн !

Зөн билэг хаанаас унаж
Заяа төөрөг хэрхэн зурагдагийг
Бие сэтгэлийн зовлонгоос салж
Билэгийн нүдээ хэрхэн нээдэгийг

Мэдэгтүн ! Сэрэгтүн !

Цаг ирж явна
Цахилах гөрөөс мэт үнэн ирж явна
Үйл нүгэлийн үзүүр эргэж
Үхэл,сүйрэл ирж явна

Мэдэгтүн ! Сэрэгтүн !

8/23/09

***МОНГОЛ ЭХ ОРОН МИНЬ***



Нүдээ анихад ч харагдаад байх юм Эх орон минь
Нулимсаа залигчихаад хүү чинь таныгаа санаж явдаг шүү
Надад байгаа бүхнийг та өгсөн болохоор Эх орон минь
Нас ,бие, сэтгэлээ тандаа зориулна ,Эх орон минь

Аав ээж,алаг үр,амраг хань минь Эх орон минь билээ
Агаар ,салхи ,уул,ус минь Эх орон минь билээ
Хос хун нуурын мандалд буух нь Эх орон минь билээ
Хоточ банхарын дуу хот айлаас дуулдах нь Эх орон минь билээ

Намрын тал нутагт минь айраг исэлдэж
Намайг Эх орон минь хүлээж байгаа
Намхан буурал ижий минь цайны дээжээ өргөж
Намайг Эх орон минь хүлээж байгаа

Хөөрхөн үр минь шулганан миний зургийг зааж
Хөх тэнгэрийн орон минь намайг хүлээж байгаа
Хөнгөн салхинд навчис нь эргэлдэн бүжиглэж
Хунгийн дэвэлтээр Эх орон минь намайг даллаж байгаа

Уртын дуугаар чинь сэтгэлээ өлгийдөж явдаг хүү чинь
Усны шувуу шиг очиж болохгүй байна, Эх орон минь
Шалзад багахан шаргын гунигийн өнгөтэй амьдарч байгаа ч
Сайхан Эх орон таныхаа төлөө зүтгэж байгаа юм шүү

Мөнгөн хазаарын чимээтэй эх орондоо хүү чинь очино оо
Мөнх тэнгэрийн чинь ивээл дор сайн явна аа хүү чинь

***БОДРОЛ***



Эзгүйн дунд ганцаараа зогсоно
Эргэн тойрон нам гүм,үзэгдэлгүй
Зүүд үү энэ
Зүгээр л бодол уу?

Нар саргүй,зүлэг ногоогүй
Навч ,сүүдэр,салхи үгүй
Элс шороо,үнэр,үүлгүй
Энэ там биш бас диваажин ч биш

Өвчин зовлон,үхэл ч алга
Үнэндээ намайг зовоох юу ч үгүй
Цаг хугацаа тойрог мэт эргэлдэн зогсож
Цаашаа наашаа чиг зүг алгаа

Тэртээгээс замхрах миний гэрэлт мөр
Тэнгэргүй алс руу оджээ
Тэндээс би иржээ
Тэсгэлгүй сүүрс алдлаа

Бурхан чи хаана байна
Буг,чөтгөр ч гэсэн тааралдаасай
Бүрхэгч гэсэн тэнгэр минь харагдаасай
Бараан ч гэсэн амьдрал минь чи хаана байна

Хэцүү ч гэсэн зовлон минь чи намайг бүү орхиоч
Хэрээ ч яахав хамаагүй нисээд ирээч
Огт юу ч үгүйд ганцаараа байхдаа
Огторгуйн одод хүртэл хань болдогийг мэдэрлээ

Энэ ертөнц байгаа бол
Эхлэл,төгсгөл,үхэл байх ёстойг ойлголоо
Ингээд би эргээд алхалаа
Эхлүүлсэн үйлээ барахаар буцлаа

8/6/09

***НУТГИЙН ӨГЛӨӨ***



Шөнийн амгаланд адислагдаж
Шүүдрийн ус рашаан болно
Сарны туяаг шимэн зүүрмэглэсэн
Цагаан манан гэгээ болно

Нугын цэцэг дэлбээгээ дэлгэхэд
Нарны гэрэл амьдрал болно
Нуурын мандалд хос хун буухад
Нутгийн минь өглөө шүлэг болно

Цагаан гэрээс утаа суунаглахад
Яруу шүлэг минь зураг болно
Цайны дээжээ тэнгэрт өргөхөд
Цагаахан дусалууд нь хайр болно

Жирийн нэгэн өглөө нутагт минь эхлэх нь
Жангарын туульд гардаг диваажингийн орон шигээ

8/5/09

***ШҮЛЭГ БИШ ШҮЛЭГ***

Гашуун үнэнд тулчихаад
Гараа ч хөдөлгөх хүсэл алга
Ухаарлын үүд нээлтэй ч
Урагшаа явах тэнхэл дутаад

Солиотой юм шиг жүжиглээд
Сохор юм шиг явж байгаа
Хүн хэмээх сүрэг амьтаны
Хөгийн амьдрал огиудас хүргэнэ.

Мөнгөтэй бол сайхан амьдрах
Мөрөөдлийн цамхаг зэрэглээ мэт хоосон
Үхлийн хаалгаар шалдан орох байж
Үйлийн лай болсон шуналаар ер нь яах юм бэ?

Там диваажин аль нь ч байхүй
Тахилга мөргөл гээч үнэндээ инээдэм төдий
Огт байхгүйд итгэх хэнд хэрэгтэй юм бэ
Одоо болоо юм бишүү хүмүүсээ

8/2/09

***Будда Амитаба ***



***Д.Нямсүрэн : Амитаба***

Яаж би Амитаба шиг, хөлөө цэцгэн өлзий завилах вэ?
Яаж би Амитаба шиг, чамайгаа бурханы тигд бүтээх вэ?
Яаж би Амитаба шиг, хүйсний нууцыг хуруугаараа томьёолох вэ?
Яаж би Амитаба шиг, хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ?

Яаж би Амитаба шиг, газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?
Яаж би Амитаба шиг, есөн эрдэнийн чулуугаар чамайгаа чимэх вэ?
Яаж би Амитаба шиг, уснаас гарсан бүсгүй эрэг дээр суугаагаар бодох вэ?
Яаж би Амитаба шиг, шувуу исгэрэх, нохой хуцах мөн чанар нэгийг ойлгох вэ?

Яаж би Амитаба шиг, модны навчис унахыг зүүдээ гэж бодох вэ?
Яаж би Амитаба шиг, морь зогсоогоороо унтахыг далайн татралт гэх вэ?
Яаж би Амитаба шиг, эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлт гэх вэ?
Яаж би Амитаба шиг, энэ биеэрээ нэгэн сайхан аялгуу болох вэ?

Яаж би Амитаба шиг, үүдний цоорхойгоор тусах наран лугаа цацрах вэ?
Яаж би Амитаба шиг, үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайх вэ?
Яаж би Амитаба шиг, нисээд явчихсан шувуу адил анир алдрах вэ?
Яаж би Амитаба шиг, өөрийнхөө үсний ойчих чимээг сонсох вэ?

Яаж би Амитаба шиг, үүлс бүрхэж, мөс хучсан ч сая сая жилд үлдэх вэ?
Яаж би Амитаба шиг, үхэл гэгч амьдаас агуулгатайг мэдэх вэ?
Яаж би Амитаба шиг, дэнгийн гал руу эрвээхэй үйхэд жишимгүй суух вэ?
Яаж би Амитаба шиг, дэргэдийн ээжгүй болоход уйлахгүй байх вэ?

Яаж би Амитаба шиг, нэг дуу нэг зөгийг хөнөөдгийг мэдэх,
Яаж би Амитаба шиг, нэг шүлэг нэг цэцгийг үрдгийг ойлгох,
Яаж би Амитаба шиг, оргүй хоосон – алсад буй ертөнц гэдгийг таних,
Яаж би Амитаба шиг, орон цаг, амьдрал хоёр үгүйг мэдэх...

7/20/09

***САРНАЙ***

Оршил

Сарнай цэцгийг харж би удаан суулаа
Сайхан тэр цэцгийг бахдаж би удаан суулаа
Дэлбээнийх нь эмзэгхэн гоог биширч
Дэндүү гайхамшигт тэр цэцгийн тухай шүлэг бичлээ

Яруу төгс түүний тухай бичихгүй юм бол
Янжинлхам бурхан гомдох юм шиг санагдлаа

САРНАЙ

Үнэндээ тэр төгс аялгуу
Үзэсгэлэн гоо бүсгүйгээс илүү
Урлагын бүтээл,сансарын элч мэт
Утгыг нь ойлгож эс гүйцэх бурханлаг шинжтэй

Түүнд хагацал,учрал багтаж байдаг
Түүнд хайр,энэрэл шингэсэн байдаг
Түүнд гэгээн зөгнөл, гэрэлт хүсэл байдаг
Түүнд ханамгүй тачаал,харьшгүй хүч байдаг

Түүнд огторгуй мэт хязгааргүй орон зай бий
Түүнд од эрхэсийг татах чадал бий
Түүнд хувирашгүй сэтгэл,хуучирашгүй түүх бий
Түүнд тэнгисийн давалгаа,тэнгэрийн гялбаа бий

Сарнайн гоо сайхан нь дотоод ертөнцөдөө бий
Сав ертөнцийг бүгдийг нь багтаадагтаа байдаг юм
Ариусал гэгээрэлийн түүний ертөнцөд
Амьдралын утга учир багтсан байдаг юм

Бурхан ч атаархам төгс тэр цэцэг
Бусдад сайн сайханыг өгөх гэж ургадаг юм
Сар нарыг багтааж ургадаг болохоор нь
САР НАЙ гэж нэрлэсэн юм болов уу?

7/6/09

***САЙХАН ААВ,ИЖИЙ ХОЁР МИНЬ***

Хар дарж зүүдэллээ би
Хөлгүй их далайд хөвж явна гэж зүүдэллээ
Агаар тогтуун цэнхэр тэр далайд ганцаараа
Амандаа дуу аялан сэлүүрдэж явна гэж зүүдэллээ

Зах нь үл үзэгдэх далайн дээгүүр
Дарь-Эхийн хувилгаад тоглон бүжиж байх юм
Миний танихгүй мянган бурхад
Манан дундаас тодрон байна гэж зүүдэллээ

Гэнэт бараан үүл гарч салхи дэгдлээ
Гэтэж байсан мэт догшин давалгаа босож намайг хөөлөө
Алсад нэгэн гэрэл харагдахад
Амь тэмцэн тэр зүг сэлүүрдлээ гэж зүүдэллээ

Хөөж буй давалгааны түрүүч завь цохиход
Хөөрхий би сэлүүрээ алдаж байна гэж зүүдэллээ
Саяхан байсан олон бурхад ч алга
Сар хүртэл гэрэлээ нуусан байна гэж зүүдэллээ

Хоёр гарт минь сэлүүр гэнэт баригдаж
Хоромхон зуур бүрхэх давалгаанаас зугтан гарлаа
Гэрэлийн зүг хүчээрээ сэлүүрдэж
Гэрэлт тэр арал дээр очлоо гэж зүүдэллээ

Арал дээр гарсан би
Аварсан сэлүүр,завиа хэсэг мартлаа
Хөөрхий завь минь давалгаан дунд холдож байх юм
Харин хоёр сэлүүр нь аав,ижий хоёр минь байна гэнэ

Их далайтай тэмцэн хүүгээ аварсан аав ижий хоёр минь
Их л ядруу царайтай ч хүү рүүгээ харан инээмсэглэж
Яасан гэнэн юм бэ миний хүү гэх шиг харсаар
Яруухан их хайраар хүүгээ тэвэрсээр холдож байна гэж зүүдэллээ

Муу хүүдээ ямарч их хайртай юм дээ аав ижий хоёр минь
Мянган бурхан байгаад ч та хоёрыг минь гүйцэхгүй юм байна
Салхи сэрчигнэж чимээ гаргахад сэрчихээд
Сайхан аав ижий хоёроо санаад зөндөө уйллаа муу хүү чинь.

6/22/09

***ААВДАА***

Хайрт аав Сангаравын Цэнд таныгаа хүндэтгэн дурсаж зориулав

Нар ирж байхад
Навч ногоороогүй байхад
Шувууд ирж байхад
Шүлэг бичээд дуусаагүй байхад

Хүүгээ орхиод холоо явсан
Хүний дээд миний бурхан аав минь
Нутгийхаа энгэрт таныгаа тавьчихаад
Нулимасаа арчсаар явсандаа хүү чинь

Сайхан байждээ аавтайгаа байхад
Сартайд ч,нартайд ч очоод
Хааяа ч гэсэн загнуулаад
Хажуугаар нь бас эрхлээд

Цэрэгт байхад минь эргэж ирчихээд
Цэрэг малгайг минь өмсөж үзээд
Арав төгрөг гарт минь атгуулаад
Аав нь хүүгээ үнсэе гэж билээ

Хэн намайг аав шиг минь хайрлах билээ дээ
Хэлж ирдэггүй өвчин хэцүү л юм билээ
Хүний хүү аавтайгаа золгохыг хараад
Хүү чинь дотогшоогоо урсаж л байлаа

Хөөрхийдөө миний аав
Хүн болж төрөөд жаргаж үзсэн нь цөөхөндөө
Хослон амьдарч яваад ханиа эрт алдаж дээ
Хожим нь л ухаарах юмдаа таны муу хүү чинь

Өө миний хүү ирлээ гээд инээх нь
Өчигдөр юм шиг л санаанд байна
Цэн цэнгийн цуваа шиг гээд дуулдаг аавыгаа бодохоор
Цээжний гүн дэхь бороо нүдээр гараад болохгүй нээ

Сайхан аавтай байсан болохоор
Сайн явнаа хүү чинь
Дуусашгүй их хайрын тань илчинд
Дулаацсаар явна даа муу хүү чинь

5/21/09

***УУЧИЛААРАЙ***

Хачин цэнхэр хавар цасан дороос ургаж
Харах нүдний өмнүүр шувууд тэнгэр зүсэж нисээд
Хагацал үлдээсэн дурлал сэтгэл урж өндийгөөд
Хэлж амжаагүй үгс нулимас болон урсаад

Тэнгэрт хөвөх үүлс сүүдэр зууж ирэн асгаад
Тэр л хаврын шаргал хүлээлт цээжний гүнд амтагдахад
Хайрын гашуун дурсамжаа нулимас болгон унагахдаа
Хашаа дагаж ургасан хэсэгхэн өвсийг усалмаар

Эргүүлж буцааж болохгүй цаг хугацаанд туугдан
Энэ л цэнхэр хаврыг тэвэрээд амьдрал дундуур алхахдаа
Олон жил хадгалсан үгээ одоо л би хэлэе
Омголон зан,залуу нас хоёрыг минь чи УУЧИЛААРАЙ

***МЭДЭХ ҮҮ ЧИ!***

Намайг чи орхиод явахад юу үлдсэнийг мэдэх үү чи!
Навчсаар уйлсан намар шиг сэтгэл уйлж үлдсэн
Дурласан сэтгэл дутуу залгисан нулимс үлдсэн
Дуртай бүхнээсээ зугатаасан дугуй хар цэг болж би үлдсэн

Дуусашгүй урт өдрүүдийг өнгөрөөх гэж дарс уусан
Дутуу нойртой хоносон шөнүүдээр хайрын сарнай урласан
Дууны эгшигт уяарч, дурсамжаараа амьдарч үлдсэн
Дурлалаасаа хагацсан сэтгэл голд ортол өвдөж үлдсэн

Бүүдгэр болсон хорвоогоос гэрэл олж харах гэж би ядарсан
Бүүвэйн дуу, ээжийн хайрыг үгүйлсэн
Бүр юунд ч зовохгүй нохойн гөлгөнд би атаархаж
Буйдхан энэ хорвоогоос явах юмсан гэж бодогдсон

Он цагийн эрхээр цэг бүдгэрч сэтгэл чангарсан
Орчлонд чамайг хайрласан шиг хайр ирэхгүй болсон байсан
Нар сар хоёрыг угтаа нэг юм гэж ойлгодог болсон
Найр дуу хуурыг намбатайхан шиг өнгөрүүлдэг болсон

Намайг чи орхиод явахад юу үлдсэнийг мэдэх үү чи!
Намрын навчис ямар гоё хээтэйг мэдэрч үлдсэн
Наснаасаа эрт ухаан сууж ухаарч үлдсэн
Нар сартай хорвоод чамайг л үл мартах сэтгэл үлдсэн

МЭДЭХ ҮҮ ЧИ!

4/28/09

~~~Нутгийн чулуу~~~

Бодохийн төдийд л уярааж
Бороо болон орж сэтгэл дэвтээсэн эх орон минь
Будант саарал өдрүүдийн цаанаас
Сэмлэж гийсэн эх орон минь

Нутгийнхаа бор чулууг атгаж байгаад анирдахад
Нуурын эрэгт буух хунгийн дэвэлт сонсогддог
Нутгийнхаа бор чулууг атгаж байгаад дэлгэхэд
Нулимсаа арчиж үлдсэн эхийн минь харц харагддаг

4/9/09

''Гуниг минь түрүүлж сэрдэг''

Ирэх шувуудийн ганганаад
Гуниг минь түрүүлж сэрдэг
Ирэхүй одохуйн дунд би
Өөрийгөө гээж суудаг

Хайлсан цасны шар ус
Эмтэрсэн сэтгэлийг эмжин урсaхад
Энэ л хаврыг би хэн нэгэнд бэлэглчихээд
Эргэж харалгүй яваад л өгмөөр...

Хаврын бүлээн салхинд илбүүлэн суухдаа
Хаашаа ч юм бэ? би яардаг aa
Хайр дуудах зэргэлээт өдрүүдйиг ганцаараа үдэхдээ
Хоосортолоо би санаа алддаг аа

4/5/09

"Цэцэн Мандухай"

*** МИНИЙ ЭХ ОРОН***

*** МИНИЙ ЭХ ОРОН***


Оршил

Бие минь тэнд төрсөн болохоор
Бас сэтгэл минь тэнд төрсөн болохоор
Билэг оюун ухааныг тэндээс авсан болохоор
Би тэнд хайранд өлгийдүүлж,хайранд зодуулж өссөн болохоор
би түүнийг эх орон гэж нэрлэдэг ээ

** МИНИЙ ЭХ ОРОН***

Наран жаргавч саран мандах гэрлийн эх орон
Навч нь унавч цас нь өнгөлөх цагаахан эх орон
Нас нэмэхэд улам ойртох соронзон эх орон
Намайг шүлэг болгон хувиргах ухаарлын эх орон

Халуун хэвлийгээсээ түрж эрдэнийн чулуу гаргаж байдаг
Хаанахын ч хүүхэд атаархам хаан шиг тоглож байдаг
Хадган өнгөтэй тэнгэрээр өдөржин хучуулж байдаг
Хав хар нөмрөгийг очир алмаазан шигтгээтэй нь тийрч унтаж байдаг

Хойморт нь Бурхад заларч байдаг
Хажууханд нь хүүхэд Бурхан эрхэлж байдаг
Тулганд нь галын Бурхад инээж байдаг
Төрсөн гэр минь Бурхадын гэр байдаг

Сүүний үнэр шингэсэн бор тэрлэгний энгэрт
миний эх орон үнэртэн байдаг
Сүмэн өвсний толгой хөдөлгөх төдий салхинд
миний эх орон аргадуулан байдаг
Түрүү морины хөлсөнд
миний эх орон дусланхан байдаг
Түрүүлсэн бөхийн дэвэлтэнд
миний эх орон хотолзонхон байдаг

Хоёулаа ирсэн шувууд гурвуулаа болоод буцдаг
миний эх орон учрал хайрын эх орон
Харьд очсон морьд нь нутгаа тэмцэн гүйдэг
миний эх орон санан тэмүүлэхийн эх орон
Түмэн өнгийн цэцгээ хөлд минь дэвссэн
миний эх орон хүндэтгэл хайрлахын дээд эx орон
Түнэр харанхуйд ч сэтгэлд минь бадамлан асах
миний чиний хайрын ундрага эх орон

Намираа зөөлөн бороонд нь хорвоо ариусч байдаг
Намуухан будрах цасанд нь сэтгэл ариусч байдаг
Нүүж сууж явахдаа бууриа цэвэрлэж байдаг
Нүгэл тогтох аргагүй миний эх орон ариухан эх орон

Уулын оройд нь салхи исгэрч бодлыг алсад хүргэж байдаг
Урсгал гол нь анагаах увьдастай урсаж байдаг
Уртын дуу нь дэлхийгээс тасарч гарч байдаг
Уяхан замбуу тивийн наран таанын үнэрт согтож байдаг

Таван ханатай гэрт нь нар,саран зочилж байдаг
Таван хошуу мал гэрээ тойрон ижилсэж байдаг
Талын Таван Толгой нь хайрын учралд дуудаж байдаг
Таньж,мэдэж дуусашгүй миний эх орныг
МОНГОЛ гэж нэрлэдэг ээ

Нутгийн минь жижигхэн бор чулуунд миний эх орон багтанхан байдаг
Намар намрын навчисны хээнд миний эх орон тодронхон байдаг
Настай ээжийн минь духны үрчлээнд миний эх орон долгиотон байдаг
Нулимстай нүдийг минь салхи нь арчдаг
ЭХ ОРОНТОЙ учраас би бардамхан aлхдагаа.

"""Хаврын цас мэт"""

Дэвэрсэн сүү шиг сэтгэл
Дэндүү удаан тайвширсан
Уйт гашуун гуниг өрөмтөж дарахдаа
Ухаарал гээчийг суллаж тавьсан

Алдах онох хоёр сэлүүртэй завиар
Амьдрал гээч далайд хөвөхдөө
Амьд буйн утга учрын сувдыг олоод
Амаржсан эх мэт тайвширсан

Харанхуй сохор байснаа
Хараа орох мэт болсон
Хачин уйт гуниг харин
Хаврын цас мэт цоохортож хайлсан

3/24/09

"""Зүүдний ертөнц"""

Зүүдний ертөнц манант гэгээ татуулан буухдаа
Зүрхний гүн дэх хөрсөнд хайрын үр цацахад
Харанхуй шөнийн аниргүйг шимэн үндэслэж
Хараад ханамгүй өнгийн цэцэгс дэлгэрнэ

Цэцэгсийн дэлбээнд мөнхийн ус шүүдэртэхэд
Цаг хугацаа цочихдоо хэмнэл алдан зогсоно
Цалгих сэтгэлийн гүн дэх чанад алсын мэдрэмж
Ертөнцийн гүнд дэх цэцэрлэгт гэрэл болон амирлана

Тэр цэцэгсийн өнгөнд энэ ертөнц бүдгэрхэд
Тэргэл саран дурлахдаа нууцлаг мэлмийгээ нээнэ
Галбир уран эрвээхий гэрэл зуран эргэлдэхэд
Газрын нар уярахдаа урсах мэт хээтнэ

Өнгө амилуулсан цэцэгс гэгээ цацаруулан яруусахад
Өөрийн эрхгүй мэдэрхүй сөгдөж хэмжээлшгүйн гүнд уусна
Үгээр хэлэхийн аргагүй төгс амгаланд хорогдохдоо би
Өөрийгөө тэнд орхичихоод өглөөг энд хоосорч угтмаар

3/21/09

"""Яагаад,ямар учраас....???"""

"Юу тарина,түүнийгээ хурааж авна"
............................................Библи судараас

Бид хайрлаж,хайрлуулж,мэдэж суралцахын тулд амьдардаг билээ.Мэдээж бас бид амьдрахын тулд хооллодог .Өнөөдөр бидний өдөр тутам идэж хэрэглэдэг хоолны тухай бичихээр шийдлээ.
Эрт дээр үеэс цагаан хоол болон мацаг барих тухай түүний ач холбогдолын тухай зааж сургасаар иржээ.Яагаад мах идэх муу юм бэ? Ямар учраас ..
Асуудлын гол нь мах гэдэг тэр материаллаг зүйлд байгаа юм биш.
Амьд амьтан болгон амьдралруу тэмүүлдэг.Мах идэхийн тулд бид амьтан алж хөнөөж байдагт л байгаа юм.Энэ үйлдэл нь бидэнд зовлон бэрхшээл авчирч байдаг.
Үйл болгон үр дүн дагуулж байдаг.Үйлийн үрийн хууль ийм юм.Энэ ертөнцөд бид үйлийн үрийн хуулиас зайлж бултаж чадахгүйд асуудал байгаа юм.
*Юу тарина,түүнийгээ хурааж авна* гэдэг үйлийн үрийн хуулийн дагуу бид муу үйл хийвэл бидэнд тэр муу үйлийн үр дагавар ирж байдаг.
Бид өнөөдөр өөрийн гараар амьтан алаагүй ч гэсэн бид мах иддэг болохоор бидэнд мах бэлтгэж өгөхийн тулд том том бойны газруудад 24 цагаар үхэр,тахиа гахай хонь гэх мэт бусад амьтадыг алж хөнөөж байна.Мэдээж амьд бүхэн үхэхийг хүсдэггүй.Амьд амьтан алахад тэр маш их айж,зовож ,шаналдаг.Бид мах иддэг болохоор амьтан алсан тэр муу үйлийн үр дагавар бидэнд ирдэг.Бид цагаан хоолны талаар мэдлэг ойлголт бага байдаг нь бас нэг бэрхшээл юм.Цагаан хоол гэхээр сүү будаа.пэрэс гэж төсөөлдөг.Одоо ингэж ойлгох ойлголтоо өөрчилөх цаг болжээ.Яг л махаар хийсэн мэт амт чанартай төрөл бүрийн цагаан хоол байдаг.Цуйван,төрөл бүрийн хуурга,бууз,хуушуур,шөлтэй хоол гээд бидний мэдэх олон төрлийн хоолыг бид гэртээ хийж идэх болон цагаан хоолны газаруудад идэж болох бололцоотой болжээ.
Хүн нэг удаа цагаан хоол идэхэд аав,ээж,үр хүүхэд,хань,өөрийн ах дүү болон өөртөө тохиолдох их бага гай зовлонгоос салгаж холдуулж тойруулж өнгөрөөдөг байна.Энэ нь өөртөө болон өөрийн барилдлагатай хүмүүстэй хийж буй их буян тус юм.
Мөн бусад хүмүүст цагаан хоол өгөх,өөрөө цагаан хоол идэх нь өөрийгөө болон бусдыг гай зовлонгоос гэтэлгэж байгаа хэрэг юм л дaa
Буддын болон Ариун Библи бусад судар номуудад мацаг барих болон,хоолны тухай бичиж сургаж заасаар иржээ.
Ариун Библи-д хамгийн эхний сахилд "Бүү алж хөнөө"гэж заасан байна.Үүнийг өнөөдөp зөвхөн хүнийг л алж болохгүй гэж их явцуу утгаар тайлбарлаж байгаа нь гэнэн бөгөөд мунхаг хэрэг юм.Үүнийг өргөн гүнзгий утгаар ойлгож авч үзэх хэрэгтэй байгаа юм.
Та цагаан хоол идэж эхэлсэний дараа олон өөрчилөлтүүдийг мэдэрч эхэлнэ.
Эрүүлжих,бие хөнгөрөх,залуужих,үрчилээ багасах болон арьс өнгөлөг,эрүүл болох гэх мэт.Хүний хөгширөлт,өвчлөлтийн 90% хувь нь бидний иддэг хоолноос шалтгаалж байдаг тухай судалгаа байдаг байна. Цагаан хоол идэж эхэлсэний дараах хамгийн гол өөрчилөлт нь тайван болж уур уцаар багасаж энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй болдог.Аливааг хайрлах нинжин зөв сэтгэлтэй болно.
Энэ хайрлах зөөлөн сэтгэл бол биднийг зөв амьдаруулж ,муу муухайгаас холдуулж биднийг сайн гэгээн зүгрүү хөтөлж явах гол хүчин зүйл юм.
Олон махчин амьтан ууртай түрэмгий байдгийг бид бүхэн сайн мэддэг билээ.
Манай эмэгтэйчүүд олон төрлийн үнэтэй тос,түрхлэг авч хэрэглэж байснаас шууд цагаан хоол идэж эхэлвэл үр дүнтэй бөгөөд их буянтай үйл юм гэж зөвлөх байна.
Бид хоол идэх болгондоо "Миний идэж буй энэ хоолны төлөө амьтан зовоож тарчилааж байсан"гэж бодохгүйгээр хооллох нь үнэхээр сайхан хэрэг биш гэж үү.

Мах идэх нь

-Та амьтаны амь идэж байна гэсэн үг
-Та амьд амьтаныг зовоож тарчилааж идэж байна гэсэн үг
-Та амьтаны хүүр идэж байна гэсэн үг
-Та нүгэл идэж байна гэсэн үг
-Та сүүлд нь өөрөө эдлэх зовлон хурааж идэж байна гэсэн үг

Хүн төрөлхтөн бид анх байгалиасаа махчин биш юм.Энэ талаар олон шинжилгээ судалгаа байдаг.Бид анх архи ууж,тамхи татаж байгаагүй.Энэ бол бидний олдмол зуршил юм.Үүнтэй адил мах идэх нь бидний олдмол зуршил байгаа юм.
Амьд амьтан бидэнтэй адил.Сээр нуруутан,амьд зулзага төрүүлдэг.Халуун сүүгээ хөхүүлж өсгөдөг.Айх,хайрлах,уурлах мэдэрхүйтэй.
Өнөөдөр олон олон оюунлаг залуус цагаан хоол идэж түүний ач тусыг мэдэрч эхэлж байгаа нь бахдууштай сайхан хэрэг юм. Сайн үйлс дэлгэрэх болтугай!

3/19/09

***Шувуу***

Би гуниг цалгисан нууранд ганцаараа хөвсөн хүн шувуу
Би гэмшил унaган нисэхдээ гэрэл хайсан зөнч шувуу
Би итгэлийн халуун галыг эмзэгхэн далавчаараа сэвсэн галч шувуу
Би эргэн эргэн буухдаа элгээрээ илж нуураа аргадсан холын шувуу

Би өглөөний наранд уянга зүүж,учрал билэгдсэн
Би нарны шувуу
Би үдшийн сарны гэгээнд үнэний шигтгээ болж хөвсөн
Би гэрлийн шувуу
Би хайр хүсэн дэвэхдээ халуун насаа шатааж ниссэн
Би цаг хугацааны шувуу
Би хамгийн сүүлчийн удаа хагацал үлдээж нисэхдээ
Халуун үгсээ хань болгон үлдээх

Би шүлэгч шувуу

3/9/09

***Сэтгэлийн бороо***

Чилийтэл өнгөрсөн он цагийн дээгүүр
Чиггүй зүггүй ниссэн сэтгэл
Чинийxээ хайрын мөчир дээр сууж
Цуцсан жигүүрээ амараасан

Аялгуут дуугаа чамдаа дуулж
Аргасан нүдээ нулимасаараа чийглэсэн
Атгаж зангирсан сэтгэлээ чам дээр асгаж
Алдуурах мэт тайвширалыг олсон

Олон жилийн уйт зовлон хайлж
Орхиод гарсан үүрэндээ эргэн буусан
Хайр дутсан гурван яргуй дээр
Хамгийн анхны бороо болж орсон

2/14/09

***Бодрол шүлэг***

Хоосонд оршин байх гэсэндээ
Хувирч,задарч бас нэгдэж байдаг энэ хорвоо
Түмэн тэмтрүүл барих барьцгүй болохдоо
Түүнийгээ их хурд хөдөлгөөнөөр орлуулна.

Зогсолт байж болохгүй энэ ертөнц
Зоргоороо бас тарж болохгүй энэ ертөнц
Өвсний үндэс мэт түмэн холбоос нь
Өөртөө л зүүгдэх боломжийг өгнө

Түмэн хувирал сэтгэлийг татаж
Тэгэхдээ бас зовлонг үүсгэж
Мартахын манан намуухан буухдаа
Маргааш бол өчигдөр гэдгийг бас мартуулна.

Сүмийн хонх сулхан дуугарч
Сүүдэрт орчлон сэрүүхэн зүүдэлнэ
Шүлэг тэврэх сэтгэл үл тайвширахдаа
Сүмийх гэрлийн зүг тэмтчин явахдаа ганцаардана

2/8/09

***Бүх юм хуучин***


Бүдэгхэн сарны гэрэлд эрвээхий мэндлэх нь хуучин
Бүсгүй хүний анхны шөнө үл мартагдам хуучин
Бүүр эртний гунигт аялгуу сонсоогүй хуучин
Бүүвэйн дуунд хорвоо тайвширах нь уярам хуучин

Гэгээн мэргэдийн шарил дээр өвс ургах нь хуучин
Гэнэт аянга цахилж бороо орох нь хуучин
Норсон үсээ илэн солонго харах нь хуучин
Намайг сэрээх шувуудын жиргээ,нарны гэрэл хуучин

Анхны хайр,алдуурсан сэтгэл хуучин
Аврал эрэх цөхөрсөн харц хуучин
Цас хайлах,хавар,яргуй эргэх хуучин
Цагаан зээрийн хэвтэр дулаахан хуучин

Үхэл авч одох авч эргүүлж авчрах хуучин
Үлгэр эхнээсээ хуучин
Цаг хугацааны битүү тойрогт бүх юм хуучин
Цай буцлах хоромын амьдрал шинэ мэт хуучин

2/7/09

Уучлахуй дор

Нэргүй хэлгүй мэт болоод
Нимгэн цаасан дээр
Бэх мэт уусаж
Hам гүмхэнд би дурлаж байна.

Өвдөлт инээмсэглэлээр гадагшилахад
Өнгөрсөн ирээдүй хоёрт
Өөрийгөө нээж өгчихөөд
Дусал дусалаар би ууршиж байна.

Дуу сарних цагаан талд
Дур тавих шиг алдуурхад
Нимгэн цагаан үүлэнд
Нэр зүс хоёр минь сарниж байна.

Хүсэхүй дор сэтгэл ирнэ
Хүлээхүй дор амьдрал ирнэ
Ухаарахуй дор гэгээрэл ирнэ
Уучлахуй дор өөрлүүгээ би ирнэ

1/29/09

***Нар сүлсэн хайр***

Нар навчинд шингэн хувилж
Салхи хөлөглөн бүжиглэхэдээ
Чиний үсийг задлахад

Би алгандаа сэтгэлээ тавьчихаад
Хүслээ шивнэн үлээхэд
Хайрын цэцэг дэлбээлсэн

Дуу чинь тарни мэт сонсогдож сэтгэл эзэмдэхэд
Дулаахан харц чинь цочтол намайг догдлуулсан
Үйлийн үртэй хайр үүлэнд зураглан хээтэж
Үнэнд ороогдон унахдаа энгэр норгон дуслах байх

Намрын шаргал өдрүүдэд хайрлаж ханаагүй сэтгэл
Өвлийн хүйтэн өдрүүдэд гал шиг шатах байх
Өргөс авахтай адил мартагддаг дурлал гэж байдаггүй хойно
Өнчирсөн зүрхэнд сэтгэл минь шаналал тэврэн ирэх байх

1/28/09

***Ай би энд***

Өөрийгөө л өргөх өчүүхэн сэтгэлт хүний
Өвчин нь амилж чөтгөр болсон жүжиглэл
Өр өвдөж ,бүүр өмөрч унамаар
Өрөвдмөөр,бүүр бөөлжмөөр

Өр зүсэх ганцаадалд хань болох гэж
Өнгөрсөн,ирээдүйн завсараас
Өндийж сар ургана.
Хорвоо гэж........

Өөрийгээ тэсэлчихмээр гашуун уйг
Өөртөө шингээж зовлонг нимэглэхээр
Өвс ургахдаа итгэл ургуулна
Амьдралаа гэж........

Сар өвс хоёрын завсар
Санчигны өнгө хувиргаж цаг хугацаа урсана
Сайн мууг мартуулах гэгээн мөчүүдийг хүлээхдээ
Үхсэний зол гэж
Амьдын тамыг илчилж хашгирмаар

Ай би энд ганцаардахдаа
Шүлэг нөмөрч л сууна даа

1/14/09

***Серенада...***





Австрийн суут хөгжмийн зохиолч Франц Шубертийн нэгээхэн сод туурвил бол "Серенада" юм аа. Сонсох тусам яруусаад...
Цээжин дотор уярал, гунилаар гэрэлтээд... уйлмаар болоод...
Цээжин дотуур тунгалаг долгисыг түрэн түрэн...
Чим чим... уянгалаг хөндүүр...
Чичирсэн аньсага Серенада дуулна...
Франц Шубертын тухай
/1797-1828/
Австрийн хөгжмийн зохиолч, романтизмын гол төлөөлөгч Франц Шуберт насан туршдаа ядуу амьдралтай өлөн зэлмүүн байж, өвчин эмгэгт ээрүүлж явжээ. Амьдралынх нь хамгийн хүнд үе нь эцэг нь түүнээс ургийн холбоогоо тасалж, сэтгэлтэй бүсгүйдээ ядуу зүдүү хэмээн гологдож ганцаардсан тэр он жилүүд байжээ. Гэсэн ч тэрбээр үл гуньж гутран зохиолуудаа бичсээр л байж.
Гэвч гайхамшигт туурвилуудыг тухайн цагт нь таньж, худалдаж авах, тоглох газар олдохгүй байв. Ганцаардмал зүдэг гэвч гайхамшигтай суу билэгт Шуберт амьд ахуйгаа алдарт 9 симфонийнхоо зөвхөн нэгийг нь л сонссон гэдэг. Түүнийг нас нөгчихөд өөрийнх нь гэрээслэлийн нь дагуу суут хөгжмийн зохиолч Бетховенийг тавьсан газарт оршуулжээ. Вена хотын Веринг хэмээх оршуулгын газарт байх Шубертын булшны хөшөөн дээр "Хөгжмийн урлаг энд эрдэнийн баян сан, эрхэм сайхан найрлага хоёроо оршуулсан юм" хэмээн сийлжээ.
Ф. Шубертийн хөгжим бол чөлөөтэй хөврөх гүн бодрол, сэтгэлийн их уянга, намуун тансаг дуулал юм. Тэрээр хүн төрөлхтөнд 1000 гаруй зохиолын өв санг үлдээжээ. Хөгжмийн театрт зориулан 20 орчим бүтээл, 9 симфони, 9 удиртгал, төгөлдөр хуурын 22 сонат, аязуудын хэд хэдэн түүвэр, дуулаачийн янз бүрийн зохиол, үүнээс 600 гаруй дуу нь уянгын шилдэг бүтээлд тооцогддог байна. Хөгжмийн зохиолчийн системийн мэдлэг бүү хэл дунд сургуулийн боловсрол ч эзэмшээгүй Франц Шуберт бурхнаас заяасан авьяас билэг, нөр их хөдөлмөрийнхөө үрээр гайхамшигт бүтээлүүдээ туурвиж, суутны зэрэгт хүрчээ.

1/12/09

***Хэсэг модны дор ***


Хэсэг модны дор уйт сэтгэлээ асгаж
Хөндүүр дурсамжаа задалхуйд
Хэлээгүй,хэлмээргүй дурсамж
Хажууд ханьсан суулаа

Дуулмаар,уйлмаар хүсэл
Чимээгүйн дунд эргэж
Дусал нулимас хуралдаж
Аньсаган доор нуугдлаа

Таяг тулсан эмгэн зүтгэн алхасаар өнгөрч
Тарж буй сэтгэл танил өдрүүдийг авчирлаа
Өвлийн цасан дороос ногооны үнэр хайх шиг
Өнгөрсөн цаг хугацаанаас өөрийгөө тэмтэрч суулаа

Яг л одоо энд хүн чанар тунарч
Ярих мэт харцаараа би үнэнийг илбэн суулаа
Яг л одоо эндээс залуу нас буцаж
Явган хүний замаар эмгэний араас гэлдэрнэ би

Сүүлчийн удаа залуу нас
Гараа сунган өгөхөд нь
Сүүдрээ гишгэсээр өндийхөд
Шүлэг унахдаа хашгирлаа

1/11/09

********************

Утга учир улан дор сэвтээн үгүй хүлээж
Унтаж буй,унаж буй амьдрал дээгүүр нь алхана
Солиорол инээсээр шинэ зангиа зүүж
Сохор хүмүүс гудамжинд соёл,гоёл ярина

Нэг луйварчин нөгөө луйварчингаа шүүнэ
Нэг янхан нөгөө янханаа худалдаж авна
Хэсэг жоом нэг жоомоо од болгож
Хэрүүл эрсэн сонин мөнгө болгож иднэ

Бурхан сайн мууг үл мэднэ тэтгэнэ
Буруутай мэт цаг хугацаа бүхнийг чирнэ
Байгаа мэт байхгүй мэт амьдрал хэмээх үзэгдэлд
Буцаж унах нүхээ хүмүүс өөрсдөө л ухна....

1/6/09

*** ТЭНД Л БИ***

Би халгиад байна
Би цалгиад байна
Би харван дүүлмээр байна.яг тийшээ
Би харанхуйгаас гармаар байна

Би мэргэдийн явсан тойрог замаар явмааргүй байна
Би ердөө л ганц үсрээд
Тиймээ ганц л үсрээд
Мөнх орших тэр цэг дээр буумаар байна

Тэнд л цаг хугацаа зогсож
Тэндээс л цаг хугацаа эхэлдэг
Тэндээс л одот ертөнц, оюун ухаан цацарч гарсан
Тэнд л оюун ухаан, орчлон ертөнц буцаад сорогдон орно

Тэнд л бурхан мэлхийтэй хундага тулган согтоно
Тэнд л буян бузар хоёр нэг л өнгөөр солонгорно
Тэнд л харь гаригийн хүн харцага шувуунд гомдон уйлна
Тэнд л би бүх өнгөө гарган нөгөө ертөнцийн тогос шувууг өрөвдөнө

Тэнд л би......

Soeul 2007

***НЭГЭН ЕРТӨНЦ***

Сэтгэлийн минь нууранд нэгэн шувуу буугаад явсан
Сэмхэнээр ч ойртож болохгүй нөгөө ертөнцийн шувуу
Нүгэлийн эрэгтэй нууранд минь ганц сувд унагаачихаад
Намуухан дэвсээр нисэн одсон

Тэр шувууг буцаж ирээсэй би хүсэхгүй
Тэнгэрийн орны тухай ч асуух хүсэл алга
Тавилан дээр минь зовлон нэмсэн сувдыг атгаад
Танихгүй энэ орчлон дээр мэдэхгүй цаг хугацаатай хэсэг байна

Зөн,совин,онгод минь ч минийх биш
Зүрхэнд хуралдах цус минь ч минийх биш
Өнгөт энэ хорвоо ч зэрэглээ мэт биегүй хоосон
Өөрөө би харин хэнийх ч биш нэгэн ертөнц

Soeul 2007

1/4/09

***Би сэтгэлээ хаямаар байна***

Хогийн сав хайж зөндөө явлаа
Хэрэгтэй хэрэггүй бүх бодлоо
Хумиж боогоод хаямаар байна

Бүгдийг би хаямаар байна

Өрөвдөх нинжин сэтгэл
Өсөрхөх өнчин сэтгэл
Өөрийгөө гэх өчүүхэн сэтгэл

Би сэтгэлээ хаямаар байна

Харамсах хачин сэтгэл
Хайрлах халуун сэтгэл
Харуусах гунигт сэтгэл

Би сэтгэлээ хаямаар байна

Энэрэн хайрлах сэтгэл
Эвдэх,бүтээх сэтгэл
Эхлүүлэх,дуусгах сэтгэл

Би сэтгэлээ хаямаар байна

Хүсэл,мөрөөдөл,хүлээлтийн сэтгэл
Хүний өөрийн ялгах сэтгэл
Айх,ичих хүлээсийн сэтгэл

Би сэтгэлээ хаямаар байна

Шунал ,тачаал,харамын сэтгэл
Цөхрөл,гутрал,шаналалын сэтгэл
Шүлэг нөмрөх ганцаардалийн сэтгэл

Би сэтгэлээ хаямаар байна

Бүх сэтгэлээ хаяад
Би хоосормоор байна
Хоосрох тэр л мөчид
Хоосон энэ ертөнцөөс
Хоромын төдийд л ангижрана

Би сэтгэлээ хаямаар байна

Хувирч эргэлдэх ертөнц
Хогийн сав юм байна
Хатгах,халирах сэтгэл
Хог нь юм байна

Би сэтгэлээ хаямаар байна

12/22/08

*****ҮНЭНИЙ тухай ҮНЭН***** төгсгөл 8-р хэсэг

"Би Буддын болон Католик шашинтны аль нь ч биш.Би Үнэнд харяалагдаж,Үнэнийг л номлодог.Та үүнийг Буддын шашин,Католик шашин,Бумбын шашин гэх юмуу аль хүссэнээрээ л нэрлэ.Би бүгдийг дуртайяа хүлээж авна"

~Төгс Гэгээрсэн Их багш Чин Хай~

Эрт дээр үеэс гэгээрэлд хүрэх олон аргыг хүмүүс олж,мэдэж хэрэглэсээр иржээ.Гэвч эдгээр аргаууд нь төгс гэгээрэлд хүргэх нь ховор бөгөөд маш их цаг хугацаа,тэвчээр хатуужил шаардсан хүнд бэрх замыг туулах хэрэгтэй болдог байна.Гэгээрэлд яаж хурдан, төгс хүрэх бэ?.

Бидний хувьд энэ асуудал их чухал юм.Бид ийм арга замыг мэдсэнээр хурдан, төгс харьцангуй амар замаар гэгээрэлд хүрч чадах юм.Жишээ нь Бидний өмнө өндөр бартаа ихтэй уул байна гэж бодоё.Уулыг хүнд бэрх замаар даваад гарахуу? Эсвэл тойроод их удаан явах уу.Эс бөгөөс уулыг нүхлээд гарсан тийм зам тунэлийг олоод гарах уу? Тэгэхээр бид аль болох хурдан,амар бас төгс цаад талд нь хүргэж чадах тэр тунэл гарцыг олох нь хамаагүй дээр бас эрсдэл багатай юм. Ийм арга замын тухай өнөөдөр ярилцая.

Энэ бол дотоодын гэрэл.дуу аялгуугаар дамжин Эзэн бурханд хүрч,үхэх төрөх зовлонгийн хүрднээс салж мөнхийн амгаланд хүрэх арга зам юм. Төгс Гэгээрсэн Их багш Чин Хай"Энэ бүх л амьдралын дотор долгион хэлбэлзэж,хамаг л орчлон ертөнцийг тэтгэн тэжээж байдаг.Энэ бол дуу аялгуу юм.Бид энэ дуу аялгуунаас бүтсэн"гэжээ.

Ариун Библи сударт "Анх эхлээд Авиа оршиж,тэр Авиа Эзэн Бурхантай хамт байв.Тэрхүү Авиа даруй Эзэн Бурхан мөн" гэсэн байна. Мөн Буддын Их Хөлгөн сударт Олон Будда энэхүү "Аялгууны урсгалыг" түшиглэн бууж хамаг амьтдыг гэтэлгэж,Бодисад ба хамаг амьтад энэхүү "Аялгууны урсгалыг" түшиглэн их үүсвэртээ буцдаг гэжээ.

Билэг нээгдэхэд их гэрэлийг олж үзэх тухай олон судар номд тэмдэглэсэн байна.Ариун Библи сударт "Бурханыг олж үзэх үед ,Тэр гэрэл гэгээтэй адилхан,их галтай адилхан ,түүний дуу аянгын дуутай адил" гэж тэмдэглэгджээ. Тэгэхээр бид энэ ертөнц болон чанагуухи бүхий л ертөнцийг бүтээн,ивээн тэтгэж байдаг дотоодын гэрэл дуу аялгуугаар дамжин хамгийн хурдан төгс гэгээрэлд хүрэх юм.Үүнийг Аръяабалын бясалгалын арга гэж нэрлэдэг байна.

Исүс.Будда бусад гэгээрсэн багш нар бүгд л энэ аргыг хэрэглэн төгс гэгээрэлд хүрсэн байна.Исүс 13-30 насандаа юуны учир Энэтхэг,Гималайн нуруунд арван хэдэн жил зам мөрийг хайн бясалгаж байсан нь тодорхой юм. Энэхүү гэрэл дуу аялгуу нь устаж үгүй болохгүй бөгөөд мөнхөд байдаг байна. Энэ гэрэл дуу аялгуутай бид яаж холбогдох бэ?

Бид эртний гэгээрсэн багш нарыг одоо шүтээд ач холбогдол багатай юм.Учир нь энэ гэрэл, дуу аялгуутай одоо амьд байгаа гэгээрсэн багш л холбож өгч чадах юм.Тийм багш бидэнд авшига буюу гарц суваг нээж өгч биднийг замчилж,төгс гэгээрэлд хүргэж өгч чадах юм.Будда болон Исүс бусад гэгээрсэн багш нар хэдийгээр маш сайн боловч одоо бидэнд авшига өгч чадахгүй.Үе үеийн гэгээрсэн багш нар зөвхөн амьд үедээ,хүний биеийг аван бууж ирсэн үедээ л авшига (нэг төрлийн канал сувгийг нээж) өгч туулан ангижруулж байсан байна.Иймд Төгс Гэгээрсэн амьд багш бууж ирэх үеийг алтан үе гэж нэрлэдэг ажээ.
Аниргүйн дундах хөгжимийг хэн олж сонсох билээ
Харанхуйн дундах гэрлийг хэн олж харах билээ
Миний сэтгэлийн доторхи галыг хэн олж харах билээ...
гэж бичсэн эртний хятадын яруу найрагчын шүлгийг би нилээн дээр үед уншиж байсан боловч тухай үедээ ойлгоогүй билээ.Одоо бодоход (нэрийг нь санахгүй байна) уг яруу найрагч маань бясалгагч төдийгүй Аръяавалын бясалгалаар бясалгаж байсан нь тодорхой байна. Төгс Гэгээрсэн амьд багш бууж ирсэн ийм алтан үеийг бид алдаж болохгүй юм.Та одоо амьд буй Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн шавь болж түүнээс Аръявалын Номын Цогцосийг уламжлуулан авч бурхан чанараа нээсээр та өөрөө төгс туулан ангижрах төдийгүй аав, ээж үр хүүхэд өөрийн барилдлагатай хүмүүсээ гэгээн ертөнцрүү хөтөлж аваачих юм.Энэ бол тэдэндээ үнэлж баршгүй их ач буян хийж байгаа хэрэг юм.Энэ ертөнцийн эд баялаг,алдар нэр хоосон чанартай бөгөөд бидэнд үлдэж наалдах чанар нэгээхэн ч үгүй билээ. Бид энэхүү гэрэл аялгуугаар дамжин гэгээрэлд хүрэх бөгөөд
Гэгээрэлд хүрэх зам үнэн юм.
Дөрвөн үнэний сургааль үнэний тухай сургааль билээ.
Би өөрийн ойлгож ,уншиж ,ухаарч,эрэгцүүлсэнээ та бүхэнтэй хуваалцаж 8 хэсэг цуврал эрэгцүүлэлээ бичиж дуусгалаа.
Бид бүгд ,хүн бүр бурхан чанартай бөгөөд бид бүхний дотоодод маань гэрэл гэгээ, аврал, бурхан оршиж байдаг билээ.

12/18/08

***Ухаарал солиорол хоёр***

Ухаарал солиорол хоёр
Улс амьтанаас дөлөн
Худагт унасан сарыг гайхан харна

12/10/08

*****Өөр утга.......******

Өрх битүү хорвоод үхэл гэрэл болж ирэхэд
Өнгөрөх цаг хугацаан дээгүүр хамтдаа алхана
Өнгөт зүүд шиг амьдралаас сэрж
Өөр утга байгааг ухаархад үхэл үхнэ

12/5/08

*****Би дууддаг******

Нүгэл хардаг нүдээ аньж
Нартын амьдралаас тасрахуйд
Ижилгүй өнчин сэтгэл рүүгээ би
Үүд тогшилгүй айлчилна

Оршихуй дороос ухаарал өндийж
Оногдохуй гурван цагийг тэмтэрч
Өршөөл мэт аниргүйд дурлан
Өөрийгөө хайсaaр шөнийн зүг одохдоо

Би бурханыг дууддаг

12/4/08

******Намайг орхи******

Үлгэр өөрөөрөө төгсдөг шиг
Би өөрөөрөө л зовоё
Үлдэх цэг мэт ганцаараа торойгоод
Өөрийнхөөрөө л би элэгдэж амьдрая

Намайг орхи

Зүүдэнд минь ч чи битгий ир
Зүгээр л намайг зөнгөөр минь орхи
Эрх чөлөө мэт цалгих гуниг,гомдлынхоо нууранд
Энгэр норгон унах нулимасаа живүүлэе

Намайг орхи

Сарны гэрэлд чамайгаа захичихаад
Салхи эргэх зайгүй өөрлүүгээ л би уусая
Эрхи мэт битүү гогцоорч нэг нэгээр эргэхдээ би
Элэгдэх мэт сэтгэлээрээ чиний нэрийг тарнидая

Намайг орхи

Задрах шиг давалгаасан сэтгэлээ
Зүсрэх бороонд цацан агсарчихаад
Зүггүй одох чиний тавиланг сэвтээлгүй
Зүгээр л хайр цацсан нэгэн цэцэг болж үлдэе

Намайг орхи

***** Зүүгдэмээр......*****

Борооны ус намайг угаасаар
Борог өвсний дээр дуслахад
Бодрол гэмшил зэрэг ирж
Би тэнгэрээс зүүгдэмээр......

**********************************

Тэнгэрийн гуниг мэт бороо асгархад
Тэнд хайр үлдсэн байх гэсэн бодол ургана

******************************

Шүлэг бороонд нороод чичирхэд
Чиний үнэр хаанаас ч юм ирнэ
Чамайг би явчихсан гэж бодож байсийм

****************************
Үнэндээ юу ч байхгүй
Үхэл ч гэж байхгүй
Үг ч хэл ч гэж байхгүй
Үргэлжилэх цаг ч гэж байхгүй

Нүгэл ч гэж байхгүй
Нүцгэн гуниг ч байхгүй
Чи би ч гэж байхгүй
Чиг зүг ч гэж байхгүй

Бүүр юу ч байхгүйд
Байгаа бүхэн хоосон

******************************

Нарны элч шингээсэн навч унахдаа
Hамайг cүүлчийн амьсгалаараа дулаацуулав
Өр нэхээсгүй хайр ийм л байдаг юм байна даа

*************************

Өнөөдрийн зовлонг үүрч
Маргаашийн ухааралд зүүгдсээр
Манан дунд алхах түүнийг би таньсангүй
Би өөрийгөө танилгүй явуулчихаж
Эргэн учрах агшинг хүлээхээс....

11/21/08

*****Шүлэг үлдээн...... *****

Хөсөр унасан хадаг шиг гуниг минь шүлэг нөмөрөөд
Хагдрах хорвоогийн өнгөнд гундах сэтгэлийг түшин
Шартах мэт гашуун шаргал амьдрал дундуур
Ширтэх араатан мэт шунал хүсэлээс дайжин алхана

Нарны туяа залгилж цагийн урсгал сөрөн
Нэлхийтэл унах гэгээн мөчүүдэд хайлсаар
Ижилгүй өнчин сэтгэл минь нялхарч
Ирэх гэгээн аялгууг амраг мэт тосно

Сэтгэл гуниг хоёр минь бие бие ээ түшин
Сэрүүн зүүд шиг амьдралын утгыг эрэн
Сүүдэр үгүй гэрлийн зүг
Шүлэг үлдээн алхалсаар ......

11/19/08

****Бодрол****

Хоосноос салж ядан нүдээ анихад
Хөлийн доорхи өвсний түмэн гомдол үл тасарна
Энэ худлаа байна
Энд,энэ хоосонд би юу ч чадахгүй юм байна

Чадаж байгаа бүхэн маань
Түүнээс ирдэг
Ядаж буй итгэл минь
Тэрнээс тэжээгддэг

Дууриамал хоосон сарнихуйд
Дуу гарах мэт болсоноо
Амь орох мэт хүсэл илэрхэд
Амьдрал шатаж нэг л оч болно

Зүйрлэшгүй их хурд гүн тайваныг үүсгэж
Зүгээр л бүх зүйлс амгалан буйг мэдэрч
Гэрэл аялгуун дотор бүүвэйлэгдэхэд
Зүтгэж,хүсэж,шунах зүйлс нэгээхэн ч үгүй ээ

11/13/08

****Тайтгарал*****

Ай эх орон минь дээ
Алдуурах мэт сэтгэлээ чамруу нисгэчихээд
Зүггүй барьцгүй цагийн шуурганд
Эзгүйрэх мэт хоосорч үлддэгээ би

Аньсага нүдний нулимaсаа хичнээн ч удаа залгив даа би
Арьс нөмөрсөн зовлон би хичнээн ч их санав даа
Аав ээжий хоёрийг минь тэвэрч үлдсэн энгэрт
Алаг цэцэгс хэдэн ч удаа ургаж гандав даа

Шувууд буцах тоолонд сэтгэл буцаж
Шүлэг болгон сэтгэлээ хичнээн ч удаа цацав даа
Нутгийнхаа жижигхэн бор чулууг атгаж
Нууцхан үнэрлэж хэдэн ч удаа тайвширав даа би

Үйлтэй төрсөн тавилангийн зургаар
Үйлээ барж явахдаа
Солонгын долоон өнгийг газар дэвсэж угтах
Сайхан эх орон таныгаа ямарч их үгүйлэв дээ

Амьдрал мөнх бусын тавиланг чиний энгэрт тамгалсан
Аав эжий хоёрынхоо ариун газарт очихдоо
Алдуурах мэт сэтгэл,нулимас хоёроо асгаж
Алаг цэцэгсийнхээ үнэрт дэвтэж нэг тайтгарнаа хүү чинь

11/7/08

*****ҮНЭНИЙ тухай ҮНЭН***** 7-p хэсэг

"Манай зам мөр бол шашин биш.Би хэнийг ч Католик юмуу Буддын шашин ямар нэгэн изм рүү хандуулахгүй.Би зөвхөн таньд өөрийгөө таньж мэдэх,хаанаас ирснээ олж мэдэх,газар дэлхий дээрхи үүрэг зорилгоо сэргээн санах,ертөнцийн нууцыг нээх,яагаад ийм их зовлон зүдгүүр байдаг болон үхлийн дараа биднийг юу хүлээж байдгийг ойлгох зам мөрийг санал болгож байгаа юм"
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

Үхэх төрөх зовлонгийн хүрднээс салж туулан ангижрахад миний ойлгосноор дараахь гурван асуудал байна.
1~Туулан ангижрах чин хүсэл байх хэрэгтэй
2~Гэгээрэлд хүргэж төгс туулан ангижруулж чадах багш хэрэгтэй
3~Хүлцэнгүй,тэвчээртэй,итгэл,зүтгэл хэрэгтэй.
Та чин хүсэлтэй байгаад бас тэвчээр,итгэл,зүтгэлтэй байгаад ч багшгүй бол туулан ангижарч чадахгүй юм.Тэгэхээр багш гэж хэн бэ? Ямар хүнийг багш гэх бэ? Энэ талаар ярилцая.
Би 5-р эрэгцүүлэлдээ Будда,Исүс,Мухаммед зэрэг гэгээрсэн багш нараас өмнө багш нар ирж байсан хойшид ч ирж байх болно.Энэ бол тасралтгүй үйл ажиллагаа юм.Багш нар Бурхан гэж байдгийг сануулж,түүнд хүрэх арга замыг зааж байдаг тухай болон ийм гэгээрсэн багш нар бууж ирэх үеийг алтан үе гэж нэрлэдэг тухай бичсэн билээ.Бурханд духаа цоортол мөргөөд,түмэн дүнчүүр маань мэгзэм уншаад,насаараа Исүсийг магтан дуулаад туулан ангижарч чадахгүй юм.Харин тэр зүгт хандаж зөв амьдарч,зөвхөн дараа төрөлөө л сайжруулж чадах юм.
Төгс Гэгээрсэн Багш нар бууж ирээд буцахад түүний үйлчлэх нөлөөлөл,хүч нь 200-500 жил орчим байдаг байна.Будда 2500 жил орчим,Исүс 2000 орчим жил,Мухаммед 1500 орчим жил болжээ.Бидний сайн таних их багш нар ирээд ийм хугацаа өнгөрчээ.Хэрэв тийм биш байдаг бол нэг л багш бууж ирээд бид түүний сургааль номоор туулан ангижраад байж болох байтал тийм биш байна.Ийм учраас үе үеийн турш их багш нар бууж ирж байсан байна.
Одоо туулан ангижрах замын тухай ярилцая.Хүний энэ төрөл маань дотроо 100-аад дэстэй (хөгжилийн түвшингээрээ).Олон удаагийн хүрд эргүүлсэн (төрөх үхэх)сүнс 100 дахь түвшинрүү ойртож байхад цөөхөн хүрд эргүүлсэн сүнсний хөгжилийн түвшин доор байна.Ийм учраас хүмүүс янз бүр байдаг.Нэг айлын хүүхдүүд хүртэл өөр өөр зан,араншинтай байдаг нь ийм учиртай юм.
Хүн хөгжилийн дээд түвшинд хүрээд (маш олон удаа төрөл авсаны дараа) дараагийн ертөнцөд очдог.Энэ нь Асурийн (1р ертөнц )ертөнц юм.Энэ ертөнц хүний ертөнцийн дээр байдаг ертөнц юм.Асурт бидний мэдэхгүй олон гайхамшиг,хол ойрын ялгаа байхгүй болж санаа бодол унших ,нисэх хөөрөх гэх зэрэг ид шидийн гэмээр ертөнц юм.Гэхдээ л тэнд үйлийн үрийн хууль үйлчилж байдаг тул үхэх төрөх хүрд ээлжилнэ.Энэ Асурийн төрөл дотроо 120 орчим хөгжилийн түвшинтэй.За цаашлаад Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн өгүүлсэнээр 2-р ертөнц байна.Энд Акашийн мэдлэгийн сан байдаг.Ирээдүй одоо өнгөрсөн 3 цаг нэг доор байна гэсэн үг.Энэ 2-р ертөнц болон цаашлах ертөнцийн тухай хүний хэлээр хэлж,хүний оюун ухаанаар ойлгож гүйцэхгүй юм.Жишээ нь адгуусан амьтан манай дэлхий бөөрөнхий,хойд урд туйлтай,соронзон бүрхүүлтэй гэж яагаад ч бодож сэтгэж чадахгүйтэй адил юм.Ертөнц бүр хөгжилийн түвшинтэй.Энэ 2-р ертөнц болон цаашлаад гурав,дөрөвдүгээр ертөнцийг гэтлэн 5-р ертөнцөд хүрч байж бид төгс туулан ангижарч чадах юм.Учир нь бид 5-р ертөнцөөс ирсэн.5-р ертөнц бол бидний очих ёстой бидний мөнх амгалангийн ертөнц юм. 2-р ертөнцөд хүрсэн гэгээрсэн багштай бол бид 2-р ертөнцөд л хүрч чадна.4 -р ертөнцөд хүрсэн гэгээрсэн багштай бол 4-т хүрнэ.Төгс туулан ангижарч чадахгүй юм.Харин тав болон түүнээс дээш ертөнцөд хүрсэн Төгс Гэгээрсэн Багштай бол бид туулан ангижарч чадах юм.Тийм багш 5-р ертөнц хүрэх замийг мэдэх тул биднийг дагуулан шууд 5-д хүргэж өгч чадах юм.Тэгэхээр бид хүний энэ төрөлөөс шууд 5-р ертөнцөд хүрч чадах боломж байгаа гэсэн үг юм.Энэ бол тун ховор маш их аз завшаантай хэрэг юм.
~~Хүн бүрт бурхан чанар байдаг тул бид маш олон зовлон бэрхшээл туулан,төрөх үхэх ээлжилж,ертөнц бүрийн олон түвшинг гүйцээж хэзээ нэгэн цагт 5-р ертөнцөд хүрэх юм.
Иймээс "Гэгээрэлд хүрэх нь үнэн" юм.
5 болон 6-р эрэгцүүлэлдээ"Зовлон үнэн","Зовлонгийн шалтгаан үнэн" тухай тайлбарлаж гаргаж ирсэн билээ.Дараагийн дугаартаа "Гэгээрэл хүрэх зам үнэн" болох тухай бичих бөгөөд үүгээрээ Хутагтийн 4 үнэний тухай сургаалийг өөрийнхөө ойлгож мэдсэнээр тайлбарлахийг хичээлээ.
~~Дээд Бурханы хүсэлээр түүний хайр,илч,энергийг өвөрлөн хүний төрөлд бууж ирсэн Гэгээрсэн Багш нар хүнийг шууд туулан ангижруулж нэг үгээр хэлбэл шууд 5-р ертөнцөд хүргэж өгөх хүч чадалтай байдаг байна.Бид тийм багшийг олж түүнд шавь орвол дээрхи олон ертөнц,ертөнц бүрийн олон түвшинд элдэв зовлон бэрхшээл туулахгүйгээр,тоймгүй олон үхэх төрөх зовлонгийн хүрдэнд эргэхгүйгээр энэ насандаа туулан ангижарч чадах юм.Чухам дээдийн аз завшаан гэж энэ билээ.Гэгээрсэн багш нар янз бүрийн амьдрал,тавилантай бууж ирдэг байна.
Будда хаан хүү байж байгаад бүх зүйлээ орхиж гэгээрэлд хүрч байсан бол.Исүс амьдаараа цовдлуулж байсан байна.Хүмүүсийн ихэнх нь их багш нарыг амьд байхад нь таньж мэддэггүй байна.Хүмүүс Гэгээрсэн Их багш гэхээр Будда ч юмуу,Исүс ч юмуу,эсвэл цагаан сахалтай өвгөн байх мэтээр төсөөлдөг.Энэ нь алдаатай буруу,бодол төсөөлөл юм.
Будда,Исүс,Мухаммед нар шиг Төгс Гэгээрсэн Их Багш Чинхай тодрон гарч ирсэн энэ алтан үед амьдарч байгаагаа бид одоо л ойлгож ухаарч мэдэх хэрэгтэй.
Энэ нь бидний хувьд их аз завшаантай хэрэг юм.Хүний төрөлийг аван бууж ирсэн амьд багш шавь бологсоддоо авшига өгдөг.Авшиг өгнө гэдэг бол тухайн шавийнхаа
~~Үйлийн үрийг тасалж,үйлийн үрийг нь багш өөртөө авна гэсэн үг
~~Билэгийн нүдийг нь нээж,бурхан чанарийг нь нээж өгнө гэсэн үг
~~Туулан ангижруулж,үхэх төрөх хүрднээс ангижруулна гэсэн үг
~~Замчилж араасаа дагуулан явна гэсэн үг
~~Энэрэн хайрлаж өөрийнхөө ивээлд авна гэсэн үг
~~Авшига гэдэг бол бидний мэдэхгүй нэг төрөлийн эрчим энергийг өгч,гарах гарц,суваг нээж байна гэсэн үг юм.
Зөвхөн хүний биеийг аван бууж ирсэн амьд багш л авшига өгдөг байна.Амьд Төгс Гэгээрсэн Багш бол элдэв зураг,мод,чулуу,шавраар хийсэн бурхадын дүрийг амилуулдаггүй.Харин хүнийг өөрийг нь бурхан болгодог байна.
Асуудал өөрөө маш өргөн,гүнзгий бөгөөд товчхон бичиж байгаа минь энэ юм.
Үргэлжилэл бий

11/3/08

*****Монголын намар*****

Буцах шувуудын уйлаан тэнгэрээс унaн хийсэж
Борог өвсний амь газарт мөргөн шингэж
Бодолын мөчирт ганцаардалын навч зүүгдсээр
Будант өглөөний хүйтэн салхиар намар ирлээ

Нандин хүслээ шивнэсээр эрвээхий цэцэгэнд уусахад
Нарнаас өнгө гуйж намар өөрийгөө гоёлоо
Бүлэг дэрсэн дунд амиа нуусан туулай
Бугын урамдлагад цочин анир тосон хярлаа

Найрын гэрийн гадаа уяаны морьд үүрмэглэж
Намар оройн айраганд сэтгэл халан нялхaрхад
Мэндийн цэнхэр хадаган дээрээс
Миний монголын минь намар эхэлвээ

11/1/08

♡♡♡***ЗҮҮД***♡♡♡

Хайрт ээж Норжингийн Хорлоо таныхаа гэгээн дурсгалд зориулав

*****ЗҮҮД*****

Зүйрлэшгүй сайхан зүүд зүүдэлж
Өгүүлшгүй их гунигаар өглөөг би угтлаа
Зүсэр бороо орчлонг угаасан тэр өглөө
Зүүдээ санаж зүрхэндээ уйлж сэтгэлээ би угаалаа

Өглөө босоход ээж минь цай чанаж байна гэнэ
Өө,хүү минь сэрэв үү гээд өндийж байна гэнэ
Яасан хол ирээ вэ гээд асууж байна гэнэ
Ядрав уу хүү минь гээд үнсэж байна гэнэ.

Даан ч богинохон тэр зүүд намайг уярааж
Далай их хайрыг ээж л өгдгийг ухааруулж
Хүний газар хүү чинь таныгаа л дурсахдаа
Хүйтэн дэрэн дээр халуун нулимс дусаасан

Дөч хүрээгүй миний ээж
Дөрвөн хүүхдэдээ л хорвоод хоргодсон
Эд минь арай балчир байна гээд
Эцэгт минь хэлээд уйлж байсан

Аргалж болоогүй аюулт өвчин
Ачит ээжийг минь аваад явахад
Арван зургаатай айлын том хүү би
Аавыгаа түшээд л уйлж зогссон

Адилхан байж ээжтэй гэж
Ангийнхаа хүүхдэд би атаархаж
Арван жилийн сургууль руу
Алаг нүдэндээ нулимстай алхсан.


Ээж минь та хүүгээ л эргээд явж дээ
Энэ л хорвоод та л намайг бүтэн хайрлаж дээ
Үндэстэй мод ургадаг гэдэг юм аа
Үртэй хүн үхдэггүй гэж үнэн юм байна аа.

Бодлын үзүүр намайг нүхлэн өрөмдөж
Болох болохгүй шүлгийн мөртүүд зоргодос шиг хөвөрч
Босон суун цаг харан нойр хулжиж
Босоод ирэхгүй ээжийгээ бодсоор өглөөг би угтлаа.

Өглөө сэрэхэд ээж минь цай чанаж байна гэнэ
Өө,хүү минь сэрэв үү гээд өндийж байна гэнэ
Яасан хол ирээ вэ гээд асууж байна гэнэ
Ядрав уу хүү минь гээд үнсэж байна гэнэ

Сөүл хот

*****Жингийн цуваа .....*****

Болзоотой мэт хорвоогийн өдрүүд
Баяр,хөөр,зовлон гуниг тээсээр
Жингийн цуваа мэт хөвөрөн ирж
Жаргал зовлон хоёрыг над дээр асгадаг

Хэн гээч нь хаана амьдарчихаад
Хэрэг явдал яах гэж үүсгэн
Хэлхээтэй эрх шиг өдрүүдийн цуваанд
Хүсээгүй амьдралыг зүүж явуулдаг юм бэ

Цаг хугацааны боол хүмүүн бие ээ золиж
Цахилах гөрөөс мэт амьдралын хүрдэн дээр гишгэж
Зовлон болсон жаргал хийгээд
Золиос болсон амьдралын учрыг олоё

Хүн болж төрсөний хэрэг юусан билээ
Хүсэл мөрөөдөл,итгэл,цөхрөлийн мананг ярж
Зэрэлээ мэт хоосон амьдралын тойрогруу
Жингийн цуваа явуулдаг жинхэнэ эзэнтэй нь уулзая

10/23/08

*****Би нүүнэ****

Өнөөдөр би нүүнэ
Өвсний толгой цантаж
Өвгөн шувуу үүрэглэх цагаар
Өвөл рүү би нүүнэ.

Цасны өнгөнд нүд сөгдөх
Цагаан тал руу би нүүнэ
Хөх тэнгэр унаж нийлсэн цагаан ертөнц рүү
Хуучин амьдрал,ганцаардалаас салж би нүүнэ

Хорвоогийн бүхий л өнгийг мартаад
Хөнгөн будрах цасанд л би дурлана
Аниргүйн дунд ганцаараа цасанд уусан алхаж
Араас зүүгдэх мөрөө шүлэг болгон үлдээнэ

Хүсэл,мөрөөдөл,шунал,тачаал мартагдахад
Хүлээс мэт хувь тавилан унахдаа сандчина
Хүмүүний амьдралд гишгэгдсэн сэтгэл минь сэрээд
Хүүхдийн нүдээр гэгээн оршихуйг тэмтчинэ

10/22/08

*****Дахиад л нэг........... *****

Салхины аясаар бие ээ тарааж
Сарны гэрэл нэвчээж тэнгэрээр нэг зугаалмаар
Арван долоон насны чинь харцанд
Дахиад л нэг шатаж дурламаар

Бүргэдийн дэвэлтээр он цагийг сөрөн нисч
Байрны чинь гадаа очоод дахиад л нэг дуудмаар
Алс ирээдүйн гэнэн мөрөөдөлөө ярьж зогсоод
Аавд чинь дахиад л нэг загнуулмаар

Халуу дүүгсэн гарыг чинь атгахдаа
Хачин болдогоо дахиад л нэг мэдэрмээр
Хацар дээр чинь зориг гарган үнсчихээд
Харавсан сум шиг дахиад л нэг зугатаамаар

Бүргэдийн дэвэлтээр он цагийг сөрөн нисч
Бүжин хоёр нүдийг чинь дахиад л нэг хармаар....